Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Наадамчин олны сонирхолыг хамгийн их татдаг хүчит бөхчүүдийн барилдааныг бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж буй нь мэдээж. Харин ноднин жил Дархан аварга цолыг ерөнхийлөгчийн зарлигаар хоёр хүнд өгсөн биш хэрүүлийн бай болов. Хоёр дахь жилдээ маргаж буй энэ асуудалыг хэн ч шийдвэрлэж чадахгүй сууж байгаа нь үнэхээр эмгэнэл гэхээс өөр юу гэхэв. А.Сүхбат зүүндээ гарах уу, Г.Өсөхбаяр зүүндээ гарах уу гэсэн маргаан бөх сонирхогчид байтугай бөх сонирхдоггүй хүмүүсийн анхаарлыг татаад байна.
Уг нь бол Дархан аварга гэдэг цолыг эрт дээр үеэс уламжилж ирсэн ёс заншил, дэг журмаар нь олгосон бол юу гэж ингэж ард түмнийг бухимдуулж байхав.
МҮБХ энэ асуудалыг шийдвэрлэж чадахгүй Наадмын зохион байгуулах хороонд хандсан гэнэ. Харин нөгөөдүүл нь буцаагаад МҮБХ-д өөрсдөө шийд гэсэн хариу өгсөн бололтой. Ард түмнийг заавал ингэж талцуулж байхаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зүүний манлайд гарчихаасай.
МҮБХ болохоор "Хоёр аваргын хувьд үзүүлсэн амжилтыг шалгуур болговол Г.Өсөхбаяр аварга эхэлж ам авна" гээд тас гүрийнэ. Харин хэн нь түрүүлж аварга цолны болзол хангасан болон цол авсан тушаалын дугаар, Дархан аваргуудад эрэмбэ хамаарахгүй зэргийг харгалзвал А.Сүхбат аварга эхэлж ам авах учиртай.
Энэхүү маргааны гол буруутан нь эцэстээ баримт бичиг, дүрмийн тогтсон заалтыг хангуулаагүй, бөхийн цолыг цаг тухайд нь олгоогүй, бөхчүүд хиймэл зүлгэн дээр халтирч унавал хариуцлага хүлээхгүй МҮБХ болон улс төрийн үзэл санаатай зарим шийдвэр гаргагчидтай холбоотой гэж бөхийн хүрээнийхэн үзээд байгаа.
Түүнчлэн хоёр аваргын хэн нэгнийг дур мэдэн зүүнийг манлайлуулах нь тэдний нутаг ус, дэвжээ, дэмжигчдийг талцуулсан асуудал болох тул маргааныг аливаа туйлшралгүйгээр шийдэх хэрэгтэйг бөхийн зарим мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ асуудал явсаар байгаад эцэстээ наадам тулчихвал цол өгсөнөөрөө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11-нд төв асарын өмнө "Сүхбат тийшээ, Өсөхөө ийшээ" гээд зогсож байх шинжтэй.