Ц.ЦЭНГЭЛ: БИ ОРОСТ ИХ СУРГУУЛИА ТӨГССӨН ХҮН Л ДЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 30 секунд
Ц.ЦЭНГЭЛ: БИ ОРОСТ ИХ СУРГУУЛИА ТӨГССӨН ХҮН Л ДЭЭ

Ц.ЦЭНГЭЛ: БИ ОРОСТ ИХ СУРГУУЛИА ТӨГССӨН ХҮН Л ДЭЭ

БОАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлтэй ярилцлаа.


-Таны мэргэжил эрчим хүчтэй шууд холбогддог. Оросод боловсрол эзэмшсэн хүн. Станцад ажиллаж байсан үеийнхээ онцгой дурсамжаас хуваалцаач...

-Миний бие ОХУ-ын Уралын Политехникийн их сургуулийг төгссөн. Хэдий хойно сургууль төгссөн ч орос хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж юу байх вэ. Гэхдээ Сибирийн Шинжлэх Ухааны Академид докторын зэрэг хамгаалсан байдаг юм. Дүгнэх хүмүүс нь дүгнэх л байх гэж бодож байна.

Ер нь Уул уурхай, эрчим хүчний яамны нэр дээр суралцаад сургуулиа төгсөж ирээд, тус яамныхаа харьяа нэгдсэн засварын газарт V, VI зэргийн слесариар ажлын гараагаа эхэлж, нэг жил шахам ажиллаад мастер болсон. Тэр үеийн яамны бодлого салбарын боловсон хүчний мэдлэг, боловсролд ихээхэн анхаардаг байсан учраас мастер, инженерүүдээс жилдээ хоёр удаа орос хэл дээр шалгалт шүүлэг авдаг байлаа. Миний хувьд турбины их бие тохируулгын мастераар ажилласан. Ажиллаж байх тэр үед Дөрөвдүгээр цахилгаан станцын нэгдүгээр турбины гол гулзайсныг (80 мгвт) шуурхайгаар албан байгууллагуудад мэдэгдэж, ихээхэн шуугиан тарьсан асуудал болсон юм. Турбины гол гулзайсан нь нүдэнд харагдаж, гарт баригдах юм биш, тусгай индикатор багажаар хэмждэг зүйл. Гулзайлт нь хэмжилтээр 0,25 мм байсан нь 1 мм-ийг 1000 хуваасаны (25 сот) гэж ойлгож болно. Энэ нь Олон Улсын хэмжээнд ховор тохиолддог. Энэхүү турбин нь зургаан метр урт, найман тонн хүнд жинтэй нэг минутад 3000 эр/мин эргэдэг гээд бодоод үзэхэд аргагүй нарийн шинжлэх ухааны гайхамшиг юм. Турбиныг өргөн цар хүрээгээр нь ойлгуулах юм бол сансрын пуужин, агаарын болон хөлөг онгоц, усан болон шумбагч онгоцнуудын хөдөлгүүр гэж ойлгож болно. Цахилгаан станцад хэвтээ байдлаар цахилгаан үүсгэж ашиглагддаг юм. Турбин гулзайсан нь улс орон даяар эрчим хүчний хязгаарлалтад орж, олон үйлдвэрүүд сул зогсоход хүрч төлөвлөгөө тасрах, манай улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлсэн асуудал болж байсан тул цаг алдалгүй засварлах шаардлага гарсан. Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд яаж ямар аргаар засварлах тухай цаг тутам зөвшилцөж, зөвхөн үйлдвэрлэсэн үйлдвэрт нь аваачиж засварлах нь зөв гэж үзсэн. Гэтэл тээврийн зардал нь 90 мянган алтан рубль (худалдааны тусгай ханш байсан) болох тооцоо гарсанд монгол инженерүүд ер нь бүгд л сэтгэл гонсойж байсан.

Тэр үеийн ТЭХС-ийн ахлах инженер турбинист Нүдэн багш хэсэг турбинистчүүддээ үүрэг даалгавар, тооцоо судалгаа хийлгэх үүрэг өгч үр дүн нь сайн байсан учир өөрсдөө тэгшилье гэж зоримог шийдэн итгэлт нөхдөө уриалж дарга нарт сайн ойлгуулсан юм. Гэвч тэр үеийн ЗХУ-ын талаас монголчууд хийж чадахгүй гэж маш их цаг хугацаа алдуулсан. Бидний шийдмэг саналыг Монголын талын сайд, дарга нар дэмжиж их ч хөөцөлдсөн. Жишээ нь, Шадар сайд Пүрэвдорж гуай 2-3 удаа Москва руу явсан, ТЭХС-ийн дарга Чимид гуай Сибирийн засварын газрынхыг хэд хэдэн удаа урьж уулзах гэх мэт Нэгдсэн засварын газрын дарга Дорж гуай гээд бүгд л зөвхөн турбины гулзайлтыг яаж цаг алдалгүй засварлах тухай ярьдаг байв. Энэ томоохон ажил нь миний сурсан мэргэжлээрээ гардан ажиллах боломж болсон юм. Бидний нөхөд болох Довчинсүрэн, Пүрвээ, Балсан, Бадрал, Улаанхүү, Дамбийням нараас бүрдсэн гурван ээлжийн ажлын баг хамт олон 45 хоног бэлтгэл ажлыг онц сайн гүйцэтгэсэн. Мөн маш олон төрлийн инженер техникийн ажилчдыг татан оролцуулсан байдаг.

Турбины гол гулзайлтыг тэгшлэх ажлыг маш хариуцлагатайгаар нууцын зэрэгтэй ДХЯ-ны хяналтан дор хүн бүр тус тусдаа үүрэг хүлээн 17 хоног өдөр шөнө цурам хийлгүй бүхий л мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж гулзайлтыг тэгшилж чадсан юм даа. Өнөөдөр 30 жил тус зассан турбин хэвийн ажиллахдаа хоёр их наяд 980 тэрбум төгрөгийн ашиг оруулсан тооцоог хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг.

-Жил ирэх тусам л эрчим хүчний хэрэглээ манайд төдийгүй дэлхий дахинд нэмэгдэж байгаа. Манайх эрчим хүчээр экспортоо төрөлжүүлэх боломж бий гэж яригддаг. Боломж бололцоо хэр байна вэ?

-Миний үед эрчим хүч маш их хязгаарлагддаг байлаа. 365 хоногийн 200 гаруйд нь гэмтэл гарч байсан. Дээр нь гадаадын зээл тусламж гэж байдаггүй. Тэр үеийн Зөвлөлт холбоот улсаас бүрэн хамааралтай. Манайд эрчим хүчний ажилчдын 20 гаруй хувь нь Оросын мэргэжилтнүүд ажиллаж байлаа. Харин Дулааны гуравдугаар цахилгаан станц анх удаа Азийн хөгжлийн банкнаас эрчим хүчний зээлд хамрагдаж таван зуухаа шинэчилж байсан.Цахилгаан станц гэдэг бол өөрөө тэр чигтээ асар олон зүйлээс бүтдэг технологийн тоноглол. Шинэхэн дулааны дөрөвдүгээр станц дээр хурц уурын шугам цоордог байсан үед Японы хөрөнгө оруулалттай анхны томоохон төсөл хэрэгжиж япончууд ирж засварлаж байсан. Харин өнөөдөр Монгол Улсын эрчим хүч улам л боловсронгуй болж гадны зээл тусламжаас гадна инженер, техникийн ажилчдын авхаалж самбаа, ур чадвар, мэдлэг боловсрол дээшилж эрчим хүчний салбар хурдацтай хөгжих түлхүүр болж байгаад сэтгэл хангалуун байна. Намайг залуу байхад шагай тулсан үнсэн дунд хоёр нүд л гялалзаад л явж байсан үе, харин одоо бол цагаан халадтай явж байна шүү дээ. Энэ бүхнээс харахад хөгжлийн хандлага маань зөв байна л гэсэн үг. Эрчим хүчний нэгдсэн систем гэдэг зураглалыг Жигжид сайд болон бидний үеийнхэн гаргаж өнөөдөр тэр зураглалаар явж ирсэн. Харин одоо зарим нь өөрчлөгдөж байгаа бололтой. Сэргээгдэх эрчим хүч орж ирж байна. Сүүлийн таван жил салбарынхан маань усан цахилгаан станц барих гэж нэлээд даваа туулж байна даа. Ер нь нааштай болоод ирэхээр манайх дотроосоо л болдоггүй. Энхболд Ерөнхий сайдын үед барьчихсан бол хөрөнгө нь боломжтой л байсан. Засаг төр нь сайн дэмжвэл хувийн хэвшлийн үйлдвэрүүд орж ирэх боломжтой. Гэтэл энэ тал дээр сайн хандаж өгдөггүй. Уул уурхай томоохон үйлдвэрүүд манайд ороод ирвэл эрчим хүч дутагдана. Дэлхий дахинд эрчим хүч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эрчим хүчний зөв оновчтой бодлого барьж ажиллах ёстой. Манай улс эрчим хүчээ экспортлох боломж бүрэн бий гэж боддог.

-Та улс төрд ороод багагүй хугацаа өнгөрч байна…

-1996 оны сонгуулийн үеэр Шадар сайд Л.Энэбиш гуайтай уулзах гээд чадаагүй. Л.Энэбиш гуай манай нутгийн хүн, манайхны ахтай нэг ангид сурч байсан юм. Тэр үед миний хувьд бизнес маань нэлээд цэцэглэж байсан үе. 1989 онд компани байгуулж байсан гэхээр 1996 онд хөл дээрээ босчихсон үе. Бас ч болоогүй турбины гол янзлаад хоёр өрөө байраар шагнуулчихсан. Тэр жилийн сонгуулиар Л.Энэбиш гуай Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягтай өрсөлдөж байсан юм. Л.Энэбиш гуайг тэртэй тэргүй ялна гэж ярьж байсан. Тэгтэл сонгууль ч болж мань хүн өөрөө тавиулчихдаг юм байна. Урьд нь би Л.Энэбиш гуайтай халз уулзаж байгаагүй л дээ. Сонгуулийн дараа Сталины номын сангийн хажуугаар Л.Энэбиш гуай явж байна, тэгээд бид хоёр анх уулзаж байлаа. Ингээд миний улс төр рүү орох эхлэл тавигдсан гэж хэлж болно. Шүтээн минь болчихсон хүн л дээ.

-Сүүлийн үед сошиалаар таны англи хэлээр үг хэлж байгаа хэсэг нэлээд явлаа. Жишээ байдаг л даа. Хятадууд англи хэлийг өөрсдийн дуудлагаараа дуудаад хятаджсан англи хэл гэж нэрлэж болохоор ярьдаг. Улс үндэстэн бүрд л тийм зүйл байх шиг байна...

-За яахав, идүүлсэн бут ургадаг, идсэн эрүү хувхайрдаг гэж Монголын айхавтар үг байдаг даа. Энэ бол 2015 он буюу таван жилийн өмнө ХБНГУ-ын Бонн хотноо болсон Юнеско-гийн хуралд би дөрвөн яам болох БОАЖЯ, БСШУЯ, ГХЯ, ЭХЯ-ыг хариуцан оролцсон.

Дэлхийн өвийн хороонд Бурхан халдун хайрханыг бүртгүүлэх, “Эгийн голын УЦС”-ыг хурлаар хэлэлцүүлэх даалгавартай байв. Нэг-дүгээрт, Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг Оросын Холбооны Улсаас Монголын талыг үндэслэлгүй буруу ташаа мэдээ өгч дэлхийн хосгүй үнэт Байгал нуурыг бохирдуулж байна гэсэн гомдол гаргасан байсан. Энэ нь Эгийн голын УЦС-ыг бариулахгүй тал дээр ажиллаж байгаа нь тэр. Дэлхийн өвийн хороо нь манай энэ асуудлыг энд ярих асуудал биш ОХУ , Монгол Улс хоёр хилийн усны гэрээтэй (1996) энэ хүрээнд яригдах зүйтэй гэсэн байр суурийг тавьсан юм. Ер нь хоёр улсын Засгийн газрын бүрэн эрхт гэж байдаг. Монголын талын бүрэн эрхт нь миний бие билээ, тийм учраас хэд хэдэн удаа Эгийн голын УЦС-ын яриа хэлэлцээрийг нааштайгаар ойлгуулж ярьж байсан. Хоёрдугаарт, Бурхан халдун хайрханыг дэлхийн өвд бүртгүүлэх ажил урьд нь хоёр удаа хойшлогдоод байсан тус хурал дээр ч экспертүүд нь хойшлуулах санал тавьсан юм. Ер нь 21 орон үг хэлэх эрхтэй байдаг. Урьдчилсан лобби хийж ярьсны хүчинд 21 орноос 17 орон дэмжиж шийдэгдсэн юм. Энэ лобби хийхэд буруу ташаа ойлгуулахгүй байх талаас маш сайн ажиллах хэрэгтэй болдог. Анхааран ажилласан хамт олон болох Уртнасан, Намхай, Хашмаргад, Түвшинжаргал, Оюунбилэг, Далай, Даваасүрэн нарыг дурдах нь зүйтэй болов уу. Асуудлыг шийдсэний дараа нэг минут талархлаа англи хэл дээр илэрхийлдэг юм билээ.

Миний хувьд анх удаа 180 гаруй улсын өмнө ярьж байгаа нь тэр юм. Уг нь гайгүй болчихмоор санагдсан боловч их сандарчихсан ярьж байгаа царай нь тэр л дээ. Хүн ер нь байнга л сурч байх ёстой. Ахмад гээд хойш сууж болохгүйг мэдэж байгаа. Ер нь ах зах, ёс суртахуун гэх Монголын уламжлалт гэрийн хүмүүжил өнөө үед устан үгүй болж байгаад харамсдаг. Миний хувьд хүнд сурталгүй, ард иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилж байхыг л хамтарч ажиллаж буй хамт олондоо байнга захиж хэлдэг дээ. Одоо үед бие бие рүүгээ хүний ёсноос хэтэрсэн байдлаар харьцдаг болжээ. Аливаа зүйлд ёс суртахуун гэж байх ёстой гэж бодож байна.

Өдрийн сонин 

Д.Амарбаясгалан: Үүл дарга баян айлын эрх хүүхэд шиг аашлах боллоо
Д.Амарбаясгалан: Үүл дарга баян айлын эрх хүүхэд шиг аашлах боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.