Угшил нэгт МАН-ынхаа эсрэг 10 жил түгжилдсэн Н.Энхбаяр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 48 секунд
Угшил нэгт МАН-ынхаа эсрэг 10 жил түгжилдсэн Н.Энхбаяр

Угшил нэгт МАН-ынхаа эсрэг 10 жил түгжилдсэн Н.Энхбаяр

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ой ирэх 2021 онд тохионо. Угшил нэгтэй МАН, МАХН 100 жилийн ойгоо хамтарч тэмдэглэх болов уу гэсэн ажиглагчдын таамаглал бий.

Дээд шүүхийн тогтоол харвал, 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд МАХН-ын 26 дугаар Их хурлаар тус нам уугуул нэрээ сэргээж МАН болгосон. Тэр хүртэл дөрвөн удаагийн Их хурлаараа намын нэрээ МАН болгох тухай хөндөж байжээ. 26 дугаар Их хурлын танхимд зургаан хүн уугуул нэрээ сэргээхийг эсэргүүцсэний нэг нь тус намын дарга асан Н.Энхбаяр. Тэрээр хэсэг нөхөдтэйгээ өргөдлөө өгөн МАН-аас гарч МАХН-ыг 2011 оны нэгдүгээр сарын 28-нд байгуулж, Онц их хурлаа хийж дүрмээ баталсан. Улмаар намаа 2011 оны зургадугаар сарын 24-нд бүртгүүлжээ. Тэгэхээр ирэх онд МАХН 10 жилийн ойгоо, МАН 100 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Харин угшлаа бодвол хамтдаа тэмдэглэх учиртай бөгөөд үүнийг хоёр намын ахмад гишүүд хүлээж байгаа.

Гэтэл 100 жилийн ой нь дөхөж байхад МАХН-ын дарга Н.Энхбаяр Орон нутгийн сонгуулийн үеэр улс төрийн үзэл баримтлал өөр АН, ИЗНН-тай хамтарч угшил нэгт МАН-ын эсрэг сөрөг хүчин болж өрсөлдөх юм даа. Ийм үйлдэл өмнө ч гарч байсан. Н.Алтанхуягийг АН-ын дарга байхад, З.Энхболдыг АН-ыг удирдаж байхад ч Н.Энхбаяр гуай ийм шийдвэр гаргаж байсан. Бүр хамтарсан засаг байгуулж, албан тушаалд хүмүүсээ байршуулсан удаа олон бий. Гэтэл АН-ын үед Н.Энхбаяр гуай “шударга бусын хонгил”-той танилцаж, ял шийтгүүлсэн. АН-ын үед сонгогдох эрхээ олж чадалгүй СЕХ-ноос нэрээ хасуулж байсан. АН-ын үед өөрийг нь дахин эрүүгийн хариуцлагад татан шалгаж байсныг иргэд мартаагүй. МАН засаглахдаа МАХН-ыг сонгуульд оролцуулж, мань хүний хэрэг хэрэгсэхгүй болж байсныг бас л түүх гэрчилнэ.

Н.Энхбаяр гуай МАН-аас УИХ-д дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Улс төрийн ууган хүчин Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар, намын даргаар ажиллаж байсан зүтгэлтэн. Тус намаас Соёлын сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан эрхэм. Улс төрийн замналдаа ууган намыг чиглүүлж түүхэн үүргээ гүйцэтгэсэн, бас өөрөө энэ намынхаа багагүй буянг эдэлсэн хүн.

Гэтэл сонгууль болгоноор угшил нэгт МАН руугаа дайрдаг болов. Гурав дахь хүчний орон зайнд тоглоно, улс төрийг эрүүлжүүлнэ гэсэн хэрнээ намаа хувийн компани, гэр бүлийн өмч мэт болгов. Хэдхэн жилийн өмнө эхнэр, хүүгээ, туслах, зөвлөхүүдээ нэр дэвшүүлж байсан. Одоо бүр үзэл баримтлал өөр намтай хамтарч сонгуульд оролцож байна. Шалтгаан нь, түүний хүү энэ удаагийн НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа юм байх аа. Ийм өчүүхэн шалтаг, жижиг шунал Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээс гарч байгаа гэхээр харамсал төрнө.

Төр, засгийн томоохон албан тушаал хашиж байсан хүн МАХН хэмээх 10 жилийн түүхтэй намаа засаглалын хувьд дампууруулахаас гадна хэтэрхий хөнгөн попчидын хорогдох газар болгочихлоо. “Байр үнэгүй өгнө, сонгуулийн маргааш л түлхүүр гардуулна” гэж ямар ч боломжгүй амлалтаар иргэдээ доромжилдог ямар нам байна аа. Амьжиргаа тааруу иргэдээ ходоодоор нь худалдаж авах гэсэн явуургүй сэтгэхүй гармааргүй юм. Намбарын Энхбаяр гэж ийм хүн байгаагүй. Уг нь одоогийн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Н.Энхбаяр гуайг ядарч явахад нь тусалъя гэж МАХН-д очиж, генсекээр нь ажилласан. Магад үгэнд нь ороогүй учраас л буцаад МАН-д ирсэн байх. Тэр үед хоёр нам хамтарч Эх орончдын өдрийг тэмдэглэж байлаа. Орон нутгийн сонгуулийн дараа харин яадаг бол доо.

 

Д.Ядам

Сүга Ёшихидэ Японы Ерөнхий сайд боллоо
Сүга Ёшихидэ Японы Ерөнхий сайд боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.