Хён Сео Ли: Хойд Солонгосын иргэд хүний эрх гэж юу байдгийг мэдэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 16 секунд
Хён Сео Ли: Хойд Солонгосын иргэд хүний эрх гэж юу байдгийг мэдэхгүй

Хён Сео Ли: Хойд Солонгосын иргэд хүний эрх гэж юу байдгийг мэдэхгүй

 
527-14434957348-1_700x700
Тэр бол тэр чигээрээ үнэ цэнэтэй гэрч. Хён Сео Ли бүсгүй энхрий 17 насандаа Кимийн хаант улсын асар том шоронгоос зугтаж чадсан юм. Зугтахыг оролдсон хүн бүхэн амь насаа алдаж, Кимийнхний асар нууцлаг дэглэм улс оронд болж буй бүхнийг бүрэн далдалж чаддаг байв. Хён Сео Ли эх орноосоо зугтаж эхлээд Хятадад нууцаар амьдарч байгаад дараа нь Өмнөд Солонгост очжээ. Пхеньяны дэглэмийн бузар булхайг “нэгдүгээр эгнээ”-нээс амсч байсан тэрээр “Зургаан нэртэй охин” хэмээх ном бичжээ. “АВС” сонин түүнтэй уулзаж ярилцсан байна.
 
-17-хон насандаа эх орноосоо зугтахад юу түлхэв ээ?
 
-Хойд Солонгост амьдарч байхдаа “Бид дэлхийн хамгийн шилдэг нь, хүн төрөлхтний дундаас хамгийн аз жаргалтай нь” гэж боддог байлаа. Гэвч 1997 оноос эхлэн би хүмүүс гудамжинд амь насаа алдахыг хардаг болсон. Хятадын хилд ойрхон амьдарч, Хятадын телевиз үздэг байсан тул Хойд Солонгост юу хууль бус вэ, яагаад олон хүнийг хатуу ширүүн шийтгэдэг вэ гэдгийг харж, мэддэг байлаа. Манай улсын албаны телевизээр ярьж буй зүйл Хятадын телевизээр гарч буй зүйлтэй тэс өөр байдаг байсан. Бид дарангуйлал дор амьдардгаа ч мэддэггүй.
 
Тэгээд л бид хамгийн шилдэг нь биш юм байна гэж бодох болсон. Учир нь Хятадад илүү олон сайн юм байгаа нь мэдэгддэг байлаа. Үүнийг би өөртөө нээж харахыг хүссэн юм. Хил давах юмсан гэж бодох болов. Гэвч хил давснаар намайг юу хүлээж байгаа, амьдрал минь хэрхэн өөрчлөгдөх талаар төсөөлөл ч үгүй байсан.
 
-Хилийг хууль бусаар давах нь тун зоримог алхам байх, тийм үү?
 
-Хил давна гэдэг маш аюултай. Хилд ойрхон амьдардаг болохоор хил давах гэж оролдсон олон хүн амиа алдаж, баригдаж цаазлуулахыг харсан. Өглөө эрт цэргийнхэн голоор нэг үйж буй урвагчдын цогцсыг хэрхэн гаргахыг хардаг байлаа. Энэ бүгд намайг айлгаж цочирдуулж байсан ч би итгэлтэй байсан. Учир нь манай гэр бүл зарим харуул, хилчинтэй сайн харилцаатай, хамаатны хүн ч байсан. Тэдэнтэй “Энэ муусайн урвагч нар..” гээд л ярилцдаг байлаа. Ном уншсаны дараа тэд ч бас хүн, хэн нэгний үр хүүхэд, эдлэх ёстой эрх байдаг гэдгийг мэдэж авсан. Би нэг харуултай сайн харилцаатай байсан, тэр хил давахад минь тусласан юм. Намайг Хятад руу гарахыг хүссэн иргэдийг зөөдөг хүмүүст хүргэж өгсөн. Энэ бол том эрсдэл байсан ч миний хувьд хавьгүй амар бүтсэн юм. Дараа нь сэтгэлээр унасан. Тэр бол улс дотроо нэг мужаас нөгөө рүү очиж буй хэрэг бус, харин өөр улс руу явж байгаа гэж бодохоор л… Би ингээд бүрмөсөн явчихгүй, Хойд Солонгост буцаж очно гэж боддог байлаа.
 
-Та ганцаараа зугтсан юм уу?
 
-Тийм ээ, ганцаараа.
 
-Хойд Солонгост амьдарч байгаа хүн гадаад ертөнц ямар байдгийг олж мэдэх боломжтой юу?
 
-Гадаад ертөнц, гадаад орнууд аймшигтай гэж итгэдэг байлаа. Биднийг ингэж л сургасан. Америкууд бол муу хүмүүс, хүн алдаг, улс орныг хуваасан буруутан гэж бидэнд ярьдаг байсан. Өмнөдүүд Америкийн империализмийн балгаар зовж байгаа гэж ойлгуулдаг байлаа. Өнөөдөр ч Хойд Солонгост “Америкууд Өмнөд Солонгосыг колоничилж, иргэдийг нь алж хороож байгаа” хэмээн сурталддаг. Хойд Солонгосын хүүхдүүд гутал ч үгүй, хувцас ч үгүй бүгдээрээ гуйлгачид гэж ярьдаг байсан. Энэ бүгдийг хараад, сонсоод “Бид бол дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс” гэж боддог байлаа. Тэгээд хүмүүсийг олон нийтийн өмнө цаазалж буйг хараад сүүлдээ энэ бол энгийн зүйл, дэлхийн хаана ч адилхан хэмээн боддог байлаа шүү дээ.
 
-Таныг олон нийтийн цаазын өмнө анх аваачихад хэдэн настай байсан бэ?
 
-Долоон настай байсан. Цаазлалт руу аваачиж харуулах гэж байгааг ч мэдээгүй. Аймшигтай юм харсан. Нэг хүнийг дүүжилж цаазалсан. Одоо ингэхээ больсон л доо. Буудаж хороох нь бас аймшигтай. Хүзүүнээсээ дүүжлэгдсэн хүнийг харахаар ямар аймаар байдаг гэж бодно. Үүнийг харах нь аймшигтай ч Хойд Солонгост албаддаг юм. Сургуулийн сурагчдад албаар үзүүлдэг байсан. Яагаад цаазыг ингэж хүүхдүүдэд үзүүлээд байдгийг дараа нь ойлгосон, эрх баригчид биднийг айдас хүйдэс дунд амьдруулж, хүссэнээрээ ийш тийш нь залахыг хүсдэг байжээ. Улс орны эцэг, лидерийн үгнээс гарч болохгүй гэдгийг л ойлгуулах арга байж. Эхэндээ цаазлуулж буй хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж боддог байсан бол хожим нь тэд гэмт хэрэгтэн биш, харин харгис дэглэмийн золиос болж буй хүмүүс гэдгийг мэдсэн.
 
-Хойд Солонгосыг орхиод эрх чөлөөг мэдрэхэд ямар байв?
 
-Эрх чөлөө гэж юу байдаг, ямар утга учиртайг ч мэддэггүй байлаа. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бидэнд байгаагүй. Хойд Солонгост эрх чөлөө гэдэг үг байсан ч бид энэ үгийг жинхэнэ утгаар нь ойлгодоггүй байсан. “Хайрт удирдагчийнхаа ивээл хамгаалал дор бид эрх чөлөөтэй” хэмээн тоть мэт цээжилдэг байсан.
 
-Хойд Солонгос дахь амьдралын талаар яриач. Өрнөдийн хэвлэлд гардаг шиг тэнд өдөр бүр тийм аймшигтай юм болдог юм уу?
 
-Үүнийг олон хүн асуудаг л даа. Тэгвэл би хариулъя, та нарын хэвлэлээс уншсанаас ч аймшигтай зүйл тэнд болдог юм. Тэр тусмаа хойдууд энэ аймшигтай зүйлийн ихэнхийг огт мэддэггүй. Бид гадаад ертөнц ямар байдгийг мэддэггүй, бүх мэдээлэл хаалттай байдаг болохоор ийм л байдаг, хэвийн зүйл гээд ойлгочихдог. Энэ бол тун харамсалтай, гунигтай. Хүмүүс шөнөөр алга болж, гэр бүлийн нэг гишүүн улс төрийн хоригдлуудын шорон руу явж байгааг бид хардаг л байсан. Жаахан байхад ээж минь “Ярьж, хэлж буй үгээ цэнэ, хэн нэгнээс сонссон зүйлээ битгий цааш нь ярь” хэмээн байнга сануулдаг байсан. Хана хүртэл чамайг сонсоно гэдэг байлаа. Хойд Солонгост хэн нэгэнд итгэх, санаа бодлоо хуваалцах боломжгүй байсан. Улсын мэдээллийн агентлаг өөр муж, нутагт юу болж байгааг дамжуулдаггүй, зөвхөн хайрт удирдагч ингэлээ, тэглээ гэж дамжуулдаг. Хойд Солонгосын хүүхдүүд хичээл дээр багшаасаа асуулт асуух эрхгүй. Хэрвээ багш нь шар өнгийг улаан гэх юм бол улаан л гэсэн үг. Учир нь багш тэгж хэлсэн. Сургуульд сурах тун хэцүү, бараг л шоронгоос ялгаагүй.
 
-Та хэзээ нэгэн цагт эх орондоо очиж чадна гэж боддог уу?
 
-Би үргэлж өөдрөг байхыг хичээж, хэзээ нэгэн цагт буцаж очно оо гэж боддог юм. Гэвч Хойд Солонгост бүх хүүхдээ цуглуулж, тойруулж суухыг хүсдэг ээжийн минь хувьд тун хэцүү. Ээж минь одоо 60 настай. Ээжийнхээ төлөө их харамсдаг, түүндээ энэ гадаад ертөнцийг үзүүлэх юмсан, тэгвэл хичнээн гоё вэ гэж боддог юм. Ээж минь үхэхээсээ өмнө бүх хүүхдээ цуглуулахыг хүсдэг. Бид дайны улмаас, 60 жилийн өмнө салаагүй. Ээж минь надтай уулзана гэж хүлээсээр л байгаа.
 
-Пхеньяны дэглэм эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгавартай ханддаг уу?
 
-Бид бүгд адилхан гэсэн уриа лоозон байдаг ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ. Эмэгтэйчүүд үргэлж дорд ажлыг хийнэ. Эмэгтэйчүүд хамаг хүнд хүчир ажлыг хийдэг ч маш бага цалинтай. Нэг хятад хүн ирээд солонгос эмэгтэйчүүд ажилласаар байхад эрчүүд нь нөгөө талд зүгээр зогсож байгааг хараад ихэд гайхаж байсан хэмээн ээж минь ярьж байв. Хятадад эмэгтэй хүнийг их хүндэлдэг юм байна лээ. Хойд Солонгост эмэгтэйчүүд хамаг хар бор ажлыг хийж гэр бүлээ тэжээдэг. Өмнөдөд ингэвэл эмэгтэйчүүд нь шууд л шүүх, цагдаад хандана. Хойд нутагт энэ нь гэр бүлийн асуудал, гэрийн эзэн бүхнийг шийдэх ёстой гэж үзнэ.
 
 
Н.Мөнхжин
“Зууны мэдээ” сонин
Гэмт хэргийн гаралт нэмэгджээ
Гэмт хэргийн гаралт нэмэгджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.