Богд гэгээнтэн ба Монголын тусгаар тогтнол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 40 секунд
 Богд гэгээнтэн ба Монголын тусгаар тогтнол

Богд гэгээнтэн ба Монголын тусгаар тогтнол

Жил бүрийн 12 дугаар сарын 29-ны энэ өдрийг  Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан баяр өдөр хэмээн тэмдэглэх босон билээ. Энэ өдөр Монгол түмэн Манж гүрний эршээлээс салан тусгаарласан юм. Тэрхүү 1911 оны түүхэн үйл явдлыг санаачлагчдын нэг, оройлон зохион байгуулсан, удирдагч нь VIII Богд Жавзандамба хутагт байлаа.

Богд Жавзандамба хутагт 1909 онд буулгасан нэгэн лүндэндээ: “Эдүгээ манай Монголын шашин төрөө бататган, газар нутгаа хамгаалж, өнө удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбээс эрх жаргалтай суух байтугай, элдэв зовлонг үзэж газар шороогоо ч эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд эс сануулбаас монгол тоотон бүгдээрээ миний найман дүрийг шүтэж тахисны тус үгүй болох тул би мэдсэнээ хэлэхгүй зүгээр сууж төвдөхгүй… Үүнийг танай олон ноён түшмэд арга юуг сайтар бодож тус тусын санаж бодсоноор нэн даруй над илтгэ” гэжээ.

1911 оны 7 дугаар сард Хүрээнд болсон ноёдын нууц зөвөлгөөн Богд гэгээний “цаг болов” хэмээн зарлигдсан ёсоор Богд ууланд болж, тус зөвөлгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлуудыг төлөвлөжээ. Орос руу явах элчинд чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилсон бол энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноён бол Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав хоёр бөгөөд тэд онцгой үүрэг гүйцэтгэж байсан байна.

1911 онд Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээжээ. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлсэн юм.

Богд гэгээн монголчуудын шашны тэргүүний хувьд хэнээс ч хараат бус амьдарч,  бие даан шийдвэр гаргах чадвар төгс байжээ. Тиймээс залуу насандаа орос, хятад болон гадаадын худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ Европ, Америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикл хүртэл хэд хэдийг авч, Монголын тал нутагтаа хурдлуулж байв.

Бурханы ёсонд дээд зиндаанд хүрсэн хүн гэрлэж болохыг зөвшөөрсөн байдаг тул Богд гэгээнтэн Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай эхлээд нууцаар ханилж байгаад ХХ зууны эхээр гэрлэж, Цагаан дара, эх дагина хэмээн өргөмжлүүлсэн байна.

Гадаадын эрдэмтдийн бичснээр Богд гэгээн Дондогдуламтай суугаад үрэлгэн зангаа орхиж, бүхий л талаараа Монгол дахь шашны хөгжил хийгээд монголчуудын сайн сайханы төлөө илүү зориг сэтгэл жигдэрсэн хэмээн үзсэн байдаг юм. 1911 онд Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөгдөхөд түүний хатан Дондогдуламыг Улсын эх дагина хэмээн өргөмжилж төрийн тамга бариулж байв. Тэд өөрийн хүүхэдгүй байсан гэдэг. Харин Богд хаан хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсаны дотор Монгол улсын алдартай хөгжмийн зохиолч Мөрдорж, Монгол Улсын Ерөнхий сайд байсан М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэгийн аав Эрэнжав нар орж байв. Монголд өөрийн хүүхдийг үрчлэн авах явдал цөөнгүй байсан хэмээн ярих хүн ч бий.  Энэ мэт судлууштай зүйл нэлээд байдаг ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

СТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн Европийн улс орнуудаар айлчлан тоглолт хийнэ
СТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн Европийн улс орнуудаар айлчлан тоглолт хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.