“Ноён доллар”-ын ханш цаашдаа ч буурах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 5 секунд
“Ноён доллар”-ын ханш цаашдаа ч буурах уу

“Ноён доллар”-ын ханш цаашдаа ч буурах уу

Эдийн засагт хүлээлт ямар их нөлөөлдөг болохыг ам.долларын ханшийн сулрал харуулж байна. Хоёр жилийн өмнөөс зугуухан өгссөөр энэ оны гуравдугаар сард 2000-ын босгыг давж үзсэн ам.долларын ханшийг хэрэгжих нь тодорхой болсон Оюутолгойн хоёр дахь шатны төлөвлөгөө, Ерөнхий сайдын Дубайд хийсэн амжилттай айлчлал, Засгийн газрын бонд, Худалдаа хөгжлийн банкны гаргасан 500 сая ам.долларын бонд, Алт үйлдвэрлэгчдийн мэдэгдэл, Н.Модигийн амласан тэрбум ам.доллар тал, талаас нь “элбэж нүдсээр” буулгаж орхилоо. Ам.долларыг “нүдсэн” гээд байгаа дээрх хүчин зүйлийн ихэнх нь хэрэгжиж амжаагүй байгаа. Гэсэн ч эдийн засагт эерэг хүлээлт үүсгэснээрээ ам.долларын ханшийг буулгаж дөнгөв. 

Валютын дуудлага худалдаа­гаар нөөцөө нэмэгдүүлэхээ бараг болиод байсан Монголбанк /дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш/ өнгөрсөн пүрэв гарагт валютын худалдаа зохион байгуулж, 25 сая, өчигдөр болсон дуудлага худалдаагаар 11 сая ам.доллар худалдан авч нөөцөө зузаатгалаа. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 1.2 тэрбумд хүрээд байсан ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна. Ам.долларыг “Найдвартай хадгаламж” хэмээн тооцож, их хэмжээгээр худалдаж аваад нөөцөлчихсөн байсан “нууц ноёнтнууд” удахгүй орж ирэх валютын сургаар зарж эхэлсэн нь ч ханшийн өөрчлөлтөд багагүй нөлөөлж байгаа нь гарцаагүй. Өнгөрсөн жил валютын дуудлага худалдаагаар арилжааны банк­ууд Монголбанкнаас дандаа ам.доллар худалдаж авах санал ирүүлдэг байсан бол энэ удаа ам.доллар худалдаж аваач ээ гэж байна. Энэ нь иргэд ам.доллараа төгрөг болгож байгааг харуулж байгаа юм. Ам.долларын ханш өгсөх сургаар их хэмжээний худалдан авалт хийж, зах зээлд хомсдол үүсгэсэн ийм хүмүүсийн шийдвэр ханшийн өсөлтийн нэгэн шалтгаан нь байсан билээ.

   Ам.долларын ханш ид өгсч байх үед буюу жил гаруйн өмнө эдийн засагчид шалтгааныг нь “Хятадын эрэлт буурсантай холбоотойгоор манай экспортын орлого буурч, дээр нь экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь нөлөөлсөн” хэмээн тайлбарлаж байлаа. Мөн манай улсад орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурснаас гадна мөнгөний хэмжээ нэмэгдэж, валютын нөөц хомсодсонтой холбоотой” гэсэн дүгнэлт хэлж байв. Дээрээс нь гадаад худалдаа алдагдалтай, гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 30 хувиар буурсан нь хамгийн их нөлөөлж буй. Хэрвээ дээрх шалтгаануудыг үнэн гэж үзвэл эхнээсээ нэг нэгээр үгүй болж эхэлсэн нь ам.долларын ханшийг сулруулах хамгийн чухал хүчин зүйл болсон байна. 

“Эрдэнэс Оюу толгой”, “Төркиз Хилл Резорсиз”, “Рио Тинто”, “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Ингэснээр далд уурхайг бүтээн байгуулах ажил эхлэх боломжтой болж байгаа юм. Бүтээн байгуулалтад нийтдээ 5.4 ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн тооцоо бий. Оюутолгойн өмнөх бүтээн байгуулалтын туршлагад үндэслээд “Хөрөнгө оруулалтын 20 орчим хувь нь ямар нэг байдлаар Монголд үлддэг” гэж тооцвол далд уурхай баригдаж дуусах хүртэлх хэдэн жилд багадаа л тэрбум ам.доллар орж ирэх багцаа байна. Гэхдээ дээрх 5.4 тэрбум ам.долларын хоёр тэрбум орчим нь хөрөнгө оруулалт, үлдсэн хэсэг нь банкуудын зээл байна гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз. 

Валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн гол эх сурвалж нь алтны борлуулалт байдаг. Өнгөрсөн жил манай улс 600 орчим сая ам.доллартай тэнцэх 13.8 тонн алт олборлож байсан бол энэ жил 20 тонн алт олборлох зорилготой ажиллаж байна. Алт тушаалтын оргил үе гэж бий. Хэрвээ энэ зорилт биелэх бол өнөөгийн ханшаар 756 сая ам.долларын хуримтлал бий болгох боломж үүсч байгаа юм. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “7-9 дүгээр сард алтны өндөр ургацын жил байдаг. Тиймээс энэ саруудад эрчимжинэ гэж найдаж байна. Төлөвлөөд байгаа 20 тонндоо хүрэх найдвар тасраагүй байна” гэж өгүүлсэн. Төрөөс алт үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажиллаж чадвал түүнээс ч их алт тушаалгах боломж байгааг үгүйсгэдэггүй. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл өгөхөө амласан. Түүний энэ амлалт Энэтхэгт улстөржих сэдэв нь болоод байна. Цалин хөлсөө удаан хугацаанд авч чадаагүй Дели хотын Хот тохижилтын ажилтнууд хотын захирагч Арвинд Кежривал дээр очиж, цалин тавихыг шаардахад “Ерөнхий сайд Нарендра Моди дээр очиж цалингаа нэх. Манай Ерөнхий сайд саяхан Монголд маш их мөнгө өгөхөөр амласан. Түүн дээр очвол цалинг чинь өгөх нь гарцаагүй” гэж хэлсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлж байна. 

Гэхдээ сөрөг хүчний дайснууд нь л ингэж байгаа болохоос Н.Моди алдаатай алхам хийнэ гэж юу байх вэ дээ. Монголд хөрөнгө оруулах хамтарч ажиллах талын том тохиролцоо хийчихээд л ингэж өгөөмөр загнасан байж таарна. Хүнд металл боловсруулах үйлдвэрээрээ дэлхийд дээгүүр ордог, эрчим хүчний өлсгөлөнд нэрвэгдээд байгаа улсын хувьд, тэдэнд Монголтой хамтран ажиллах сонирхол байж л таараа. Эдийн засаг, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг гадны цахим сонинуудад сүүлийн үед Энэтхэг улс коксжих нүүрс худалдан авалтаараа БНХАУ-тай өрсөлдөж үнэ ханшийг нь өсгөж байгаа гэсэн утгатай мэдээлэл гарах болсон. Монголчуудад таатай л мэдээлэл. Валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж ч байж мэдэх юм. Цаашдаа Оюутолгой, Тавантолгойгоос гадна валютын тогтвортой эх үүсвэр нэмэгдвэл ам.долларын ханш улам ч буух нь тодорхой юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Адьяахүү: Эр 2 эндэж Эрэг нэг биш удаа нурлаа...
Б.Адьяахүү: Эр 2 эндэж Эрэг нэг биш удаа нурлаа...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.