Б.БИЛГҮҮНИЙ НУРААСАН БАЛГАС ДЭЭР ШАДАР САЙДЫН БОСГОЖ БУЙ ПИРАМИД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 29 секунд
Б.БИЛГҮҮНИЙ НУРААСАН БАЛГАС ДЭЭР ШАДАР САЙДЫН БОСГОЖ БУЙ ПИРАМИД

Б.БИЛГҮҮНИЙ НУРААСАН БАЛГАС ДЭЭР ШАДАР САЙДЫН БОСГОЖ БУЙ ПИРАМИД

Саяхан нийслэлийн зүгээс зохион байгуулсан “Хотын стандарт” зөвлөгөөнд Шадар сайд С.Амарсайхан оролцож стандарт, хэмжилзүйн шинэчлэлийн талаар явуулж буй бодлогоо танилцуулав. Сүүлийн үед энэ салбарын талаарх мэргэжилтнүүдийн байр суурь, бусад мэдээллээс үзэхэд өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шинэчлэлийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн нурааж, Шадар сайд С.Амарсайхан дахин шинэчлэхээр зорив уу гэж харахаар байна. Шинэчилж сайжруулж байгаа бол сайн хэрэг. Эсвэл ажлаа мэдэхгүй агентлагийн даргын нураасан балгас дээр Шадар сайд айсуй сонгуулийнхаа пирамидыг босгож байгаа бол буруу хэрэг. Хууль тогтоох дээд байгууллага болон Гүйцэтгэх засаглалын гишүүний хувиар зөвхөн тууз хайчилсан төдий айсуй 2024 оныг угтаж болохгүй учраас ямар нэгэн бодлогын шинэчлэл хийхээр зорьсон байх гэж найдна. Энэ нь сайн хэрэг хэдий ч олон сөрөг асуудал шил шилээ даран өрнөж байна.

1.У.ХҮРЭЛСҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЛХМУУД

Уг нь өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын дарга нь Шадар сайдаа дагаж гүйгээд шинэчлэл ярих нь тийм ч таатай зүйл биш. Өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэчлэн эхлүүлсэн ажил. Өнөөдөр ч хууль эрх зүйн орчин нь хүчин төгөлдөр байна гэсэн үг. Гагцхүү сайд, дарга нар нь үүнийг анзаарч хардаггүй, эсвэл мэддэггүй бололтой. Мөрдөж хэрэгжүүлэх л дутуу байсан зүйл шүү дээ. Тиймдээ ч Ерөнхийлөгч өөрөө “Хүнсний хувьсгал”-ыг орон даяар өрнүүлээд байгааг ч анзаарч байгаа байх. Тэгэхээр урьд өмнө стандартын чиглэлд ямар бодлого барьж, ямар эрх зүйн орчин бүрдүүлж ирснийг дурдах учиртай.

Монгол Улс 1995 онд Стандартын хуулийг баталж, 2003 он хүртэл бүх стандартыг зөвхөн “заавал мөрдөх”-өөр хуульчилж байжээ. Энэ хуулийг 2003 онд шинэчлэн найруулж “стандартыг заавал мөрдөх, сонгон хэрэглэх” хэмээн хоёр ангилан хэрэгжүүлж байв. Харин У.Хүрэлсүхийн үед буюу 2017 онд “Стандартчиллын ажлыг шинэчлэх” Европын холбооноос хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хуулийг олон улсын жишигт бүрэн нийцүүлж бүх стандартыг сонгон хэрэглэх статустай байхаар хуульчлан гадаадын өндөр түвшний стандартыг хэрэглэх боломжтой болсон. Энэ нь бизнес эрхлэгчдэд учрах саад тотгорыг арилгаж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх том хөшүүрэг болсныг бизнесийнхэн өдгөө ч шагшин ярьдаг. Даанч хэрэгжүүлэх, хангуулж ажиллах ёстой байгууллага нь таг сууна.

Харин хүний эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээний стандартыг техникийн зохицуулалтаар шийдвэрлэхээр болж, 20 гаруй техникийн зохицуулалт гаргахаар шийдсэн байна. Мөн энэхүү хуулийн шинэчлэлтээр стандарт сонголтын баримт бичиг болсонтой холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж яам нь стандартыг дүрэм, журмын хэлбэрээр баталдаг жишигт шилжүүлжээ. Өмнө нь хүний болон эмийн стандартыг Стандартын газар стандартаар баталж байсныг өөрчилж фармокопэйн хэлбэрт оруулан голдиролд нь оруулж байсан шийвэрүүд цагаан дээр хараар дурайгаад үлджээ. Дашрамд өгүүлэхэд, дэлхийн аль ч оронд боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартыг стандартын байгууллагаас баталгаажуулдаггүй байна. Мөн хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг заавал тохирлын баталгаажуулалтад хамруулж стандартын мөрдөлтийг хангуулахаар нийслэлд стандарт, хэмжилзүйн хэлтэс байгуулахаар тус тус хуульд тусгасан нь бий.

2.ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ ГАЦАЖ, САЛБАРЫН АЖИЛ УНАЖЭЭ

Хуулийн шинэчлэлээр хүнсний бүтээгдэхүүнийг заавал баталгаажуулалтад хамруулж аюулгүйн тэмдэглэгээ хэрэглэхээр хуульчилсан байтал одоо дөнгөж 10 хувь нь хамрагдсан гэх баримт бий. Хүн амын хамгийн аюулгүй байх ёстой хүнсний тал дээр стандарт ийн мөрдөгдөж байна гэдэг аюул. Ард иргэдийг эрсдэлээс хамгаалах техникийн зохицуулалтын стандартын дөнгөж 50 нь батлагдсан, цаана нь маш олон бүтээгдэхүүний зохицуулалтын стандарт хүлээгдсэн хэвээр байна. Ийм байхад аюулгүй байдал, амь насны эрсдэлийн тухай ярихын ч хэрэггүй биз.

Уг нь “Стандартын газар нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж хуульд заасан. Гэтэл хуулийн үндсэн чиг үүргээ орхигдуулж баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ, жин туухай тоолуурт гэрчилгээ олгох гэх мэт хувийн хэвшлийн гүйцэтгэж болох өдөр тутмын аар саар ажлаасаа хэтэрдэггүй нь салбарын ажил унахад хүргэсэн хэмээн бүх шатандаа хүлээн зөвшөөрч байна.

3.ШАДАР САЙДЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО НҮДЭЭ ОЛСОНГҮЙ

Нэгэн суут хүн “Шинэчлэл гэж юуг хэлэх вэ” гэхэд “Мартагдсан эсвэл хэрэгжээгүй асуудлыг хэлнэ” гэсэн байдаг даа. Тэгвэл сүүлийн үед С.Амарсайханы яриад байгаа зүйлүүд хүчин төгөлдөр хуульд бүрэн тусгагдсан боловч Б.Билгүүн мэтийн төрийн ажлын туршлага, салбарын мэдлэггүй ажилтнуудын хариуцлагагүйгээс хэрэгжүүлж чадаагүй байгааг бултаараа онцолж байна. Стандарт заавал мөрдөх баримт бичиг гэж хуульд өөрчлөлт оруулах тухай их ярьдаг.

Гэтэл олон улсад тогтоосон жишгийг Монголын хуулиар өөрчлөөд ямар ч үр дүн гарахгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Мөн стандартыг тохирлын үнэлгээгээр дамжуулж мөрдүүлнэ гэх. Гэтэл одоогийн хуульд эдгээр зүйлс нь байгаа ч мөрдөлт нь 10 хувьтай байна. Тэгэхээр энэ нь хуулийн буруу биш, хуулийг хэрэгжүүлж хангуулж ажиллах ёстой салбарын удирдлагын буруу болж таарна. Тэгээд ч хүний амь насанд эрсдэлтэй стандартын дөнгөж 40 хувь нь батлагдсан байхад хэрэгжилтийн талаар яриад ч нэмэргүй, төрийнхний хариуцлагагүйн асуудал юм.

Хэрэв хуулиа хэрэгжүүлээд нийслэлд Стандарт, хэмжилзүйн алба байгуулчихвал хэвийн боов, хоолны газар, дэлгүүрийн жин туухайд Стандарт, хэмжилзүйн газрын ажилтнууд гэрчилгээ бичиж өгөөд суухгүй байх. Том бодлогоо бариад сууж байх ёстой. Уг нь Шадар сайдын шинэчлэл гэх зүйл нүдээ олсон бол ямар ч хөрөнгө хүч зарахгүй ийм гажуудлыг цэгцэлчих эхний ажил байлаа. Ерөөсөө урьд өмнө суурийг нь бэлдээд өгчихсөн зүйл учраас асуудал хүндрэл байсангүй. Өөрсдөө том ажил хэмээн харагдуулахыг зорьж байгаагаас өөр зүйл алга. С.Амарсайханы сүүлийн үед ярьж байгаа энэ мэт зүйлүүд хуульчлагдвал манай улсын энэ салбарын түвшин зах зээлийн өмнөх үеийн түвшинд хүртэл ухарч мэдэхээр байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Шуудхан хэлэхэд стандарт, хэмжилзүйн салбарын энэ уналт хуульд биш мэдлэггүй, туршлагагүй, сэтгэлгүй удирдлагад байна. Шадар сайдын хувьд энэ байгууллагын ажлыг сайжруулахаар 2021 оноос хойш гурван удаа үүрэг даалгавар өгч хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа талаар байнга ярьдаг. Гэвч хариуцлага тооцож чадсангүй өнөөдөртэй золгов. Энэ салбарын удирдлагыг солих нь өөрчлөлтийн эхлэл бөгөөд салбарт шинэчлэлийг манлайлах чадвартай удирдагч үгүйлэгдэж байна.

Г.БАЯР

Ажилгүй хүмүүсийн 60 хувь нь урт хугацаанд ажил хайж байна
Ажилгүй хүмүүсийн 60 хувь нь урт хугацаанд ажил хайж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.