Ж.Мэндбаяр: Шорон бол бууж өгөх шалтгаан биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
37 минут 5 секунд
Ж.Мэндбаяр: Шорон бол бууж өгөх шалтгаан биш

Ж.Мэндбаяр: Шорон бол бууж өгөх шалтгаан биш

Хүний амьдрал баялаг юм. Дээлтэй цахиур шиг давхиж явах үе байхад дэргэдээ нэг ч хүнгүй болтолоо ад үзэгдэх үе ч байх юм. Ийнхүү ярилцлагаа эхлүүлэх болсон минь учиртай. Энэ удаагийн VIP ярилцлагын булангийнхаа зочин хойморьт “Глоб”-ын гэгддэг Жудагийн Мэндбаярыг урьж оролцууллаа. Тэрээр хадгаламж зээлийн хоршооны хэргээр арван жил “аав”-ынд сууж байгаад тун саяхан гарч ирээд байгаа. Ярилцлага эхлэхээс дуусах хүртэл түүний яриаг огт тасалмааргүй. Хэрэгтэй санаануудыг нь орхигдуулмааргүй тийм л сонирхолтой яриа бидний хооронд өрнөсөн гэдгийг онцолмоор байна. Шоронд орсондоо огт харамсаагүй, хэргийн эзэн хэнгэргийн дохиур би бүх өрийг өөрөө төлөх ёстой, эхнэр минь миний хувьд хатан зоригтон хэмээн ярьж буй түүний үгнээс эр хүний жудаг, шударга зан, ноён нуруу харагдаж буй гэлтэй.  Ингээд Ж.Мэндбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд маш талархаж байна. Та одоо шинэ бүхний эхлэл дээр зогсож байгаа байх. Одоо ямар ажил хийх гэж байна вэ?

-Би өмнө нь сэтгүүлзүйн болон хувийн бизнесийн салбарт ажиллаж байлаа. МҮОНРТ-д нэвтрүүлэгчээс авахуулаад ажилласан. Бизнесийн нэлээд хэд хэдэн салбарт ажиллаж үзсэн. Нусны алчуураас эхлүүлээд үзэг, орон сууц гээд худалдаж явлаа. Хүн чаддаг юмаа л сайн хийдэг. Тийм болохоор энэ салбарууддаа шинэ соргог, өвөрмөц өнцгийг нь мэдэрч ажиллах болов уу гэж бодож байна.

-Жишээлбэл сэтгүүлзүйн салбарыг аль өнцгөөс харна гэж?

-Бизнес чиглэлийг нь харах байх. Энэ салбарт шоу бизнесийн чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн байна. Телевиз бол өөрөө шоу бизнес байхгүй юу. Олон нэвтрүүлэг хийж байсан туршлага маань бий. Мөн миний хийгээд сурчихсан ажил бол барилгын салбар. Түүн рүүгээ ч орох бодолтой байна. Бусад жижиг сажиг зүйлүүдээ орхихгүй гэсэн бодолтой явна даа.

-Яагаад ийм олон салбарт хүч үзэхээр шийдэв?

-Яагаад гэвэл Монгол өөрөө жижигхэн зах зээл учраас хийх юм багатай байдаг. Эхлүүлсэн ажлаа өргөжүүлэх боломж маш бага. Олон салбарт хүч үзэхийн давуу тал нь нэг нь алдагдал хүлээхэд нөгөө нь нөхөж байдаг юм. Ер нь бизнес гэдэг чинь нэг л хуультай, нэг л томъёотой шүү дээ. Иймд чадаж магадгүй биш чадна гэсэн хэд хэдэн салбар руугаа зоригтойгоор орно. Монголын нэг том брэндийг дэлхийд гаргана гэсэн мөрөөдөл надад байдаг юм. Энэ мөрөөдөл маань зорилго болсон. Ер нь хүнийг хүсэл мөрөөдөл л амжилтад хүргэдэг шүү дээ. Гэхдээ хүсэл мөрөөдлөөс шууд амжилтад хүрч чадахгүй. Яагаад гэвэл дунд нь зорилго нь байхгүй учраас тэр. Мөрөөдөж явж байгаад гэнэт амжилтад хүрнэ гэж огт байхгүй. Ерөнхийдөө дэлхийд танигдсан брэнд бүтээнэ гэсэн шинэ зорилготой, мөрөөдөлтэй гүйж явна.

-Заавал алдагдал хүлээх шаардлага бий гэж үү. Нэг зүйлээ сайн хийчихвэл болох юм биш үү?

-Алдагдал хүлээнэ гэдэг үгсийн хүлээх гэдэг үгэнд анхаарал хандуулах ёстой. Нэг зүйл хийгээд алдагдалд орвол дараа нь ашиг олох санаагаа тэндээс олж авдаг юм. Нэг ёсондоо балансыг нь бариулах шаардлагатай. Ингэхийн тулд л өөр салбаруудад ажиллах ёстой. Бизнес чинь заавал ашиг олохын нэр биш юм.

-Яагаад ашиг олох биш гэж. Хүн мөнгөтэй, сайхан амьдрах гэж л бизнес хийдэг. Ашиг олохгүй бол яаж сайхан амьдрах юм бэ?

-Дан ганц ашиг олох биш гэж хэлж байгаагийн цаана ажил хийх, олон хүн ажиллуулж цалин өгч байх тухай яриад байгаа юм. Баялаг бүтээх, улс орондоо татвар төлж байхын тухай л юм даа. Хүмүүс бизнес хийнэ гэхээр ашиг олно гэдэг бодлыг толгойдоо тээж явдаг. Мөнгөний төлөө ажилладаг гэж боддог. Нэг талаас нь харвал тийм л дээ. Гэхдээ зөвхөн мөнгөний төлөө биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ер нь хүн бүтээж, хийж байгаа зүйлээсээ кайф авдаг болчихдог. Тэгээд яваандаа мөнгө бодогдохгүй болчихно. Таван давхар байшин барьсан бол түүндээ урамшаад маргааш нь зургаан давхар байшин эхлүүлэх жишээтэй. Би одоо амжилттай яваа олон бизнесмэнүүдийг тийм бодолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг их хураагаад цуглуулаад байх нь тэдэнд сонин биш. Аль болох эргэлдүүлж, шинэ зүйлийг эхлүүлж явах чинь гоё шүү дээ. Би чинь бага балчираасаа л өөрийнхөө хэмжээнд бизнес хийж явлаа. Эцэст нь ийм л бодолтой үлдлээ дээ.

-Таны бага нас хэрхэн өнгөрөв. 40 мянгатын унаган хүүхэд гэж дуулсан юм байна?

-40 мянгатын хоёрдугаар төрөхөд төрсөн. Ухаан орохоосоо авахуулаад л Энхтайван найрамдлын ордныг тойрч тоглож өссөн. Тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адил л өссөн. Чулуугаар байлдаал, мөнгөдөнө, тэвэгдэнэ, хичээлдээ явна. Хүүхэд насанд чинь сурахаас гадна их ажил бий шүү дээ /инээв/.

-Хичээл сургуульдаа хэр хүүхэд байв. Хэддүгээр сургуулийг төгссөн юм бэ?

-24 дүгээр сургуулийг төгссөн. Ер нь ихэнх хүүхдүүдийн адил 3,4 дүгээр ангидаа онц сураад. Тэрнээс хойшоо гурваа чирсэндээ. Ерөнхийдөө дунд сурдаг хүүхэд л байлаа. Наймдугаар анги төгсөөд Төмөр замын ТМС-д хуваарилагдсан. Соц нийгмийн хүүхдүүд ийм л зарчмаар өссөн юм.

-Миний бодлоор таны үед эцэг эхчүүд хүүхдийнхээ эрдэм мэдлэгт нь биш зөв хүн байлгах гэж сургадаг байсан. Мөн ажил хийлгэж, хөдөлмөрлүүлж сургахад нь нэлээд анхаардаг байсан байх. Ялангуяа эрэгтэй хүүхдийг бол?

-Эцэг эхчүүд нь л анхаардаг байлаа. Хүүхдүүд нь өөрсдөө анхаарна гэж юу байх вэ. Хөдөлмөр ч чанар суулгана гэдэг бол тухайн үеийн нийгмийн онцлогтой их холбоотой. Бид чинь зуны амралтаараа байнга л ажил хийнэ. Хайрцаг хадна. Модон заводод поддон хадна, үйлдвэрт хувцас индүүднэ гээд зуны турш л ажил хийдэг байлаа. Хөдөлмөрч чанарыг тухайн үеийн нийгэм нь л төлөвшүүлж байгаа юм.

-Та чинь төмөр замчин юм байна шүү дээ. Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?

-Намайг эхлээд барилгын техниккумд хуваарилсан юм. ТМС, техниккум хоёрын зиндаа нь өөр. Тэгсэн манай ангид нэг өнчин хүүхэд байдаг байлаа. Тэгэхээр нь тэр хүүхэд техниккумынхаа хуваарийг өгөөд оронд нь барилгын ТМС-ын хуваарийг нь авчихсан. Том толгойлж буй хэрэг. Манай аав сургуулийн удирдах хүмүүсийн нэг байсан учраас Төмөр замын ТМС-д оруулчихсан юм. Ингээд гурван жил сураад төмөр замчин боллоо. Харин төгссөн чинь Замын-Үүд рүү хуваарилчихаар нь өөрийнхөө саналаар цэрэгт явчихсан юм. Ингээд хамгийн сүүлийн гурван жилийн цэрэг болсон доо.

-Яагаад гэнэт цэрэгт явах болов. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ яагаад ажиллаагүй юм бэ?

-Замын-Үүдэд хуваарилчихсан юм аа. Тухайн үеийн Замын-Үүдулаанаараа эргэсэн элс шороо л байлаа. Одоо байгаатай нь зүйрлэх юм биш. Долоо хоногт нэг л удаа ачааны галт тэрэг хил давна. Хил гэдэг чинь хаалттай. Ер нь л тэнд очоод амьдралгүй санагдсан хэрэг. Тэгээд цэргээс ирээд шууд радиогийн нэвтрүүлэгч болчихсон юм. Зурагтаар зар явахаар нь сонсоод л болмоор санагдахаар нь шалгуулсан чинь ганцаараа тэнцсэн. Шууд радиогийн дагалдан нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн дээ.

-Авъяас байж дээ?

-Мэдэхгүй. Олон хүн шалгуулж байсан. Ганцаараа тэнцэж байхыг бодвол цаана нь нэг юм байсан л юм байлгүй. Ер нь нэвтрүүлэгч гэдэг чинь тусдаа мэргэжил. Нэвтрүүлэгчийг сэтгүүлч хийдэггүй. Нэвтрүүлэгчийг жүжигчин хүн хийж чаддаггүй. Бүр Равдан ах хүртэл нэвтрүүлэгч хийж чадахгүй байх. Өгүүлэхүйн урлагаар тэр хүний урд гарах хүн байхгүй. Гэхдээ л нэвтрүүлэгч хийж чадахгүй. Энэ бол тийм л хэцүү, сонин содон мэргэжил юм даа. Дараа нь телевизэд хүн авна гэж дуулаад шалгуулсан чинь бас л тэнцчихлээ. Бас л 120 гаруй хүнээс шүү. Дагалдан хийгээл жинхэлхийн даваан дээр бас нэг асуудалд орооцолдоод хөөгдчихлөө.Төрийн цагдаад халдсан хэргээр юм.Энэ бүгд 80-аад оны сүүлчээр болсон явдал.

-Цагдаа зодчихсон хэрэг үү. Тухайн нийгэм ч үүнийг зүгээр өнгөрөөхгүй дээ?

-Цагаан сар дөхчихсөн үе байсан юм. Би чинь хөгшчүүд олонтой. Картын бараанд дахин дахин дугаарлаж байгаад хоёр, гурван шил архи авсан чинь цагдаа шагчин гэж барьж аваад “архи хураана” гээд би ч хураалгахгүй гээд маргалдаад малгайг нь өнхрүүлчихсэн. Ингээд л телевиз миний хувьд “баяртай” болсон доо. Ажилгүй болсон хүн яах вэ дээ,“Шилмэл загварт” оёдолчингоор орчихлоо. А тасаг гээд улс төрийн товчооны хүмүүсийн хувцасыг оёдог 5, 6 тусгай оёдолчны нэгээр. Ганцэрэгтэй нь би байлаа. Бид чинь улс төрийн товчооныхны оймсноос бусдыг нь оёдог байлаа шүү дээ. Заримдаа дотуур өмдийг нь ч оёдог байсан. Тухайн үедээ нэг малгай оёсон маань ёстой мода болж билээ. Сүүлдээ оёх материалгүй болтолоо зарагдсан юм.

-Та тал бүрийн авъяастай байжээ. Яагаад гэнэт оёдолчин болов?

-Ер нь манай 40 мянгатын хүүхдүүд эр, эмгүй юм оёдог байлаа. Пальто, өмд, цамц, тор гээд юу л бол юу оёно. Багын юм байсан, бас бусдаас гайгүй оёдог болохоор тэр байх л даа. Хүүхэд байхад драфан пальто оёоод Дэнжийн 1000-н зах дээр зарчихна. Ер нь багаасаа л мөнгө олох гээд байдаг байж л дээ.

-Танд зүү утас, даавуу өгөхөд өөрийгөө бүрэн хувцаслачих юм биш үү?

-Тэгнэ. Хар багаасаа хийж сурсан ганц зүйл маань шүү дээ.

-Оёдолчноос эргээд яаж радио, телевизтэйгээ холбогдох болов?

-Нэг өдөр манай ажил дээр Цоодол ороод ирлээ. Яасан гэсэн чинь Цэеэнханд эгч чамайг дуудуулж байна. Радиод хүн авна гэнэ хурдал гэдэг байгаа. Ингээд л сэтгүүлзүйн салбар руу эргээд орж байлаа даа. Чадвар нь байсан юм байлгүй.

-Монголдоо хамгийн шилдэг телевизийн бас л чамгүй сайн нэвтрүүлэгч хүн яаж яваад бизнесийн салбарт хөл тавьсан бэ?

-Ажиллаж байх үедээ 1992-1996 он хүртэл дөрвөн жил Орост сурсан. Сурах ч гэж ганзаганд л явдаг байсан юм. Тэгж яваад л бизнесийн салбар руу орчихсон байх.

-Ажилгүй, цалингүй болсон иргэд 90-ээд оны эхээр бүгд л цүнх бариад ганзаганд гарч байсан. Тэр дунд алдсан нэг нь ч байхад оносон нэг нь ч байсан. Таны хувьд?

-Бэлэн мөнгөтэй болох сайхан боломж бол ганзагын наймаа байлаа. Одоогийн мөнгөтэй төгрөгтэй, томоохон бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс ганзагын наймааг  хийж үзсэн. Тэр дунд алдах нь бий, онох нь ч бий. Би хүртэл нэг биш удаа юу ч үгүй хоосорч байлаа шүү дээ. Шатна гэдэг чинь бодлогогүй наймаа, хэт их зориг, туршлага байхгүй гээд янз бүрийн шалтгаантай эд. Гэвч дахиад л босоод ирэх зориг, санаа байхад болдог юм байна лээ. Эргээд бодоход би бизнес хийх жоохон сурцтай байсан биз. Гэхдээ надад унах унаагүй, орох оронгүй болсон түүх ч бий.

-Та 2006 онд хамгийн чангаар унасан байх гэж бодож байна. Тухайн үед Хадгаламж зээлийн хоршоо монголчуудыг хуйлруулж байсан. Хүн бүр мөнгөө хадгалуулж байсан цаг. Анх яагаад Хадгаламж зээлийн хоршоотой холбогдох болов?

-Намайг Солонгост ажиллаж байхад манай дүү нар Монголд хүмүүс Хадгаламж зээлийн хоршоо байгуулаад мөнгө төгрөгөө өсгөөд байна. Хэдүүлээ мөнгөө өсгөе гээд Хадгаламж зээлийн хоршоо байгуулсан юм. Ер нь гадаад оронд томилогдсон анхны сурвалжлагч нь би. Гадагшаа сурвалжлагч томилоход яах ёстойг би мэддэггүй л байсан цаг шүү дээ.Тэгээд би олсон хэдэн төгрөгөө явуулж болох юм гээд наашаа шилжүүлсэн. Хоршооны анхны гишүүн нь би болсон. Хамтарч хоршоогоо байгуулсан юм. Удаагүй эх орондоо ирээд судалж үзэхэд яг тэр үед хүмүүсийн гар дээр мөнгөний хэт их төвлөрөл үүсчихсэн байгаа нь ажиглагдсан. Би тэр олон хүний гар дээр байгаа их мөнгийг нэгтгэж баялаг бүтээх нь чухал байлаа. Тэр мөнгийг нь татах арга нь Хадгаламж зээлийн хоршоо байв. Авч луйвардаж, идэж, залилах арга биш шүү дээ. Дүү нар санал тавиад “хоршоог хөгжүүлэх нь зүйтэй юм байна, та дарга нь бол” гэсэн. Түүнээс биш би ганцаараа байгуулчихаагүй. 11 хүн тойрч сууж байгаад байгуулсан шүү дээ. Яах вэ, миний санаачилга, идэвхи л байсан байх. Хоршооны даргаар сонгогдсон болохоос биш хүмүүсийн мөнгийг Мэндбаяр гэдэг хүн луйвардаж авах гэсэн дээ хоршоо байгуулсан зүйл байхгүй.

-Хоршооныхон иргэдийн мөнгийг луйвардаад, залилаад аваад идчихлээ гэдэг зүйл тухайн үед яригдсан. Тиймээс та болон нэлээд олон хүнийг хэрэгтэн болгож шийтгэсэн. Яг ямар хууль тогтоомж зөрчсөн гэж шүүх тогтоосон юм бэ. Хууль бус зүйл тэнд байсан юм уу?

-Хадгаламж зээлийн хоршооны хууль гэж огт байгаагүй. Харин Хоршооны тухай хууль л гэж байсан. Хоршооны хуульд жишээлбэл тав, гурваараа нийлж төмс тарьдаг, юм оёдог хоршоог хоршиж байгуулна гэж заасан байдаг. Тэгээд хоршоо нь эдийн засгийн болон соёлын эрэлт хэрэгцээг хангана гэж хуульд зааж өгсөн. Тэгтэл төмс тарьдаг, юм оёдог хоршооны малгайн дээр Хадгаламж зээлийн хоршоо гэдэг субъектыг оруулаад ирж байгаа юм. Хоршооны тухай хуульд Хадгаламж зээлийн хоршоо гээд хэдэн заалт л байсан. Тэр нь хоршооны гишүүн мөнгөө хадгалуулна. Хадгалуулсан мөнгө нь зээлийн эх үүсвэр болно. Зээлээ хоршооны мөнгө хадгалуулсан гишүүндээ зээлдүүлнэ гэсэн заалтууд бий. Чи өөрийнхөө мөнгийг хадгалуулчихаад илүү өндөр хүүтэйгээр зээлэх болно. Ийм л хууль хийчихсэн байхгүй юу. Тэр сейфинд орчихсон хадгаламжийн мөнгийг хэнд өгөх юм. Хуулиар бол гишүүд нь өөрийнхөө мөнгийг хоршоонд авчирж өгчихөөд  илүү өндөр хүүгээр буцаагаад авахаар заасан. Хэн тэгэх юм. Хэн ч тэгэхгүй. Тэгээд хоршооны гишүүд тэр хадгална гээд авсан мөнгөө эргэлдүүлж өөрсдийнхөө эдийн засгийн эрх ашгийг хангадаг юм байгаа биз дээ. Яах гэж хоршоо байгуулсан юм. Бизнес хийх гэж л хоршоо байгуулсан. Гишүүндээ өгөх нь бизнес үү, эсвэл өөр хүнд өгч мөнгөө эргэлдүүлэх нь бизнес юм уу. Тэгвэл гишүүн нь авахгүй байгаа юмыг яах юм бэ. Хуулийн хувьд ийм л зөрүүтэй, буруу зүйлүүд байсан юм.

-Хоршооны үйл ажиллагаа яагаад доголдох болсон юм бол. Дампуурлаа, иргэдийн мөнгийг өгч чадахгүй нь гээд шуугиж өгсөн шүү дээ?

-Намайг шүүхээс яллахад эрх бүхий этгээдийг гээд дүгнэчихсэн. Эрх бүхий этгээд юм бол эрхтэй учраас л тэр мөнгийг эргэлдүүлсэн хэрэг. Үүнд залилж авсан зүйл хаана нь байгаа юм. Гишүүдийн мөнгийг нь авчихаад үрэн таран хийгээд, өөр хүнд өгөөд алга болсон өөр хэрэг. Гэвч тэгээгүй л байхгүй юу. Нөгөө л хуулиар зохицуулалт хийгээгүйгээс болж үйл ажиллагаа нь тогтворгүй болсон. Хууль буруу байна гэдэг бол төрийн л буруу. Төрийн буруу нь яг юундаа байгаа юм бэ гээд тодорхойлоод хэлчихсэн хүн байхгүй. Гэтэл төр нь тиймээ би буруутай гээд дүгнэлт гаргаад байдаг. Буруу нь яг хаанаа байсан юм бэ. Тэрийг нь зориглож хэлэх хүн алга байна шүү дээ. Эсвэл үүнийг ойлгох чадвартай хүн алга. Тэгвэл би чадвараа гаргаад хэлчихье л дээ. Гишүүн нь хадгаламжаа өгөөд буцааж зээл болгож авах заалт нь буруу. Амьдралд хэзээ ч тийм зүйл байхгүй. Мөн хадгаламж зээлийн хоршооны активын тоо эсвэл гишүүдийн тоог хязгаарлах ёстой. Ийм нөхцөлд хоршооны үйл ажиллагаа банк шиг томрохгүй. Хоршооны мөнгийг эргэлдүүлэх боломжийг нээж өгсөн заалт хоршооны хуульд байгаагүй. Гишүүндээ заавал өгөх ёстой гээд хязгаарлаад хаячихсан. Ийм зүйл заалтууд байхгүй учраас хоршооны үйл ажиллагаа нь доголдсон хэрэг. Одоо л бол байгаа. Энийг би 2010 онд Тахир соёотын шоронд байхдаа Өглөөний сонингийн Бэлэгмаа гэж сурвалжлагчид хэлж өгсөн юм. Ийм алдаа байсан үүнийг ингэж засч залруулах ёстой. Хадгаламж зээлийн хоршооны тусдаа хууль байх ёстой гэж хэлсэн. Үүнээс яг нэг жилийн дараа хадгаламж зээлийн хоршооны хууль гэж бие даасан хууль гарсан. Тэнд яг миний хэлснээр нь хууль батлагдсан. Миний хэлснээр мөнгийг эргэлдүүлэх заалтыг оруулж өгсөн. Жишээлбэл 100 хүнтэй хоршооны 10 нь компани байж болохоор зохицуулсан. Тэгээд л болоо өөр юу ч хэрэггүй. Тэр 10 аж ахуйн нэгж чинь үлдсэн 90 хүнийхээ мөнгийг эргэлдүүлээд өсгөнө. Одоогийн энэ хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн загалмайлсан эцэг нь би. Тэрийг би бардам хэлж чадна. Хэрвээ энэ хууль тэр үед байсан бол тэр үед байсан бол дуулиан шуугиан, нус нулимс, цус, алдаа завхрал үүсэхгүй байсан. Тэгэхээр төрийн буруу бол үүн дээр л байгаа юм. Зөв хууль гаргаж чадаагүйд төрийн буруу байсан. Тухайн үеийн хариуцлагыг төр надтай хуваалцах ёстой. Одоо түүнийгээ засч залруулаасай.

-Тухайн үед хэдэн төгрөгийн хохирол үүссэн юм бэ?

-Нийт хоршоод дээр 66 тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэдэг. Глоб дээр 11.7 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон. Яг хадгаламж зээлийн хоршоонд байсан хадгаламж нь 5.7 тэрбум төгрөг.

-Яагаад ийм зөрүүтэй тогтоогдчихов. Хэн нь алдаа гаргав?

-Барилгын, зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн бизнесүүдийг бүгдийг нь залилан болгочихсон. Ингээд хохирол нь нэмэгдээд 8 тэрбум төгрөг болсон. Хоёр дахь шатны шүүх дээр хүү нэмэгдэх ёстой гээд 11.7 тэрбум болгочихсон. Хүү бол бодит хохирол биш хийсвэр хохирол. Тэр хүнээс би мөнгөаваагүй. Хэрвээ гэмт хэрэг мөн л юм бол авсан мөнгийг нь л буцааж өгөх ёстой. Хүүг тооцох ёсгүй. Хүү хэзээ тооцогддог вэ гэвэл бид хоёрын гэрээ хэлцэлтэй иргэний харилцаа үүсээд тохиролцсон нөхцөлд хүү тогтоогддог. Надаас хүүг нь тооцож авах болсон шалтгаан нь гэвэл бид хоёрын хооронд тийм гэрээ хэлэлцээр явагдаж байсан байх нь. Эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг. Би чамаас мөнгө залилж авчихаад булан тойроод зугтаачихсан. Эсвэл өнөөдөр, маргааш гээд байсан зүйл биш байх нь. Иргэний харилцаа үүсээд эрхийнхээ дагуу мөнгөө хадгалуулаад, буцааж хүүгийн аваад олон жилийн харилцаа явсан байна. Гэтэл хүү тогтоогдсон нөхцөлд хэзээ ч эрүүгийн хэрэг биш гэдгийг хуулийн сургуулийн нэгдүгээр курсын захын оюутан хэлнэ. Тэгэхээр дээшээ бүх хуульчид нь хэлэх нь дээ. Иргэний хэргийг эрүүгийн хэргээр шийдсэн тохиолдол Монголд анх удаа Мэндбаяр дээр гарсан. Тэгээд цаашаа бүх хоршоод дээр үргэлжилсэн.

-Таны хэлээд байгаа хоршоодын дунд үнэхээр болохгүй, бүтэхгүй нөхдүүд байсан юм биш үү?

-Тийм. Үнэхээр залилсан нөхдүүд ч байгаа. Луйвардаагүй хүмүүс ч байсан. Луйвардуулсан хоршооныхон талбай дээр гараад жагсаал хийж, өлсгөлөн зарлаад явж л байсан шүү дээ. Гэхдээ тэдгээрийн дунд “Глоб”-ын гишүүн гэсэн ганц ч хүн байгаагүй л юм даа. Би хохирчихлоо. Яанаа гэсэн хүн байгаагүй. Зарим хоршоодынхон бизнесийн туршлагагүй учраас гишүүдийнхээ мөнгийг аваад ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ тавиад туучихсан. Буцааж өгөх мөнгө байхгүй. “Глоб”-ыг тэдгээртэй харьцуулах шаардлагагүй. Сандал, ширээ, компьютертэй 200 сая төгрөгийн хохиролтой хоршоод зөндөө байсан.

-Хохирогчид өч төчнөөн хоног жагсаал цуглаан хийсэн. Миний сонссоноор луйвардуулсан гэх бүх Хадгаламж зээлийн хоршооны төлөөлөл байсан гэсэн. Яагаад тэнд “Глоб”-ын гишүүд байгаагүй гэж. Та яаж батлах юм бэ?

-Яагаад гэвэл хоршоонд хадгалуулсан мөнгөн дүнгээс Мэндбаяр гэдэг хүний хөрөнгө их байсан. Тэдгээрийг нь зарахад ямар ч асуудалгүй хүн бүр мөнгөө эргүүлж аваад илүү гарахаар хөрөнгө надад байсан. Яах вэ жагсагч хүмүүст брэнд нэр хэрэгтэй байсан байх. Тэр нь Мэндбаяр, “Глоб” хоёр л байсан.

-Гарсан хохирлыг нь төлөх боломж танд байсан  л юм байна шүү дээ. Яагаад “Глоб”-ынхоо хохирогчдын мөнгийг түргэн хугацаанд барагдуулаагүй юм бэ?

-Хохирлыг барагдуулах асуудал гэж байхгүй. Хохирол үүсээгүй байсан. Мэндбаярыг баривчлаад өгөөч гэж нэг ч хохирогч цагдаад хандаагүй. Анх хохирогчгүйгээр барьж болдог татварын хэрэг, албан тушаалын хэргүүдээр Мэндбаярт эрүүгийн хэрэг үүсгээд баривчлаад бүх эд хөрөнгийг нь битүүмжлээд, үйл ажиллагааг нь зогсоочихсон. Ингээд ирэхээр мөнгөө өгөөд орон сууц захиалчихсан, бонд авчихсан, мөнгөө хадгалуулчихсан иргэд миний мөнгө яасан бол гээд сандраад гүйгээд ирэх нь тодорхой. Тэгэхээр нь “наашаа хүрээд ир мөнгөө авах уу” гэж асуухаар нь “авна”. Май энэ үзэг цаас гомдолтой, мөнгөө авна гээд бичих гээд л бүх зүйл дуусаа” ийм байдлаар л миний асуудалд хандсан. Хохирогчийг ийм журмаар үүсгэсэн.

-“Глоб”-ын Ж.Мэндбаярыг зохион байгуулалттайгаар хэрэгтэн болгочихсон гэдэг зүйл таны ярианаас ойлгогдохоор байна. Та ингэж хэлэх гээд байна уу?

-Харин одоо юу гэж ойлгомоор байна. Хэлсэн ярьсан бүхэн маань баримттай, нотолгоотой. Хүмүүс юу гэж ойлгож, хүлээж авах нь өөрсдийнх нь дур шүү дээ. Луйварчин ял нь багаджээ гэж ярьж байна лээ. Үзэл бодол хэд ч байж болно. Үнэн бол ганц л байдаг юм. Залтай хүн гэдэг үзэл баримтлалыг нийгмийн сэтгэл зүйд төрүүлсэн. Тэр  нь ялөгөхийн тулд шүү дээ.

-Хэн?

-Төр.

-Төр гэж хэн юм бэ. Шийдвэр гаргагчид уу?

-Төр гэж ард түмэн байхгүй юу. Ард түмэн нь утгаа алдчихсан. Дээр байгаа гурван хүнийг төр гээд эндүүрчихсэн. Тэр хүмүүс нь эргээд жинхэнэ төр болох ард түмэндээ ташаа мэдээллийг түгээж суусан. Удирдагчид хийчихсэн юм биш. Улс төр огт ороогүй. Зүгээр л бизнесийн асуудал.

-Нийт хэчнээн төгрөгийн хадгаламж татсан юм бэ?

-Надад залилан мэхлэх гэмт хэрэг 148.3 гэдэг зүйлээр ял оноосон. 15 жилийн ял сонсгосон. Тэр нь хадгаламж нэрээр иргэдийн мөнгийг татсан гэсэн үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол дээр Хадгаламж зээлийн хоршооны эрх бүхий этгээд гээд намайг нэрлэчихсэн. Эрх бүхий юм бол хадгаламж татах эрхтэй биз дээ. Дунд нь нэрээр гэдэг ганц үгийг л оруулаад л луйвар хийсэн болгочихсон. Хаана луйвар харагдаад байна. Авах эрхтэй байсан. Мөнгө татсан байна. Буцаагаад өгч байж. Би нийт 15.9 тэрбум төгрөгийн хадгаламж татсан байдаг юм. Үүнээс 15.3 тэрбум төгрөгийг буцааж өгсөн байдаг. Хуурч мэхэлж байгаа хүн буцааж өгөх үү.

-Тэгээд яагаад хохирол үүсчихсэн юм. Бараг л бүгдийг нь өгсөн байна шүү дээ?

-Хүү нь өсөөд байдаг юм. Эрүүгийн хэрэг болгож байгаа юм бол буцааж өгч байсан зүйлийг маань бодож үзэх байсан юм. Би тэнэг хүн биш хүмүүсийн мөнгийг луйвардаж авчихаад энд суугаад байх уу. Авлаа, нислээ тэгээд л болоо биз дээ. Шийдвэр гаргагчид үүнийг сонсохыг хүсээгүй. Харин намайг шоронд хийгээд л санаа нь амарсан шүү дээ.

-Таны хэлснээр төр буруугаа хүлээгээд хохирлын 50 хувийг нь төлсөн. Та өөрийнхөө төлөх ёстой хохирлоо төлж дуусгасан уу?

-Тэр олон мянган хүн чинь жагсаал, орилоод болохоо байсан. Тухайн үед УИХ-ын ажлын хэсэг гараад энэ үйл явдалд төрийн буруу 70 хувь нь байна гээд тогтоочихсон. Тийм юм бол төр нийт 70 хувийг нь барагдуулах ёстой биз. Тэгвэл тэр хохирол барагдуулах гээд байгаа мөнгө чинь төр гэдэг хүний биш татвар төлөгчдийн мөнгө. Би яахаараа хэдэн хүний алдаатай хуулийн төлөө тэнд сууж байгаа Дорж, Дондог, Батын мөнгийг авч харилцагч нартаа өгөх ёстой юм. Надад тийм совест байхгүй. Нэгэнт хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон юм бол би төлөх ёстой гэдэг байр суурийг шоронд орсон цагаасаа хойш илэрхийлсээр ирсэн. Төр тэр 50 хувийг нь өгч болохгүй гэж зөндөө хэлсэн. Миний хөрөнгө хохирол гэж яригдаад байгаа мөнгөн дүнг төлөхөд хангалттай байсан.

-Тэгээд яагаад таны хөрөнгийг зараад хохирлыг нь барагдуулчиж болоогүй юм бол. Таны хөрөнгийг яаж үнэгүйдүүлэв?

-Хохирогчид мөнгөө авъя. Энэ чинь ер нь эрүүгийн хэрэг мөн юм уу биш юм уу гэдэг зүйлийг тавиад эхэлсэн. Намайг буруутгасан зүйлийг мэдээд ойлгоод эхэлсэн. Тэгэхээр нэгдүгээрт амыг нь хаах хэрэгтэй. Хоёрдугаарт Мэндбаярын хөрөнгө хохиролдоо хүрээд худалдагдвал асуудал үүснэ. Энэ нөхөр чинь буруугүй байсан юм биш үү гэдэг зүйл яригдана. Тэгэхээр нь за хохирлын чинь 50 хувийг төр өглөө. Одоо хөрөнгийг нь зарж байгаад үлдсэн мөнгийг нь өгнө гэж хэлээд мартагнуулчихсан. Ингэж гишүүдийн анхаарлыг нь холдуулсан. Энэ хооронд мөрдэс зүүсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан миний хөрөнгө дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Гурван давхар 1180 метр кв барилгыг гурван давхар 254 метр кв гээд зарчихлаа. Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан 4.3 тэрбумаар үнэлсэн объектыг хэдэн жилийн турш цоожилж байгаад тонуулаад балгас болгох аргаар 1.2 тэрбум төгрөг болгоод зарчихсан. Хэрвээ луйварчин юм бол хэн нь луйварчин байна. Идсэн бол хэн нь хохироосон байна. Ж.Мэндбаяр уу, эсвэл хэн юм. Учрыг нь олох хэрэгтэй.

-Та саяхан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг дахин шалгаж өгнө үү гэж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан байсан. Одоогоор ямар нэгэн хариу ирсэн үү?

-Хүсэлтээ өгөөд удаагүй байна. Нааштай шийд гарах байх. Би өөрийнхөө гашуун туршлага дээр үндэслээд ийм зүйл болдог юм байна. Надаас өөр хүнд дахиж битгий ийм зүйл тохиолдоосой гэсэн утгаар л би ингэж яриад байгаа юм.

-2006 онд ял аваад “хэцүү нэртэд” ороход ямар байсан бол амьдралынхаа турш босгосон бүх зүйлээ алдаж байгаа шүү дээ?

-Хүмүүс намайг мэдрэл муутай амьтан гэж бодох байх. Надад шоронд орох огт хэцүү байгаагүй. Би орно, гарна. Гарч ирээд дахиад үүнээс илүүг олж авна гэж бодсон. Тийшээ би костьюмтэй нөүтбүүк бариад орсон. Саяхан би яг л тэр хэвээрээ гарч ирлээ. Би тэнд огт зүгээр суугаагүй. Гарынхаа хурууг эвэрштэл юм бичсэн. Ажил хэрэг болох хоёр том төсөл надад байна. Нэлээд олон дуу хийсэн. Миний нэг дууг гавьяат С.Жавхлан дуулсан байна лээ. Тэр хүнд тоогдсон юм чинь бас аятайхан зүйл хийсэн байх гэж бодогддог. Мөн надад олон ангит хоёр ч киноны зохиол байна. Шоронд байхдаа би эхнэртээ л санаа зовж байсан.

-Эхнэрийнхээ тухай ярьвал. Тантай хамт буруутгагдаж, бусдад чичлүүлж явсан цаг бий байх?

-Миний хань Цэцэгмаа тулгатай сайн хань шүү. Муу зүйлийг олон ч удаа үзлээ. Надтай хамт ганц худагт 3 сар хоригдож байсан. Би эхнээсээ намайг эд нар шоронд явуулах нь гэж мэдсэн учраас эхнэрээ бүх бурууг надад тох гэж хэлдэг байлаа. Ямар сайндаа л Мэндбаяр намайг зодож дарамталж байгаад гарын үсэг зуруулдаг гэж хэлүүлж байлаа. Өмгөөлөгч шүүхээс эхнэр чинь суллагдсан. Та 10 жил суух боллоо гэхэд би гараа өргөөд баярлаад ураа хашигчиж байлаа. Яагаад гэвэл эхнэр маань л тийм газар очихгүй байвал миний яах надад огт хамаагүй санагдсан. Хань минь намайг тэр газраас гараад ирэхэд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд ач, зээгээ өлгийдөж аваад халуун дулаан, өнөр өтгөн ам бүлээр угтаж авсан. Энэ олон жилийн хугацаанд намайг хаяад явалгүй хайрласан хэвээр л үлдсэн ганц хүн маань. Оргил нь харагдаж байсан өндрөөс тэр дор хүчтэй шидэгдсэн хүн. Эмэгтэй хүний, ээж хүний ухаан л түүнд шингэж дээ. Ядрах цагт найз нөхдийн чанар танигддаг юм билээ. Арав байсан бол ганц үлдэх жишээтэй шүү.

-Хэргийн учир тайлагдаж, үнэн мөнийг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна. Хоёулаа яриагаа сайхан зүйлээр дуусгая. Залуусдаа хандаж юу захиж хэлмээр байна?

-Хийж чадна гэж бодож л байвал түүн рүүгээ зүтгэ. Ажил төрөл, хайр сэтгэл, сайхан амьдрал юу ч байсан хамаагүй зүтгэ. Зорилготой байгаарай. Мөрөөдөлтэй байгаарай л гэж хэлье.

Ярилцсан: Г.Лхагвадорж

Зочин: Ж.Мэндбаяр

Зургийг: Портал студи

Эх сурвалж: Zaluu.com

Яллагдагчаар татагдчихаад яагаа ч үгүй яваа “олигархууд”
Яллагдагчаар татагдчихаад яагаа ч үгүй яваа “олигархууд”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.