МАРТАХ УЧИРГҮЙ ХҮН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 33 секунд
МАРТАХ УЧИРГҮЙ ХҮН

МАРТАХ УЧИРГҮЙ ХҮН

- ОНОМЫН СЭРЭЭНЭН ГЭЖ ХЭН БАЙВ? -

2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр фэйсбүүкээс "Өнөөдөр эцэг, эхээ дурсах өдөр" гэсэн постыг олж харсан юм. Үнэн худлыг мэдэхгүй. Гэхдээ үнэн ч бай, худал ч бай, заавал дурсах өдөр гэхгүйгээр дурсахаас аргагүй нэгэн эрхэм хүн саяхныг хүртэл биднийхээ дунд эгэл жирийн амьдарч байгаад тэнгэрийн орноо дэвшсэнийг өнөөгийн залуус бараг мэдэхгүй л болов уу. Тэд энэ буурлын зохиосон аялгуут сайхан дуу, шүлгээр хүмүүн бие төлөвшсөнөө ч мэдэхгүй байх. Халгисан их авьяасандаа аархаж, цалгисан их ааш авиртаа адлагдаж явсан энэ хүнийг яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, зурхай, сүнс судлаач Ономын Сэрээнэн гэдэг. Өөр олон цол гуншин, өөр олон мэргэжил боловсрол бий л дээ. Тэр бүхнийг нь хураангуйллаа. Харин энэ бүхнийг нь Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй "Улаанбаатар" сониндоо 1993 онд нийтлүүлж, улмаар 1995 онд хэвлүүлсэн "Хувирахын увдис" номдоо "Элдэвтэй хүн" хөрөг найрууллаар бичиж оруулсан юм. Яагаав, хүүхдүүд байсан та нар, одоо ч хүүхэд байгаа бяцхан үрс маань:

Чигчийхэн чинээ биш ээ

Чихээ өөрөө угаая аа

Тийм ээ хө, аан

Гоёо, гоёо, гоёо... гэх юм уу, эсвэл:

Цэнхэр дээлээ өмсөөд

Цэцэрлэгтээ очино доо... гээд л дуулж байснаа санаж байгаа биз. Тэгвэл бидний үеийнхэн:

Найраг эгшгийн тэнгэр болоод

Нартай хорвоог дагуулаад байхаар аа

Настан ээжийн энгэр болоод

Намайг дотроо агуулаад байхаараа..., эсвэл:

Яргуйн дэлбээг зөөлөн бүүвэйлсэн

Яасан намуун үдэш вэ

Яахын аргагүй хайрыг булаасан

Ямар хүний үр вэ чи... гээд л банзан гитараа бариад балбаж гарна даа. Би бээр 6 дугаар ангид суралцаж байхдаа Гитар хөгжмийг сурах гэж оролдмор аядаж, ганц нэг дуу оруулж сурсны нэг нь мөнөөх, Яргуйн дэлбээг зөөлөн бүүвэйлсэн... гэж эхэлдэг "Хүүхэн хүний хүслэн" дуу байсан юм. Харин дууныхаа шүлгийн эзэнтэй хожмоо танилцаж, бүр ойртон дотносно гэж зүүдлээ ч үгүй явжээ. Цааш жаахан явбал, "Хатан тунамал Туул", "Шинель оёсон бүсгүй", "Бужгар дэлтэй борлог" зэрэг нийтэд түгсэн олон сайхан дууг нь тодотгоход л, одоо та анзаарч байгаа биз. Зөвхөн зах зухаас нь ийнхүү дурдахад, хүмүүний сэтгэл зүрхэнд хоногшсон ийм олон сайхан дууны шүлгийг бичсэн О.Сэрээнэн гуайгаа бид мартах ёсгүй билээ. Мөн олон сайхан аялгуу зохиосон, ёстой л юм юмтай, хүрээ томтой, цараа ихтэй хүн байсан юм. Аав шиг минь түшигтэй сайхан бууралтайгаа 1990-ээд оны эхэн үед танилцаж, бурхны хутгыг олох хүртэл нь ойр дотно явж, цаглашгүй их авьяас билгээс нь шанагныхаа хэмжээгээр хутгахыг хичээсэн байх юм. О.Сэрээнэн гуай бол зөвхөн зохиол бүтээл туурвих бус, бас Зурхай, сүнс судалдаг ардын билиг ухаантай мундаг хүн байлаа. Тэр ч чанараараа "Аврал ихт 11 чухаг" болоод, элдэв сан, тарнийн номуудыг гэрээрээ шүншиглэн хэвлэж, өөрсдийн зам мөр хийгээд өрөөлийн саад тотгорыг зайлуулдаг ид шидтэй нэгэн байжээ. Өөрийгөө "Архиар амлаж хүн болсон" гэж бардамхан ярьдаг тэрбээр үнэндээ архи гэдэг амсраасаа бусдыг дийлдэг тэр идээг насан хутгийг олох хүртлээ ёс жудагтай хүртсэнийг би бээр гэрчилнэ. Тэгээд ч, хэлж ирдэггүй, хийсэж ирдэг нөгөө айхтар өвчнийг олон жил хар бор аргаар номхруулан, иддэгээ идэж, уудгаа уусаар байгаад, ганц ч удаа ган гэж хэлэлгүйгээр чимээгүйхэн тэнгэрийн одноо харвасан нь "Ямар их буян заяатай хүн байж вэ?" гэж эрхггүй бодогдох авай. Гэр нь бол бараг л нэг үзмэрийн газар гэмээр. Тэднийд байхгүй хөгжим гэж бараг л үгүй дээ. Төгөлдөр хуур гэхэд л хоёроороо, за тэгээд үндэсний болон даралтат бүх төрлийн хөгжмүүдийг зөвхөн тэднийхээс л харж болно. Нэгэн насны халамжит хань нь, ёстой л Цагаан дарь Эхийн бүралбаа гэлтэй, орсон гарсан хэнийг ч хоол, цайгаар дайлж, цайлсан, ааш зангаар даруухан сайхан хүн байсан даа. Хорвоо ямар тэгш байх биш. Тэр сайхан хүнийг тэнгэр арай л эрт аваад явчих шиг санагдсан. Түүнээс хойш өвгөний ганцаардаж буй нь илт мэдрэгддэг болсон. "Одоо би нэг их наслаад яах билээ. Үр хүүхдүүдийн маань зам мөр ч тэгширчихлээ. Уг нь цөөнгүй хэдэн жил шороо хөдөлгөх нас бол байна аа. Тэр өгдөггүй алдар цолыг нь тарнидаад авчих чадвар ч байна. Одоо хэндээ гэж шунах вэ. Муу хөгшин минь амьд сэрүүн байсан бол өөр хэрэг. Түүнийхээ хойтын буяныг нь нэг мөр болгочихоод араас нь аажуухан очно доо" гэж хэлээд нэг их том хэлхээ сувдан нулимс унагахыг нь хараад зүрх эмтрэх шиг л болж байж билээ. Олон жил хоёр биедээ ээнэгшин дасаж, бараг хоёр биедээ уусан шингэсэн хүмүүс насны эцэст хэн нэг нь өнчрөн үлдэнэ гэдэг ямар их харуусал болохыг О.Сэрээнэн гуайн тэр нэгэн өдрийн дүр төрх тод ойлгуулсаан. Тийнхүү нэгэнтээ надад ярьж байсан нь ч ёсоороо болсон гэж боддог. Хоёр мянгаад оны дунд үед шиг санагдаж байна. Тэр үед, нэрт яруу найрагч З.Түмэнжаргал ах маань Ерөнхийлөгчийн Тамгын Газар ажиллаж байсан юм. Бас л миний хуурай аав шахуу, бас танхай уран бүтээлч нэгэнтэй би бээр найз байлаа. Нэг томоохон баяр наадам дөхчихсөн цаг. Тэрбээр нэг өдөр манай цэргийн "Соёмбо" сонины газар хүрч ирээд, ер нь байнга ирдэг л дээ, "Түмэнжаргал руу нэг яриад аль" гэлээ. Тэр нь юун тухай гэдэг нь ойлгомжтой. Чухам яагаад ч юм бэ, Түмээ ах надад их сайн байсан юм. Тэр ч байтугай, нэгэнтээ "Баатарнум бол миний шавь" гэж хэлэхэд нь, үнэндээ тэнгэрт ниссэн юм шиг л хөөрцөглөж байсан санагдана. Магадгүй, миний дууны шүлэгт шамдах болсон нь энэ агуу хүний урмын үгтэй холбоотой байхыг ч үгүйсгэх аргагүй. За, жаахан хадуурчихлаа. Би гуйлтын үгэндээ О.Сэрээнэн гуайнхаа нэрийг хавчуулчихлаа. Утасны цаанаас Түмээ ах "Тэр Сэрээнэнг нь Багабанди нь мэдэх байлгүй, харин наад хүнийг чинь би мэдчихье" гээд утсаа тавьснаас хойш бараг л долоо хоногийн дараа тэр хүний энгэрт "Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн" гэдэг хүндтэй цол ирсэн дээ. Хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй хүн гэдэг ийм л байдаг юм билээ. Энэ хүнийг чухам хэн гэдгийг сонирхох хүн байх аваас хожим бичиж болох юм. Түмээ ах гүйлгээ ухаантай, айхавтар хүн байсан учраас О.Сэрээнэн гуайг Н.Багабанди гуайн аав, ээж хоёрт шинэ үсгийн хичээл зааж байсныг нь дайруулан хэлсэн холч үг байжээ гэж одоо боддог юм. О.Сэрээнэн гуай маань шүлэг, дуу бичихээс гадна үргэлжилсэн үгийн зохиол ч бичнэ. Тухайлбал, "Ойн цуурай", "Даанч өндөр даваа", "Хан уулын хөхөө", "Ооч цайны үнэ 500" зэрэг тууж, "Амьсгалын орооцолдоон" бэсрэг роман, хүүхдэд зориулсан олон арван магтуу, ан амьтдын тухай шүлэглэсэн найраглал гээд л явж өгнө дөө. Тэр их өв одоо үр хүүхдүүдэд нь хадгалагдаж л байгаа байх. Мөн 1960-аад оны үед "Уурхайчин" сонинд ажиллаж байхдаа олон арван сурвалжлага, тэмдэглэл, фото зураг нийтлүүлж, улмаар "Утга зохиол, урлаг", "Хөдөлмөр", "Үнэн", "Улаанбаатарын мэдээ", "Залуучуудын үнэн", "Пионерийн үнэн", "Шинэ хөдөө", "Багш", "Эрдэнийн эрхи", "Оюун түлхүүр" зэрэг сонин, сэтгүүлд бүтээлүүдээ нийтлүүлж байсан шаггүй сайн сэтгүүлч гэдгийг нь тэр бүр хүн мэдэхгүй биз ээ. Ардын уран зохиолч Т.Галсан гуай "Амьсгалын орооцолдоон" романых нь өмнөтгөлд мялаалгын сайхан үгээ өргөсөн байдаг. О.Сэрээнэн гуай өөрөө халгиж цалгисан жинхэнэ монгол эр хүн байсан болохоор тэднийхээр дандаа мундагчуул ирнэ. Чухамдаа, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Г.Хайдав, Ц.Гантөмөр, Гавьяат жүжигчин Ц.Дашжамжил, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч З.Батсүх нарын урлаг соёлын акулуудтай тэднийд л танилцах хувь тохиосон би бээр өөрийгөө азтай хүн гэж боддог юм. Мөн Л.Түдэв, Д.Цэнд гээд л том том эрдэмтэд ч ирнэ. Завхан аймгийн Яруу сумын уугуул найрагч маань залуудаа нутаг орондоо шинэ үсгийн багшаар ажиллаж байхдаа хожмын Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн аав ээж хоёрт бичиг үсэг зааж явсан сонин намтартай нэгэн гэдгийг дээр цухас дурдсан. 1993 онд шиг санагдаж байна. Ер нь манай хоёр гэр Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороололд ойролцоо байшинд байх тавилан тохиосон юм. Нэг өдөр урьдын адил яваад орлоо. Зав л гарвал өвгөнийд орж яриа хөөрөө өрнүүлж, шүлэг зохиол ярилцах сонирхолтой байжээ, би. О.Сэрээнэн гуай "Надад нэг бэлэн аялгуу байна, чи тэр аянд зохируулж шүлэг зохиогоод өг" гэж тулгадаг юм байна. Миний хувьд дууны шүлэг бичиж нэг их базаагаагүй цаг үе байв. Тэгээд аяа өөрөө төгөлдөр хуур хөгжим дээрээ тоглож өглөө. Чихэнд их наалдацтай ая байв. Үендээ төдөн мөртэй байвал зүгээр гэсэн зөвлөгөө өглөө. Би өөрөө хөгжим бага зэрэг сонирхдог учраас аялгууг нь тогтоож аваад, харин ямар азаар манайд нэг муу сарампай банзан гитар байсан юм бэ, очиж байгаад нөгөө аяндаа тохируулаад шүлэг холбомор аядсанаар "Бодолд уяатай аав минь" дуу төрсөн билээ. Маргааш нь О.Сэрээнэн гуайдаа аваачиж үзүүлэхэд "Ер нь бараг болчихсон байна шүү" гэж урам хайрласнаар дараа жилд нь Монголын Хүүхдийн ордонд болсон тайлан тоглолтод нь түүний хүү, Эстрадын нэрт дуучин С.Алтан-Уяа дүү маань анх удаа дуулж олны хүртээл болгосон юм. Эдүгээ Монголын Хүүхдийн ордны дууны багш, Хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа дүү маань Болгар улсад Хөгжмийн дээд сургуульд суралцсан болон СУИС-ийг дүүргэж, мөн сургуульдаа багшилж олон арван шавь төрүүлсэн, одоо ч олон арван бяцхан шавь нараа төрүүлсээр байгаа мундаг уран бүтээлч гэдгийг дашрамд тэмдэглээд энэхүү дууныхаа шүлгийг сонирхуулъюу.

Шүлгийг Г.БААТАРНУМ

Хөгжмийг О.СЭРЭЭНЭН

БОДОЛД УЯАТАЙ ААВ МИНЬ

Аашлуулж аргадуулж өссөн

Анхил цэцэг шиг насандаа

Алтай буурал аав тандаа

Арай ч дэндүү эрхэлждээ би чинь

Алтай буурал аав тандаа

Арайч дэндүү эрхэлждээ би чинь

Халгиулж, цалгиулж явсан

Хангал залуухан насандаа

Хангай хайрхан аав таныхаа

Хайрыг үгүйлэн дурсавдаа би чинь

Хангай хайрхан аав таныхаа

Хайрыг үгүйлэн дурсавдаа би чинь

Буурлын хяруу нөмөрсөн

Буурьтай, суурьтай насандаа

Бурхан заяат аав тандаа

Буяны дуугаа өргөвдөө би чинь

Бурхан заяат аав тандаа

Буяны дуугаа өргөвдөө би чинь

1993 оны 03 дугаар сар

Ийм л нэг задгай их авьяастнаа олон удаа Соёлын гавьяат зүтгэлтэнд, тэр ч байтугай Төрийн соёрхолд хүртэл хэдэнтээ нэрийг нь дэвшүүлсэн ч, тухайн үеийн Төр, засаг нэг нүдээр харахгүй байсаар холын холд одуулсанд нь олон хүн одоо ч гомдолтой байдгийг би мэдэх юм. Цагаан морин жилийн хувьсгалыг анхнаас нь дэмжиж, анхных нь хурал цуглааны үеэр тайзнаа гарч, нөгөө л билиг танхай зангаараа " Үхсэнээс Чойном, амьдаас Сэрээнэн гэж..." хэлж, зарим хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж байсан ч, чухамдаа бол үнэнээс илүүтэй үнэн үг байсныг өнөөдөр хэн үгүйсгэж чадах юм бэ? Тэгээд ч, өөрийн зиндааны зохиолчдын дунд өндөр нэр хүндтэй байсан түүний тухай элэглэл, хошигнол ч чамгүй. Тухайлбал, шог зохиолч З.Ядмаа ахын "Цаг цагийн цагаан дурсамж" номын "Зохиолчид яагаад Зохиолчдын Хороогоор үзэгдэхээ больсон бэ?" ёгтлолд:

...Архи "дархи" нь хомсдоод

Цэрэнжамц үзэгдэхээ больсон

Аюурзанатай мөргөлдөөд

Хулан үзэгдэхээ больсон

Амьтны сүнстэй сүлэлдээд

Сэрээнэн үзэгдэхээ больсон... гэж байх вэ дээ. Энэ бол Ономын Сэрээнэн гэдэг хүн хэр зэрэг чансаатай зохиолч, цараатай уран бүтээлч байсных нь нэг тод илэрхийлэл билээ!

МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ

Хүүхдийн баяраар
Хүүхдийн баяраар "Жаргалтай жаалууд" өдөрлөг болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.