Төгрөгний ханш 48,9 хувиар суларчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 7 секунд
Төгрөгний ханш 48,9 хувиар суларчээ

Төгрөгний ханш 48,9 хувиар суларчээ

 
Өнөөдөр 9 цаг 41 минут

 

Ам.долларын ханш хар зах дээр 2000 төгрөгтэй тэнцээд олон хонов. Энэ талаар байнга ярьж, эдийн засаг хямралтай байгаа тухай таагүй мэдээллийг бодлогошронгуй дуулгадаг улстөрчид энэ үеэр нам гүм... Естой л тулааны өмнөх нам гүм гэдэг шиг УИХ-ын сонгуулийн өмнөх жил иймэрхүү өнгө төрхтэй. Тодруулбал, төгрөгийн ханш 2012 оны долдугаар сарын 1-нээс хойш гурван жил гаруй хугацаанд 48.9 хувиар унаж, төдий чинээгээр иргэдийн худалдан авах чадвар саармагжжээ. 

Уг нь, голлох валютын ханш өсөхөд бүгд дургүй. Учир нь иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлдөг. Тиймдээ ч нэр нөлөөтэй зарим нэг эрхэм ноён “ногоон”-ы өсөлтийг эсэргүүцэж, Сүх жанжны талбай дээр салаавч хүртэл гаргаж байв. Ийнхүү эрхий хурууны гайхамшиг үзүүлэн эсэргүүцэж байх үе буюу 2013 оны наймдугаар сарын сүүлээр ам.доллар “ердөө” 1700 төгрөг хүрээд байлаа. Харин тухайн оны эхэнд Монголбанкны албан ханшаар нэгийн тоотой ногоон мөнгө 1392 төгрөгтэй хайнцаж байсан бол наймдугаар сар гэхэд 1684 төгрөгт хүрсэн. Энэ нь 292 төгрөгөөр нэмэгдсэн буюу төгрөгийн ханш 21 хувиар суларсан үзүүлэлт болсон юм. Гэтэл одоогийн байдлаар энэ ханшаас 300 төгрөгөөр давжээ. Маш товчхондоо валютын ханш гэдэг гадаадын мөнгөн тэмдэгтийг төгрөгөөр худалдах, худалдан авах үнэ юм. Ийм учраас дотоод эдийн засагт төгрөгийн болоод гадаад валютын эрэлт нийлүүлэлтүүд ямар байгаагаас хамаарч валютын ханш тогтдог зүй тогтолтой. 2013 он гарсаар дотоодын эдийн засагт байгаа ам.доллар өсөлтгүй болсон нь бүх статистикаас харагддаг. Харин үүний эсрэг төгрөгийн хэмжээ нэмэгдсээр иржээ. Цөөн үгээр илэрхийлбэл төгрөгийн хэмжээ, ам.долларын харьцаанд томоохон өөрчлөлт орсон гэсэн үг. Зөвхөн энэ шалтгаанаар төгрөгийн ханш суларсан гэж ойлгоход буруугүй. Дотооддоо төгрөгийн нийлүүлэлтийг нэмэг- дүүлбэл түүнтэй харьцуулах гадаад валют харьцангуй багасах учраас төгрөгийн ханш сулардаг гэсэн үг. Энэ жишээг та бид өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэх болжээ. Тодруулбал, Монголбанк, Засгийн газар хамтран “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т нийтдээ гурван их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлсэн. Тойм байдлаар задалж харвал банкууд шатахуун импортлогчдод 191, импортын зээлд 129, махны чиглэлд 87, гурил үйлдвэрлэгчдэд 49 тэрбум, барилгын материал 143, ипотек 995, орон сууцны барилгын зээлд 420 тэрбум төгрөг тараасан. Гэтэл бодит байдал дээр гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ хэзээ мөдгүй нэмэхэд бэлэн байгаагаа ээлж дараалан дуулгах болов. Ийм байхад импортын барааны үнийг барагцаалах боломж, үнэнийг хэлэхэд бэрхшээлтэй. Мөн манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2012 оноос хойш хасах чиг рүү тэмүүлсэн амжилтаа тогтвортой хадгалаж байна. Өөрөөр хэлбэл, гаднаас худалдан авдаг бараа, бүтээгдэхүүний хэмжээ ихэссэн. Эсрэгээрээ гадагшаа худалддаг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ буурсан. Ингэснээр төлбөрийн тэнцэл алдагдал хүлээж байгаа. Худалдааны алдагдал нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш ийнхүү 50 орчим хувиар суларсан байна. Одоо манай улсаас хөрөнгөө татдаг гадны компаниуд байгаагаас хөрөнгөө итгэж байршуулдаг нь байхгүйтэй ижил болжээ. Ядахад төгрөгийн ханш суларсан байгаа энэ үед Монголбанк захад оролцож, ханшийг чангаруулах талаар дорвитой алхам хийсэнгүй. 

Тэгвэл энэ талаар онолчид “Ханш энэ янзаараа өсөөд л байна гэж байхгүй. Тийм учраас ханшид хүчээр нөлөөлөх гэж оролдох шаардлагагүй” гэж хэлдэг. Гэтэл бодит байдал дээр тодорхой хугацааны дараа зах зээл өөрөө өөрийгөө засаад, ханш тогтворжихыг иргэд хүлээх тэнхэлгүй болжээ. Хэрэглэдэг хүнс, бараа нь 50 орчим хувиар өсч, авдаг цалингийн чанар нь сүүлийн гуравхан жилийн дотор 50 хувиар буурчихаад байна. Мөн зарим нэг нь “Төгрөгийн ханш суларч байгаа энэ мөчлөгийг далимдуулж, манай улс экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй”, “Энэ бол хямрал гэхээсээ илүүтэй боломж” мэтээр иргэдийг тайтгаруулах гэж оролдох нь бий. Гэтэл мөн л нөхцөл байдал дээр үндэсний үйлдвэрүүд дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаар хэмжээний ургамлын тос үйлдвэрлээд байхад гадаадаас энэ төрлийн бүтээгдэхүүн авах гэж ойролцоогоор 20 сая ам.доллар гадагшаа урсгасан хэвээр л байна. 

Тэгвэл нэгэн түүх эргэн сануулахад 2009 онд ам.дол- ларын ханш 1600 төгрөгтэй хайнцаж, иргэдийг түр зуур сандаргаж байв. Энэ үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд, төсөв алдагдалтай, Монголбанкны албан нөөц ердөө 500 гаруй сая ам.доллар л байлаа. Гэтэл жилийн дараа нүүрсний экспорт эрс нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өгсч, дотоодын эдийн засаг дахь гадаад валютыг нэмэгдүүлснээр төгрөгийн ханш тасралтгүй чангарсан нь бий. Үүний зэрэгцээ гадаад валютын албан нөөц 2.3 тэрбум ам.долларт хүрч байв. Харин одоо бидэнд эерэг хүлээлт бага болжээ. Уул уурхайн томоохон төслүүдээ эрх баригчид ээлжлэн гацаасан, улмаас хагас жилийн хугацаатай “Сайдын дамжаа” хичээллүүлж эхэлсэн энэ цаг үед Ч.Сайханбилэгийн Засгийн газар богино хугацаанд ямар арга хэрэгжүүлэх вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм. Угтаа хэдхэн хоногийн өмнө болсон эдийн засгийн олон улсын чуулганы үеэр “Нэг тэрбум ам.доллар орж ирэхэд л Монголын эдийн засаг сэргэнэ” хэмээн ярьсан. Гэвч энэ жилдээ нэг тэрбумын тухай мөрөөдөхөөс хэтрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газар дахиад л бондод найдахаас өөр аргагүй болж байна. 

 

Д.Булган

 
Хүчирхэг эмэгтэйчүүд ба Улс төрийн хатуу тоглоом
Хүчирхэг эмэгтэйчүүд ба Улс төрийн хатуу тоглоом
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.