Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 47 секунд
Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь

Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь

Нар орой дээр гарлаа. Ихэвчлэн үүрийн гэгээ, өглөөний нартай уралдаад чоно гүйдэгсэн. Заримдаа нар гарсны дараа нэлээд оройхон чоно гүйдэг гэлцдэг. Ямартай ч энэ өдөр нар голлотол дурандсан бидэнд чонын бараа сураг харагдсангүй. Харин хоёр, гурваараа шогших хар сүүлт л олж харлаа. Дөргөний тал, Суудал, Мөнгөн Аяга уул орчим том том жалга, сайр ихтэй учир хар сүүлт элбэг юм. Тээр доор бөхөнгийн сүрэг ч амар амгалан идээшилж байсан. Харин зорьсон ан маань бараагаа харуулсангүй. Биднийг ирэхээс хэдхэн хоногийн өмнө яг энэ л газарт таван чоно явж харагдсан гэж байгаа. Бид уулнаас буугаад буцаад өвөлжөө рүүгээ хөдлөх зууртаа мөнөөх таван чонын чиг, баримжааг өөр хоорондоо хэлэлцэн явлаа. Бааяа “Биднийг дурандаж суухад шувуу огт үзэгдсэнгүй. Уг нь шувуу үзэгдвэл бас ч гэж бараа харахад ойрхон байдагсан. Одоо тэгвэл хэдүүлээ жаахан дээгүүр үзье дээ” гэлээ. Дээгүүр гэдэг нь уул руугаа гүн орж үзье гэсэн үг. Ингэж ойр зуур ярьж явсаар Бааяагийн өвөлжөөнд ирээд гэрт нь орж цай, хоол болцгоолоо. Нутгийн зарим залуучууд биднийг чоно авлах сургаар ихэнх нь ирчихсэн байв. Хэдэн малаа боохойд авахуулсан малчдын хувьд бидний үйл хэрэг буян мэт л санагдсан байх. Дээр нь ан авд сонирхолтой залуучууд хонио өөд бэлчээчихээд хэрэгт дурлан ирсэн нь энэ байх. Бааяагийн өвөлжөөнөөс дээшлээд Ханант хэмээх газар бий. Тэнд бидэнтэй явсан Т.Ганхуягийнх өвөлжиж байгаа. Тэднийхээс дээшлээд айлгүй зэлүүд уулаар явна. Үхэр, адууны бэлчээр л дээ. Тиймээс доогуур айлууд ихтэй байгаа учир боохойнууд дээшилсэн гэж бид үзлээ. Гэрийн эзэгтэй мах чанаж, бууз жигнэлээ. Тэр хооронд Бааяа хоймор дахь жаазны араас нэг шил хатуу эд гарган ирж, сэржим өргөлөө. Хотоос хүмүүс ирчихсэн дээр нь Засаг дарга явж байгаа. Бүр хотыг нь эргээд малыг нь тогтоохгүй байгаа боохойг цөөлөх гэж байгаа болохоор нутгийнхан бидэнд их л хүндэтгэлтэй хандаж байв. Бидэнд ч гэлтгүй дээ. Манай малчид, хөдөөнийхөн маань ямар ч хүн ирсэн аль байдгаараа л дайлж цайлдаг зан соёлтой ард түмэн дээ. Энэ соёл алс хязгаар нутгийнханд л жинхэнэ утгаараа оршин байна.

ЧОНЫН СУРАГ ДУУЛГАСАН ХҮРГЭН ЗАЛУУ

Үдээс хойших нь доо. Биднийг элдэв юм ярьж суутал Т.Ганхуягийн үхэрт явсан хүргэн нь орж ирлээ. Т.Ганхуяг “Миний хүү үхрийнхээ сургийг гаргав уу” гэв. Хүргэн залуу “Сураг ч дуулсангүй. Хэд хоногийн өмнө арын худаг дээр ус уух гэж ирсэн байхыг Дархаа жаажаа харсан байна” гэлээ. Т.Ганхуяг “Тэгвэл цасаа бараадаад доошилж дээ. Гэхдээ биднийг өглөө Суудал хайрхнаас дурандахад үхэр огт харагдаагүй юмсан” гэв. Хүргэн нь залгаад “Та хэдийн ажил бүтэмжтэй юу. Нөгөөхөө олж харж чадав уу” гэж байна.

Бид ч барааг нь олж харсангүй гэдгээ хэллээ. Тэгтэл мань хүн “Түрүү нь Дархаа жаажаатай уулзахад чоно харагдсан талаар ярьж байна” гэв. Хажуу бөөрөө наалдаж суусан бид чонын сураг сонсоод бүгд суудлаа засаад яриаг нь анхааралтай сонслоо. Хүргэний хэлснээр бол хэдэн чоно өнөө өглөө арын шилээр даваад цаашаа Сонгинотын даваа өгссөн сурагтай. Түрүү нь Бааяагийн хэлсэнчлэн дээшээ уул руугаа нөгөө хэд маань орсон нь үнэн боллоо. Нэгэнт сураг сонссон учир Бааяа униндаа хавчуулсан утсаа шүүрээд “сүлжээнд гарчихаад ирье” гээд мордлоо. Удсан ч үгүй эргээд ирлээ. Бааяа “За би сая Дархаа жаажаа руу ярилаа. Тэдний арын даваагаар өглөө явж байсан гэж байна. Хэдүүлээ тэдний өвөлжөө рүү машинтайгаа хөдлөөд цаашаа мориор яваад даваан дээр гарч дурандъя” гэлээ. Бид ч ухасхийгээд хувцаслаад Засгийн машинд сууж хөдөллөө. Эднийхээс Дархаа жаажаагийнх 15 орчим км зайтай аж. Уул хадан дундах зам учир хоёр цаг гаруй гэлдэрсээр очлоо. Дархаа жаажаа хониндоо явж. Бид цай балгачихаад шууд л даваан дээр гарахаар мордлоо. Зарим нь “мотоцикльтой эвийг нь олоод гаръя” гэв. Ингээд нар жаргах алдад Сонгинотын даваа дээр гарч дурандлаа. Бүүр дээгүүр Их давааны энгэрт хэдэн янгир идэж байна. Доогуурхан шиг адуу, үхэр ч харагдлаа. Бидний дурандаж суусан газрын баруун доогуур юмдаг уу даа. Хуучин Дархаа жаажаагийн өвөлжөөний яг хажууд нөгөө тав чинь хэвтэж байна шүү. Түүнийг нь анх Т.Ганхуяг олж хараад бидэнд хэллээ. Бид ч бүгд дурандаад таван чоно байгааг олж харав. Яагаад ингээд тавуулаа нэг дор хэвтиж байгаа нь сонин. Өдийд нар жаргах гэж байгаа үе. Тэдний хувьд гэгээ тасрахыг хүлээж ийн хэвтэж байна гэсэн үг. Учир нь дээхэн талд нь бэлчээрлэх янгирын сүрэг болон хэдэн үхрийн байр байдлыг хэдийнээ мэдчихээд гэгээ тасрахыг хүлээж байгаа нь энэ аж. Чоно бол байгаль дээрх хамгийн шилдэг анчид юм. Сүргийн зохион байгуулалт, ан хийхэд чоно тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй гэлцдэг. Нүүдэлчин монголчууд чонон сүргийн ан барих арга барил, ов мэхийг дайн байлдаанд ашиглаж, дайснаа ялан дийлж ирсэн түүхтэй. Биднийг дурандаж суутал ойр орчим хэрээ, тас шувууд эргэлдэх нь ихэслээ. Тэд бол чонын хамгийн сайн туслахууд. Хэрээ чоныг ан байгаа газарт хүргэж өгдөг бол тэд хариуд нь хоолныхоо үлдэгдлийг өгөхийг зөвшөөрдөг. Нэг ёсондоо харилцан ашигтай хамтарч ажилладаг гэсэн үг.

ХАЙГААД БАЙСАН ҮХРҮҮД НЬ ТАВАН ЧОНЫН ЯГ ДЭЭР НЬ БЭЛЧИЖ ЯВНА

Таван чонын байр байдлыг хэсэг дурандан суулаа. Тэдний ан ав нь ойрхон байгаа учир огт хөдлөхгүй оршино. Угтаа бусад үед чонон сүрэг ингэж хэвтэхдээ нэгэнтэйгээ тоглож, ноцолддог. Харин одоо анд гарах гэж байгаа учир тэд дор бүрнээ биеэ хяран чимээгүйхэн гэгээ тасрахыг хүлээнэ. Чоно их гэр бүлсэг амьтан гэж сонсож байсан. Тэгвэл бидний харсан таван чоно нэг гэр бүл байх магадлалтай гэдгийг Бааяа хэллээ. Гэхдээ энэ тавд нэг ч өлөгчин чоно харагдахгүй байгаа нь сонин. Угтаа азарган чоно өлөгчин чоно хоёр нийлсэн л бол нэгэнтэйгээ үхтэл хамт байдаг онцлогтой. Харин энд өлөгчин чоно байхгүй нь тэднийг ямар нэгэн байдлаар салгасан байх магадлалтай юм. Магадгүй ангийн учир мэдэхгүй хүмүүсийн тэнэсэн суманд өртөж үхсэн байхыг үгүйсгэхгүй юм. Түүнээс биш ороо хөөцөлдөө нь эхлэх гэж байгаа энэ үед харин ч хамт явах учиртай. Хэрэв бидний таамаглаж байгаа шиг өлөгчин чоно нь үхсэн бол эдгээр таван эр чоно айлын малыг сүйд хийх сүрэг мөн юм. Сүүлийн хоёр сарын турш эл нутгийнхны хоттой хониноос өдөрт л тав, арваар нь барьж идсэн сүрэг эднээс өөр байхгүй гэдгийг Бааяа хэллээ. Тиймээс хамгийн том, хөгшин азарган чоныг нь эхлээд унагая. Дараа нь хамгийн бага биетэйг нь гэх мэт авлая. Тэгээд хамгийн голд нь хэвтэж байгаа залуу азарган чоныг үлдээе гэж ярилцлаа. Учир нь удахгүй ороо хөөцөлдөөний цаг болно. Энэ өвөл дулаахан байгаа учир оны сүүлээр ороо нь эхлэх болов уу. Учир нь азарган чонын эр бэлгийн эс боловсорч ороо нь жигдрэхэд хасах 25 хэмийн хүйтэн орчин бүрдэх шаардлагатай. Тиймээс залуу азарган чоныг нь үлдээвэл удахгүй өлөгчин чонотой нийлж нэгэн гэр бүл болох учиртай. Чоно гэдэг нэг талдаа мал амьтны дайсан ч гэсэн нөгөө талдаа байгаль дэлхийд хамгийн хэрэгтэй махчин амьтан. Чонын тоо толгой хэт цөөрөвөл малын гаралтай өвчин ихэснэ. Тэр утгаараа малчдад ч гэсэн хэцүү болно. Тиймээс нутгийн иргэд чонотой жил мал өвддөггүй гэж ярьцгаадаг. Харин байгаа нутагтаа тоо нь хэтрээд ирэхээрээ эсрэгээрээ малчдад дайсан болж үзэгддэг. Тиймээс үүнийг зохицуулахын тулд зөв зохион байгуулалттай анг зөвшөөрөх нь аль аль талдаа ашигтай билээ.

ТАВААС НЭГИЙГ НЬ…

Сонгинотын даваанаас шууд буудчихъя гэхээр арай дэндүү хол байв. Тиймээс энэ таван чононд сэжиг авахуулахгүйгээр болгоомжтой жаахан дөхье гэв. “Зарим нь эндээ үлдээд дурандаж суу. Хоёр буутай нь доошоо бууя” гэлээ.

Ингээд Бааяа, Т.Ганхуяг хоёр буугаа аваад уруудлаа. Үлдсэн гурав нь байсан газраасаа дурандаж ажиглахаар болов. Манай хоёр яах ийхийн зуурт сэжиг авахуулахгүйгээр наад талын хамар дээр очлоо. Буудахад бас л хол харагдана. Нүдэн баримжаагаар 800 орчим метр байх гэж ойлгосон. Бааяагийн барьсан буу нь “7х64”. Гэхдээ дуран хараагүй. Харин Т.Ганхуягийн барьсан буу бол дурантай “Remington 700”. Хоёулаа л туссан байгаа нам авах л хүчтэй буу. Ашигтай тусгал нь 400 метр гэж байгаа. Харин ан маань 800 түүнээс ч хол байх магадлалтай байдаг. Гэлээ гэхдээ тэр хоёр цааш явах ямар ч боломж байхгүй. Тэр хамраа даваад хөдлөх л юм бол нөгөө тав шууд л үнэр, чимээгээр нь мэдчихнэ л дээ. Тэгэхээр яг энэ хамраасаа л хол байсан ч буудах л болж байгаа юм. Манай хоёр туршлагатай хүмүүс учир түүнийгээ мэдсэн бололтой буудах байрлалаа эзэллээ. Бид ч наана нь сэтгэл түгшин дурандаж суув. Удалгүй манай хоёрын нэг нь амаараа зурам шиг дуугарлаа. Гэтэл нөгөө тавын нэг нь сэрт гээд л босоод ирлээ шүү. Байр байдлыг нь харвал нөгөө хөгшин азарган чоно бололтой. Бидний зүг анхааралтай харж зогстол буун дуу тас хийлээ. Өндөр Алтайн уулс дунд буун дуу ч ёстой сүртэй. Тээр дээр идэж явсан янгирын сүрэг чимээ аваад Их давааг давж одлоо. Наана нь байсан үхэр, адуу тоосон шинжгүй л иднэ. Харин нөгөө тав аль хэдийнээ босон дөрвөн зүгт таран харайлаа шүү. Бидэн рүү харж зогссон хөгшин чоно газар дээрээ нам унажээ. Уул толгод дунд дөрвөн зүгт зугтсан чоныг дахин буудна гэдэг бараг боломжгүй. Ингээд зугтсан дөрвийг хаяад бид унагасан ан дээрээ очлоо. Бууны сум дал хавсраад орж. Ингэж оногдсон ямар ч ан газар дээрээ нам л даа. Нэг талдаа амьтан зовоолгүй, маш сайн буудлаа. Уг нь хоёулаа буудсан. Т.Ганхуяг дуран хараатай буутай байсан болохоор яг л барьсандаа авч. Харин Бааяагийн буу овоо хараатай ч дурангүй учир тэр хол угаасаа яаж ч онох билээ. Ингээд ангаа ганзагалаад буцаад Бааяагийн өвөлжөөнд иртэл аль хэдийнээ одод түглээ. Бид ч саяны хийсэн ангаа өөр хоорондоо ярилцаж, маргаашийн мандах нарнаар үлдсэн дөрвөн чонын барааг харах төлөвлөгөөгөө давхар хэлэлцэн хонолоо.

Зорьсон хэргээ бүтээсэн бид маргааш өглөө хотын зүг жолоо заллаа. Буурлын буян заяа оршоосон Бумбат хайрхны өвөр бэлээс алтайн хишгийг хүртсэндээ талархан буцав. Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан хэдхэн хоног нүд ирмэх төдийд өнгөрч одлоо.

Э.МӨНХТҮВШИН

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

"Дэжид"ХХК 30 гаруй бөхчүүдийг хөлсөлж эмнэлгийн ажилчид уруу хүч хэрэглэн дайрчээ / бичлэг /
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.