Төрийн бус байгууллага хэд байдаг вэ. Статистик мэдээллээр бол 2020 оны байдлаар 23614 байжээ. Улстөрчид, бизнесийн акулууд, элдэв тэмцэгчид тэр байтугай төрийн байгууллагууд дэргэдээ хэдэн арваар тоологдох Төрийн бус байгууллагатай байдаг. Нэр бүхий хоёр ч Ерөнхийлөгчийн эхнэр сан нэртэй Төрийн бус байгууллагатай байлаа. Мөн Төрийн бус байгууллагаар алдаршиж төрийн албан тушаалд ч очих нь бий.
Тухайлбал, Утааны эсрэг ээж аавуудын холбоо ТББ-ын тэргүүн нь одоо төрийн тэргүүний зөвлөх болсон. Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж байсан нэг хүн өдгөө нийслэлийн ИТХ-д сонгуульт ажилтай сууж байна. Хөвсгөл нууранд унасан машин тэргийг татаж гаргахаар ТББ байгуулан тэмцэж явсан нэг эрхэм төрийн түшээ болоод чамгүй олон жилийг ардаа хийжээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэгэн цагт МоАХ төрийн бус байгууллагатай байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ч Монгол цэргийн нэгдсэн холбоо ТББ-ыг үндэслэж л байлаа. Эд бол зөвхөн жишээ. Ард нь яг адилхан кэйс үй түмээрээ бий.
Манай улсын насанд хүрсэн хоёр сая орчим иргэн бүгд ямар нэгэн байдлаар холбогдож мэдэх ийм олон ТББ байдаг атал олон нийт хэдхэнийг нь л мэддэг байх. “Лантуун дохио” ТББ гээд л сайн үйлс хийж байгаа хэсэг залуус байгаа харагддаг. Өөр тэгээд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гээд яг нэрлэчих юм байна уу.
Учир нь эдгээр төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчлэх гэхээсээ эзэндээ үйлчлэх зориулалтаар л үүссэн юм. Бас тоо нь хэдэн арван мянга гэж байгаа ч үүнийг мянга хүрэхгүй хүн давхардсан тоогоор байгуулсан байгааг тааж ядах юм байхгүй. Манай нэг цуутай тэмцэгч 100 гаруй ТББ-тай байж билээ. Бас АН-ын нөлөө бүхий лидер, том амтайгаараа зартай нэг эр ТББ-аар дамжуулан гадаадын өнгөт хувьсгал экспортлогч хүчнээс мөнгө авч байсан нь тогтоогдож балрангаа алдсан юм.
Намын дэргэд ил тод орших ТББ байхад хэн нэгэнд үйлчлэх, төрийн албан тушаалтны захирах эрхтэй мөнгийг нь татваргүй, хуулийн саадгүй цэвэрхэн гаргахаар байгуулагдсан нууц байгууллагууд ч бий. Товчхондоо, ТББ хэмээх сайхан нэрийг бусдыг шантаажлах, татвараас зугтах хэрэгсэл болгон ашиглах чиглэлд манай “хүнд гар”-ууд илүүтэй хөгжүүлсэн байна.
Ямар олигтойдоо УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр нэгэнтээ “Шоронгоос гарсан нөхөд ТББ байгуулан шантааж хийдэг боллоо” гэж хэлж байх вэ дээ. Монголын хуульчид, эдийн засагчид үүнийг бол толгой дараалан сайн мэдэж байгаа. Гэхдээ хэн өөрт нь төдийлөн нэр төр авчрахгүй асуудлаар асар олон хүний дайсан болохыг хүсэх билээ.
1997 оны нэгдүгээр сарын 31-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн бус байгууллагын тухай хууль гэж бий. Тус хуулийн Тавдугаар зүйлийн 5-д “Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно” гэж заасан байдаг. Гэхдээ өнөөдөр үнэхээр дурын иргэн Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан зэрэгтэй танилцаж болох уу. Хуульд болно гэж заасан боловч бодит байдал дээр дэндүү хол зүйл юм.
Тухайлбал, би МАН-ын санхүүгийн тайланг үзье гэвэл ойртуулах уу. Үгүй ядаж, Даяар хөх монгол бил үү тэр холбооны дансанд орсон мөнгийг харъя гэвэл яах бол. Яг энэ мэтээр Монголын залуучуудын холбоо ТББ-ын дансыг ч үзмээр л байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ТББ бас сонин санагддаг. Гадаадаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн салбарын холбоодыг үзэхэд гэмгүй. За тэр, НАМЗХ, НАМЭХ, Ардчилсан залуучуудын холбоо гэх мэт нам дагасан ТББ-уудын санхүүгийн тайланг үзвэл юу гардаг бол доо.Хувийн эмнэлэг, сургуулийг дагасан ТББ-ууд өчнөөн олон жил татвараас зугтсан тухайг бол тусад нь сэдэв болгож бичсэн нь дээр байх.
Хамгийн аюултай нь, ТББ-уудаар далдалсан элдэв хулгай нь яахав гэхэд үүгээр далимдуулсан гадаадын элдэв байгууллагын мөнгө манайх руу урсаад байгааг хянаж л байх нь зөв баймаар.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ байгууллага манай улсыг сүүлд “Саарал жагсаалт”-д оруулахдаа ТББ-уудаа цэгцэл гэдэг шаардлага тавьсан байдаг. Мөнгө угаалт, терроризмтэй тэмцэх бол бас ТББ-уудаа анхаарч байх ёстой аж.
Тэгвэл энэ хүрээнд Засгийн газраас хуулийн төсөл боловсруулан бэлэн болгожээ. Тэр нь УИХ-аар хэлэлцүүлэг нь ч эхлээд байна. Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан юм байна. Хэвлэлийн мэдээнд “Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ” гэж дурдсан байгаа нь анхаарал татаж байгаа биз.
Улмаар ТББ-уудын санхүүжилтийг ил тод болгох бололцоотой болох тухай хуулийн төсөлд тусгасан байна. Гэвч энэ сарын 6-нд УИХ-аар чуулганы хуралдаанд хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэхээр оруулахад МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авчихсан юм. Ямар асуудал байгаа болоод намын дарга, Ерөнхий сайд нь толгойлж буй Засгийн газраас оруулж ирсэн бодлогын хуулийг УИХ-ын гишүүд хэлэлцэхээр эмзэглэсэн байж таарах вэ.
Хуулийг хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд бүлх залгисан мэт л дуугүй сууж байгаа харагдсан. Харин 2018 онд Хууль зүйн дэд сайд байхаасаа ТББ-уудын эздийг зарлах ёстой, хуулийг нь өөрчлөх хэрэгтэй гэж ярьж ирсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр л байр сууриа илэрхийлж асуулт асуугаад сууж байна лээ.
Тэрбээр “Авлига ашиг сонирхолтой тэмцэх асуудал бол эрх барьж байгаа МАН-ын бодлогын нэгдүгээр асуудал. МАН УИХ-аараа үүнийгээ албан ёсоор хийх ёстой. Авлига, ашиг сонирхолтой тэмцэе гэвэл бодлогын түвшинд тэмцэх ёстой. Яг энэ хүрээнд орж ирж байгаа санаачлага гэж үзэж, талархан дэмжиж байгаа.
Манай улсыг олон улсын байгууллагууд “Саарал жагсаалт”-д оруулсан. Таван шаардлага тавьсан. Үүний нэг нь Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчил гэдэг шаардлага байгаа. Бид энэ хуулийг дэмжихгүй бол дахиад “Саарал жагсаалт”-даа орно. Тэгэхээр хууль санаачлагч үүнийг бас сайн хэлж өгөөч. Энэ намын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн манлайлаад байдаг. Гэтэл доогуур нь бужигнуулаад байх юм. Засгийн газрын агентлаг ШӨХТГ дэргэдээ Мэргэжлийн холбоодын үндэсний зөвлөл байгуулж байна. Энэ яаж байгаа юм. Холбоо энэ иргэний нийгмийн байгууллага гэдэг чинь төрөөсөө тусдаа, төрийн байгууллагаасаа хараат бус, ангид, иргэдийн сайн дурын эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр байх ёстой атал төр нь өөрөө ТББ байгуулж байна. Нэг бодлого явуулах гэхээр мэддэг, мэддэггүй нь мэдэгдэхгүй үйл ажиллагаа явуулдаг.
Монголын хамгийн их орлого төвлөрүүлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани дэргэдээ мэргэжлийн холбоод байгуулж байгаа. 2018 онд би дэд сайдаар ажиллаж байхдаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гаднаас санхүүжилт авдаг, түүгээр амьдардаг хэсэг хүн намайг Монголын иргэний нийгмийн дайсан гэж Вашингтон пост сонинд нэр цохуулж бичүүлж байсан. Монголын асуудлыг Монголын төр өөрөө мэдмээр байна” гэж хэлсэн байна лээ.
Үүгээрээ төрийн бус байгууллагуудыг бүхэлд нь харлуулж, муулах гэсэн санаа агуулсангүй. Нийгэмд тустай ажил хийх гэж эсвэл амьдрах орчин, нийгмээ илүү гэрэл гэгээтэй сайхан болгох гэж иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тэд бол хууль ямар ч байдлаар өөрчлөгдсөн хэний ч өмнө нүүр улайхгүй ТББ-ууд юм. Сайны хажуугаар саар гэгчээр бохир болгонтой холбогдож зууралдсан нөхдүүд ч ТББ байгуулан хуулийн цоорхой дээр зоолж байна. Үүнийг цэгцэлснээр манай орон нэгдүгээрт олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.
Хамгийн гол нь төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болбол аяндаа өөрсдөө алга болно. Үр дүнд нь авлига буурна. Манай хөгжил дэвшлийг хойш нь татаж, хүн ардын амьдрал ахуй, ирээдүйдээ итгэх итгэлийг сүйрүүлж байгаа хорт хавдар бол авлига шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүд хувийн жижиг ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээр шийдвэр гаргаж чадах эсэхийг харах л үлдэж байна. Хуулийн төсөл бол УИХ-ын ширээнд хэдийнэ оччихсон байж байгааг дахиад сануулья.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН