55 мянган төгрөгт дарлуулсан үндэсний үйлдвэрүүдийн амь тариа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 16 секунд
55 мянган төгрөгт дарлуулсан үндэсний үйлдвэрүүдийн амь тариа

55 мянган төгрөгт дарлуулсан үндэсний үйлдвэрүүдийн амь тариа

 

 Монголын хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар өнгөрсөн жил нэг кг ноолуур дунджаар 89 мянган төгрөгт хүрч, малчдыг баясгаж байв. Энэ нь өмнөх жилийнхээ ханшаас 30 орчим хувиар өссөн үзүүлэлт байлаа. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 21 мянган төгрөгөөр илүү байсан юм. Гэтэл энэ жил кг ноолуурын оргил үнэ 65.500 төгрөг байв. Гэвч оргил үзүүлэлтээ удаан хадгалж чадалгүй “гулссаар” одоогийн байдлаар 55 мянган төгрөгийн ханш дээр тогтоод буй. Энэ нь малчдын хүлээлтийг талаар болгосон гэсэн үг. Монголын ноос, ноолуурын бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Б.Мөнх-Алдар “Манай улсаас ноолуур татдаг өмнөд хөршийн ченжүүд ирсэн ч үнэ өсгөх ямар ч сонирхолгүй байгаа. Тиймээс цаашид ч ноолуурын үнэд ахиц гарахгүй байх. Харин өнгөрсөн жил өндөр үнээр борлуулсан малчид энэ жил кг ноолуураа багаар бодоход 70 мянган төгрөгт хүргэх хүлээлтэй байсан” гэв. Тэгвэл одоогийн байдлаар баруун аймгуудад малчид ямаа самнах ажил ид өрнөж буй гэнэ. Тэд энэ жил энэ төрлийн бүтээгдэхүүнээс өнгөрсөн жилтэй харьцуулахад 40 орчим хувиар багассан орлого олох нь нэгэнт тодорхой болж байна.

 

Манай улсын нийт мал сүргийн 42 хувийг дангаараа бүрдүүлдэг ямааны ашиг шим малчдад илүүтэй нэмэр болдог нь мэдээж юм. Тиймээс ч “Хүүхэдтэй болохоос ямаатай байсан нь дээр” гэдэг шинэ цагийн марзан хэлц үг үүссэн биз. Гэтэл энэ жил ноолуурын үнэ дотоодын зах зээл дээр “өндийсөнгүй”. Хүлээлттэй байсан малчид бухимдалтай байгаа нь ч илэрхий. Харин малчдад үүссэн энэ таагүй байдал ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүдэд ашигтай байдлыг үүсгэдэг билээ. Учир нь, “Монгол ноолуураар дэлхийг гоёно” гэсэн сүртэй уриатай үндэсний үйлдвэрүүд бодит байдал дээр Хятадын ченжүүдтэй өрсөлдөх ямар ч боломжгүй. Цөөн үгээр хэлбэл, дотоодын зах зээл дээр ноолуур өндөр үнэтэй байх тусам тэдний байдал хэцүүддэг гэсэн үг.

 

Тиймээс л хэдхэн жилийн өмнө Засгийн газраас мөнгө гаргаж, өмнөд хөршид борлуулсан ноолуураа өндөр үнээр буцаан татаж, дотоодын үйлдэрүүдээ тэтгэх тухай хошин яриа ч газар авч байв. Мөн хоёрхон жилийн өмнө энэ салбарт анхаарал хандуулж, 130 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байв. Гэтэл энэ жил дотоодын зах зээл дээр кг ноолуур 55 мянган төгрөг байгаа тухай дээр дурдсан. Тийм байхад Засгийн газраас ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйлдвэрлэгчдийн бэлтгэж байгаа 3000 тонн ноолууран дээр 170 гаруй тонн ноолуурыг нэмж бэлтгэх бололцоог олгох гэнэ. Засгийн газрын энэ дэмжлэгийн хариуд манай улсын ноо лууран бүтээгдэхүүний хэмжээ, орлого нэмэгдэнэ гэж тайлбарлав.

 

Энэ нь маш товчхондоо манай улсын үндэсний үйлдвэрүүд ямар дархлаа султайг илэрхийлж байна. Уг нь энэ салбарынхан кг ноолуурыг 55 мянган төгрөгөөр малчдын гар дээрээс татаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиг олж болмоор. Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” гэхэд л 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалтаар “босч” 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, үндэсний том үйлдвэр. Тэгсэн атлаа одоо хүртэл биеэ даах чадваргүй, бүтээгдэхүүн нь олон улсын зах зээл дээрээс ашиг олж чадахгүй байна гэдэг сонин үзэгдэл. Үүнээс гадна манай улсад жижиг, дунд болон томоохон хэмжээний нийтдээ 130 гаруй ноолуурын үйлдвэр ажилладаг гэсэн статистик бий. Тэд өөрсдийн болон санхүүгийн бусад эх үүсвэрээр жилд нийт ноолуурын 30 орчим хувийг бэлтгэж дөнгөдөг нь бүр ч илүүтэй сонирхол татах тоо юм. Нийт гаргаж байгаа ноолууран бүтээгдэхүүний 85 хувь нь зөвхөн самнасан буюу угаасан ноолуур эзэлдэг. Тэгэхээр үлдсэн 70 хувийг БНХАУ дангаараа юүлдэг байх нь.

 

АМЬ АРГАЦААХ АЛХАМ

 

2011 онд Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг дэмжихээр шийд сэн билээ. Үүнээс хойш Ч.Сайханбилэгийн Засгийн газраас саяхан гаргасан 100 тэрбум төг рөгийн хөнгөлөлттэй зээл тэй нийлүүлэн тооцвол албан мэдээгээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 3.2 тэрбумыг энэ салбарт “цутгажээ”. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар энэ салбарын амийг өдий хүртэл торгоож ирсэн гэсэн үг. Энэ мэт өмнөх түүхийг харвал баялаг бүтээгчид хэмээн нэрлэдэг тус салбарынхан дараа жил дахин алгаа тосох магадал ч бий. Гэтэл бүх зүйл сайхан болоход 500 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухай үйлдвэрлэгчид хэлдэг. Мөн эрх баригчдын гаргасан “Ноолуурын салбарыг 2013-2016 онд хөгжүүлэх төсөл”-д туссанаар мөн л энэ салбарыг хөл дээр нь босгож, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулахад 500 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухай дурдсан нь бий. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шаардлагатай байгаа нийт хөрөнгийн 70 орчим хувийг тус салбарт оруулсан боловч одоо хүртэл үндэсний үйлдвэрүүд даралтад орсон хэвээр. Үүнээс хойшид амь аргалах дээрх арга энэ салбарт дунд болон урт хугацаанд дэм болохгүй гэдгийг тодоор харж болохоор байгаа юм.

 

ТӨСӨӨЛӨЛ БА ҮЙЛДВЭРҮҮДИЙН “БИЕИЙН БАЙДАЛ”

 

“Ноолуурын салбарыг 2013-2016 онд хөгжүүлэх төсөл”-ийг УИХ-д олон суудал авсан намаас боловсруулсан. Энэ хөтөлбөр нь тус намын өнгөрсөн сонгуульд барьж босох том “зэвсэг”-ийн нэг байлаа. Ингэхдээ 2012 онтой харьцуулахад улсын хэмжээнд нийт бэлтгэж буй түүхий ноолуурыг 100 хувьд хүргэх, ээрмэл утас 1238 тн-ыг үйлдвэрлэдэг хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх, сүлжмэл утас 1.2 сая ширхэг үйлдвэрлэж байгааг 3.8 сая ширхэгт, найман мянган ажилтантай тус салбарын орон тоог 20 мянга болгох боломжтой гэж үзсэн. Энэ бүхнийг бүрдүүлж, 55 мянган төгрөгөөр бүтээгдэхүүнээ татаж чадахгүй, 20-30 настай үйлдвэрүүдийг хөл дээр нь босгохын тулд “Шинэчлэл”-ийн Засгийн газрын тооцоогоор 500 гаруй тэрбум төгрөг, үүнээс хөнгөлөлттэй зээлээр 243.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Харин энэ цагт манай үйлдвэрүүд Итали, Хятад улсын үйлдвэрлэгчидтэй “Эко” бүтээгдэхүүнээр өрсөлдөх хэмжээнд хүрэх ажээ. Тэгвэл манай улс жилд дунджаар 7000 тонн ноолуур авдаг. Үүнээсээ 300 сая ам.доллар л эдийн засагт ордог гэсэн тооцоо бий. Тэгвэл өвөрмонголчууд жилдээ 2000 тонн ноолуур боловсруулаад, нэг тэрбум 300 сая ам.доллар олдог байх юм. Цөөн үгээр хэлбэл, бид өвөрмонголчуудаас тав дахин их ноолуураас зургаа дахин бага орлого олж байна. Энэ тухай үйлдвэр эрхлэгчид “3-6 дугаар сарын хооронд ноолуур бэлтгэхэд 450-500 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл энэ хэмжээний мөнгө байдаггүй” гэж гомдоллодог. Одоогийн байдлаар манай улсын 120 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж долоон тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж, 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гадагш гаргаж буй юм. Сонирхуулахад Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Д.Цогтгэрэл нэгэнтээ “Монгол Улс самнасан ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд нийлүүлж чадвал багаар бодоход гурван их наяд төгрөг олох бүрэн боломж байгаа” тухай өгүүлж байв.

 

Д.Булган

 
 
“Этүгэн“ их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно
“Этүгэн“ их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.