Хууль бус гэрээний болзошгүй үр дагавар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 10 секунд
Хууль бус гэрээний болзошгүй үр дагавар

Хууль бус гэрээний болзошгүй үр дагавар

 

66686

Тавантолгойгоо алдвал бүхнээ алдна

М.Энхсайхан нарын боловсруулсан гэрээг УИХ-аар хэлэлцэхийн өмнө монгол улсын хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэхийг шалгаж, нягтлах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг:

– Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлаар Засгийн газраас өргөн барьсан Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замыын концессын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх;

– Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх;

– Гэрээ Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх;

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж байгаа эсэх;

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн саналын эрхийг хассан Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах;

– Гэрээ байгуулснаас үүсэх эдийн засгийн үр өгөөж, эерэг болон сөрөг талуудыг дүгнэх зэрэг 14 асуудлыг нягтлан харах үүрэг хүлээв.

УИХ-д ийм ажлын хэсэг байгуулах зайлшгүй хэрэгцээг үүсгэсэн хүчин зүйл нь Тавантолгойн гэрээний асуудлаар монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудыг мөрдөхгүй байхыг тулгасан, (“бар жилийн юмыг мөрдөх хэрэггүй″ г.м), хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэхийг турхирсан үг, яриа төрийн өндөр албан тушаалтнуудаас удаа дараа гарч байгаа явдал юм. Монголын эрх ашгийг бус хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дээдлэсэн байр суурийг УИХ-ын цөөнгүй гишүүд илэрхийлсээр, хууль тогтоомжийг үгүйсгэсээр байгаа нь гэрээний хууль зүйн чадамжийг шалгахаас өөр байдалд эрхгүй хүргэж байна.

Хэрвээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах талтай байгуулах гэрээ М.Энхсайхан болон түүний ард байгаа нам дамнасан “нүүрсчин” бүлгийн хүслээр батлагдвал нийгэм, эдийн засаг, улс төрийн ямар үр дүн гарах вэ? гэдгийг дор бүрнээ шинжиж, таамаглах цаг болжээ.

УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн алба болон төрийн бусад институцид өөрсдийн гар хөлийг тархаан байршуулсан “нүүрсчин бүлэг″ сүүлийн өдрүүдэд амь тавин улайрч, монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүсийг зүхэж, занах, гутаан доромжлох, баримтыг улайм цайм гуйвуулан асар их мөнгө, эрх мэдлээр далайлган тараах, мэдээллийн сувгуудаар өөрсдийнх нь үнэн болит нүүр царайг илчилсэн зүйлсийг гаргуулахгүйг хичээх зэргээр авирласаар байна. “Нүүрсчин бүлгийн” сүүлийн үеийн хуралдаанууд дээр гэрээ батлагдахгүй тохиолдолд цалин мөнгийг тасалдуулах, эдийн засгийг унагаж, элгээр нь хэвтүүлснээр олон нийтийн дургүйцлийг өдөөх, Үндсэн хуулийн бус аргаар Засаглалыг гартаа авах, гэрээг хүч тулган батлуулах боломжуудыг хэлэлцсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.

Ямартай ч KPMG аудит, Мoody’s үнэлгээний агентлаг зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд өртэй, бэлэн мөнгөний хомсдолд орсон болохыг нь дэлхий даяар зарласан компани энэ гэрээг батлуулахаар улайрч буйг мартаж болохгүй.  1,3 тэрбум долларын хойшлуулшгүй өрөнд унаж, хамгаа алдахад хүрээд байгаа бүлэглэлээс ямар ч авир, үйлдэл гарч болзошгүй тул олон бүгдээр сэрэмжтэй байхаас аргагүйд хүрч байх шиг.

Нөхцөл байдлын шинжилгээ

Нам дамнасан “нүүрсчин бүлэг″ хэвлэл мэдээлэлд тэрбум орчим төгрөгийг сүүлийн нэг сарын хугацаанд цацаж, хэзээ ч ил гарч ярилцлага өгдөггүй Ж.Оджаргал гэж хүн өөрийн биеэр айлын хойморт залран “монголын ард түмнийг бүтэн жаргаах” үлгэрээ хүүрнэх болсон зэрэг нь сүүлийн “тулаанд” бэлтгэж, яахаас ч буцахаа больж буйн үндсэн шинж тэмдэг юм.

Энэ бүхний эсрэг хууль журмаа дээдлэдэг улс төрчид хүч дутуу ч сөрөн зогсож байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Гэрээг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдэх Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-д суудалтай бүлгүүд гаргасан. Үүний дагуу Ажлын хэсэгт орох гишүүдийн нэрсийг гурван бүлэг өгсөн. Ер нь бол гэрээ манай хууль тогтоомжуудтай нийцэх ёстой. Хууль тогтоомжуудад нийцэж байж л гэрээ цааш явах учиртай″ хэмээснийг өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой шийдэл хэмээн олон нийт харж байна.

“Нүүрсчин бүлэг″ энэ мэт эрүүл саруул шийдэл, алхмуудыг хэрэгжүүлбэл хүсэл нь биелэхгүйг сайн мэдэж байгаа учир “З.Энхболд ТТ-г хувьдаа авах гэж улайрахдаа ингэж байгаа юм” гэх зэрэг аргаа барсан мэдээлүүдийг ч цацаж үзлээ.

Тэдний олны нийтэд төөрөгдөл үүсэх зорилгоор цацаж буй мэдээллүүдийг шинжихэд илт худал зүйлс асар ихээр байна.  Жишээ нь: 5-8 хувийн роялти төлнө гэж амлаж байна. Гэтэл гэрээн дээр юу гэж бичснийг харвал нүүрсний үнэ 85доллараас бага нөхцөлд 2 хувийн роялти төлнө гэж заасан байх юм. Одоо нүүрсний үнэ 32 доллар орчим байгаа, ойрын хоёр жилдээ өсөхгүй гэдэг олон улсын шинжээчдийн таамаглал буй. 8 хувийг төлөх нөхцөл нь нүүрсний үнэ 210 доллараас дээш гарах тохиолдолд юм. Тэгэхээр энэ бол илтэд хуурч, төөрөгдүүлж байгаа хэрэг. Лавтай ирэх 150 жилд нүүрсний үнэ 210 долларт хүрэхгүй. Оргил үедээ 145 доллар л хүрч байсан түүхтэй юм. “Шилний цаанаас чихэр долоолгох” гэж үүнийг л хэлдэг байх.

Энержи ресурс компанийн захирал Г.Батцэнгэл гэгч Эрдэнэс ТТ ТӨХК-д хандсан илт гүтгэлэгийн шинжтэй зүйлс ярьсан нь түүнийг удахгүй шүүхийн хаалга татахад ч хүргэж мэднэ. Тэрээр Эрдэнэс ТТ Цанхийн уурхайг сорчлох байдлаарх ашиглаж байгаа, удахгүй дампуурна гэсэн хоёр муу мэдээ хэлжээ. Эхний мэдээллийг  Эрдэнэс ТТ ТӨХК эрс үгүйсгэж байгаа бөгөөд энэ нь тэднийг “монгол улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт гүтгэж байгаа явдал юм” гэлээ. Эрдэнэс ТТ ТӨХК гурван жил дараалан ашигтай ажилласан байгаа нь дампуурал хол байгаагийн шинж тэмдэг. Эсрэгээрээ Энержи ресурс дампууралд ойрхон байгааг тэд Эрдэнэс ТТ ТӨХК-д төлөх ёстой 14 тэрбум 360 сая төгрөгийн өрөө төлж чадахгүй мунгинаж байгаа баримт нотлоно.

Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын төлөөлөл, оператор А.Батаа “Манай үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа. Энэ оны эхний улирлын байдлаар нүүрс борлуулалтын хэмжээгээр уул уурхайн компаниудын тэргүүнд яваа. Гэтэл “Энержи ресурс” компани аль зургаан сараас хойш сул зогсолт хийсэн. Тэдний зүгээс олон нийтийг хууран мэхлэх ажиллагаа байнга явуулж, Шадар сайд У.Хүрэлсүхийг Цогтцэций суманд ажиллах үеэр “Энержи ресурс” сул зогсолт хийгээгүй, уурхай нь ажилласаар байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх жүжиг тавьж байлаа. Биднийг хуурч болно. Шадар сайдаа хуурч байгаа компани ямархуу ёс зүйтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа байхгүй юу. Өнөөдөр Шадар сайдыг хуурч, дүр эсгэж байгаа компани маргааш Монголын ард түмнийг “1072 ширхэг хувьцааг чинь олгоно” гэж хуурахад энүүхэнд биз” хэмээн ярьлаа.

Нүүрсчин бүлгийн” зүгээс Ухаахудгийн угаах үйлдвэрийг 1 тэрбум доллараар үнэлэн хөрөнгө оруулалтанд тооцох заалтыг гэрээнд тусгахын зэрэгцээ Засгийн газар болон монголын тал үнэлэгээнийх нь бодитой эсэхийг хянах, шалгах боломжгүй байдлаар шийдвэрлэхийг хүсч буй. Үүнийг нь олж хараад, илчилсэн хүмүүсийг “МТЗ-д хийсэн булхайгаа шалгуулахгүй гэхдээ ингэж байна” хэмээх гүтгэлэгээр буруутгахыг оролдсон. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх МТЗ тай холбогдолтой асуудлаар өөрийгөө шалгуулахад бэлэн байгаагаа АТГ-т мэдэгдснээр тэдний гүтгэлэг намжсан ч 300 сая орчим долларын өртөгтэй нүүрс угаах үйлдвэрээ 1 тэрбумаар үнэлэн шахах сонирхлоо хадгалсаар байна. Хэрвээ Засгийн газарт угаах үйлдвэрийг нь авах хэрэгцээ байгаа бол тэдний тулгасан үнээр бус бирж дээр байгаа хувьцааных нь үнээр авбал 3 дахин хямд тусах юм. Эсвэл тэдний оруулсан хөрөнгө оруулалт бодитой эсэхийг аудит, шинжээчдээр нягтуулах, юуг нь худалдаж авах, юуг нь авахгүй байх эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй байх ёстой.

Гэтэл М.Энхсайхан монголын ард түмний эрх ашгийг хөсөрдүүлсэн заалтуудыг гэрээнд олноор оруулсан байгаа нь гэрээний батлагдах, хэрэгжих нөхцөл байдлыг муутгаж байна.


Болзошгүй үр дагаварууд

Жилд 50 сая тонн нүүрс олборлоход 140 жил монгол улсыг тэжээх хэмжээний аврага ордын ашиглалттай холбоотой гэрээ хэлцлийг байгуулахдаа М.Энхсайхан нар Үндэсний эв нэгдлийг бусниулах, хагарал үүсгэх нөхцлийг санаатай болон санамсаргүй байдлаар бий болгожээ.

Зүй нь ийм том хэмжээний хэлцлийг хийхдээ хатуу зарчим баримтлах ёстой. Энэ нь:

1. Гэрээний үр дүнд монголчууд юу хожихыг Засгийн газрын зүгээс томъёолж, үүнийг үзэл баримтлал болгон хэлэлцээрт тусгах УДИРДАМЖыг боловсруулж хэлэлцээрт монголыг төлөөлөх хүмүүст өгөх ёстой.

2. Удирдамжийн үзэл санааг улс төрийн голлох хүчнүүдтэй зөвшилцөж, тохиролцсон байх ёстой.

3. Удирдамжийн зорилтыг ханган биелүүлэхийн тулд хэлэлцээрт туршлагатай, хөндлөнгийн Зөвлөхүүдийг хөлсөлж, туслалцаа авах ёстой.

Гэтэл сайд М.Энхсайхан заавал баримтлах ёстой дээрхи зарчмуудыг үл хэрэгсэн, хэлэлцээрийг өөрийн дур зоргоор хөтлөн явуулсан нь ноцтой үр дүнд хүргэхээр байна.

Улс төрийн голлох хүчнүүдийн зөвшилцөлгүйгээр тийм том хэмжээний хэлцэл урт насгүй юм. Монголын ард түмэнд ашигтай, хожоотой байдлыг үүсгэх үзэл баримтлал, удирдамжгүй, туршлагатай зөвлөхгүйгээр явуулж байгаа хэлэлцээр нь засаж, залруулах боломжгүй үр дагаварт хүргэх нь тодорхой. М.Энхсайханы эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлж болзошгүй зүйл заалтыг олноор тусган байгуулах гэж байгаа гэрээ батлагдвал талцал, нийгмийн эсэргүүцлийг өдөөж, энэ нь иргэний дайнд ч хүргэж мэдэх аюултай юм. Одоогоор талцал үүсч, маргаан ширүүсч эхлэж байна. Даамжирвал хэрүүл, зодоон, үймээнд хүргэх магадлал бэлээхэн буй. 2008 оны 7 сарын 1-ний гашуун түүх давтагдвал яах билээ.

Олигархиуд, авлигаар төрийн өндөр албан тушаалтнуудыг угжигчдын эрх ашигт Тавантолгойн гэрээг зохицуулан батлабаас монгол улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх зэрэг үнэт зүйлс бүгд булшлагдаж баян, хоосны ялгаа туйлдаа хүрч, сонгууль утгаа алдах эрсдэл монголыг отож байна. Орд газраас асар их хэмжээний ашиг хүртэх нам дамнасан “нүүрсчин бүлэг″ сонгуулийг бүхэлд нь худалдаж авч чадах хэмжээний боломжийг энэ гэрээ батлагдваас олж авах юм. Ингэснээр өөрийн гар хөл бологсдоор УИХ-ыг дүүргэх, Засгийн газрыг бүрдүүлэх, Ерөнхийлөгчийг чиглүүлэх зэргээр нөлөөллөө тогтоон цөөнхийн Засаглалыг урт, удаан хугацаанд тогтоон барихыг чармайх болно. Энэ нь улс орныг иргэний дайнд түлхэн оруулах үндсэн нөхцөл болж, ужиграсан самуун, үймээн дэгдэж, эмх замбараагүй байдал ноёлно. Улмаар гадаадын худалдан авагчдын нөлөөлөлд засаглал, улс төр нь шилжнэ. Энэ бол сүрдүүлэг бус Африкийн олон оронд туршигдсан, хэрэгжсэн сценарио юм.

Ийм үр дагаварт хүрч болзошгүйг нотлох тоог гэрээнээс олноор нь тодруулж болох ч ганцханыг дурдъя. Төслийн компани урьдчилсан тооцоогоор 30 жилд 2,9 тэрбум долларыг Монгол улсад өгнө гэжээ. Энержи ресурс компани гэрээний тооцоондоо өгөх мөнгөө л ачирхаж дурдаад байхаас бус өөрсдийнхөө авах мөнгийг огт дурдахгүй байгаа нь учиртай. Монголд өгөх мөнгөнийх нь хэмжээнээс баримжаалж тооцоолоход тэд 30 жилд 24 тэрбум 490  сая долларыг монголын баялгаас олох ажээ. З0 жилийн туршид 3 сая хүнд 2,9 тэрбум доллар(жилд нэг иргэнд 32,2 доллар оногдох нь) өгсөн болчихоод “нүүрсчин бүлгийн” 10 гаруй хүн өөрсдөө 24 тэрбум 490  сая доллар(нэг олигархи жилд 82 сая доллар) цуслах төлөвлөгөөг ард түмэн дэмжих үү?

Одоогоор Эрдэнэс ТТ ТӨХК гэхэд л жилдээ 8 сая долларын цэвэр ашгийг үйл ажиллагаанаасаа олчихоод байхад яагаад бид хамгийн том ордоо гадныханд өгөөд 1 сая хүрэхгүй доллар авах ёстой нь огтоос ойлгогдохгүй байгаа юм.

Ганц энэ тооноос л дүгнэхэд монголчууд бид Тавантолгойгоо алдвал бүхнээ алдах нь улам бүр тодорхой болж байна. Монголчууд бүгдээрээ хожигдох ийм гэрээг хэрхэвч батлаж болохгүй.

Монголчууд хожих ёстой, Монгол ялна !

Эх сурвалж: ТОЙМ СЭТГҮҮЛ 

Залруулга
Залруулга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.