Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 13 секунд
Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН

Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН

Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай цаг үед тулж ирчихээд байна. Энэ сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь АН байх учиртай. Харамсалтай нь, энэ нам цаашид оршин тогтнох эсэх нь улам бүр эргэлзээ дагуулж эхэлсэн. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдпийг улс төрийн нам хэмээн тодорхойлдог. Гэвч АН-ынханд засгийн эрхийн төлөөх том зорилго байтугай эв нэгдэл харагдахаа болиод удлаа. Тэр бүү хэл, ард түмний сонголтыг үл хүндэтгэж эхэлсэн үү гэлтэй УИХ дахь бүлэг нь “унтаа” байдалд орсныг хэн хүнгүй харж байна. Хэдийгээр АН засаглаж чаддаггүйг ард түмэн хангалттай харж, дүгнэсэн ч УИХ-д бүлэг байгуулах хэмжээний сонголтыг хийж, итгэл хүлээлгэсэн. Гэвч тэдний өнөөгийн байгаа байдлыг “АН сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзжээ” гэж дүгнэж болохоор байна. Тэдний ялагдлын түүх сүүлийн жилүүдэд үнэмлэхүй зузаарсан байдаг.
2012-2016 онд Засгийн эрхийг барьсан ч эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэдийн амьдрал тэг заахад хүргэсэн хар түүхтэйгээр УИХ-ын ээлжит сонгуульд орсон. Үүнээс хойш УИХ-ын хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН өнгөрсөн онд болж өнгөрсөн Орон нутгийн сонгуульд ч гавьтай үр дүн үзүүлээгүй. Ийнхүү дараалсан ялагдлын шокноосоо гарч чадаагүй АН дотроо хагаралдаж, эцэстээ улс төрийн тавцангаас арчигдахдаа хүрсэн нь хоёр дарга, хоёр тамгатай болсон явдал. Тодруулбал, УИХ-ын 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж, намынхаа тамга, тэмдгийг Ц.Туваанд гардуулан өгснөөр хагас жилийн хугацаанд улс төрөөс хөндийрсөн. Харамсалтай нь, энэ хугацаанд “түр дарга” АН-ыг нэг хүний халаасанд багтаах ажлыг гардан гүйцэтгэсэн нь тодорхой болсноор С.Эрдэнэ эргэж ирээд байна.
 
 
 
Түүний хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихийн тулд Ц.Тувааныг өөрийн “бууны нохой" болгосон бөгөөд намын дүрмийг өөрчлөх замаар далд санаагаа гүйцэлдүүлэхээр зэхэж байсан учраас эргэж ирсэн гэх. Энэ асуудал өнөөдөр ч эцэс болоогүй төдийгүй Ц.Туваан, С.Эрдэнэ нарын аль аль нь өөрийгөө АН-ын дарга хэмээж буй.
 
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө гуравхан сарын хугацаа үлдсэн. Түүнээс өмнө АН-ынхан нэг талдаа гарч, нэг зүгт харах эсэх нь эргэлзээтэй учраас энэ сэдвийг орхиё.
 
АН "ГЭРИЙН" ХЭРҮҮЛЭЭ ТӨРИЙНХ БОЛГОДОГ МУУ ЗУРШИЛТАЙ
 
Харин АН ямар дүр төрх, имижтэй байх эсэхэд УИХ дахь бүлэг нь асар том үүрэгтэй гэдгийг мартсан бололтой. Ерөөсөө Монголын улс төрд, тэр дундаа АН-ын түүхэнд энэ удаагийнх шиг “амьгүй” бүлэг байсангүй. Энэ бол ганц миний бус АН-ынхны өөрсдийнх нь хийж буй дүгнэлт. Энэ тухайд хэн, юу хэлснийг хамтдаа харъя.Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуульд маш муу үр дүнтэй оролцож байгаа атлаа дотооддоо ямар ч шинэчлэл хийхгүй явж ирсэнд АН-ын жирийн гишүүд төдийгүй өндөр албан тушаал хашиж, нэгэн цагт энэ намын нүүр царай болж явсан эрхмүүд ч сэтгэл гонсгор байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа юм. Тэдний нэг нь Э.Бат-Үүл. Тэрбээр АН-ын бүлгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдгаа олон нийтийн сүлжээнд саяхан илэрхийлсэн юм. Тодруулбал, тэрбээр “Манай намын залуус улс төрийг арилжаа наймаа болгодог болсон үеэс АН бусад намын дагуул болсон. Монгол Ардын Намд сөрөг хүчин болох биш дотроо улс төр тоглоод л. УИХ дахь бүхэл бүтэн бүлэг нь ганц Т.Доржханд гишүүнтэй тэнцэхгүй байна, хэзээ ч ийм арчаагүй байсангүй” хэмээн хатуухан шүүмжлээд авсан. Үнэхээр ч УИХ-д сөрөг хүчний орон зай дутаж байгааг ард түмэн харж буй. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат гишүүн ажилладаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Н.Ганибал нар харьяатай. Өөрсдөд нь итгэл хүлээлгэсэн иргэдийг төрд төлөөлөх учиртайгаа мартаж болохгүйг тэдэнд сануулах нь зүйтэй болов уу.
 
 
 
Ардчилагчид эв нэгдэлгүй болсны том бөгөөд тод жишээгээр УИХ дахь бүлгийг нь нэрлэж болно. Тэд УИХ-д хувийн тоглолт хийж, хувь улстөрчийнхөө хувьд яаж тодрохоо илүүд үздэг болохоос эвлэн нэгдсэнийг нь олж үзэлгүй байсаар жил орчмын нүүрийг үзэж байна. Угтаа улс төрийн нам УИХ-д бүлэгтэй байна гэдэг том боломж.
 
 
 
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн ашиг сонирхолдоо АН-ын бүлгийг ашиглаж байгаа бол бусад гишүүн нь тамга тэмдэг, даргын суудлын төлөө хэмлэлдсээр энэ намыг үгүй хийхдээ хүрчихээд байна. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө том эрх ашиг, амбийц ярих нь бүү хэл жирийн гишүүд нь хэний талд орохоо, хэнийг дэмжих эсвэл буруутгахаа ч мэдэхээ байчихаад байна. Ийм нөхцөлд ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН-ынхан нэг гарт төвлөрч, сонгуульд өрсөлдөгч болно гэдэг бараг л бүтэхгүй зүйл. Бүтлээ ч тэд “гэрийн” хэрүүлээ төрийнх болгож мэдэх учраас ард түмэн итгэл хүлээлгэхээс айж байгаа нь гарцаагүй. Тэдэнд ийм муу зуршил бий. Энэ тухайд маш олон баримт үлдсэн байдаг.
Хэдийгээр бодит нөхцөл байдал ийм ч эргэн ирсэн С.Эрдэнэ дарга АН-ыг эмх цэгцэд нь оруулахаар зүтгэж эхэлсэн. Одоогийн байдлаар тус намынхан энэ сарын 23-нд хуралдсанаар орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нийслэл, аймаг, дүүргийн АН буюу дунд шатны дарга нарыг өөрчилж, дараагийн даргыг сонгохоор маргаашнаас бүртгэл эхлүүлэхээ мэдэгдээд байна. Ингэснээр ирэх сарын 16-ны өдрийг хүртэл санал хураах бөгөөд намын дараагийн даргыг сонгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн С.Эрдэнэ ирснийхээ дараа АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурлыг хуралдуулснаар гурван ч дэд даргыг сонгосон. Тодруулбал, Үндэсний бодлогын хорооны ээлжит бус 17 дугаар хуралдаанаар цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсний дотор намын дэд даргын асуудлыг багтаасан. Ингэснээр Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарыг томилсон бөгөөд Үндсэн дүрмийн хороондоо ч сэлгээ хийсэн. Мөн намын даргын сунгааг эхлүүлж, дараагийн намын дарга томилогдох хүртэл С.Эрдэнэ АН-ын албан ёсны дарга хэвээр байна гэдгээ ч мэдэгдээд байгаа билээ. Ямартай ч ирэх сарын 16-нд АН-ын дараагийн даргаар хэн ажиллах нь тодорхой болно. Үүний дараагаар буюу ирэх тавдугаар сарын 2-нд АН-ын 10 дугаар Их хурлыг хуралдуулахаар тов тогтоосон. Тус хуралдаанаар АН-ын дараагийн даргыг батламжлахаас гадна АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм. Гэхдээ энэ бүх процесс хэрүүл тэмцэлгүй үргэлжлэх эсэх эргэлзээтэй. Учир нь, нөгөө талд “Би АН-ын жинхэнэ дарга, надад тамга, тэмдэг бий” хэмээн зүтгэсээр суугаа хэсэг бүлэг байгааг мартаж болохгүй. Тэд Их хурал, намын даргын сонгон шалгаруулалтыг эсэргүүцэж гэмээнэ АН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тойрохоо зуруулахыг үгүйсгэхгүй. Ямартай ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай Монгол Ардын Нам, АН-аас гадна Хөдөлмөрийн үндэсний нам, МАХН-аас хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй байгаа юм. 
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Чөлөөт бүс гацаанаас гарч эхэллээ
Чөлөөт бүс гацаанаас гарч эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.