Авлигатай тэмцэх газраас 2016 онд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд судалгааны багууд, хөндлөнгийн шинжээчдийн хийсэн удаа дараагийн судалгааны дүнгээр авлигад өртөмтгий салбарт тооцогдох эрүүл мэнд, боловсрол, гааль, барилга, уул уурхайн салбаруудад авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар тус байгууллагын боловсруулсан "Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах" олон улсын аргачлалыг ашиглан "Хараат бус судалгааны хүрээлэн" (IRIM)-гээс явуулсан хайгуулын, ашиглалтын өмнөх, ашиглалтын, хаалтын үе шатууд дахь авлигын эрсдлийг тодорхойлох судалгааны дүнг уул уурхайн салбарын хүрээний төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн түвшинд танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Судалгааны дөрвөн үе шат бүрт шийдвэр гаргах ажиллагаанд оролцож буй яам, агентлаг, орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн компаниудын төлөөллийн дунд ярилцлага хийж, холбогдох салбарын эрх зүйн орчинг судлан үзжээ. Судлагдсан үе шат бүрт авлигын эрсдэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар дүгнэлт гаргасан байна.
Уг судалгааны дүнд үндэслэн уул уурхайн авлигын эрсдлийг бууруулах зорилгоор авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар хамтран ажиллаж, орон нутгийн түвшинд уул уурхайн чиглэлээр зорилтот аймаг, сумдын /Өмнөговь, Сэлэнгэ/ түвшинд мэдээлэл, судалгаа явуулахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах үүрэгтэй оролцлоо.
Ийнхүү хэлэлцүүлснээр тухайн салбарыг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эрсдлийг бодитой бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, улмаар уул уурхайн салбарын нөхцөл байдлыг сайжруулах үр дүнтэй арга хэмжээг Авлигатай тэмцэх газраас авч хэрэгжүүлэх юм.