Цахим хөгжлийн багц хуулиудыг эцэслэн хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 33 секунд
Цахим хөгжлийн багц хуулиудыг эцэслэн хэлэлцлээ

Цахим хөгжлийн багц хуулиудыг эцэслэн хэлэлцлээ

Өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Цахим гарын үсгийн тухай” хуулийн төслүүд болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Засгийн газраас энэ оны 5,6 дугаар саруудад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тус хуулийн төслүүдийн Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ахлан ажилласан бөгөөд Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороод хамтран хэлэлцсэн юм.

Монгол улс цахим шилжилтийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх талаар онцгой анхааран “И-Монголиа” төрийн үйлчилгээний системийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Одоогоор тус системээс Төрийн үйлчилгээний 839 үйлчилгээг шууд цахимаар авах боломжтой болсон бөгөөд үүнийг цааш хөгжүүлэх хууль, эрх зүйн орчин ийнхүү бүрдэж байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал: “Эдгээр хуулиуд нь цогцоороо бие биенээ харилцан нөхцөлдүүлэх учиртай. Том зургаар нь харвал цаашдын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүхий л асуудлыг шийдвэрлэхийг зорьсон хуулиуд. Түүгээр ч зогсохгүй хууль тус бүрийн бие даан нийгэмд үзүүлэх нөлөө асар их. Жишээ нь, Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар нийт 5 чиглэлийн 67 мэдээллийг байнгын нээлттэй байлгахаар тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл уулын аманд хэн газар эзэмшиж байна? Ашигт малтмалын лиценз хэн эзэмшиж байна? Барилга байгууламж, замын бүтээн байгуулалтын ажлыг улсын комисст хүлээж авахад хэн хэн гэж хүмүүс хүлээж авсан зэрэг 67 төрлийн мэдээлэл нийтэд нээлттэй болж байгаа” гэлээ.

Түүнчлэн Хүний хувийн мэдээллийн тухай хуулиар мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг Мэдээлэл хариуцагч этгээд буюу тухайн иргэнээс мэдээллийг нь авч цуглуулж байгаа этгээд бие даан хариуцахаар тусгасан нь хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн хувийн мэдээлэл илүү баталгаатай, аюулгүй байх боломж бүрдэж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал онцоллоо.

Эдгээр хуулиудыг харилцан нөхцөлдүүлэх, цаашлаад иргэд зайнаас төрөл бүрийн төрийн үйлчилгээг авах, банкаар үйлчлүүлэх, эмнэлэгт цаг авах зэрэгт өөрийгөө баталгаажуулах, таниулах шаардлага тулгардаг. Түүнчлэн бүх зүйл цахимжиж буй өнөө үед тухайн иргэн өөрийгөө баталгаажуулах цахим гарын үсгийн хэрэглээ туйлаас чухал байна. “Цахим гарын үсгийн тухай хууль” батлагдсанаар Монгол улсын иргэн бүрийн иргэний цахим үнэмлэх дээр суурьлан үнэ төлбөргүй олгох аж.

Юутай ч энэ парламентын, энэ намрын чуулганы хамгийн чухал хуулиуд болох “Цахим хөгжлийн багц хуулиуд” гэж нэрлээд буй хуулиуд эхнээсээ батлагдан гарч байна.

60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.