АЛБАНДАА ИТГЭХ ИТГЭЛИЙГ МИНЬ ҮЛДЭЭГЭЭЧ !
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 25 секунд
АЛБАНДАА ИТГЭХ ИТГЭЛИЙГ МИНЬ ҮЛДЭЭГЭЭЧ !

АЛБАНДАА ИТГЭХ ИТГЭЛИЙГ МИНЬ ҮЛДЭЭГЭЭЧ !

Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжилд шүүхээс гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй этгээдийг засч хүмүүжүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцаж ирсэн урьдын Засан хүмүүжүүлэх хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага, өнөөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Социалист нийгмийн үед зөвхөн хорих ял эдлүүлэх ажиллагааг гүйцэтгэж ирсэн тус байгууллага өнөөдөр эрүү, иргэн, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажиллагааг гардан гүйцэтгэгч Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон өргөжиж, улсын хэмжээнд бүх аймаг, зарим сумдад 50 гаруй салбар нэгж бүхий 3000 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ байгууллагын ажлын хүнд хэцүү алба, ажлын ачаалал нь зөвхөн жилд 8000 гаруй гэмт хэрэг үйлдсэн хоригдолыг ял эдлүүлэх, хэдэн зуун тэрбум төгрөгний өр төлбөр барагдуулж буй тоо баримтаас шууд харагдаж байгаа байх.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд амь бөхтэй оршиж буй төрийн албаны тогтворгүй байдал, нам, танил тал харсан томилгоо, мэргэжлийн бус албан хаагчдаар мэргэжлийн алба бүрдүүлэх явдал энэ байгууллагыг ч мөн адил тойрсонгүй ээ.

Зөвхөн нэг жишээ дурдахад 2000 он гарснаас хойш уг байгууллагын дарга буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар 8 хүн томилогдсоноос нэг нь л тус байгууллагад ажиллаж байсан алба хаагч байх юм.

Уг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь тусдаа онол-практиктай, заавал тухайн салбараар мэргэшсэн байхыг шаарддаг гэж бодож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга ньшүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих гэх мэт үндсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ” гэжээ. Эндээс тухайн албан тушаалд байгууллагынхаа үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах мэдлэг, туршлага, ур чадвартай хүн шаардлагатайг төвөггүй харж болох юм.

Харин хуульд тусгагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нар нь цэргийн дээд цолтой байна гэсэн заалтын хүрээнд тухайн цолыг авах гэсэн дур сонирхолтой эсхүл улс төрийн аль нэг бүлэглэлд харьяалагдаж албан тушаалын бялуу хүртэх гэсэн мэргэшсэн бус, салбарын бус бүлэг хүмүүсийн тэмцэл өрнөдөг талбар болжээ.

Өөр байгууллагын хүн тухайн албанд томилогдсоноор хүний нөөцийн тогтворгүй байдал бий болж  /жилд нийт алба хаагчдын 3/1 буюу гурван алба хаагчийн нэг нь халагдах, шилжих, тэтгэвэрт гарах, албан тушаалаас чөлөөлөгдөх, буурсан гэсэн албан бус тоо баримт байна/ албаны үйл ажиллагаа доголдох үйл явц үүсч байна. Тухайлбал тус байгууллагын алба хаагчдын хөдөлгөөн Цагдаагийн байгууллагынхаас 2 дахин, онцгой байдлын байгууллагынхаас 3 дахин өндөр байгааг судалж үзвэл төвөггүй мэдэх болно.

100 орчим жилийн түүхтэй тус байгууллагад төрийн албаны шатлан дэвших, урамшууллын зарчим алдагдсанаар ид хийж бүтээх 40  гаран насны залуус цэргийн байнгын тэтгэвэртээ гарч гадаад оронд боолын хөдөлмөр эрхэлж, байгууллагын үнэт зүйл буюу туршлага, ур чадвар, албандаа итгэх итгэл, ажил мэргэжлийн бахархал нийт бие бүрэлдэхүүний дунд алдагдаж байна. Нөгөө талаас гадны байгууллагаас ирж томилогдсон дарга, удирдлагууд тус байгууллагын түүх соёл, үнэт зүйл, эрх зүйн орчин, онцлогийг мэдэхгүйгээсээ алдаатай, нөхцөл байдалтай үл тохирох шийдвэр гаргах нь олон. Энэ нь байгууллагын хөгжил, үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж алба хаагчдын ажлын урам зориг, албандаа итгэх итгэлийг ихээхэн алдагдуулдаг. Нэг л жишээ хэлэхэд бялуу хүртэхээр ирсэн даргыг дагалдан сүрэг хүмүүс /даргын танил тал, хамаатан садан, нууц амраг/ тус байгууллагад шингэх ба эдгээр нь ихэвчлэн төв аппаратад томилогддог. Нэгжид ажиллаж үзээгүй, байгууллагын хүнд хүчир ажилтай хутгалдаагүй цагаан гартнууд төв аппаратад шигдэцгээж, жинхэнэ галын шугамд ажиллаж буй үндсэн алба хаагчдын урам зориг мохож байна. Мөн даргын нууц амраг дэслэгчээс хурандаа болж офицерын бүх цолыг ганцхан жилийн дотор хамж байв. Цэргийн цолны нэр хүнд тус байгууллагад унаж байгаа нь энэ мэт явдалтай ч холбоотой.

Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад дүрэм журмыг уншиж судлахад уг байгууллагын даргад салбарын хүнийг томилох ба салбар гэдгийг хэрхэн ойлгох сайд, дарга нарын ойлголт ард түмнийхээс өөр бололтой. Өөрөөр хэлбэл хууль сахиулах бүх байгууллагыг нэг салбар гэж ойлгон шийдвэр гаргадаг. Харин жирийн иргэд, алба хаагчид тухайн байгууллагыг системээр нь салбар гэж ойлгодог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүхлээрээ хууль зүйн албаны нэг салбар юм.

Уг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хар нялхаасаа зүтгэж доод тал нь 20 гаруй жил ажилласан, хатуу хүнд ажлыг нь нугалж, хянагч, ээлжийн дарга, шийдвэр гүйцэтгэгчээс авахуулаад доод, дунд бүх төвшний албан тушаалыг нь хашиж үзсэн, ажлын онцлог, албан хаагчдаа ойлгож мэдэрсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг тус байгууллагын удирдлагаар томилмоор байгаа юм.

3000 гаруй алба хаагчид дотор байгууллагаа удирдах чадвартай, туршлагатай хүн байхгүй гэвэл төрийн сүр сүлд, байгууллагын буян заяа гомдох буйзаа.

Системийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, одоо ажиллаж байгаа сайн удирдагчид тус байгууллагад олон бий. Тухайлбал Д.Дамдинцэрэн, Б.Амардорж, Ж.Энхтайван, А.Намсаманд гээд олон хүний нэрс хөвөрнө. Эдгээрийн дотроос байгууллагынхаа бүх төвшинд ажиллаж салбараа бүрэн мэдэрсэн, системийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол яах араггүй Д.Дамдинцэрэн хурандаа гэдгийг ихэнх албан хаагчид нь ярьдаг юм билээ. Тэд ийм л удирдагчийг хүлээн зөвшөөрөх бизээ.

Даанч генерал цол мөрөөдөгчид, бялуу хүртэх улс төрийн бүлэглэлийн гар хөл бологсод тус байгууллагын дотроос дарга томилуулахыг жадлан эсэргүүцэж, шийдвэр гаргагчдад нөлөөлөх зорилгоор цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгат мэдээ, нийтлэл гаргаж дээрх хүмүүсийг гүжирдэн гүтгэх, нэр төрийг нь харлуулах явдал сүүлийн үед идэвхжиж эхэллээ.

Өөрсдийн эрх ашиг, томилгооны асуудалд үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрхээ мөрдөсөөрөө хаалгасан тус байгууллагын алба хаагчид үнэхээр өрөвдөлтэй. Тэдэнд сайн ажиллавал карьер хөөх, албан тушаал дэвших, цол нэмэх шударга боломж бий гэсэн албандаа итгэх итгэлийг нь үлдээхийг шийдвэр гаргагчдаас хүсье.

Төр төвшин, түмэн олон амгалан болтугай.

 

 

Т.МӨНХ-ХАРУУЛ

Улаанбаатар хотын хэмжээнд зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллахыг үүрэг болгов
Улаанбаатар хотын хэмжээнд зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллахыг үүрэг болгов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.