Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 0 секунд
Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов

Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо, судалгаа хийж, авах арга хэмжээний санал боловсруулах юм.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн цаашид ямар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл ашигтай вэ гэдгийг судалжээ. Цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт өндөр боловч удаан хугацаандаа ашигтай гарсан байна.

Өдгөө нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ. Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор такси тээврийн үйлчилгээг хөгжүүлж, менежментийг сайжруулах болон гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрээр нийтийн тээврийн автобусны паркийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, НИТХ-д танилцуулахаар боллоо. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 25-ны дотор багтаан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Нийтийн тээврийн шинэчлэлээр орж ирэх цахилгаан болон дизель хөдөлгүүртэй автобусын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах захирамж гарна

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерийн хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх автобус камертай ч онлайнд холбогддоггүй. Ингэснээр жолооч үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бэлэн мөнгө авч байгаа эсэх, тамхи татаж байгаа зэргийг хянах боломжтойгоос гадна төлбөр шалгагч ажиллах шаардлагагүй болно. Богино эргэлт хийснээр чиглэлийн урт 25 хувиар богиносож, давхцал 30 хувиар буурч, автобус хүлээх хугацаа 5-8 минут болно” гэв.

Түүнчлэн нийтийн тээрийн орлого буурахад төлбөрийн олон сонголтгүй, бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй болсон зэрэг нь нөлөөлж, нийслэлийн төсөвт орох орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэсэн судалгаа гарчээ. Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна. Мөн автобусны буудлаа шинэчлэх шаардлага бий болсон.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай саналыг зарчмын хувьд дэмжиж, редакцын засвартайгаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болов.

Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн чиглэлийн үйлдвэр байгуулахыг дэмжив

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн 82 цэцэрлэг, 14 сургуулийн, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 71 цэцэрлэг, найман сургуулийн хүнс хангамжийг хариуцдаг. Автомашины түгжрэл болон түгээлтийн автомашины хүрэлцээ, мөн сургууль, цэцэрлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Үүнтэй холбоотойгоор “Хан-Уул хүнс хангамж”, “Чингэлтэй хүнс хангамж” ОНӨААТҮГ байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа танилцууллаа. Эхний удаад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бөгөөд цаашид сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд төсвөөс хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой аж.

Зөвлөлийн гишүүд нэрийг өөрчлөх, зөвхөн нэг дүүргээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналыг гаргаж байв.

Энэ үеэр Хотын дарга хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулахаас аргагүй. Харин ашиггүй, шаардлагагүй өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгаж, нэгтгэхийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд үүрэг болголоо.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан, баталгаатай, чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах ОНӨААТҮГ-ыг байгуулахыг үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Д.Дулмаа:Хүүхдэд Д витамины илүүдэл маш аюултай, эргээд эмчлэх боломж маш хэцүү
Д.Дулмаа:Хүүхдэд Д витамины илүүдэл маш аюултай, эргээд эмчлэх боломж маш хэцүү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.