Ой мод хүчилтөрөгчийн үйлдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 19 секунд
Ой мод хүчилтөрөгчийн үйлдвэр

Ой мод хүчилтөрөгчийн үйлдвэр

 

Ойн дагалдах баялагт мод орохгүй хэмээн ярих болов. Учир нь мод баялаг бус мод юм байх. Бас тарьж, ургуулж, тайрч болдог гэнэ. Зах зээлийн үнэлгээгээр нь тооцвол биш гэж үзэж болох ч хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангадаг, дэлхийн хуурай газрын амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин болдог гэж үзвэл хамгаалахаас аргагүй үнэт зүйл юм. Харин манай улсын хувьд ой мод бус алт бүхнээс чухал зүйлд тооцогддогийг бид мэднэ. Хамгийн захын жишээ гэхэд Гацууртын ордыг ашиглахаар болсон нь үүний тод томруун жишээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд ой мод бус алт хамгийн үнэтэй байгаа тул ойг устгах нь нэр төрийн хэрэг болсон байдаг. Ой гэдэгт зөвхөн мод бус тэнд ургаж, амьдарч буй ан амьтад, ургамалын аймаг, хөвд цаашилбал гүний усны төвшинг тогтоон баригч цэвдэг гээд олон хүчин зүйл багтдаг. Харин энэ бүхнийг алт хэмээх зүйлийн төлөө устгаж байгаа нь үнэн билээ.
 

Ой модны түүх
 

 Хүн төрөлхтөн өөрсдийн үүслийг эрж хайсаар олон зуун жил болж байна. Энэ нь бид юунаас үүсэв, бидний түүх хаанаас эхлэв гэсэн асуултад хариулт олох гэсэн эрэл хайгуул. Хэрэв ой модыг хүн гэж үзвэл бас л өөрийн гэсэн үүсэл гарал, үүх түүхтэй байж таарна. Анхны ой ойролцоогоор 350- 280 сая жилийн тэртээ үүсч бий болсон гэж үздэг. Харин навчит модод болох эвэр мод, бургас, царс, нүргэс барагцаалбал 60 сая жилийн өмнөөс л үүсчээ. Дэлхий дээр 100 000 зүйлийн мод, бут байдгаас манай улсын ойн сан 140 гаруй зүйлийн мод сөөгөөс бүрдэнэ. Ой модны хамгийн үнэт зүйл бол хөвд. Хөвдийн ач тус нь маш их бөгөөд ус чийгийг нэгэн хэмд барьж, мөнх цэвдгийг гэсэлтээс хамгаалахаас гадна ойн дулаан, чийгийн тэнцлийг хадгалснаар модны ургах нөхцлийг хангадаг бөгөөд түүнийг хамгаалах нь ойг хамгаалж буй хэрэг юм. Өнөөдөр бидний оршин буй дэлхий ертөнцийн хуурай газрын 31 хувийг ой эзэлдэг бөгөөд энэ нь тэрбум гаруй га газрыг хамардаг. Ойг бүрдүүлж буй мод бүхэн өөр, өөрийн гэсэн онцлогтой. Одоо хавар болж байна. Энэ үеэр хусны шүүс уухаар ойг зоригсод элбэгшдэг. Хус нь тавдугаар сарын эхээс дунд хүртлэх хугацаанд өөрийн бүтэн жилийнхээ идэш тэжээлийг нөөцөлдөг байна. Гэтэл энэ хугацаанд хусны шүүсийг эрүүл мэндэд тустай хэмээн хальсыг нь хуулан шүүсийг уух нь элбэгшсэн. Үүнтэй тэмцэх явдал ор нэрийн төдий байсаар байна. Хэдийгээр хусны шүүс нь хүний биед тустай боловч илүүдэл шингэн биш бөгөөд өөрийнхөө ургалтад хэрэглэдэг амин чухал шаардлагатай “цус” нь юм.
 

Ой модны бас нэгэн энгийн боловч ойг бүрэлдэхэд чухал үүрэгт ургамлын нэг бол хөвд. Хөвдийг хамгаална гэдэг нь ойг хамгаалж буй хэрэг юм. Гэтэл иргэд хөвдийг дүнзэн байшин барихад дулаалгын зориулалтаар их хэмжээгээр ашиглах, ахуйн зориулалтаар хэрэглэх нь ихэссэний улмаас хэмжээгээр багасах болов. Ой модны талаар 2000 оноос хойшхи дүн мэдээг үзвэл анхдагч ойгоос 40 сая га нь аж үйлдвэрийн хөгжлийн шаардлагаар хэрэглэгдэн устсан байна. Дэлхий даяар өдөрт модны130 зүйл устаж байгаа нь байгалийн өөрийн хуулиас 1000 дахин илүү хурдтай байгаа юм. Дэлхийн бүх ойн нөөцийн 53 хувь нь Бразиль, Хятад, Канад, ОХУ, АНУ зэрэг тавхан оронд ногддог байна. Харин манай орны ойн сан 18,0 сая га хүрэхгүй шахам бөгөөд ой модоор бүрхэгдсэн нийт талбай нь 12,9 сая га буюу нутаг дэвсгэрийн найм хүрэхгүй хувийг эзэлдэг. Энэ нь ойн нөөцөөр хомс орны тоонд орно гэсэн үг. Хэдийгээр манай улсын ой бага талбай эзэлдэг ч дэлхийн ундны цэвэр усны хагалбар газарт оршдог гэдгээрээ онцлог. Ойн сан бүхий газар нутгаас Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрнүүд эх авч урсдаг бөгөөд хэрэв уул уурхай болон модны зүй бус ашиглалт өнөөдрийн байдлаар үргэлжлэх аваас 10 жилийн дараа ойгүй болж, цэвэр усны хомсдолд орох аюул нүүрлэнэ.
 

Модны хулгай
 

Шөнийн харанхуйд машины бүдэг гэрэл нарийн жим даган харанхуйг зүсэн урагшилна. Машин техник улам боловсронгуй, хүчтэй болох тусам ой модны хувь заяа улам л эрсдэлд орох болов. Хөвсгөл, Завхан, Увсын зүүн сумд, Хэнтий, Дорнодоос дүнзэн байшин, банз, элдэв зориулалтаар ашиглах мод нийслэл рүү хулгайгаар орж ирсээр. Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл тодорхой тоо хэмжээтэйгээр олгодог ч энэ нь дам дамаа мөнгө олох чухал хэрэгсэл болж хувирдаг. Байгаль орчны эрх мэдэлтнээс мод бэлтгэх зөвшөөрөл буюу гоожин авахын тулд маш сайн таньдаг байх хэрэгтэй. Мэдээж гарт нь ил, далд хэлбэрээр хэдэн төгрөг атгуулна. Наанаас нь харахад хууль ёсны дагуу мэт ч угыг нь ухаад үзвэл асуудал их байдаг гэх. Дараагийн хувиарлалт нь мод хулгайгаар бэлтгэж, зах зээл рүү тээвэрлэгсэд байдаг. Тэдний хувьд гоожингийн хамгийн эцсийн үнэлгээг өгдөг. Тэд анхны нэрлэсэн үнээс нь дөрвөөс тав нугарсан ханштайгаар авах тул нэг зөвшөөрлийн бичгээр дөрвөөс тав дахин илүү мод бэлтгэж зах зээлд нийлүүлж байж ашиг олдог. Үүнийг бид дээрээ ч, доороо ч бүгд мэднэ. Гэвч энэ байдал олон жил үргэлжлэлээ. Үүнийг хэрхэн засах, хэв гольдролд нь оруулах талаар дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнөөдрийг хүрэв. Ой мод руу хулгайгаар зоригсод хялбар аргаар мөнгө олох, газрын баялгийг хулгайгаар ашиг лан хөлжихийг санаархагсад бай- даг. Хуулиа улам чангалж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хийх хяналт шалгалт чангарах тусам тэдний арга улам бүр нарийссаар байна. Ачааны машины тэвшийг өндөрлөх юм уу эсвэл битүүлнэ. Модыг микро автобус, тусгай зориулалтын жижиг оврын битүү тэвштэй машинаар зөөвөрлөх болжээ. Модны машинуудын гаргасан хулгайн зам нийслэлд хэд хэдэн газраар орж ирдэг гэдэг. Үүнд хяналт тавьж, сэргийлэх боловч дараагийн хулгайн зам өөр чиглэлд гардаг. Энэ мэт хулгана, муур болох хөөцөлдөөн олон жил үргэлжилж байгаа ч жил ирэх тусам улам л нарийссаар. Өнгөрсөн зун Баянзүрхийн товчооны хоёр талаар модны хулгайчдын хоёр ч нууц зам гарсан. Мөн хяналт шалгалтаас зугтаах өөр зам нь гэр хороолол. Хаана нь юу байдаг, хаагуураа яаж явахаа тэд гарын хуруу шигээ мэднэ. Унах унаагүй явган иргэд мод хулгайлах өвөрмөгц аргатай. Огтолсон модоо уулын уруу өнхрүүлчихдэг. Мод өнхрүүлдэг жим нийслэлийг тойрсон зуслан хавийн модтой уулс, Богд уулын энд тэнд ихээхэн тод харагддаг.
 

Мод бидэнд юу өгдөг вэ
 

Хамгийн ихээр бидэнд модны өгдөг зүйл бол хүчилтөрөгч. Харин дараа нь ус. Өөрөөр хэлбэл модгүйгээр дэлхий ертөнц оршихгүй. Мод зөвхөн ус, хүчилтөрөгч өгөөд зогсохгүй өөр олон зүйлийг хүн төрөлхтөнд өгдөг. Модноос цавуу, давирхай, шүүс, шүүрэл гээд нийт таван мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Хойд Америкт модны шүүсээр чихрийн чанамал, Орост цавуу гаргадаг бол Хятад улсын өмнөдөд керосин гаргаж авдаг мод байдаг. Тэгвэл Амазонийн ай савд ургадаг нэгэн модноос бензин, Америкийн эх газар дээр ургах гевей модноос каучук гаргаж авдаг байна. Түүнээс гадна агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хүн төрөлхтөнд мод тарихаас өөр сонголт байхгүй. Учир нь агаарын бохирдлыг “эмч- лэх” байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод. Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, манай гаригийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй. Эцэст нь хэлэхэд манай оронд мод Төв Азийн хуурай, гандуу, эрс тэс уур амьсгалын нөлөөн дор харьцангуй удаан ургадаг, нөхөн сэргэх чадвар сул, түймэр, хортон шавж, өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд маш их өртсөн. Монголын ой устахдаа амархан харин нөхөн сэргээхэд асар их зардал шаардана гэдгийг баталсан. Өнөөдөр манай улсын уул уурхайгаас олж буй баялаг устгаж буй ойг нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид сануулдаг. Гэвч устгаж байж дараа нь үнэн эсэхийг нь шалгах гэсэн юм шиг ойн сан бүхий газар руугаа ханцуй шамлан дайрсаар. Устсан ойг дагаад бидний амьдрал ч бас устах болно.  

 
Углуургаар нь ух, Ерөнхий сайд аа!
Углуургаар нь ух, Ерөнхий сайд аа!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.