Ухаалаг төр үү, цахим төр үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 42 секунд
Ухаалаг төр үү, цахим төр үү?

Ухаалаг төр үү, цахим төр үү?

Ухаалаг төр гэдэг нь дижитал технологийн тухай ойлголт биш билээ. Харин нийгэмд үүссэн проблемийг ухаалгаар шийддэг төрийн тухай ойлголт юм...

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа “Энэ сард 43 мянган өрхийн 235 мянган хүн “Хүнсний эрхийн бичиг” хүлээн авчээ. Энэхүү үйлчилгээг бид бүрэн цахимжуулж дууссан буюу бүгд карт ашигладаг болов” гэж бахархалтайгаар цахим хуудсаараа жиргэхтэй зэрэгцээд БНХАУ сүүлийн найман жилийн хугацаанд 100 сая хүнээ үгээгүй ядуу байдлаас гарсан тухай тус улсын тэргүүн Ши Жиньпин онцлов. ятад улс ядууралтай тэмцэхэд 246 тэрбум орчим ам.доллар зарцуулж, хөдөө тосгоны 98.9 сая оршин суугч, 832 хошуу, 128 мянган тосгоныг ядуурлаас гаргасан байна. Бид ядуустаа хоолны талон тарааж буй бол тэд ядуурлаас гарахад нь зориулж ажлын байр, амьжиргааг нь сайжруулахад мөнгө зарцуулж буйд ялгаа нь оршино.

Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Соёлын төв өргөөнд төө хэрийн зузаан цаас урж, хогийн сав руу шидэж билээ. Урсан цаас нь төрийн тогтоол шийдвэр, дүрэм журам, үйлдлийн агуулга нь төрийн хүнд суртлыг арилгах байсан нь тэнд цугласан ардчилсан Монголын иргэдийг коммунист ёсоор алга ташихад хүргэсэн. Ард иргэд хүнд суртлын аппаратыг үгүй хийхийн тулд ардчилсан нийгмийг сонгосон ч эргээд хүнд суртлын буулгандаа орчихсон байсныг, бас түүнээсээ салахыг хүсэмжилж байгааг хүмүүсийн царайд тодорсон баяр хөөр бүрнээ илэрхийлж байв. Түүнийг ийм үйлдэл хийлээ гээд иргэд буулганаасаа салсан уу гэвэл үгүй. Гэсэн ч иргэдэд хүнд суртал үзүүлж буй тогтоол, шийдвэр, дүрэм журмуудыг урсан гэдэг агуулга улс төрийн замналд нь эергээр туссан байдаг. Энэ нь мөн л тухайн үед Монголд төрийн хүнд суртал бодитойгоор оршин, иргэдийг залхаан цээрлүүлж байсныг илэрхийлнэ.

Хожмоо Ерөнхийлөгч болсон хойноо “Том төрөөс ухаалаг төр лүү” нэртэй үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, “Монголд төр бүхэнд оролцож, бүхнийг шийдэх ёстой. Хууль хариуцлага яах вэ, аргалж болно. Албан тушаалд очсон бол хүссэнээ гүйцэлдүүлж болно. Туршлага байхад судалгаа, онол хэрэггүй. Сонгуулийн хөтөлбөр биелэх албагүй, сонгогчдод л таалагдах хэрэгтэй. Төр өмч эзэмшиж, аж ахуй эрхлэхгүй бол бусад нь завшина. Шийдвэр гарч, өдөр өнгөрч байвал маргааш хамаагүй” гэсэн гажиг нийгмийн үзэл нийгэмд ноёрхох болоод буйг эсэргүүцэн хашгирсан нь бизнесийнхнийг мөн л алга ташуулсан юм.

Энэ ажлынхаа хүрээнд Шилэн дансны хуулийг санаачлан батлуулсан нь ухаалаг төр болох чиглэлд хийсэн том алхам байсан. Энэ хуульд заасан “5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг ил тод болгох” босго цаашдаа 3, 2 сая бүр нэг төгрөг зарлагадсан ч бичдэг болон нарийсч, агуулгын хувьд сайжраад явах ёстой байв. Гэвч тийм зүйл болсонгүй. Өнөөдөр энэ хууль зарим албан тушаалтнуудыг хууль шүүхийн өмнө дуудагдахад хүргэсэн бол өөр нэгнийг хоолтой нь залгуулж, хожлын оноо цуглуулахад хэрэгсэл төдий болжээ. Автор төрийн тэргүүний суудлаас бууж, “Ухаалаг төр”-ийн тухай ойлголт хамт алга болов.

Цэрэг имижтэй жагсаалын алхаатай засаг, төр бүрэлдэв. “Ард түмний төлөө” гэх философитой тэрхүү төрийн зарим үйлдэл аж ахуйн нэгжийн эсрэг чиглэсэн нь зарим талаараа айдаст автуулсан билээ.

Огцорсоны оронд гарч ирсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Аж үйлдвэрийн IV хувьсгал” гэгдэж буй цахим шилжилтийг гол зорилгоо болгожээ. Энэхүү хөтөлбөрөө Ерөнхий сайд “Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал 1 цаг 55 минут орно. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Иргэдээ стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07.30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой” гэж тодорхойлсон.

Энэхүү шилжилтийг хийх гол гүйцэтгэгч нь IT компаниуд. Тиймээс ч Ерөнхий сайд энэ салбарынхантай тусгайлан уулзаж, бодлогоо танилцуулсан. Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Төрийн буруу тендер гэх мэтчилэнгээр асуудал байдаг байх, би үгүйсгэхгүй...E-Mongolia дээр хамтарч ажиллая гэж энд байгаа хүмүүсийн ихэнхийг урьсан, гуйсан. Бүгд үгүй гэсэн. Дахиж ийм хандлагаар биш зориг, цаг, хичээл зүтгэл гаргаад төртэйгөө хамтраач гэж уриалмаар байна” гэсэн нь олон хүнийг гайхахад хүргэв. Монголдоо тэргүүлж буй IT компаниуд нь төрдөө татгалзжээ.

“Эрхэс” компанийн үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших татгалзаж буй шалтгаанаа “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төр бол маш олон хулгайч, тендер иддэг компаниудыг цэгцтэйгээр бэлдсэн. Энд цугласан компанийн тал нь өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг яаж цахиурын хөндий рүү гаргах вэ, олон улсад яаж энэ улсын нэрийг авч гарах вэ гэдэг зорилго, залуучуудад мөрөөдөл авчрах энэ зүйлийн төлөө явж байна. Тал нь бол өнөөдрийг хүртэл дарга дагаж баяждаг, тэгж олсон мөнгөөрөө цэвэр өрсөлдөөнд явж байгаа компанийн инженерүүдийг хулгайлдаг, түүнд нь гай, саад болдог. Ийм тогтолцоо үүсээд удаж байна. Үүнийг хамгийн том тоглогч нь Засаг. Бид олон улсад хэн ч биш. Харин та өнөөдөр Засаг барьж байгаа үед бид хүн болъё. Олон улсад бид хүлээн зөвшөөрөгдье. Бидэнд тендер хэрэггүй. Тендер дагадаг компаниудыг болиулах хэрэгтэй. Бидэнд татварын хөнгөлөлт, эко систем, хөнгөлөлттэй зээл, грант хэрэгтэй. Хөгжилтэй улс оронд хийж буй зүйл хэрэгтэй байна” гэж тайлбарласан.

Өөрийн хүчээр өсөж өндийсөн хувийн хэвшлийнхэн төртэй ажил хийхээс татгалзаж байна. Яагаад гэвэл асуудлыг ухаалгаар бус хүчээр шийдэхийг оролддогт нь бүхний зангилаа байна. Тиймээс холхон явахыг тэд илүүд үзээд буй хэрэг. Монголд улстөрчдийн бизнес урагшилдаг, тэдний компаниуд татварын хөнгөлөлт эдэлдэг. Төрийн тэжээврүүд олширсон нь яалт ч үгүй үнэн.

Тиймээс тэд цахимжсан төрийн үйлчилгээг ухаалаг гэж үзэхгүй байгаад асуудал оршино. Хэдийгээр цахим шилжилтийг хийснээр бидний цаг, зав, зардал чирэгдэлийг багасгах ч төрийн хүнд суртал, хөшүүн, хойрго явдал арилах нь хамгийн чухал зорилт. Харамсалтай нь, залуус үүнд итгэлтэй биш байна.

Асуудлыг шийдэхийн тулд оношоо зөв тавих хэрэгтэй. Хэдийгээр Ерөнхий сайд данхар төрийн бүтцийг 30-40 хувиар бууруулахаа мэдэгдээд буй ч элдэв зөвшөөрөл олгодог, иргэдийг дарамталдаг бүтцээ өөрчлөхгүйгээр асуудал шийдэгдэхгүй нь ээ.

Сонгуулийн үеэр О.Магнайг гарааны бизнес эрхлэгчид дуу нэгтэйгээр дэмжиж, өрсөлдөгчид хууль зөрчиж байна гэж сандарсан шалтгаан нь ухаалаг төрийн ойлголттой холбоотой. О.Магнайг бизнес эрхлэгч нар яагаад дэмжсэн бэ гэдэг нь “Би ялах юм бол энэ бүх дарамт шахалт бий болгож байгаа тусгай зөвшөөрлийг бүхэлд нь байхгүй болгонo. Та зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхэлж дэлгүүрээ нээхдээ хэнээс ч битгий зөвшөөрөл ав. Гуанзаа нээхдээ хэнээс ч битгий зөвшөөрөл ав. Үсчин, угаалгын газар юу байдаг юм, тэр бүгдийг нээхдээ хэнээс ч зөвшөөрөл авахгүй, өөрөө өөртөө эзэн байх ийм боломжийг өнөөдөр би танд олгохоо амалж байна” гэж мэдэгдсэнтэй нь холбоотой.

Улс төр судлаач Г.Батмөнх “Ухаалаг төрийн шинжийг тодорхойлж болно. Та томьёо хүсч байгаа бол “Хуулиар өөрт нь оногдсон эрх үүргийнхээ хүрээнд төсөрхөн төсөв, цомхон бүтэц, технологийн дэвшлийг чадмаг ашиглаж хууль, бодлогын хэрэгжилтийг төгс хангаж чаддаг тэр төрийг ухаалаг төр” гэж ойлгож болно” хэмээн тодорхойлжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлээд байгаачлан орчин үед дарга, сайдыг оролдог бүтцийг технологийн тусламжтайгаар үгүй хийж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлоготойгоо хамт тушаал, зөвшөөрөл гаргадаг бүтцийг цөөлөх бодлого барьж гэмээ нь хувийн хэвшлийн хүсээд байгаа зүгт явах нь.

Ардчилсан, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудыг ажиглавал, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим үйлчилдэг. Тэд төр зөвхөн нийтийн хэрэгцээний аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болно гэж үздэг. Бид тийшээ явж гэмээ нь асуудлаа шийднэ гэсэн үг.

Нуруу нь өвдсөн хүнд эмч нар таргалахгүй байхыг зөвлөдөг. Учир нь, таргалснаар хүний биеийн дунд хэсэг буюу нуруунд ачаалал өгдөг аж. Харин данхар төрийн ачаалал нийгмийн дундаж давхаргын нуруун дээр ирдэг. Данхар төрийг тэжээхийн тулд илүү их мөнгө хэрэгтэй. Харин мөнгийг хувийн хэвшлийнхэн олдог болохоос төр олдоггүй.

Манайх шиг хууль харилцан адилгүй үйлчилдэг улсад технологийн хүртээмж нэмэгдэх тусам эрсдэл, асуудал улам бүр нэмэгдэхийг сүүлийн үед сошиал ертөнцөд дэгдээд буй бичлэгийн дуулиан харуулж байна. Тиймээс цахим шилжилт хийхийн тулд ухаалаг төрийн бодлого хэрэг болох нь.

Ухаалаг төр гэдэг нь дижитал технологийн тухай ойлголт биш, нийгэмд үүссэн бэрхшээлийг ухаалгаар шийддэг төрийн тухай ойлголт юм... Тиймээс бид цахим төрөөс илүүтэй ухаалаг төр рүү зүтгэсэн цагт цахим төрийн асуудалд илүү ахиц гарах нь гарцаагүй.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 467

УИХ-ын сонгуульд бие даагчдад боломж бий
УИХ-ын сонгуульд бие даагчдад боломж бий
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.