Байгал нуур Аралын тэнгисийн хувь заяаг давтаж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 15 секунд
 Байгал нуур Аралын тэнгисийн хувь заяаг давтаж болзошгүй

Байгал нуур Аралын тэнгисийн хувь заяаг давтаж болзошгүй

 

МОСКВА. /izvestia/. Байгал нуур экологийн сүйрлийн аюулд ороод байгаа бөгөөд хэрэв арга хэмжээ авахгүй бол Аралын тэнгисийн адил ширгэж үгүй болж магадгүй.
 
Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалууд дээр Монгол Улс гурван том усан цахилгаан станц /УЦС/ барихаар төлөвлөсөн нь Байгал нуурын экологийн байдалд нөхөж баршгүй сөрөг дагавартай.
 
Энэ талаарх дүгнэлтийг ОХУ-ын Эрчим хүчний яаманд болсон хаалттай зөвлөгөөний үеэр танилцуулжээ. Энэ тухайд Засгийн газар болон эрчим хүчний томоохон компаниудын хэд хэдэн эх сурвалж "Известия" сонинд мэдээлэл өгсөн байна.
 
Монголчууд Сэлэнгэ мөрөн дээр 254 МВт-ын хүчин чадалтай “Шүрэн” УЦС, мөрний цутгалууд болох Эгийн гол дээр 220 МВт, Орхон гол дээр 100 МВт-ын хүчин чадалтай УЦС барихаар төлөвлөж байгаа юм.
 
Нийгмийн зүтгэлтнүүд болон төрийн байгууллагынхан нүүрлэж буй аюулд санаа зовинож байна. Гэвч УЦС-ын барилгын ажлыг зогсоосны хариуд монголчуудад ямар нэг зүйл санал болгох хэрэгтэй. Учир нь ОХУ-ын нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний үнийн нөхцөлтэй Монгол санал нийлэхгүй байгаа юм.
 
Шинэ УЦС-уудын төслүүд ивээн тэтгэгчээ хэдийн олсон бөгөөд зөвхөн дэд бүтцэд гэхэд Хятадын нэгэн банк 827 сая доллар гаргахаар болжээ. Оросын холбогдох байгуууллагууд одоо Монголыг эрчим хүчээр хангах хувилбаруудыг идэвхтэй судалсаар байна.
 
Энэ асуудлаарх хэлэлцээний эхний үе шат болон шинжээчдийн зөвлөгөөн Байгаль орчны яаманд /протокол нь “Известия” сонинд байгаа/ дөрөвдүгээр сарын 11-нд болсон байна.
 
Төслүүдийн эрсдэлийг тодорхойлохын тулд “Монголын эрчим хүч, усны аж ахуйн төслүүдийн хэрэгжилт болон эдгээр төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологи, нийгэм, эдийн засгийн цогц үнэлгээг зайлшгүй хийх шаардлагатай” гэж протоколд дурджээ.
 
УЦС-ыг барих, усан санг дүүргэх явцад, эдгээрийг мөн цаашид ашиглаж, урсацыг хоногоор болон улирлаар зохицуулж эхэлснээр гол мөрний усны горим эхэн хэсэгтээ ч адаг хэсэгтээ ч ихээхэн өөрчлөгдөнө. Мөн агаар мандал, биологийн, гидрологийн, геологийн зэрэг байгалийн олон үйл явц өөрчлөгдөнө.
 
Түүнчлэн эргийн голдирол өөрчлөгдөж магадгүй, мөн усны чанар, түүний мөстөх болон температурын нөхцлүүд өөрчлөгдөж, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэдэг хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдэн, газар оронд усанд автах аюул нүүрлэнэ.
 
Түүнээс гадна амьтдын нүүдэлд, ялангуяа ховор төрлийн загаснуудын нүүдэлд сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна УЦС-уудын төслүүдийг хэрэгжүүлснээр газар хөдлөх, халдварт өвчин тархах зэрэг бусад эрсдэлүүд үүсэх магадлалтай гэж протоколд дурджээ.
 
Сэлэнгэ мөрөн болон Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй УЦС-ын талаар тодорхой, баталгаатай мэдээлэл байхгүй байгаад санаа зовинож байгаа гэдгээ хоёр талын хэлэлцээний үеэр Оросын тал илэрхийлсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг УЦС-ын төслийг санхүүжүүлж эхлэхээс өмнө олон нийтэд танилцуулах ёстойг мөн онцлон тэмдэглэжээ.
 
Байгал нуурын ай савын тусгай хамгаалалттай газрын захирал Василий Сутулагийн үзэж байгаагаар, УЦС-ын тусламжтайгаар гол мөрний усны түвшнийг зохицуулах нь Сэлэнгэ мөрний бэлчрийн экологийн хосгүй тогтолцоонд, тухайлбал, шувууд үүрлэх, загас үржихэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
 
Үүнээс гадна УЦС-уудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг уул уурхайн салбарт ашиглаж магадгүй бөгөөд уурхайнууд ашигласан бохирдуулагч бодисуудаа Сэлэнгэ мөрөнд хаяснаар цаашдаа Байгал нуурыг бохирдуулах магадлалтай гэж тэрбээр үзэж байна.
 
Монголыг эрчим хүчээр хангах хувилбаруудын талаар хэлэлцсэн хаалттай зөвлөгөөний хоёр дахь шат Эрчим хүчний яаманд болжээ. Уг зөвлөгөөний үеэр Оросын эрчим хүчний компаниудын төлөөлөгчид саналаа илэрхийлсэн байна. Тэдний саналыг ойрын өдрүүдэд болох Орос-Монголын шинжээчдийн уулзалтын үеэр Монголын талд танилцуулах аж.
 
“Известия” сонины мэдээллээр, хаалттай зөвлөгөөний үеэр хэд хэдэн саналыг тавьсан байна.
 
Тухайлбал, худалдан авах үнийг оновчтой болгох хувилбарыг судлах, ялангуяа хүчин чадлын нийлүүлэлтийн гэрээний үнийн өсөлтөд анхаарал хандуулахыг «НП Совет рынка» холбоо болон «Интер РАО» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид зөвлөжээ.
 
Шинжээчдийн тооцоолсноор, Монголд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний үнэ өмнө нь жилд 12-13 хувиар өсдөг байсан бол одоо 88 хувиар өсч байна. Тус компани хүчин чадлын коэффициентыг өөрчлөх тухай саналыг өмнө нь тавьж байсан бөгөөд ингэснээр Монголд нийлүүлдэг эрчим хүчний өртгийг хямдруулах боломжтой аж.
 
Монголын өмнөд нутагт сүлжээний дэд бүтцийг хөгжүүлэх, сүлжээ байгуулах, Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүүгийн илүүдэл эрчим хүчийг Монголд нийлүүлэхийг «Россеть» компанийн төлөөлөгчид санал болгожээ.
 
Харин «Русгидро» компанийнхан Монголын дэд бүтцийн сүлжээний схемийг шинэчлэх, “Гидропроект”-ын хувьд Дулааны цахилгаан станц болон Усан цэнэгт цахилгаан станцууд барьснаар Шүрэнгийн УЦС-аас татгалзах хувилбарыг санал болгосон байна.
 
Сибириэс Монголд нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүч болон хүчин чадлын зах зээлийн дүрэм журмыг боловсруулж дуусгах нь зүйтэй “Евросибэнерго” компанийн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
 
Энэ нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурт хохирол учруулалгүйгээр Монголын хэрэглээг бүрэн хангах боломж олгоно. Өмнө нь зөвхөн Эрхүү мужаас 900 сая квт/цаг эрчим хүч нийлүүлдэг байсан бөгөөд энэ нь Монголын эрчим хүчний хэрэглээний 25 хувь орчмыг хангаж байна гэж тус компанийн төлөөлөгчид дурдлаа.
 
Зөвлөгөөний үеэр мөн Монголыг шинэ замын зургийн хүрээнд Эрчим хүчний цагирагт оруулах хувилбарыг санал болгосон байна. Энэ баримт бичиг нь /замын зураг/ Эрчим хүчний цагиргийг барих урт хугацааны үе шат болон Монголын өмнөд болон хойд нутагт эрчим хүчний сүлжээ байгуулах богино хугацааны үе шат гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм.
 
Эрчим хүчний асуудлаа “арай энэрэнгүй” байдлаар шийдэхэд нь  Оросын тал Монголд тусалж чадна гэдэгт Экологийн дээд зөвлөлийн гишүүн, Улсын Думын депутат Олег Лебедев итгэлтэй байна.
 
-Бидэнд шинжлэх ухааны хосгүй боломж бий, бид  барилгын салбарт мэдлэг туршлагатай, тийм учраас Сибириэс эрчим хүч нийлүүлж, экспортын шинэ гэрээ боловсруулах боломжтой.
 
Эс бөгөөс 1000 МВт-аас бага хэмжээний эрчим хүч гарган авахын тулд дэлхийн цэвэр усны хамгийн том эх үүсвэрийг сүйтгэж, Сэлэнгэ мөрний бэлчрийг устган, Буриад болон Эрхүү мужийн хүн амыг ундны усгүй болгоход хүргэхээр байна гэж О.Лебедев үздэг ажээ.
 
Харин Оросын Эрчим хүчний яам тухайн асуудлаар тэр даруйд нь тайлбар өгсөнгүй, учир нь тус яамны энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд Монголд томилолтоор ажиллаж байгаа аж.
 
Гэхдээ дээрх асуудлаар эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд бүх саналыг хоёр тал нарийвчлан судлах юм.
 
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Бүсгүйчүүдийг “хуйлруулагч” жүжигчин Батушка
Бүсгүйчүүдийг “хуйлруулагч” жүжигчин Батушка
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.