О.Батгэрэл: Монгол улсад Сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдахад бэлэн болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 46 секунд
О.Батгэрэл: Монгол улсад Сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдахад бэлэн болсон

О.Батгэрэл: Монгол улсад Сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдахад бэлэн болсон


УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, Сургалт, Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор, Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн тэргүүн О.Батгэрэлтэй ярилцлаа. Тэрээр Япон улсад сэргээн засах чиглэлээр АУ-ны магистр, АУ-ны Доктор, Докторын дараах сургалтаа дүүргэсэн, Сэргээн засах салбарт мэргэшсэн цөөхөн хүмүүсийн нэг юм.

-11-р сарын 18-ны өдөр Бие бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 15 дахь удаагийн хурал болох "MSPRM-2021”-ыг Олон улсын хэмжээнд виртуал конференци хэлбэрээр зохион байгуулсан. Энэ удаагийн танай хурлын онцлог юу байсан бэ?

-Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын нийгэмлэг нь жил бүр нийгэмлэгийн гишүүд болох сэргээн засах эмч мэргэжилтнүүд рүүгээ чиглэсэн эрдэм шинжилгээ судалгаа, сургалт мэдээллийн үйл ажиллагаагаа тогтмол хийж ирсэн уламжлалтай бөгөөд ялангуяа сүүлийн 7-8 жилийн хугацаанд олон улсын мэргэжлийн нийгэмлэг холбоо, олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүдийг урьж оролцуулах замаар идэвхитэй үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.

Үүнээс гадна бид бас “Сэргээн засах анагаах ухаан” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд энэ нь манай салбарын мэргэжилтнүүдэд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээний судалгааны өгүүллээ нийтлүүлэх, шинэ мэдээлэл олж авахад нь чухал дэмжлэг болдог.

хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан анагаах ухааны бүхий л салбаруудад тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудын нэг бол олон нийтийг хамарсан хурал, семинар, ажлын байрны сургалтын үйл ажиллагаанууд хэвийн горимоор явагдах боломжоор хязгаарлагдаж, хугацаа хойшлогдох, цуцлагдах гэх мэт байдлууд нэлээдгүй бий болсон. Ийм байдлаар урт удаан хугацаанд үргэлжилж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч халдварын дэгдэлтийн дотоодын нөхцөл байдал харьцангуй намжмал байдал руу орж буй энэ цаг үед бид ээлжит эрдэм шинжилгээний хурлаа ДЭМБ-ийн Номхон Далайн Баруун Бүс, ДЭМБ-ийн Монгол дах Суурин Төлөөлөгчийн газар болон ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр “КОВИД-19 Халдварын Дэгдэлтийн үеийн Сэргээн Засах Тусламж Үйлчилгээ” сэдвийн хүрээнд цахим болоод танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уг хуралд маань Ковид-19 цар тахлын үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа ДЭМБ-ын Олон улсын нэр хүнд бүхий зөлөхүүд оролцож, ковидоор өвдсөн өвчтнүүдэд хэрэгжүүлж байгаа хамгийн сүүлийн үеийн сэргээн засах эмчилгээний нотолгоонд тулгуурласан онол практик, арга барилын талаар илтгэл хэлэлцүүлж, туршлага хуваалцлаа. Хуралд сэргээн засах чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг төр хувийн хэвшлийн 52 байгууллагын сэргээн засах болон бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтан гээд нийт 370 гаруй хүн бүртгүүлж оролцсон байсан.

-Урт хугацааны ковид буюу ковидын дараах хам шинж илрээд байгаа энэ асуудалд хамгийн үр дүнтэй эмчилгээ юу байгаа вэ?

-Ковид-19 халдварт өвчний үеийн эмгэгийг уушгины болон уушгины бус эрхтний эмгэгүүд гэж авч үзэхээр байгаа. Вирусийн халдвар, уушгины хатгалгаа, амьсгалын цочмог дистресс хам шинжийн эсрэг үндсэн эмчилгээнээс гадна урт хугацааны ковидын үед сэтгэц, нойрны эмгэг, дасгал хөдөлгөөнд тэсвэргүйдэж амархан ядрах цуцах, тухайлбал хөнгөн зэргийн дасгал, босож зогсох зэрэгт зүрхний цохилт олшрох, биеийн дулааны зохицуулга хэвийн бус болох, ходоодны дискинези, өтгөн хатах /өтгөн шингэрэх, захын судасны нарийсах гэх мэт вегататив буюу ургаль мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал элбэг тохиолдож байгаа бөгөөд эдгээрт урт хугацааны сэргээн засах эмчилгээ илүү тохиромжтой байгаа тухай мэргэжлийн эмч, судлаачид онцлож үзээд байгаа.

Ковидоор өвдсөний дараа гарч буй эдгээр эмгэг байдлыг өнөөдрийг хүртэл дэлхий нийтээрээ “Ковидын дараах хам шинж”, “Урт хугацааны ковид” зэргээр тогтсон нэршилгүй олон янзаар хэлж ярьж ирсэн.

Харин ДЭМБ-аас Олон улсын хэмжээнд олон талт хэлэлцүүлэг хийн, хоёр ч удаагийн томоохон хэмжээний Делфи судалгааны арга ашиглан өнгөрсөн 10 дугаар сарын 6-ны өдөр “post COVID-19 condition” буюу “Ковид-19 дараах байдал” гэсэн албан ёсны тодорхойлолтыг гаргасан. Үүгээр маш олон зүйл тодорхой болох ёстой гэж ойлгож байгаа. Энэ нь ямар нөхцөл байдлыг хэлэх вэ гэхээр SARS-CoV-2-ийн халдвар байх магадлал өндөр, эсвэл батлагдсан өвдсөн түүхтэй хүнд, өвчин эхэлснээс хойш нийтлэгээр 3 сарын дараа, дор хаяж 2 сарын турш үргэлжилсэн шинж тэмдэгтэй, бусад оношоор тайлбарлах боломжгүй эмнэлзүйн тохиолдлуудыг хэлнэ гэсэн байгаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар 380 гаруй мянган хүн Ковид-19-өөр өвдсөн гэж үзвэл нэлээдгүй хэсэг нь Ковидын дараах байдал болох бие махбодын ядаргаа, танин мэдэхгүйн үйл ажиллагаа алдагдах зэрэг өвөрмөц онцлог бүхий сөрөг үр дагавруудыг урт хугацаанд тээж яваа гэж таамаглагдахад хүргэж буй юм. Бодит байдал дээр ч ингэж ажиглагдаж байгаа. Тиймээс халдварт өртсөн хувь хүмүүст эдгээр сөрөг үр дагавруудыг арилгахын тулд сэргээн засах эмчилгээг урт хугацаанд тасралтгүй хийгдэх зайлшгүй шаардлага байгаа гэдэг нь олон улсын туршлагаас харагдаж байна.

-Сэргээн засах эмчилгээний багт ямар ямар эмч, мэргэжилтнүүд багтдаг вэ?

- Сэргээн засах эмчилгээ нь багийн үйл ажиллагаа байдаг. Тэр дундаа сэргээн засах эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сувилагч, инженер, нийгмийн ажилтан, сэтгэл засалч гэсэн олон мэргэжилтний багаар хамтарч өвчтөний асуудлыг шийдэхэд тусламж үйлчилгээнд оролцдог. Багийг сэргээн засахын эмч удирдах байх бөгөөд эмч өвчтөнийг хүлээн авч өвчтөний ойрын болон холын зорилгыг тодорхойлж, сэргээн засах багийн бүх гишүүд өвчтөнд өөр өөрсдийн мэргэжлийн байр сууринаас үнэлгээ хийн, багийн зөвлөгөөнөөр нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өвчтөн нэг бүрт зориулсан эмчилгээний тактик боловсруулдаг. Тухайлбал тархины харвалттай өвчтөн “3 сарын дараа өөрөө бие даан алхаж чаддаг болмоор байна” гэсэн зорилго хүсэлтэй байгаа бол сэргээн засах багийн олон мэргэжилтний багаар түүнд чиглэсэн эмчилгээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн үг. Өвчтөнийг оролцуулаад зорилгодоо хүрсэн эсэхийг дахин үнэлж, дахин сайжруулалт хийж явах гээд энэ бол нэг ёсны тасралтгүй үргэлжлэх цикл үйл ажиллагаа юм.

-Сэргээн засах эмчилгээний үед эмчлүүлэгчийн зүгээс эмчилгээний явцад шантрах, цуцах үе тохиолддог уу?

-Таны асуусанчлан сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчдэд маань шантрах тохиолдол их байдаг. Ер нь бол өмнө нь хэвийн байсан үйл ажиллагааны чадварууд нь өвчин эмгэгийн улмаас алдагдаад, түүнийг эргэн сэргээхэд сэргээн засах эмчилгээг уйгагүй, урт хугацаанд тасралтгүй хийлгэх зайлшгүй шаардлага байдаг.

Үүнд хувь хүний хүчин чармайлт, тэдний ар гэрийн дэмжлэг маш их чухал байдаг гэсэн үг. Дэлхий нийтэд юу гэж үздэг вэ гэхээр жилийн 365 хоногийн 24 цагт унтаж байгаагаас бусад цагт сэргээн засах эмчилгээ хийгдэж байх хэрэгтэй гэж үздэг. Яагаад ингэж байгаа вэ гэхээр богино хугацаанд нийгмийн амьдралд эргэж орохын тулд маш эрчимтэй сэргээн засах эмчилгээ шаардлагатай байдаг. Жишээ нь тархины харвалтөөр өвдсөн хүнд цочмог үеэс эхлэн идэвхигүй хэлбэрээр эрт үеийн сэргээн засахыг эхлүүлж, аажмаар өөрөө идэвхитэй байдлаар дасгал хөдөлгөөнд суурилсан сэргээн засах эмчилгээний жорын дагуу өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны чадвараа сайжруулах хэрэгтэй болдог. Гэтэл ихэнх эмчлүүлэгчид маань шантардаг уу яадаг уу өөрсдөө дасгал хөдөлгөөн хийх дургүй, бусдаар массаж хийлгэж, хөл гараа хөдөлгүүлэх нийтлэг хүсэл сонирхолтой байдаг юм шиг ажиглагддаг. Мэдээж хэрэг хамаа замбараагүй хөдөлгөж байвал болно гэсэн үг биш, мэргэжлийн эмч, засалчийн хяналт дор, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зорилтот үйл, дасгал хөдөлгөөнд суурилсан сэргээн засах эмчилгээг хийлгэх нь хувь хүний хувьд нийгмийн амьдралд эргэн орох хийгээд амьдралын чанараа сайжруулахад чухал ач холбогдолтой.

"Харвасан тохиолдолд 72 цагийн дотор эрт үеийн сэргээн засах эмчилгээг эхлүүлэх шаардлагатай"

-Иргэдийн дунд тархины харвалтын дараа л нөхөн сэргээх эмчилгээг хийдэг гэсэн ойлголт байдаг. Ер нь харвалтын үед нөхөн сэргээх эмчилгээг хэдийд эхлэх нь зөв бэ?

-Өмнө нь харвасан хүн хэнийг ч бай хөдөлгөж болохгүй, хөдөлгөвөл аюултай гэж үздэг байсан үе бий. Одоо бол тархины харвалт болсон хүмүүст болж өгвөл хамгийн удаандаа 72 цагийн дотор эрт үеийн сэргээн засах эмчилгээг эхлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгдөг болсон. Учир нь хүний биед тархины харвалт явагдсан цагаас эхлэн тархины эд эсийн сөнөрөл бий болж эхэлдэг. Эмнэлзүйн хувьд амьсгал зүрх, судасны үйл ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагааны алдагдлыг тогтвортой болгох амь тэнссэн үеийн арга хэмжээ эхний ээлжинд авагдах бөгөөд үүнтэй зэрэгцээд гар, хөлийн үзүүр хэсгээс эхлэн төв мэдрэл рүү чиглэсэн мэдээлэл дамжуулах үйл явцыг дэмжих үүднээс захын эрхтэний хөдөлгөөн, үений далайц, мэдрэхүйн цочрол, залгих хооллох, хөрвөх, суух босох гэх мэт үндсэн үйл хөдлөлийн дасгалуудыг багтсан эрт үеийн сэргээн засах эмчилгээ хийгдэх ёстой. Тэгэхээр томьёололын хувьд дээхэн үед бид харвалтын дараах сэргээн засах гэж ярьж хэлдэг байсан бол одоо бол “харвалтын үеийн сэргээн засах эмчилгээ” гэж хэлж ярих нь зөв зүйтэй ойлголт болно.

-Ойрын үед сэргээн засах салбарын хөгжилд түлхэц болох ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Бид энэ 2021 онд салбарын хэмжээнд хэдэн зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Монгол улсын “Сэргээн засах тусламж үйлчилгээний 2021-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах үйл ажиллагааг ЭМС-ын тушаалын (А181) хүрээнд, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байгаа. Удахгүй батлагдаж гарч ирэх байх. Уг төлөвлөгөөнд сэргээн засах тусламж, үйлчилгээг хэд хэдэн үндсэн чиглэлийн дагуу хөгжүүлэх арга хэмжээг тусгасан бөгөөд сэргээн засах тусламж үйлчилгээг илүү олон хүнд, хэнийг ч орхигдуулалгүйгээр, хүртээмжтэйгээр, тасралтгүй цогц байдлаар үзүүлэхэд чиглэсэн хөгжлийн гарцууд тусгагдсан гэж ойлгож болох байх. Мөн түүнчлэн нийгэмлэгийн гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сэргээн засах мэргэжлийн багийн гишүүний нэг болох ортез портезийн мэргэжилтэнг дотооддоо их дээд сургуулиудын түвшинд системтэйгээр бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр зорьж төлөвлөж байгаа асуудлууд бас байна.

- Эрүүл мэндийн салбарт зарим эмч мэргэжилтний илүүдэл ажиглагддаг. Сэргээн засах эмчилгээний багийн хүний нөөцийн асуудал ямар түвшинд байгаа вэ?

- Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хүний нөөцийн хөгжлийг төлөвлөхдөө тухайн цаг үеийн Монгол улсын хүн амын өвчлөлийн бүтэцтэй уялдуулах нь чухал гэж ойлгодог. Сүүлийн жилүүдэд халдварт өвчин багасаж, зүрх судас, уушгины архаг бөглөрөлтөд өвчин, бодисын солилцооны эмгэг, гэмтэл, хавдар гэх мэт халдварт бус өвчний тархалт нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцээд эдгээр архаг өвчлөлд сэргээн засах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Салбарын хувьд сэргээн засах чиглэлийн хүний нөөц харьцангуй хомсдолтой гэж яригддаг ч бодит байдал дээр хомсдол гэхээсээ илүүтэй зохисгүй хуваарилалт байгаа нь илүү ажиглагддаг. Монгол улсын Эрүүл мэндийн салбарт сэргээн засах эмчилгээний эмчийг үндсэн мэргэжлээр бэлтгэж эхлээд энэ онд 20 дахь жилийн нүүр үзэж байгаа. Тэгвэл жилд ойролцоогоор багадаа 10-20 орчим сэргээн засах мэргэжлийн эмч бэлтгэгддэг гэж үзвэл цөөнгүй тоо гарах ч төгсөөд мэргэжлээрээ дагнаж ажилладаггүй, тухайлбал уламжлалт эмчилгээтэй хавсарч ажилладаг мэргэжилтнүүд дийлэнх байдаг. Үүнээс гадна 270 гаруй хөдөлгөөн засалч, 30 орчим хөдөлмөр засалч гээд сэргээн засахын мэргэжлийн баг бүрэлдэхүүн тодорхой хэмжээнд бэлтгэгдэн гарч эрүүл мэндийн салбарын зах зээлд хөл тавьж байна.

Хамгийн гол нь тодорхой хэмжээгээр бэлтгэгдэж гарч байгаа ч оновчтой бус хуваарилалт зохицуулалтын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх хот, орон нутгийн ялгаа арилахгүй байгаа нь асуудал болж байна.

-УГТЭ-т сэргээн засах тасаг байж байгаад сэргээн засах төв болж өргөжсөн байгаа. Тэгэхээр төв болсноороо үйл ажиллагаанд ямар өөрчлөлт орсон бэ?

- Тус эмнэлэгт 2013 онд АНУ-ын Мянганы Хөгжлийн Сангийн санхүүжилт, ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр “Тархины харвалт, зүрхний шигдээс” төсөл хэрэгжиж МУ-ын хэмжээнд анхны “Тархины харвалтын нэгж”, “Зүрхний шигдээсийн нэгж” байгуулагдсан. Энэ хоёр нэгжийн үйл ажиллагааг дагаад Тархины харвалт, зүрхний шигдээсийн сэргээн засах тасгийг шинэчлэн байгуулж, тархины харвалт зүрхний шигдээсийн сэргээн засахаар дагнасан тусламж үйлчилгээ үзүүлдэг тасаг бий болсон. Өнгөрсөн онд тус эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр баталсан эмнэлгийн бүтцээр “Сэргээн засах төв” болж өөрчлөгдсөн байгаа. Үүгээр өмнө нь үзүүлж байсан тархины харвалт, зүрхний шигдээсийн дагнасан сэргээн засах эмчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан сэргээн засах зорилгоор хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ болгон өргөжүүлэх зэрэг илүү өргөн хүрээтэйгээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах зорилго агуулж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.

Э.Оюунболд, М.Бадарч, О.Хангай, Д.Анар нар 15 сая төгрөгийн бооцоотой халз барилдана
Э.Оюунболд, М.Бадарч, О.Хангай, Д.Анар нар 15 сая төгрөгийн бооцоотой халз барилдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.