Хөдөөний сургууль үнэд орох цаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 52 секунд
Хөдөөний сургууль үнэд орох цаг

Хөдөөний сургууль үнэд орох цаг

Бизнес эрхлээд хуримтлалаа хийж чадсан ажил хэрэгч хүмүүс өөрийн компаниа амжилтанд хүргэх, хүрч чадсан түвшингээ хадгалан үлдэхийн тулд чадварлаг менежерүүд, ажилтан алба хаагчдыг авч ажиллуулах шаардлага тулгардаг. Нэгэн үе Улаанбаатар хотын нэр хүндтэй элитүүдийн хүүхдүүд сурдаг цөөн хэдэн сургуулиудын аль нэгд суралцаж 10 жилээ төгссөн, дараа нь гадаадын их дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшиж, мастерийн зэрэг хамгаалсан хүмүүсийг "од ажилтан"-ууд хэмээн тооцож, хамгийн өндөр цалин өгч компанийн хамгийн тааламжтай, сонирхолтой албан тушаалд тавьдаг байлаа. Гэтэл одоо байдал аажмаар өөрчлөгдөж эхлэх төлөвтэй болж байна. Одоо ухаалаг захирлууд хөдөөгийн аймаг сумдын, эхсүл хотын захын хороооллын 10 жилийн сургуульд суралцсан, дотоодын их дээд сургуульд сайн сураад өөрийнхөө "бор зүрх"-ээрээ тэтгэлэг энэ тэр хөөцөлдөж байгаад аль нэг их дээд сургуульд  мэргэжил дээшлүүлсэн, эсвэл мастер хамгаалсан залуучуудыг "ангуучлах" нь дээр гэж үздэг цаг ирж. Учир нь өндөр төлбөртэй сайн сургуульд суралцсан хүүхдүүд бүгд боломжтой айлын хүүхдүүд. Тэдэнд дутагдах гачигдах зүйл нэг ч байгаагүй. Мөнгөгүй байхын, хүнд хэцүү орчинд амьдрахын зовлонг тэд мэдэхгүй. Ийм орчинд өссөн хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдөө хүнд замыг туулж ажил бизнесээ босгосон тул үр хүүхдүүддээ ийм ачаалал үүрүүлэхийг огт хүсээгүй болохоор тэднийг алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн байгаа. Ингэж өссөн хүүхдүүдийн дийлэнх нь ачаалал даахгүй, үг сонсох дургүй, хичээл сурлагаас өөр зүйлд толгойгоо ажиллуулж бараг үзээгүй, ажил голдог, хөдөлмөрийн хүмүүжил, сэтгэлийн хат муутай байна.

 

Өдөр цагаар орчин нөхцөл өөрчлөгдөж байдаг, бараг дайны нөхцөлтэй шахам ийм бизнесийн орчинд манай компаниудад овсгоотой, сэргэлэн, юу л бол юу хийж чаддаг, хэд хэдэн хүний ажлыг ганцаараа амжуулдаг, шаардлагатай гэж үзвэл цаг наргүй зүтгэх сэтгэлийн хат, ачаалал даах чадвартай  гүжирмэг, гүйлгээ хар ухаантай арми ус агаар мэт хэрэгтэй байна.  Энэ шаардлагыг магадгүй санхүүгийн чадамж муутай гэр бүлд өссөн, өөрийн хичээл зүтгэл оролдлогоороо их дээд сургуульд суралцахдаа сайн сурсан, сэтгэлгээ сайтай, үнэнч шударга залуучууд хангаж чадна.

 

Ийм залуучууд анхныхаа гарааг зөв төлөвшилтэй компаниудаас эхэлж, цаашдаа "эвдэрчихгүй" байж чадвал тэдэнд маш их ирээдүй байна.

 

Ер нь цаашдаа манай зүтгүүр томоохон компаниудын хүний нөөцийн бодолгыг барьж байгаа мэргэжилтнүүд хөдөөний сургуулиудад суралцсан, тэндээс цойлж тасарч гарч байгаа хүүхдүүд дээр анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй болох байх даа.  Үүнийг мэдэрч чадсан компаниуд хожно.

 

Харин Монголын төр хөдөөний сургуулиудын сургалтын чанар, багш нарын чадамжийг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүний баталгаа гэвэл 1990 оноос хойш Монголын улс төр, бизнес, урлаг спортын өндөрлөгт хүрч чадсан хүмүүсийн дийлэнх олонх нь Улаанбаатар хотын 40, 50 мянгатынхан биш хөдөөгийнхөн байдагт оршино.

 

Улс төр менежментийн академийн Ерөнхий захирал Д.Уламбаяр

Н.Шинэбаяр хүрэл медалийн төлөө тулалдана
Н.Шинэбаяр хүрэл медалийн төлөө тулалдана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.