“Шударга ёс” эвслийн бойкот засгаас гарах хувилбар байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
“Шударга ёс” эвслийн бойкот засгаас гарах хувилбар байх уу

“Шударга ёс” эвслийн бойкот засгаас гарах хувилбар байх уу

“Шударга ёс” эслийнхэн Засгийн газраас гарах асуудлын тухай яриагүй, ярилцаагүй гэж бүлгийн дарга нь мэдэгдсэн. Гэвч энэ үг нь үнэний ортой санагдахгүй байгаа юм. Учир нь тэдний үйлдэл Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас харж болохоор байна. Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрсэн. Ч.Сайханбилэгийн танхим хоёр жилийн хугацаанд яригдсан ч тохиролцоонд хүрч чадаагүй Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг татсан. Гэвч уг төлөвлөгөөнд гарын үсэг зурснаараа тэд өнөөдөр буруутан болоод байна.

Засгийн газрын байгуулсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ “Шударга ёс” эвслийнхэн албан ёсоор мэдэгдлээ.

Тэд энэхүү төлөвлөгөөний дагуу ажлыг явуулбал1 тэрбум ам.долларын алдагдалд орно гэж үзэж буйгаа хэлэв . Ийнхүү засагт хэдийнэ хамтарч ажиллаад байгаа “Шударга ёс” эвсэл бойкот хийх эхлэл болгож, шаардах бичиг хүргүүлэв.

Тэд яагаад Оюутолгойн гэрээг дэмжихээргүй болов. МАХН-ынхан намынхаа даргаас зааварчилгаа авч, МҮАН-ынхан намынхаа рейтингийг бодов уу. Ямартай ч Ч.Сайханбилэгийн үзэглээд ирсэн 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголын талд ашиггүй хувилбар гэж тэд үзлээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй гэрээ болсон гэж байна.

Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн. Монголын талын эрх ашгийн эдийн засаг, санхүүгийн хувьд ил хохироосон Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан гэх тайлбарыг хийж байгаа юм. Үүнээс гадна Оюутолгой төслийн хэрэгжилтийг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Антре Гоулд” компаний эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах, “BHP” компанид төлөх 2 хувийн рояалтын асуудлыг хүлээн авахгүй байх, менежментийн багийг томилон баталгаажуулах, менежментийн багаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт, цар хүрээ, төлбөрийг тохиролцох, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагын багт Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөллийг бий болгох зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн, Монголын талд ашигтай тохиролцоонд хүрч гэрээндээ тусгаж баталгаажуулах шаардлагатай байна.

Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэснээр ойрын ирээдүйд Монголын талд оногдох ногдол ашиг багаар бодоход 2.2 тэрбум ам.доллараар буурахаас урьдчилан сэргийлэх боломжтойг мэдэгдэж байна гэв.

Ийнхүү “Шударга ёс” эвсэл дээрх шаардлагаараа Засгийн газрыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс бол Оюутолгой бол эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Улстөрчид үүнд оролцохгүй байхыг хүссэн. Харин энэ удаа түүний үгийг хэн ч сонсоогүйгээр барам түүнд хөрөнгө оруулагчидтай байгуулсан төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, засах шаардлагыг тавив. Хэрэв тэдний энэ шаардлагыг Ч.Сайханбилэг биелүүлэхгүй бол өөрийг нь огцруулах асуудал яригдана. УИХ-ын 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрөөд явж байхад гүйцэтгэх засаглал дахин хөдлөхөөр нөхцөл байдал үүсээд байна.

“Шударга ёс” эвслийнхний шаардлагыг хүлээж авахгүй бол тэдний бойкот Засгийн газар руу чиглэх нь дамжиггүй. Тэд шаардлагад заасны дагуу гэрээний өөрчлөлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэж, УИХ-д илтгэхийг шаардсан. Уг шаардлагыг Засгийн газрын зүгээс биелүүлэхгүй байх магадлал өндөр. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайдын Оюутолгойг улстөржүүлэхгүй байхыг хүссэн тэр үгнээс ийн ойлгогдож байгаа юм. Тэгэхээр нөхцөл байдал өөрчлөгдөж, эвсэл бойкотоо Засгийн газраас гарах хувилбараар шийдвэрлэж мэднэ.

Ц.Цацрал           

Zaluu.com

С.Одонтуяа 100 саяыг авах уу, зургаан хэргийн ялд унах уу?
С.Одонтуяа 100 саяыг авах уу, зургаан хэргийн ялд унах уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.