ХАРАНХУЙ ДОРОЙ ХАЛХ ТҮМНИЙГ ХАВЧИЖ ЯЛЛАСАН МАНЖИЙН ХУУЛЬ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
28 минут 16 секунд
ХАРАНХУЙ ДОРОЙ ХАЛХ ТҮМНИЙГ ХАВЧИЖ ЯЛЛАСАН МАНЖИЙН ХУУЛЬ

ХАРАНХУЙ ДОРОЙ ХАЛХ ТҮМНИЙГ ХАВЧИЖ ЯЛЛАСАН МАНЖИЙН ХУУЛЬ

Манжийн дарангуйлллын үеийн хууль цааз гэхээр манайхан нөгөө л алдарт “Есөн эрүү”-г тоочдог.

Энэ бол зөвхөн засаг ноёдтойгоо тэмцэлдээд заргаа өгөхгүй адарсан шөрмөстэй эр, засал авахаасаа өнгөрсөн шилийн сайн эрчүүдэд үйлчилдэг байсан хууль цааз юмсанж. Харин жирийн иргэдийн үйлдсэн жижиг хулгай, дээрэм, залилан, хүчин, танхай, хүн амины хэргийг шийдвэрлэхэд зориулагдсан тусгай хууль цаазыг манж нар тэртээ 17-р зууны үеэс боловсруулж, түүнийгээ ягштал мөрдсөөр ирсэн байх аж. Үүнийг өнөөгийн зарим хүмүүс тэр бүр мэдэхгүй. Ерөөсөө л ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн бүхнийг “Есөн эрүү”-нд оруулдаг байсан мэтээр ойлгодог. Халхчуудыг номхон дорой, хүлцэнгүй байлгахын тулд Манж Чин улс олон зүйлийн хууль дүрмийг хэрэглэдэг байж. Жишээ нь одоогийнхоор бол манай Үндсэн хуультай төстэй “Дайчин улсын бүгд хууль” гэж байжээ. Энэхүү “Бүгд хууль”-ийг дагалдаж “Шүүх цаазын бичиг”, “Найман хошууны хууль”, “Цэргийн хууль”, “Лам нарын хууль”, “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль” зэрэг олон хууль үйлчилж байсан байна. “Шүүх цаазын бичиг” хэмээгч нь улс нийтээр дагаж хэрэглэх эрүүгийн хууль болой. “Найман хошууны хууль” хэмээгч нь манж нарын дотор зуураа дагаж хэрэглэдэг хамгийн түгээмэл хууль бөгөөд одоогийнхоор бол иргэний хууль. “Цэргийн хууль” бол үндсэндээ Хятадын олон мужийн цэрэг ба Манж, Хятадын нутаг хошуудын хамтарсан цэргийн ангиудад үйлчилдэг хууль байж. “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль” хэмээгч нь монгол аймгуудын засаг захиргаа, цэргийн явдал болон шүүн таслах хэргийг багтаасан, мөн ард иргэдийн хэвийн байдлыг сахиулах тухай иргэний хэргийн хууль болой. Эдгээр хууль нь ерөнхийдөө хөдөлшгүй байсан бөгөөд хааяа засаж залруулах, нэмэж орлуулах зэргээр шинэчлэгддэг байж. Энэхүү хууль нь гагцхүү Халхын феодалууд ба сүм хийдийн эрх ашгийг хамгаалан бататгаж, ард түмнийг харанхуй бүдүүлэг номхон хүлцэнгүйгээр дарлан боолчлогдоход зориулагджээ. Манжийн үед Түшээт хан, Сэцэн хан аймгийн монгол иргэн харилцан холбогдсон хүн амины, хулгай, худлын хэргийг Хүрээ сайдын газраас шийтгэдэг байсан бол Засагт хан, Сайн ноён хан аймгийн хэргийг Улиастайн жанжны газраас шийтгэдэг байж. Ингээд Манжийн үеийн зарим нэг хуулийн заалтаас иш татъя.
Одоогоос хоёр зуу гаруй жилийн тэртээ хэрэглэгдэж байсан уг хуулийн заалтуудыг 1930-аад оны үед ахмад түүхч Л.Дэндэв манж хэлнээс уйгаржин бичиг рүү буулгажээ. Тийм болохоор хэл найруулгын хувьд ойлгомжгүй зүйл их байгаа бөгөөд зарим хуулийн заалтыг утгачлан ойлгоход хүрнэ. Эрхэм уншигч та бүхэн ч гэлээ тархиа чилээгээд үзэхэд бас гэмгүй. Монголын цааз хуулийн гучин тав дугаар дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Аливаа засаг ба, засаг бус ван, бэйл, бэйс, гүн, тайж, тавнангууд бусад хошууны хүмүүсийг зоргоор алах, өшөөлж аргаар алах болбоос зургаан есөн мал авч алагдсан хүний эм, хөвгүүдэд өг, гурван есөн мал авч алагдсан хүний эзэнд өг, бас нэгжгээд жилийн пүнлүү хас. Сул тайж тавнангуудаас гурван есөн мал авч алагдсан хүний эзэнд өг, басхүү зэргийг байлга. Харц хүн болбоос шүүх цаазын бичгийн ёсоор шийтгэ, харъяат албат, жич гэрийн боолыг мэсээр цавчиж алах, зоргоор алах, өшөөлж алах, согтуугаар алах болбоос вангуудыг дөчин морь, бэйл бэйс, гүнгүүдийг гучин морь, тайж тавнанг гурван есөн мал авч алагдсан хүний эм, хөвгүүдэд өг, ах дүүгийн хамтаар бусад хошууны дуртай газарт илгээ. Харц түшмэл болбоос гурваад есөн мал авч алагдсан хүний эм, хөвгүүдэд өг. Ах дүүгийн хамтаар зүрхнээс гаргаж дуртай газарт илгээ. Гэрийн боол өөр өөрийн эзнийг албаас огтчиж алагтун” хэмээжээ. Манжийн дарангуйллын үед монголчуудын амин шүтээн нь мал байсан болохоор хуулийн заалтанд хүртэл мөнөөх л буянт малын маань нэр дурдагдаж, гэмт хэрэг үйлдсэн хэнбугай ч хэдэн малаараа л дэнчин тавьдаг байж дээ. Дээр өгүүлсэн “Гурван есөн мал” гэдэг нь гурван есийн хорин долоон мал бололтой. Соц нийгмийн үед улсын өмч хөрөнгийг шамшигдуулж гэмээнэ “Гурав нугалж төлүүлнэ” гэдэг байлаа. “Гурван есөн мал” гэдэг нь үүнтэй л төстэй шийтгэл бололтой. Одоогийнхоор бол “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй адил торгууль төлөх” гэдэгтэй адилхан ч юм шиг. Дээрхи хуулийн заалтанд ноёдын эрх ашгийг хамгаалж, харц ардыг номхон хүлцэнгүйгээр дарлан боолчлох гэсэн нэг том санаа агуулагдаж байгаа биз. Жишээ нь хошуу ноён, ван, бэйл, бэйс, гүн, тайж, тавнангууд харц ардын амийг хөнөөлөө гэхэд зургаан есөн малаар торгуулаад л өнгөрөх нь байна шүү дээ. Харин харц ардууд ноёд тайж нарыг хөнөөвөөс огтчин алах ялаар шийтгүүлдэг байж. Дээр үеийн кино, ном зохиолоос харж байхад зарим хүн бэйл, бэйс, тайж, тавнан болчих гээд л отго жинсний хойноос хөөцөлдөөд байдаг. Тэгэхдээ түүнийгээ гулууз гулууз мөнгөөр, тодруулж хэлбэл улаан цагаан авилгалаар авна. Гаднаа мянган мал хураачихсан, бас малгайн дээрээ тайж, тавнангийн отго жинс хадчихсан хүн бол доод тал нь арваад хүний амийг хөнөөчихөж болохоор байгаа биз. Гэхдээ хүн алж таашаал авдаг гаж донтой бол шүү дээ. Мянган малтай, гаж донтой тайж бол арван хүний амийг хөнөөхөд цаана нь таван зуугаад мал амин зуулганд нь үлдэх жишээтэй. Энэ мал нь өсч үржээд мянга хүрэхэд дахиад арван хүн алж болох л байж. Манжийн үед ийм л бүдүүлэг хууль үйлчилж байжээ. Өнөөгийнхөөр бол манай “Буян” Жагаа, “Женко” Баттулга нар Манжийн үед амьдарч байсан бол хичнээн ч хүн алж болохоор байгаа юм.
Монголын цааз хуулийн гучин зургадугаар дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Түшмэл ба харц хүн олон цөөн боловч илт булаахад хүнийг албаас даруй цавчин алж толгойг өлгөж олонд цээрлэл үзүүл, гэр бараа малыг хийсгэж хэрэг тохиолдсон хүнд өг, тайж болбоос яг адил боловч гэр бараа, харц албатыг байцаан хэлэлцэхийг үл хэрэгсэнэ” хэмээжээ. Энэхүү хуулийн заалтанд ойлгомжгүй зүйл их байгаа биз. Аливаа хууль ойлгомжгүй байх тусмаа харанхуй иргэдийг мангартуулдаг гэж байгаа. Зарим тохиолдолд иймэрхүү ойлгомжгүй бүрхэг хуулийн заалт нь мунхаг ардыг мэхлэх арга хэрэгсэл болж байжээ. Дээрхи хуулийн заалтыг тайлах гээд үзье. Дээрэмчид түшмэл ба харц хүнд халдан довтлоод хэн нэгнийг алсан тохиолдолд тухайн дээрэмчнийг даруй цавчин алж толгойг нь шонд өлгөж олонд цээрлэл үзүүлэх ёстой юм болов уу. Өнөөгийнхөөр бол аргагүй хамгаалалтыг хэтрүүлээд хэрэглэчихэж болно гэсэнтэй л адил юм байна. Басхүү дээрэмчний гэр барааг хийсгэж, дээрэмдүүлсэн хүмүүст өгөх юм байна. Эсвэл буруу юу. Мэргэн уншигч та өөрөө уншиж үзээд нэгийг сэтгэх биз. (тэгэхдээ дандаа бичиж нийтэлсэн хүнийг нь гутаан доромжлох маягаар сэтгэгдэл бичдэгээ болих хэрэгтэй)
Монголын цааз хуулийн 37 дугаар ба 38 дугаар дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Аливаа битүү хулгай хулгасан малын тоо нэг хоёр болбоос Хунань, Шандуньд цөл, гурваас тав хүрвээс Хугүан, Жияннанд цөл, зургаагаас есөн мал хүрвээс хөвчдөн алах ялд унагаж гянданд хорьж хүлээ, хориос гучид хүрвээс хөвчдөн алах ялд унагаж гянданд хорьж хүлээ. Бага насны мал болбоос дөрвийг нэгд бод. Цөлөхийг нь өртөөнд тушааж зовиур албанаа зүтгүүлэхээс гадна тайж болбоос ял адил унах боловч зэрэг хэрэм эвдэх, албат ард татаж гаргуулах зэргээр гүйцэтгэн шийтгэнэ” хэмээжээ. Монголчуудын амин шүтээн буянт мал маань Манжийн үед ийм л үнэ цэнтэй байж. Ухаандаа алт хулгайлсан хүнийг бус арав хүрэхгүй мал хулгайлсан хүнийг цөлдөг, хөвчдөн алдаг, гянданд хорьдог байж шүү. Аймаар юм. Харин энэхүү аймшигтай хуулийг аймшиггүйгээр сөрөн босч ирсэн хүмүүс бол шилийн сайн эрчүүд. Тэд хэрвээ баяд ноёдын малыг хулгайлаад баригдаж гэмээнэ есөн эрүүнд орж тамлуулна, эсвэл хөвчдөн алуулна, эс бөгөөс Хятадын нутагт цөлөгдөнө. Чухам тиймээс л шилийн эрчүүд хээрээр гэр, хэцээр дэр хийж, аймаг хошуу алгасч, агуй хонгилд бүгэж явсан хэрэг шүү дээ.
Монголын цааз хуулийн дөчдүгээр дэвтэрт өгүүлсэн нь. “Нэгэн зүйл. Ван, харц хүний гэргийтэй явалдваас есөн есөн мал ав, бэйл, бэйс гүн болбоос долоон есөн мал ав, тайж тавнан болбоос таван есөн мал ав, авсан малыг явалдсан эмийн нөхөрт өг, харц хүн хатан лугаа үгсэн явалдваас огтолж ал, хатныг цавчиж ал, явалдсан эрийн эм хөвгүүнийг боол болго. Харц хүн харилцан үгсэж явалдваас хоёр сарын дөнгө дөнгөлж зуун ташуур занч, эмийг золио болгон ав” хэмээжээ. Нэг сайн тал нь гэвэл Манжийн үед садар самуун явдлыг ихэд цээрлэдэг байсан нь дээрхи хуулийн заалтаас харагдаж байна. Гэхдээ л мөнөөх ноёд баяддаа ээлтэй хууль гаргачихсан байхыг яана. Ноёд баяд бол харц ардын царайлаг эхнэрийг эдэлж хэрэглэлээ гэхэд хэдэн малаар торгуулаад л өнгөрнө. Харин харц ард хатан хүнтэй явалдваас огтчин алуулах ялаар шийтгүүлээд үр хүүхдээ боолын боол болгоно. Харц ардтай явалдаж доошоо орсон хатан хүн ч бас үхэх ялтай байж. Тиймээс энүүхэний төлөө амиа өгөх хэн байх билээ. Ийм хатуу чанга хуультай байсан болохоор харц ард хатан хүнд сээтэн хаяж, хатан хүн харц ардтай явалдаж байсан түүх бараг үгүй биз ээ. Харин мал ихтэй ноёд тайж нар хэн нэгний царайлаг эхнэрийг эдэлж хэрэглээд хэд гурван мал золиосолж байсан явдал цөөнгүй аж. Жишээ нь Сэцэн хан аймгийн түүхийн сурвалж бичигт ийм нэгэн явдал бичигджээ. “Төр гэрэлтийн 26-р он буюу 1846 онд Ёст бэйс Ранзундовдондоржийн хошууны дөтгөөр зэргийн тайж, 29 настай Ламинжав нь тайж Мөнхбатын охин Дуламжавыг ёс төртэй авч гэрлэсэн боловч удалгүй төрхөмд нь буцаасныхаа дараа өөрийн төрлийн тайж Дашравжаагийн Бор лугаа явалдаж гэртээ оргуулан авчирав. Үүний учир Мөнхбат тайж инжинд өгсөн таван морь, дөрвөн шар, 18 лан мөнгө, хоёр буу, 1200 цай нэхэв. Мөн Дуламжавын эх Раднаабазар “Цагаан өмсгөлгүй ёсон бус ажил хийж, төрлийнхөө хүнтэй явалдлаа” хэмээн Ламинжавыг буруутган заргалдсаны улмаас тайж Ламинжав гурван морь, гурван тэмээний төлбөрт унав” гэж өгүүлсэн байх аж. Сайхан охид, бүсгүйчүүдийг ээлж дараалан эхнэрээ болгож ирсэн “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр хэрвээ Манжийн үед ингэж туйлсан бол байдагаа бараад дуусах байж шүү. Гэсэн ч тэр Манжийн хуультай хуульгүй дассан салсан годгор гэзэгтнүүддээ давхар байшин, данагар жийпийг харамгүй бэлэглэсэн өгөөмөр эр билээ.
Монголын цааз хуулийн дөчин нэгдүгээр дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Аливаа монголчууд харилцан гэнэдүүлэн сайн хүнийг боол шивэгчин бага гэргий, хөвгүүд ач нар болгон худалдваас худалдсан ба үгүйг үл ялган зуун ташуур занчиж, гурван есөн мал ав. Гэнэдүүлэгдэж учрыг мэдэх хүнийг зуун ташуур занч, Гадаад монголчууд дотоод газрын эр эм хөвгүүн охиныг гэнэдүүлэн аваачиж бага гэргий, боол шивэгчин болгон худалдваас худалдсан ба үгүйг үл ялган гагцхүү гэнэдүүлэн аваачваас хөвчдөн алах ял оноож гянданд хорьж хүлээ” хэмээжээ. Манжийн үед хэрэгждэггүй байсан хуулийн заалт гэвэл үүнийг л хэлэх байх. Нутаг хошуундаа эрх мэдэл бүхий баян тарган ноёд, тайж нар хэн нэгэн харц ардын царайлаг бүсгүйг дурлалт залуугаас нь булаах маягаар богтолж авсан нь тоймгүй. Ухаандаа Манжийн дээрхи хуулийн эсрэг эртний Монголын “Богтлох” ёс заншлыг сөргүүлээд тавьчихсан хэрэг. Бичигдээгүй зарим хууль бичигдсэн бүх хуулиас ч хүчтэй байх тохиолдол бий гэдэг билээ. Тиймээс хууль сахиулах учиртай манж ноёд өөрсөдтэйгөө хүзүү сээрээрээ холбогдсон хошуу ноёдыг бага хатан буулгахыг юман чинээ тоодоггүй байж. Мэдсэн ч мэдээгүй царайлаад өнгөрдөг байсан ч юмуу. Манж ноёд өөрсдөө ч бас Халхын царайлаг бүсгүйчүүдийг богтолж авсан нь тоймгүй. Бусдын эхнэрийг булааж юмуу худалдаж авбал тэгнэ ингэнэ гэсэн хуулийн заалт байдаг эсэхийг охиноо богтлуулсан эцэг эх, дурлалт залуу нь мэддэггүй байсан бололтой. Энэ нь нөгөө л бичиг үсэг тайлагдаагүй харанхуй мунхагтай холбоотой. Бас дээр нь тухайн үеийн харц ардууд бурхан шашны мухар сүсэгт хэт автчихсан байсныг ч хэлэх үү, дэндүү хүлцэнгүй, одоогийнхоор бол ёстой л “том тэнэгтдэг” байж дээ. Харин бичиг үсэг тайлагдсан, Манжийн хууль цаазыг арван хуруу шигээ мэддэг хөдөлгөөнтэй сэргэлэн залуу хэрвээ дурлалт бүсгүйгээ богтлуулсан гэдгээр дээш нь зарга үүсгэж гэмээнэ бага хатан богтолж авсан мунаг ноён гянданд суухгүйн тулд их л тэвдэх байж дээ, хөөрхий. Харамсалтай нь энэ мэтийн яруухан түүх домог Монголын түүх бичлэгт тэмдэглэгдэж үлдсэнгүй. Хүлцэнгүй ноомой байсны л гай шүү дээ, гай.
Монголын цааз хуулийн тавин хоёрдугаар дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Аливаа хүнийг занчаад үхэхэд хүргүүлсэн ба хэлтрүүлэх зарлиг зэрэгт хөнгөтгөсөн ба жич уурлан алахад их хөнгөтгөсөн ялт хүнийг цөм гурван есөн мал авч үхсэн хүний урагт олгуулж дуусга. Хэрэв чинээгүй болбоос Шаньдун, Хунаньд цөлж өртөөний зовох албанд явуул” хэмээжээ. Хөрөнгө муутай хүн бол хүнд гар хүрч болохгүй гэдгийг энд айхтар сануулжээ. Харин хэн нэгэн харц ард баян хүнд зодуулаад ядуу ар гэртээ гурван есөн мал аваад өгчихөж болохоор байж. Гэвч дээхэн үеийн ном зохиолоос харж байхад харц ядуус эзэн ноёндоо үхтлээ зодуулчихаад дээш нь ямар ч гомдол мэдүүлдэггүй, ерөөсөө л өөрсдийгөө зодуулж байх тавилантай юм шиг санадаг байсныг бодоход хууль дүрэм гээчийг огт мэддэггүй байсантай холбоотой.
Монголын цааз хуулийн тавин тавдугаар дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Бага сага ялын тухай харц хүн муу үгээр ванг дайрваас гурван есөн мал ав, бэйл бэйс, гүнгүүдийг дайрваас хоёр есөн мал ав, тайж, тавнанг дайрваас нэг есөн мал ав, тэргүүлсэн түшмэл болбоос нэг есөн мал ав, мэйрэн болбоос долоон мал ав, авсан малыг дайрагдсан хүнд өг” хэмээжээ. Манжийн үед хамгийн сайн хэрэгждэг байсан хуулийн заалт гэвэл энэ л байх. Жишээ нь шилийн сайн эр “Ганган” Төгсийн хэрэг байна. Даашинхүүгийн пүүсэнд зуун лангийн өртэй байсан “Ганган” Төгс нэг өдөр өрнөөсөө салахаар арав гаруй хонь, дөрөв таван адуу туугаад тус пүүсэн дээр явж очтол эд нар нь зуун лангийн өрийг нь төлж хүчирсэнгүй. Өрөө төлж хүчрээгүй “Ганган” Төгс пүүсний данжаадаас “Өрийг минь хэдэн сараар хойшлуулж өгөөч” гэж гуйжээ. Тэгтэл нэг хятад “Хай. Өрөө өгөхгүй бол хонгоны чинь мах хорсоно шүү” гэж хэлээд доогтой нь аргагүй инээсэн байна. Энэ муухай инээд тэнхээ чадалтай, цөс ихтэй “Ганган” Төгсийн зүрх сэтгэлийг ёстой л урах шиг болжээ. Тиймээс доогтой инээсэн мөнөөх хятадыг ухаан алдтал нь цохиж унагаад пүүсний данжаадыг заамдаж авсанаа “Та нар Монголоос идэж ханахгүй байна уу. Хэдэн манжтай чинь цуг Халхын нутгаас нохой шиг тууж хөөх цаг ирнэ ээ, гайгүй” гэж хэлээд байшингийн хананд шахаж байгаад дээш өргөтөл мөнөөх данжаадын хоёр хөл нь агаарт сарвалзаад амь тавих дээрээ тулсан гэдэг. Хэрэг явдал уг нь ингээд намжиж болохоор байж. Гэвч нөгөө заамдуулсан данжаад манж амбанд зарга мэдүүлсэнээр “Ганган” Төгс төрийн эсрэг тэрсэлсэн гэмт этгээд болж хувирчээ. Тухайн үед манж амбан ард олноос авах албан татвараа Даашинхүүгийн пүүсээр дамжуулж авдаг, нэг ёсондоо тэр муу заамдуулсан данжаад одоогийнхоор бол татварын байцаагч, төрийн ажилтан байж л дээ. Ингээд “Ганган” Төгс “Батгүн” шоронд хоригдож, төдөлгүй уг шоронгоос оргоод Алтайн нуруунд дүрвэж гарсанаар манж, хятадуудыг заналт дайснаа болгосон түүхтэй. Иймэрхүү хэрэг Манжийн үед маш их гарч байсан бөгөөд үүний тод жишээ нь “Цэрэг” Онолтын хэрэг, “Ард” Аюушийн хэрэг, “Цэрэг Энхтайваны бослого” гээд л цувчихна.
Монголын цааз хуулийн аравдугаар дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Халхын дотор суусан хошууны ба хятад иргэд хаалга гарч монгол газар тариалан хагалж үл болно. Аливаа засаг ба засаг бус хан, ван, бэйл, бэйс, гүнгүүд зоргоор иргэдийг элсэн хороож тариа хагалбаас нэгэн арванаас аравд хүрснийг нь нэгэн жилийн пүнлүү хас. Чуулганы даргын засгийн пүнлүүг адил хас. Хорьд хүрвээс хоёр жилийн пүнлүү хас. Чуулганы даргыг мөн адил. Гучид хүрвээс гурван жилийн пүнлүү хас. Чуулганы даргыг мөн адил. Дөчид хүрвээс түшмэл эвдэж тушаал авахуул. Таван жил эндэгдэлгүй болбоос дахиул. Чуулганы даргын засгийн пүнлүүг гурван жил хас. Үүнээс дээш болбоос түшмэл эвд” хэмээжээ. Энэ нь Манжийн үед огт хэрэгжээгүй хуулийн заалт билээ. Энэхүү хуулийн заалт нь Манжийн Энх-Амгалан хааны үед ёс төдий хэрэгжиж байсан ч түүний дараачийн хаад болох Найралт төв, Тэнгэрийг тэтгэгч, Сайшаал ерөөлт, Төр гэрэлт, Түгээмэл элбэгт, Бүрэн засагч, Бадаргуулт төр гэсэн хаад огт хэрэгжүүлээгүйгээр үл барам, харин ч тэд хятадуудтай нэгдэж Халх Монголд мөнгө хүүлэх ажлыг тун эрчимтэй бөгөөд цоглог гүйцэтгэж ирсэнийг өнгөрсөн үеийн түүх гэрчилмой. Жишээ нь Манжийн Төр гэрэлт хааны үед Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуунд өрнөсөн үйл явдал үүнийг гэрчилнэ. Тус хошууны засаг ноён Ичинноров гэгч нутгийнхаа алт эрдэнэс бүхий Эрдэндалай уулыг Хятадын мөнгө хүүлэгч нарт худалдсанаар “Эрхий мэргэн” Элбэг тэргүүтэй шилийн сайн эрчүүд тэмцэлд босч байсан түүхтэй. Гэвч тухайн үед дээр өгүүлсэн “Халхын дотор суусан хошууны ба хятад иргэд хаалга гарч монгол газар тариалан хагалж үл болно. Аливаа засаг ба засаг бус хан, ван, бэйл, бэйс, гүнгүүд зоргоор иргэдийг элсэн хороож тариа хагалбаас нэгэн арванаас аравд хүрснийг нь нэгэн жилийн пүнлүү хас, түшмэл эвд” гэсэн хуулийн заалт огт хэрэгжээгүйгээр үл барам хятадуудад газар нутгаа улайм цайм худалдсан засаг ноён Ичинноров харин ч бүр оодроод Богдын хүрээнээс цэрэг дуудаж “Эрхий мэргэн” Элбэг нарын хүмүүсийг нухчин дарж амийг нь авч байсан түүхтэй билээ. Мөн одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт газар тариалан эрхэлж байсан Хятадын Чуумангийн пүүсийн эсрэг боссон Минжийн хангайн “Улаан” Дамаагийн хэргийг энд бас дурдаж болно.
Монголын цааз хуулийн аравдугаар дэвтэрт өгүүлсэн нь: “Нэгэн зүйл. Харъяат захирах монголчууд зоргоор иргэнийг элсэж тариа хагалбаас хүний тоог бодохгүй түшмэл болбоос түшмэл эвдэж хоёр есөн мал ав. Харц хүмүүн болбоос зургаан сар дөнгө дөнгөлж өдөр дууссаны хойно зуун ташуур занч. Харъяат тайж тавнан, жич, засаг, туслагч тайжийг ялган салгаж есөн мал ав. Даруй дагаж гүйцэтгэхгүй болбоос ван, гүн,тайж, тавнанг хүндээр яллах ба түшмэл ардыг цөлж өртөөнд тушаан зовох албанаа явуул. Монголчууд цаазалсан бэлчээр газрыг зоргоор хагалж тариалах болбоос ван, бэйл, бэйс, гүн, туслагч тайж нарыг Журганаас чангалан ял хэлэлцэнэ. Тайж болбоос шууд түшмэл эвд. Түшмэл цэрэг, сул монгол болбоос хоёр сарын дөнгө дөнгөлж зуун ташуур занч. Хагалсан тариаг бүрэн ширэлдүүлж бэлчээр болго” хэмээжээ. Монгол хүн монгол газар нутаг дээрээ тариа тарьж болдоггүй яасан муухай хууль вэ? Үүнийг манай түүхч, судлаач нар тайлбарлахдаа “Хэрвээ монголчууд тариа тариад баяжчихвал мал сүргээ өсгөж чадахгүй, үүний улмаас Манжийн хаад ноёд, хатад эмсийн идшийг бэлдэж чадахгүйд хүрнэ гэж газар тариалан эрхлэхийг зориуд хориглосон” гэж онцолсон байдаг. Нээрээ ч манж нар халхчуудаар тариа ногоо тариулах тун дургүй, тэднийг зөвхөн мал маллаж үржүүлдэг ажлын хар “малнууд” болгох бодлого барьж, харин Монголд хоосон нойтон доншуучилж ирсэн хятадуудаар тариа тариулж, тэднээс зохих ёсны татвар авч байсан нь маргаангүй үнэн билээ. Төв Азийг тэр чигт нь хөлийнхөө улан дор бөмбөрүүлж байсан хүчирхэг манж нар халхчуудыг яагаад бөөн бөөнөөр нь хядчихаагүй юм бэ гэсэн асуулт гарч ирдэг. Үүний учрыг олж цөхөөд байх юмгүй. Ерөөсөө л эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай Монгол нутагт таван хошуу малыг нь маллаж чадах улс гэвэл халхчууд л байсан. Хэрвээ манж нар халхчуудыг устгаж гэмээнэ тэр их мал сүргийг нь хятадууд маллаж чадахгүй, өөрсдөө ч маллаж чадахгүйд хүрнэ. Тэгээд л Халх ноёдыг элдвээр хөхүүлэн шагнаж, цаадуул нь харц ардуудаар малаа маллуулж, татвар шимтгэлийг чинээнд нь тултал хурааж хуримтлуулаад Манжийн идшэнд явуулдаг харалган цаг байж дээ, хөөрхий. Манж нар үүнд зориулсан хууль хүртэл гаргачихаж. Тэгээд ямар нэгэн гэмт үйлдэл гарах болгонд Халхын буянт мал сүрэг торгууль ялбарт нь бөөн бөөнөөрөө “цохиж” явдаг байсныг дээр өгүүлсэн бүхий л хуулийн заалт гэрчилнэм бус уу. Хэрвээ мал байхгүй байсан бол манж нар халхчуудыг чухам юугаар торгох байсан улс вэ?

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахыг Байнгын хороо дэмжлээ
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахыг Байнгын хороо дэмжлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.