Эх хэлнийхээ дархлааг бэхжүүлэх, ядаж төрийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн хэмжээнд зөв төгс ярьж бичиж, хүсч буйутга санаагаа бүрэн, эмх цэгцтэй илэрхийлнэ гэдэг тэр улс, үндэстний соёл боловсролын түвшинг ямагт илэрхийлж байдаг чухал үзүүлэлт, нийгмийн дэвшил, соёлын нэг том хэмжүүр юм.
Төрөлх хэлний язгуур утга, өнгөрсөн одоо, ирээдүй цаг, тийн ялгалын хэрэглээнд гарч буй өнөөгийн гажуудлыг хойч үедээ залруулж, зааж сургаж байхгүй бол этгээд буруу яриа, хэрэглэж буй үг нь илэрхийлэхийг хүсч буй утга, агуулгадаа авцалдахгүй байх явдал хаа сайгүй байдаг болжээ. Сонгууль өгөх, мөнгө цуглуулах, ялалт байгуулах, худалдан авалт хийх... гэх мэтээр ярьж буйг тайлбарлах нь илүүц буйзаа.
Үлэмж гоё, гайхам сайхан бүхнийг “аймаар гоё”, “аймаар сайхан” гэх мэтээр тодотгодог явдал өсвөр үеийнхний дунд өргөн хүрээтэй тархсан байна. Энэ мэт монголоор ярьж, бичиж үл чадагсадын тоо нэмэгдсээр бүр нийгмийн гажуудалд хүргэдэг “нялхсын өвчин” болон тархаж төрөлх хэл маань хорт халдварт нэрвэгдэн хүндээр өвчилснийг уншигч Та анзаарсан буйзаа.
Үүнийг нийгмийн хэмжээнд эдгээх арга чарга байдаг бол цаг нэгэнт тулжээ. Уул нь бид бол өөрийн гэсэн өв соёл, хэл яриа, бичиг үсэг, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу аж амьдралаа зохицуулж заншсан улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх, соёлын өвтөй ард түмэн юм шүү дээ. Энэ бүхнээ бид нандигнан хамгаалж байх ёстой эс тэгвээс бид өв соёлоо гээнэ, өөрийгөө хамгаалахгүй ард түмнийг бусад хамгаалахгүй.
Энэ бол бидний тусгаар тогтнолын маань дархан хил, үндэсний өвийн маань суурь умартаж үл болох эрхэм нандин зүйл, умартваас бидмонгол биш болно
Үзэг цаас нийлүүлж үнэн худлыг дэнслэн нэг гартаа ган үзгээ, нөгөөдөө авилгачдын зүрхийг сугалан барьсан өнөөгийн “догшин Жамсран“гэмээр сэтгүүлч сэхээтэн нар маань л эх хэлнийхээ манаанд баттай зогсож баймаар юм.
Гэтэл манийгаа манлайлах учиртай сэтгүүлчид, төрийн түшээд, УИХ-ын эрхэм гишүүд, ТВ, сонины сурвалжлагч нарын |заримынх нь| хэл яриа, бичлэг бол дээгүүр нь гарсан шувуу сангасаа унагаж, дэргэдүүр нь яваа нохой гасалмаар юм. Эх хэл бол гаднаас зөөдөг бараа таваар биш, хөрөнгө зээл ч биш энэ бол зөвхөн бидний дотор байдаг монгол хүн монголоо алдахгүй байх дархлаа юм. Бид эх хэлээ элэг эмтрэм гажуудалд оруулаад зогсохгүй хойч үедээ эл гажуудлыг лавтай үлдээж байгаа нь илэрхий болсон байна.
Нийгмийн манлайд явдаг төрийн түшээд,албан хаагчид сэтгүүлчид, залуус бүгд эх хэлнийхээ дүрмээ бүдүүлгээр зөрчин “мэндийг хүргэх”, “гэрээг байгуулах”, ”төсвийг батлах”, “асуултыг тавих”, “ашиглалтанд оруулах”, “амлалтыг биелүүлэх”, “олон эрсдлүүдийг дагуулах” гэх мэтээр ярих нь өнөөдөр ердийн үзэгдэл болчихжээ. Эдгээр хий үзэгдлүүд УИХ, “Цагийн хүрд”-ээсээ эхлээд манай бүх телевизүүдийн яриа, титр, цахим сүлжээнд бүр ч илүү нэвчсэн буйг бид бүгд үзсээр, сонссоор атал анзаарсан нь даанч үгүй хээр талд эзэнгүй орхисон мал лугаа адил болсон байна.
Өнөөдөр олон нийт. нийгмийн хэмжээнд ярьж хэлж, бичиж тэрлэж байгаа зүйлүүд алдаа мадаг маш их болсон байна. Үгийн сонголт, байрлал буруу, найрлага, тодотгол, зүйрлэл нь тохиромжгүйгээс гадна хэл бичгийн дүрмийн алдаа мөн ч их болжээ. Их эрдэмтэн Ренчин абугуай маань “Дуурь бүжгийн улсын театр” бус “Улсын дуурь бүжгийн театр”, “Хар нүдний шил” бус “Нүдний хар шил” гэх мэтээр шүүмжилж байсныг эцэг эхчүүд санаж байгаа байх.
Тэр үед иймэрхүү алдаа гаргасан сэтгүүлч ажилдаа үлдэх эсэхээ шийдүүлдэг, сонин сэтгүүл, телевиз, радио нийтлэл, нэвтрүүлгээ олон нийтэд хүрэхээс өмнө хатуу хяналт дор шалгадаг байсан юм. Энэ бол үзэл суртлын цензур бус ажлын хариуцлага гэдгийг хэлэх нь зөв байх. Ялангуяа ТВ-үүдэд хянагч, редактор, уран зохиолын ажилтан гэж байдаггүй бололтой. Хэрэв байдаг бол арай дээрх маягаар яримааргүй юм.
Монгол хэл бол маш баялаг үгсийн сантай, бодож сэтгэснийг бүрэн төгс, яруу гаргахад шавхагдашгүй чадавхтай юм шүү дээ уул нь. Цахим сүлжээнд бичдэг этгээд буруу хэрэглээг эс тооцвол шүү дээ.
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд ӨО-ын тийн ялгалд давхар "Н" залгадаг халдварт вирус монгол үгсийн санд дэлгэрээд удаж байна. "амжилтанд" хүрэх "биелэлтэнд” хяналт тавих, “ашиглалтанд” орох, “ялалтанд” хүрэх гуталны засвар, гэх мэт. Ингэж бичиж, ярихад хэл нугарч өхгүй эвгүй л баймаар юм. Одоо бүр улс нийгмийн хэмжээнд өргөн дэлгэрч лавшран үлдэх шинжтэй боллоо.
Зарим сэхээтнүүд маань ам нээх болгондоо л “Тэгвэл”, “эсгүй бол” |эсвэл гэж байгаа юм байх| гэж дуугардаг юм байна. Ийм нөхцлийг өмнөх өгүүлбэрийнхээ утга, санаатай зохилдуулан хэрэглэдэг учиртай юм шүү. Үгсийн санд бэлхэн буй монгол үгээ зориуд гадаад үгээр орлуулж чамирхан ярьдаг өвчин бидний дунд дэлгэрээд мөн л удаж байна. Үүний тухай яривал ам чилж, бичвэл бэх дуусах буйзаа.
Монгол хэлний ихэнх нэр мал, мах, цас, бороо, ой, мод гэх мэт үгс олон тоо болон заахын тийн ялгалыг давхар илэрхийлдэг юм шүү дээ. Мал хариулах, мах идэх, ой хамгаалах гэх мэт. Малнууд, цаснууд, махыг идэх, малыг хариулах ойг хамгаалах гэхгүй.
Бид хашгираад л, бичээд л байдаг тэр нь буцах хаяг, буух эзэнгүй хий үзэгдэл мэт тэнүүчилж явсаар өдгөө нутагшиж дасаад бүр үл анзаарагдах байдалтай болжээ. Ялангуяа зар мэдээ уншихад бүр илүү ажиглагдаж байна. Иймээс олон нийтийн аль нэг мэдээллийн хэрэгсэл дээр эх хэлээ гажуудуулсан этгээд хэллэгүүдийг гаргадаг талбай, эсвэл ТВ-д тав, арван минутын цагтай байя л даа.
Олон нийтийг хамарсан сайн дурын чээж бичиг, монгол хэлний шалгуур уралдаан, тэмцээн зохион явуулъя. Элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл бичгийн суурь онооны босгыг ерөнхий боловсролын сурагчдынхаа монгол хэлний мэдлэгээр судалгаа хийж шинээр тогтооё. Монгол хэлний талаар ажилладаг байгууллагууд, төрийн хэлний зөвлөлтөйгөө хамтраад иймэрхүү зүйл санаачилж хиймээр санагдаад байгаа юм. Уул нь бидэнд дагах ёстой монгол хэлний үгсийн дүрмийн хэд хэдэн эх сурвалж бий л дээ. Мөн цахим сүржээнд саяхан гарсан монгол хэлний тайлбар толь, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол хэлний үгсийн дүрмийн толь |1984|, Л.Болд редактор, МУ-ын ШУА-иас хэвлэлд гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь |таван боть 2008| эдгээрээс өөр үгүй тул байгаагаа л баримтлах нь зүй бусуу.
Эцэг эхчүүд бид үр хүүхдээ багаас нь зөв цэгцтэй ярьж сургах, хэлэх, үгээ зөв сонгоход нь байнга анхаарч, уйгагүй засч залруулж байх хэрэгтэй. Бид хойч өсвөр үедээ зөв ярьж сурахад нь анхаарлаа сулруулснаар монгол хэлний дархлаагүй болгож байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний сурах бичгүүдэд буй алдаа мадгийг даруй засч шинээр сургалтад гарахад улс орон даяар нэг мөр болгох хэрэгтэй байхаа. Багш нар хүүхдүүдэд монгол хэлний мэдлэг зөв хэрэглээг түлхүү заавал, тэднээс илүү өргөн мэдлэг шаардах эрхтэй болж сурагчдын мэдлэгийн түвшин дээшлэнэ. Заахгүй, засахгүй байваас эцэст нь ямарч зөвлөл байгуулсан ийм л байх болно.
Төр засгаас эх хэлний асуудлаар ямар нэг бодлого барьж байгаа бол ганц зөвлөл байгуулаад орхих бус эрдэм шинжилгээний болон, олон нийтийн байгуулллагууд хувь хүмүүсийг оролцуулан дорвитой ажил зохиох цаг болжээ.
Уул нь төрийн хэлний хууль гэж байдаг л даа. Харин төр маань сонгуульд нэгдэх “намыгаа”, сонголтгүй гардаг “жагсаалтыгаа”, өмчилж авсан “газрыгаа”, өр болсон “зээлийгээ”, эдийн засгийн “асуудлыгаа” гээд Төрийн хэлний “хуулийгаа” тоох завгүй байна даа.
Эх хэл гэдэг бол улс үндэстний удам угсааг хамгаалж, тусгаар тогтнолын бие даасан чанарын цөм болдог хүчирхэг зэмсэг гэдгийг эцэст сануулахад илүүдэхгүй болов уу.
Н.Бадарч