Өнөөдөр нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологи зэрэг бүх салбар инновацийн зүг алхаж буй. Наад зах нь дотооддоо
үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр ашигт малтмалын бүтээгдэхүүнээ боловсруулан нэмүү өртөг шингээж экспортлохоос эхлээд олон зүйл бий.
Дэлхийн улс орнууд энэ зүгт анхаарлаа хандуулсан. Үүнтэй холбоотойгоор манай улс өнгөрсөн жилээс эхлэн инновацийн аян, өдөрлөгийг эхлүүлсэн. Энэ жил хоёр дахь удаагаа “Монголын инновацийн 7 хоног-2016” арга хэмжээг зохион байгуулж буй.
Арга хэмжээ өнгөрсөн даваа гарагт эхэлсэн бөгөөд өчигдөр “Ногоон технологи, инноваци-2016” зөвлөгөөн, үзэсгэлэнгээр үргэлжиллээ. Зөвлөгөөнд үйлдвэрлэлдээ ногоон технологийг нэвтрүүлсэн байгууллага, судалгаа хийсэн эрдэмтэн профессорууд илтгэл тавьсан юм. Тухайлбал, адуу брэндээр олны танил болсон “Монхимо” компанийн захирал М.Ариунаа хөрс хамгаалж бэхжүүлэх, тоос дарах бүтээгдэхүүн гарган авсан бөгөөд ашиглах бүрэн боломжтой талаар илтгэл тавьсан. Энэ талаар тодруулахад тэрбээр “Уул уурхайн ажил эхлэхэд тоос шороо ихэсдэг. Үүнийг багасгах, бууруулах үүднээс 2008 онд Шинжлэх ухаан технологийн сангийн Инновацийн төсөлд хамрагдаж уул уурхайн тоос шороо дарах бүтээгдэхүүн гаргаж авахаар ажилласан.
2009 оноос хойш эдийн засгийн хямралтай хэмээн санхүүгийн тусламж үзүүлэх боломжгүй болсон тул өөрсдийн боломжоор туршилт судалгааг үргэлжлүүлж бүтээгдэхүүн гарган авсан. Энэ бүтээгдэхүүнээр уул уурхайн тоос шороог дарвал улсдаа төдийгүй Азийн шар шороон шуурга буурахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэж үзсэн. Хөрс бэхжүүлэгч, тоос дарагч гэсэн хоёр төрлөөр ашиглах боломжтой. Газар тариалангийн ялзмагт шинж чанар нь буурч байгаа энэ үед хөрс хамгаалах, чийг хадгалах зорилгоор ашиглах боломжтой. Ингэснээр намар салхилж, хур багатай үед хөрс хатаж ургац алдахаас урьдчилан сэргийлэх юм. Тоос дарах чиглэлээр Эрдэнэтийн уурхайн цагаан тоосны аж ахуй, Багануурын уурхайн дундах замд 2013 онд туршихад тоосжилтыг тодорхой хэмжээнд бууруулсан. Үүнийг сайжруулсан шороон замын шороо тоосыг бууруулахад ч ашиглах боломжтой” гэв. Тус бүтээгдэхүүн нь шаварлаг эрдэст суурилсан нано бүтэцтэй аж. Ийм технологийг гаднын улс оронд хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд машин цөөн явдаг газар аспальтан зам тавихаас илүүтэйгээр дээрх технологийг сайжруулсан шороон замд ашиглан санхүүгээ хэмнэдэг аж. Үүнээс гадна бохир ус цэвэрлэх технологи, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
технологийн гнинэ шийдэл зэрэг илтгэлүүд үргэлжилсэн.
“Ногоон технологи, инноваци-2016” үзэсгэлэнд бүх салбарын үйлдвэрлэл, практик болон бизнесийн хүрээнд нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник технологи, инновацийн шинэ санаа шийдлийг харуулсан бүтээлүүд цөөнгүй байсан юм. Ихэвчлэн гарааны бизнес эрхлэгч, Их дээд сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд байсан бөгөөд олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай компаниуд ч шинэ бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцож байсан юм. Зөвхөн нийслэлээр хязгаарлагдаагүй тус үзэсгэлэнд Баянхонгор аймгийн “Баянхан хишиг дундын хоршоо”-ныхон өөрсдөө тарьж үйлдвэрлэсэн өргөст хэмх болон хөрсний бордоо худалдаалж байв. Үүнээс гадна инновацийг дэмжих бүтээгдэхүүн импортолдог байгууллагууд ч цөөнгүй байв. Тухайлбал, нүүрсний шаталтыг сайжруулж, үнсний хэмжээг багасгах, утааны хор бууруулах нүүрс цэвэршүүлэгч Clean coal бүтээгдэхүүнийг “Ханан хишиг” компани оруулж ирдэг. Өнгөрсөн өвөл Хан-Уул дүүргийн 10 мянга гаруй айл туршилтаар хэрэглэжээ. Өдөрт дөрвөн хувин нүүрс хэрэглэдэг бол дээрх бүтээгдэхүүнийг хэрглэснээр гурав болж буурдгаараа эдийн засгийн хэмнэлттэй аж. Тодруулбал, тус шингэн бүтээгдэхүүнийг шатаах гэж буй нүүрс рүү цацаж хэрэглэх юм байна. Мөн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд, эко барилгын дулаалгын материал, бетоны үйлдвэр, эко жорлон, монгол хэлний үргэлжилсэн яриа таних систем, утасгүй сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг олон салбарын бүтээл, бүтээгдэхүүнүүд байсан юм.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/