Хүсэвч олдохгүй сайн, хусавч арилахгүй муу нэр гэж бий. Энэ үгийн бодит жишээ нь АН болжээ. Тэд хэчнээн гялгар цаасаар “нааж”, толигор үгээр далдлаад ч дөрвөн жилийн турш улс эх оронд хоноцын сэтгэлээр хандсан нь хэний ч нүдэнд ил болчихсон. Товчхондоо, тэд 1996-2000 онд анх удаа төрийн эрх барихдаа толгойтой бүхнээ сайдын суудалд суулгаж, засаг төрөөрөө тоглож ёстой л нэг юм үзээгүй хүүхдийн зан гаргасан. Энэ цаг хугацаанаас хойш бүхэл бүтэн 16 жил өнгөрсөн ч АН-ын “хүүхэд” төрх хэвээрээ л байгаа нь харамсалтай. Тэд хоёр дахиа төрийн эрхэнд гарахдаа өнөөх л сурсан муу зуршлуудаа гаргаж, ард түмэнд “гайхуулав”. Туршлага, тулхгүй намын бодлого улсаа сүйрүүлж, иргэдээ элгээр нь хэвтүүлдэг ажээ. Дөрвөн жил өвөр зуураа хөлөө жийлцэж, гаднаас босгосон их хэмжээний мөнгөө ширээ тойрон сууж байгаад “хувааж халаасалсан” АН-ынхан өнөөдөр энэ мөнгөөрөө иргэдийн саналыг “худалдаж авахад” бэлэн болжээ. Хуульдаа баригдан улайм цайм тарааж чадахгүй байгаа ч ил, далдаар мөнгөн амлалт өгч, зарим газар бэлэг сэлт тараасаар л байна.
Арга ч үгүй, тэд хэдэн жилдээ өндийхөөргүй их өрийг дөрвөн жилийн дотор тавьчихсан. Ард түмэндээ хялайлгаагүй тэр их мөнгөөрөө АН-ынхан сонгуульдаж байгаа. Бүр тарааж ч байна. Хоёрхон цаг давхиад хүрдэг Дархан-Уул аймаг руу хүртэл онгоцоор нисч байна. Нэг бүр нь 200-250 саяын үнэ бүхий лексус 570 маркийн машинаар цуваа үүсгэчихсэн, орон нутгаар уулзалт хийж явах жишээтэй. Үнэндээ АН-ынхан алхам тутамдаа мөнгө цацаж байна. Адаг сүүлд нь “луйврын” аргаар ялалт авахыг санаархаж сууна. Мэдээж луйвар хийх гол зэвсэг нь хар машин. Тэд өмнө нь энэ машины туслгамжтайгаар ард түмний саналыг “дээрэмдсэн”. Энэ удаа ч гэсэн өмнөхөө давтахыг санаархсан ч сөрөг хүчин төдийгүй ард түмний зүгээс маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан учир 50 хувийг нь хар машинаар тоолохоор авч үлдсэн. Дээрээс нь орон нутаг руу “царцаа” нүүлгэхээс авахуулаад эрхэлдэг бизнес, эзэмшдэг компанийнхаа ажилчдын саналыг “хүчээр авдаг” муу аргаа ч хэрэглэх нь гарцаагүй.
Үндсэндээ АН-ынхан шударга өрсөлдөөн гээчийг мэдэхгүй улс. Учир нь тэдний үндсэн совест ийм. Өөрөөр хэлбэл, АН-д хэн нэгэн байя гэвэл бусдын адил хорчин, бас намынхаа ямар ч том лидерийг бусадтайгаа нийлж “булшлах” чадалтай байх гэсэн үндсэн шалгуур үйлчилдэг. Тиймээс ч АН хоёрхон удаа төрийн эрх барихдаа долоон ч засгийн нүүр үзсэн байх вэ. Тодруулбал, тэд 1996-2000 онд засаг барихдаа дөрвөн ч Ерөнхий сайдын нүүр үзсэн. Харин 2012-2016 онд хоёр Ерөнхий сайд, гурван өөр бүтцийн Засгийн газартай болсон. Үүний цаад учир нь ердөө л шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг нам гэдгийнх нь баталгаа. Бас нэгнийгээ дээшээ гарахад тэд яснаасаа дургүй нь хэний ч нүдэнд илт байдаг. Засгийн газрын тэргүүний суудалд намынх нь нөхөр суухыг үзээд нүд нь хорсдог учраас л тийм олон засгийн нүүр үзсэн нь гарцаагүй үнэн.
Хамгийн харамсалтай нь АН-ынхны энэ толхилцоон дунд улс эх орон уруудаж, ард түмэн туйлдан үлддэг болжээ. Эрх ашгаа эрэмбэлж, бодлого тодорхойлох хэмжээний зангарагтай болсон цагтаа АН төрийн эрхэнд тэмүүлэх учиртай мэт санагдана. Өөрсдөө төлөвшиж чадаагүй атлаа өрөөлд үлгэрлэнэ гэдэг байж боломгүй хувилбар. АН засгийн эрхэнд гарсан хоёр удаагийн түүх тэдний хэн бэ гэдгийг ард түмэнд бүрэн таниулсан нь “давуу тал” болж чадлаа.
Ийм л учраас АН-ынхны цаг нь, туршлага нь болоогүй байна гэж олон нийт дүгнээд байна. АН-ын “цаг” зогсчээ. Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэх дүгнэлтэд олон нийт хүрсэн байна. Үнэндээ иргэн бүрийн амьдралд хүрэхээр мөрийн хөтөлбөр боловсруулсан Ардын нам туршлагатай учраас л салхи эргэчихээд байна. Адаглаад эдийн засгийг 17.3 хувьд хүртэл нь өсгөж явсан сайн түүх МАН-д байгаа болохоос тартагт нь тулгаж 0.1-д хүргэж байсан нь үгүй. Замын дунд ямар ч үр дүн гарч болох. Гагцхүү ард түмний амьдралд шууд хамаардаг эдийн засгийг өсөлттэй байлгаж чадах нь засгийн эрх барьж буй намын гол үүрэг. Ийм л тохиолдолд ард түмний амьдрал дээшлэх учиртай. Хүн төвтэй бодлого гэдэг энэ аж. Хуйвалдаан, элдэв гүжир гүтгэлэг, дээрэмгүй явбал ард түмэн тэр чигээрээ Монгол Ардын Намд итгэл үзүүлэх нь тодорхой болжээ.
Т.ЗҮРХ
Эх сурвалж: МАН-ын Сонгуулийн Штаб