гарч ирэхээ больсон гэнэ. Та нарын буянаар одоо нэг ч хүн өршөөгдөхгүй нь”...иймэрхүү яриа гадуур эрчээ аваад байна. Авлигачдыг өршөөхгүй гээд Ерөнхийлөгч хориглочихсон.
Гэтэл УИХ-ын гишүүд өнөөхийг нь А+Б=Ц байсныг Б+А=Ц болгоод оруулж ирснээс болоод Ерөнхийлөгч дахиж хориг тавихаар боллоо гэх мэтээр нийгэмд энэ хуулийн талаарх зөрүүтэй мэдээлэл гарч эхэлжээ. Ерөнхийлөгчийн хориг үнэхээр байгаа олж чадсан эсэх, мөн энэ хуулийг яагаад улстөрчид санаатай, санамсаргүй байдлаар намрын чуулган руу шидэв гэсэн олон асуулт дагуулсан эргэлзээнд энэ нийтлэлээр хариулт эрэхийг хичээлээ. Эрүүгийн өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж байгаа анхны тохиолдол энэ юм. Өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2008 онд эдийн засаг, татвартай холбоотой Өршөөлийн хуульд хориг тавьж байжээ.
2015 оны наймдугаар сарын 1-нд ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцсэн Өршөөл үзүүлэх хуулийн төсөл өнгөрсөн нэг сарын хугацаанд нийгэмд эргэлзээ тээнэгэлзэл дагуулсан.
Авлига албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх заалтыг 4.1-д оруулж өгсөн, мөн өршөөлийн хуулиар эдлэх ёстой ялаас нь хоёр жил хасагдах хэргүүдийг хуулийн төслийн долдугаар зүйл заалтад оруулсан асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгч 4.1-д буй Эрүүгийн хуулийн долоон зүйл заалт буюу 268, 263, 264, 270, 273, 148, 150 гэсэн зүйл ангиудад хэсэгчлэн хориг тавьсан хэмээж байгаа. 4.1 дүгээр заалтад 191 зүйл ангийг өршөөхөөр тусгаснаас ердөө л долоон заалтыг нь унагахаар хориг тавьсан гэж ойлгогдож байна. Эдгээрт ихэвчлэн авлига албан тушаалын хэрэг багтсан гэх. Мөн хуулийн долдугаар зүйл заалтад хориг тавьсан шалтгаан нь эдлэх ёстой ялаас нь хоёр жил хасах заалт дээр танхайн гэмт хэрэг буюу залуус ихэвчлэн ял эдэлдэг зүйл ангийг оруулах санал тавьсан байгаа юм. Энэ заалтуудыг УИХ хүлээгээд авчихсан. Харин нөгөө талд УИХ-ын дарга Р.Гончигдорж өршөөлд хамруулахгүй хэргүүдийг тусгасан ес, өршөөлийн хуулиар хоёр жилийн ял хасахгүй гэсэн заалтууд оруулсан тавдугаар зүйл дээр Ерөнхийлөгч хориг тавих ёстой байсан гэсэн тайлбар хэлжээ.
Ерөнхийлөгч есдүгээр заалтад байгаа өршөөхгүй асуудал руугаа авлигыг оруулах, мөн хоёр жил хасахгүй гэдэг заалтад байгаа танхайн хэргээ долдугаар зүйл рүү оруулж ир гэсэн байдлаар хориг тавих нь байгаа оносон хэрэг болно гэсэн тайлбар өгчээ. Эндээс харахад хэн хэн нь зөв тайлбар өгөөд байгаа мэт. Гэвч УИХ 4.1 заалт, долдугаар зүйлд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээгээд авчихсан учраас тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсан ч Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа шийдээгүйгээс 4.1 гэсэн заалт тэр чигээрээ хүлээлтийн байдалд шилжээд байгаа юм.
Ерөнхийлөгч 4.1-ээс авлига албан тушаал, залилан гэсэн хэргүүдийг сугалж хориг тавьсан бол УИХ ямар ч тохиололд хүлээж авах ёстой. Хуулийг хэрэгжүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж чадаагүй учраас ийм тодорхойгүй байдал үүслээ гэсэн байр суурийг улстөрчид илэрхийлж байгаа юм.
Хуулийн төсөл тэр чигээрээ гацсан зүйл одоогоор байхгүй. Дээр хэлсэнчлэн 4.1-д байгаа 191 зүйл заалт, долдугаар заалтад байгаа хоёр жил хасахгүй байх гэмт хэргээс танхайн хэргийг суллах эсэх асуудлаас бусад зүйл заалтууд хуулийн хүрээнд хэрэгжээд явж байгаа юм. Долдугаар зүйл заалтад байгаа эдэлж буй ялаас нь хоёр жил хасах асуудлыг ажлын хэсэг хэрэгжүүлээд явж байна. Мөн 81 мянган жолооч үнэмлэхээ сэргээлгээд одоо бараг л дуусах шатандаа оржээ. Өршөөлийн хууль батлагдаад хэрэгжиж эхэлвэл 730 орчим хүн суллагдах тооцоо гарчээ.
Мөн 970 орчим хүнээс хоёр жил хасагдаж суллагдана. Нийт 1700 хүн хорих байгууллагаас гарах бөгөөд 770 орчим хүний эдлэх ёстой ялаас хоёр жил хасагдах тоон мэдээлэл гарчээ. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд дээрх 1700 хүнээс 161 хүн гарч ирэх боломжгүй болж үргэлжлүүлэн ялаа эдэлнэ. Мөн долдугаар зүйл заалтад байгаа танхайн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 96.1, 96.2, 147.2, 281.3 гэсэн заалтуудаас хоёр жил хасах Ерөнхийлөгчийн хоригийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээр 1700 орчим хүнээс хоёр жилийн ял хасагдана гэсэн тооцоо байна. Намрын чуулганы хамгийн эхний асуудал бол Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа.
Нэмэгдэхүүний байрыг сольчихсон ч нийлбэрийн хариу нь өөрчлөгдөөгүй байна гэсэн шүүмжлэл гарах шалтгааныг бий болгосон хүмүүс бол Шадар сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг. Энэ ажлын хэсэгт дандаа хуулийн төсөлд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн санал өгсөн Л.Болд, Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын гишүүд багтсан нь маргаан үүсгэх, хардлага дагуулах шалтгаан болсон. Тиймээс УИХ нэн тэргүүнд аль аль талын байр суурийг тэгш хангах улстөрчдөөр ажлын хэсгийг бүрдүүлж нийгмийн хардлагад цэг тавих учиртай. Тэд хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан ч зарчмын өөрчлөлтийг оруулахаар санал гаргасан гэдэг тайлбар хэлж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тавьсан авлига, албан тушаалын хэрэг гэсэн ерөнхий асуудлыг тухайлсан зүйл заалтаар өөрчлөхийг хүссэн ч УИХ-ын ээлжит бус чуулганд гишүүд цуглаагүй аж.
Энэ өөрчлөлт нь нэмэгдэхүүний байрыг солиод оруулж ирж байгаа хэрэг гэсэн сөрөг пиар идэвхжиж хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулчихвал авлигачаараа дуудуулна гэсэн айдастай гишүүд хуралд санаатайгаар ирэхгүй байсаар намрын чуулган руу шилжүүлжээ. Хуулийн төсөл анхнаасаа л хэн ч юу ч гэж тайлбарлаж болохоор батлагдсан гэдэг зүйлийг хуульчид ярьж байгаа юм. Магад боловсруулсан улстөрчдийн заль байсныг үгүйсгэх аргагүй.
Хуулийн төслийг хамгаалсан хэсэг бүлэг, хориг тавьсан Ерөнхийлөгчийн хатуу шийдвэр, нөгөө талд хоёр нүүр гаргасан улстөрчид энэ хуулиар хэдэн ч удаа хэрэлдэж, маргалдаж болно. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчид дахиад хориг тавих эрх нь хуулиар нээлттэй. Дахиж тавьсан заалт дээрээ хориг тавьж болохгүй гэсэн хуулийн зүйл заалт байхгүй учраас улстөрчдийн нэмэлт өөрчлөлт өөрт нь таалагдахгүй бол дахиад л хориг тавьчихна. Энэ тохиолдол бүрт хуулиар өршөөгдөх эрх нь нээгдчихсэн атлаа хоригийн маргаанаас болж хэцүү нэртэд суусаар байгаа хүмүүсийн эрх зөрчигдөх юм. Тиймээс эвдрэлцэл биш ойлголцлыг энэ хуулийн хүрээнд хийх шаардлага үүсээд байна.
Нэгдүгээрт, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс үнэхээр ийм хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд улсад учруулсан хохирлоо төлсөн тохиолдолд ялаас чөлөөлөх асуудлыг аль аль талдаа ярихад гэмгүй. Яагаад гэвэл тэр хүн авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд ялаа эдэлж байгаа, мөн учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол өршөөл үзүүлэхэд болохгүй зүйл алга. Тэр хүн нэгэнт л улс төрийн, бизнесийн бүх нэр хүндээ алдсан учраас нарсанд, наранд хаана байх нь ялгаагүй болж байгаа юм. Нөгөө талаас шүүхийн шатанд яваа болон ял эдэлж буй авлига албан тушаалын хэрэгтнүүдийн нэрийг АТГ нэг бүрчлэн нэр устай нь дэлгэж тавиад хэргээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өршөөлд хамруулж болох юм гэсэн гарц ч байх боломжтой.
Энэ мэт байдлаар ойлголцлыг бий болгохгүй бол нэг хуулийг тойроод хэдэн ч сараар хэрэлдэж хэлэлцэж болдог гэдгийг харлаа. Хүнийг хэлмэгдүүлсэн, улс төрийн зорилгоор ялласан зүйл байгаа бол үнэн мөнийг тогтоох нийгмийн хэрэгцээ шаардлага ч бий болчихоод байгаа юм.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn