Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагчийн баярын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан хоёр хоногийн өмнө ЭМЯ-наас “Сувилагчаа сонсъё” уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад салбарын сайд С.Чинзориг болон төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүд, Монголын сувилагч нарын нийгэмлэг, Монголын сувилахуйн мэргэжлийн холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болох 60 гаруй хүн оролцож тулгамдсан асуудлаа ярилцаж, цаашид сувилахуйн чиглэлээр зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа.
Сувилагчдад тулгамдаж байгаа асуудал бол цалин, ажлын ачаалал, амьдралын баталгаа хангамж юм байна. Цалин багатайгаас болж залуу сувилагч нар ажлаасаа халшрах, цалин өндөртөй өөр төрлийн ажилд орох, гадаад улс руу амьдралын мөр хөөгөөд явдаг талаар ярьж байв.
Уг нь сувилагч бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг, хэнээр ч юугаар ч орлуулшгүй мэргэжилтэн бөгөөд манай улсын таван эрүүл мэндийн ажилтан тутмын нэг нь сувилагч байна.
Сувилагч мэргэжилтэн нь зөвхөн манай улс төдийгүй дэлхий дахинд нэн хэрэгцээтэй мэргэжлийн нэг бөгөөд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс тооцоолсноор 2030 он хүртэл дэлхий нийтэд 9 сая гаруй сувилагч, эх баригч шаардлагатай байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн хэрэгцээтэй мэргэжил аж. Манай улсын хувьд эмч, сувилагчийн харьцаа 1 эмчид 1 сувилагч ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад сувилагч дутагдалтай гэж тооцогдох бөгөөд эхний ээлжинд 1 эмч, 2 сувилагч гэсэн харьцаанд хүргэхийн тулд 2026 он хүртэл 6000 гаруй сувилагч шинээр бэлтгэж, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд онцолсон юм. С.Чинзориг ажлын ачаалал их, авч буй цалин хөлс нь хангалттай бус байгаагаас ажил мэргэжлээ орхих, өөр салбарт шилжих, гадаадад ажиллахаар явах зэргээр сувилагчийн хомсдол үүсэхэд нөлөөлж байна гэв.
Мөн ажлын ачааллын хувьд, олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилдэг бол манай улсад 1 сувилагч өдрийн ээлжинд 12-18 өвчтөнд, шөнийн ээлжинд 50-100 өвчтөнд үйлчилж, сувилдаг гэсэн тоо баримт байна. Тиймээс сувилагчийн тоог нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа талаар дуулгав.
Уулзалтад ирсэн сувилагч нар тулгамдаж байгаа асуудлаа салбарын сайддаа хэлж, дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлэв. Гэтэл өнөөдөр сувилагч мэргэжлээр хүний нөөцийн дутагдалд орчихсон. Авдаг цалин нь алга дүүрэхгүй, сэтгэлд хүрэхгүй. Тиймээс цалингаа “голоод” ажлын ачааллаасаа шантраад ажлаасаа гарчихдаг. Олон жил сувилагчаар буюу улсдаа болон өрхийн эмнэлэгтээ насаараа ажиллаад өнөөдөр өөрийн гэсэн орон байртай болж чадаагүй, үр хүүхэддээ хуримтлал үүсгээгүй сувилагч олон байна. Зарим нь бүр түрээсийн байраар амьдардаг гэх. Тиймээс байртай л болмоор байна. Үр хүүхэддээ өв хөрөнгө үлдээмээр байна гэсэн сувилагчид сайдад үгээ дайв. Тэдний амьдралын баталгаа, ажлын гол зорилго нь байртай л болох. Аргагүй дээ, Монголын нийгэмд байр, машины төлөө ажиллаж амьдарсаар насаа элээдэг, дуусгадаг гэх яриа бол үнэний ортой. Тиймээс сувилагч нар ипотекийн зээлэнд хамруулж өгөхийг, банкны шалгуур үзүүлэлтийг нь багасгаж өгөх боломж бий эсэхэд, мөн цалин багатай сувилагчид урьдчилгаа 30 хувиа хурааж хуримтлуулахад хүндрэлтэй чанга байгаа учраас урьдчилгааг нь бууруулж багасгаж өгөх боломж байдаг уу, удахгүй тэтгэвэртээ гарлаа үр хүүхэддээ байр авч өгмөөр байна гэх мэт “зовлонтой” олон асуултыг сайдаас асууж, лавлана.
Байгалийн баялаг ихтэй баян улсын ядуу иргэд, жирийн ажилчид нь байртай л болох мөрөөдөлтэй цалин багатай, цалингаас цалин, өр зээлийн хооронд л өдөр хоногийг өнгөрүүлж байна. Ажиллаж байна, хичээж байна тамираа тасартал, аргаа барагдтал ажиллаж байгаа тэдэнд хангалуун амьдрал, хангалттай цалин хэрэгтэй байна. Ядуу байхгүйн төлөө, ямар ч байсан байр савтай, унах унаатай болохын төлөө Монголын ирээдүйн сор болох, улсаа удирдах идэр насны залуус маань хайртай бүхнээ үлдээж, харь орныг зорьсоор байгаад халаглах юм.