Екатерина Савельевна Гроссман бол XX зууны уранзохиолын шилдэг бүтээлүүдийн нэг болох “Амьдрал ба хувь тавилан” романы зохиогч В.С.Гроссманы ээж бөгөөд түүний хүүдээ бичсэн сүүлчийн захидал уг романы хамгийн оргил хэсгүүдийн нэг болсон билээ.Ингээд уг захидлыг товчлон орчуулан хүргэж байна. “Витя, хэдийгээр ээж нь фронтын шугамын ард, еврейн хорооллын өргөст торны цаана байгаа ч захидал маань чамд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Би мөдхөн үгүй болох учраас чамаас хариу ирэхийг хүлээж чадахгүй. Гэвч миний сүүлчийн өдрүүдийн талаар чамайг мэдээсэй гэж хүсч байна. Ингэснээр би сэтгэл арай хөнгөрөн алсад одох болно. Витя, хүмүүсийг жинхэнээр ойлгоно гэдэг их хүндрэлтэй юм аа... Долоодугаар сарын 6-нд немцүүд хот руу маань орж ирсэн. Хотын цэцэрлэгт радиогоор сүүлийн үеийн мэдээ уншиж байлаа. Би өвчтөнүүдээ үзэж дуусчихаад эмнэлгээс гарч явсан бөгөөд замдаа мэдээ сонсохоор зогслоо. Радиогийн нэвтрүүлэгч дайн тулааны тухай украинаар уншиж байлаа. Алсад буун дуу сонсогдсоны дараахан хүмүүс цэцэрлэг дундуур гүйлдэн одов. Би гэртээ ирээд, агаарын түгшүүрийн дохиог яагаад сонсоогүй юм бол оо гэж гайхлаа. Гэнэт би танк олж харав. Хэн нэгэн нь “немцүүд ороод ирлээ!” гэж хашгирахад нь, “Үймээн бүү тарь” гэж би хэллээ. Өмнөхөн нь би хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга дээр очоод дүрвэх талаар түүнээс асуухад, тэрээр уурлан: “Энэ талаар ярихад эрт байна. Бид тэгээд ч жагсаалт гаргаж амжаагүй байна” гэсэн юм... Тэд үнэхээр немцүүд байлаа. Бүхэл шөнөжингөө хөршүүд нааш цааш явцгаасан бөгөөд хамгийн тайван нь бяцхан хүүхдүүд, тэгээд би байлаа. Бусадтай юу тохиолдоно, тэр нь надтай ч мөн тохиолдож таарна гээд би аль хэдийн шийдсэн байв. Эхэн үедээ надад аймшигтай байсан л даа. Хүү чамайгаа ахин харахгүй нь гэж ойлгон, ахин ганц удаа ч болов барааг чинь хараад, дух, нүдийг нь үнсэх юмсан гэж асар ихээр хүсч байв. Харин дараа нь, чи минь аюулгүй газар байгаа нь хичнээн их аз жаргал вэ гэж бодсон. Өглөө нь би сэрээд аймшигтай уйтгар гунигийг мэдрэв. Өөрийнхөө гэрт, өөрийн ор дэвсгэр дотор унтаж байсан хэдий ч нэг л цөлөгдмөл ганцаардсан хүн мэт санагдаж байлаа. Энэ л өглөө, зөвлөлт засгийн жилүүдэд би өөрөө ч мартахад хүрсэн, еврей хүн гэдгийг маань сануулав. Немцүүд ачааны машин дээр зогсон гудмаар явж, «Juden kaputt!» /Жүүдүүд сөнөнө!/ гэж хашгирч байлаа. Дараа нь надад энэ тухай маань хэд хэдэн хөршүүд маань сануулав. Цэвэрлэгчийн эхнэр манай цонхон доор зогсоод хөршдөө: “Бурхан минь, жүүдүүд дуусах нь дээ” гэж хэлж байна. Яаж ингэж чадаж байнаа? Түүний хүү нь еврей бүсгүйтэй гэрлэн, тэр хүүгийндээ зочилж очсоны дараа ач нарынхаа талаар надад ярьдаг байсан юм. Алёнушка гээд 6 настай, хөөрхөн хөх нүдтэй охинтой хөрш бэлэвсэн эмэгтэйн талаар би чамд бичиж байсан даа. Тэр манайд орж ирсэнээ: “Анна Семеновна, орой гэхэд эд юмсаа зөөчихөөрэй. Би таны өрөөнд орно” гэхээр нь, “Тэгвэл би танайд орохоос” гэлээ. Тэр тэгсэн чинь, “Үгүй ээ, та гал тогооны цаад талын жижиг өрөөнд ор” гэж байна. Тэнд нь цонх ч, пийшин ч байхгүй учраас би татгалзав. Би эмнэлэг рүүгээ явчихаад иртэл өрөөний маань хаалгыг эвдлээд, миний эд зүйлсийг пинд хийчихсэн харагдлаа. Хөрш маань: “Би буйданг чинь аваад үлдсэн шүү. Тэр тэртэй тэргүй шинэ өрөөнд чинь багтахгүй” гэлээ. Тэрээр техникум төгссөн, талийгаач нөхөр нь их сайн даруу төлөв хүн Укопспилкд нягтлан хийдэг байсан юм. Тэр “Та бол хуулиас гадуурх хүн” гэж их л нухацтай хэлэв. Харин түүний охин Алёнушка оройжин надтай хамт байсан бөгөөд би түүнд баахан үлгэр ярьж өглөө. Тэр харьж унтахыг хүсэхгүй байсан тул ээж нь тэврээд гэр рүүгээ явав. Дараахан нь эмнэлгийг маань ахиад нээсэн хэдий ч өөр нэгэн еврей эмчийн хамт намайг ажлаас халав. Би ажилласан сарынхаа цалинг хүстэл, шинэ эрхлэгч надад: “Таны зөвлөлт засгийн үед ажилласан хөлсийг тань Сталин төлөх болно. Түүнд Москва руу захидал бич” гэж байна. Асрагч Маруся намайг тэврээд: “Бурхан минь, та нартай минь юу тохиолдох бол оо...” гэж аяархнаар харамсан өгүүллээ. Доктор Ткачев гарыг минь атгав. Хүмүүсийн бах нь ханасан, эсвэл өрөвдсөн харцны аль нь хүнд байсныг би сайн мэдэхгүй байна. Энэ бүхнийг даван туулах цаг хэзээ нэгэн цагт ирэх болно гэж би өмнө нь бодож байсангүй. Олон хүмүүс намайг гайхшруулав. Зөвхөн харанхуй бүдүүлэг, боловсролгүй хүмүүс ч биш. Жишээ нь, 75 настай нэг хөгшин багш байнга чиний тухай асуугаад л, мэнд дамжуулаарай гээд л, “Тэр бидний бахархал” гэдэг байсан юм. Гэтэл саяхан надтай таарахдаа мэндлэх ч үгүй, бараг л зугтаах нь холгүй юм боллоо. Дараахан нь, тэрээр комендантын газар болсон цуглаан дээр: “еврейчүүд алга болсон чинь агаар цэвэрхэн, сармис ханхлахаа больчихлоо” хэмээн ярьсан талаар хүмүүс надад хэлсэн юм. Мөн Орос орныг немцийн гучхан мөнгөн зоосоор худалдахаас сийхгүй зарим хүмүүсийг би энд олж харсан билээ. Удалгүй еврейчүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар зарлав. Биднийг 15 кг-аас хэтрэхгүй эд зүйлс авахыг зөвшөөрлөө. Байшингуудын ханан дээр “Бүх жүүдүүд 1941 оны долоодугаар сарын 15-ны оройны зургаан цаг гэхэд Хуучин хотын район руу нүүхийг сануулж байна. Хэрэв зөрчвөл шууд буудах болно” гэсэн үгс бүхий зарлалын шар самбарууд хадав. Ингээд, Витенька минь, ээж нь нүүхээр боллоо. Би өөрийн дэр, жаахан дотуур хувцас, чиний надад бэлэглэж байсан аяга, мөн халбага, хутга, хоёр таваг авав. Мөн эмнэлгийн хэдэн хэрэгсэл, чиний захидлууд, талийгаач ээж болон Давид ахын зургууд, бас чиний аавтайгаа хамт авахуулсан зураг, Пушкин, Мопассаны боть, толь бичиг зэргийг авлаа. Дараа нь байшин, жижиг цэцэрлэгтэйгээ салах ёс гүйцэтгэн, хэдэн минут модны сүүдэрт суув. Хөршүүдтэйгээ ч салах ёс гүйцэтгэлээ. Ингээд би замд гарахаар болж, сагстай эд зүйлсээ Хуучин хот хүртэл яаж авч явах билээ гэж бодлоо. Гэтэл миний эмчлүүлэгч байсан Щукин гэнэт хүрч ирэн, миний сагсыг өргөн, надад 300 рубль өгч, долоо хоногт нэг удаа надад талх аваачиж өгч байя гэв. Тэрээр дүнсгэр, ямар ч мэдрэмжгүй хүн мэт надад өмнө нь санагддаг байж билээ. Тэр хэвлэх үйлдвэрт ажилладаг бөгөөд нүдний өвчнийх нь улмаас түүнийг фронтод аваагүй юм. Дайны өмнө тэр надаар эмчлүүлж байсан бөгөөд тухайн үед намайг цэвэр ариун сэтгэлтэй хүмүүсийг нэрлэ гэсэн бол би хэдэн арван хүн нэрлэсэн ч түүнийг лав оруулахгүй байсан биз ээ. Харин, Витенька минь, түүнийг ирсний дараа л би өөрийгөө хүн мэтээр ахин мэдрэв. Надад хашааны сахиул нохойноос өөр хүн ёсоор ханддаг хүн бас байдаг юм байна. Еврейчүүдэд зориулсан тушаал хотын хэвлэх үйлдвэрт бичигдэж байгаа талаар тэр надад ярилаа. Тэнд еврейчүүдийг гудамжинд явахыг хориглосон бөгөөд энгэр дээрээ зургаан хошуут од мэт таних тэмдэг зүүх ёстой гэнэ. Мөн тэд нийтийн тээвэр, халуун усны газар, эмнэлэг, кинотеатрт очих эрхгүй бөгөөд өндөг, масло, сүү, жимс, цагаан талх, мах болон төмснөөс бусад бүх ногоог худалдан авахыг хориглосон аж. Хуучин хот өргөстэй төмөр тороор хүрээлэгдсэн ба түүнээс гарах хориотой, зөвхөн хатуу чанга харуул хамгаалалтан доор хүнд хүчир ажил гүйцэтгэхээр тэндээс гарч болох юм байна. Оросын гэрт еврей хүн орогносныг мэдвэл партизан нуугдуулсантай адилтган, гэрийн эзнийг шууд буудан хорооно гэжээ. Тэрхүү дундад зууны үеийн хороолол руу явах зам маань хичнээн гунигтай байсныг хүү минь чи бараг төсөөлөхгүй байх даа. Би 20 жилийн турш ажилласан хот дундуураа явж байлаа. Ингээд бид Никольскийн гудам руу гарч ирэн, тэрхүү хараал идсэн хороолол руу явж байгаа хэдэн зуун хүний цувааг олж харлаа. Өвчтэй нэгнээ сугадан, доктор Маргулисын саажилттай эцгийг орны бүтээлгэн дээр хэвтүүлэн өргөж явав. Нэгэн залуу эр гар дээрээ настай эмгэнийг өргөн, араас нь баахан эд зүйлсээ өргөсөн эхнэр хүүхдүүд нь явж харагдана. Хүнсний дэлгүүрийн эзэн бүдүүн Гордон үстэй захтай өвлийн пальто өмссөн учраас нүүрээр нь хөлс урсаж байлаа. Мөн нэгэн залуу миний анхаарлыг ихэд татав. Тэрээр ямар ч эд зүйл аваагүй бөгөөд маш амгалан дүр төрхтэйгөөр толгойгоо гудайлган, гартаа барьсан дэлгээтэй номыг уншиж явлаа... /Үргэлжлэл бий/ Д.Мягмарсүрэн mmnews.mn, Bolod.mn |