Дайн: Шалтгаан, аюул, сэрэмжлүүлэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 9 секунд
Дайн: Шалтгаан, аюул, сэрэмжлүүлэг

Дайн: Шалтгаан, аюул, сэрэмжлүүлэг

Хүмүүс бол энэ дэлхий дээр үүсээд, үржээд төдийлөн удаагүй байгаа амьтад билээ. Энэ богинохон хугацаанд тэдэнд олон гамшиг тохиолджээ. Байгаль-цаг уурын, өвчин, тахлын, галын, ослын, дайн, дажны гэх мэт олон гамшгийг хүмүүс амсчээ. Энэ бүх аюулаас хамгийн их тохиолдсон, олон зуун сая хүний амийг бүрэлгэсэн нь том жижиг олон дайн байв. Дайн бол бүхнийг, бүгдийг сүйтгэдэг нийгмийн гаралтай тахал.

Дайнууд бол хүмүүсийн өөрсдийн нь “бүтээл”, харилцан нэгийгээ хөнөөдөг зэвсэг. Өөрсдийнхөө буй болгосон энэ аюулаас хүмүүс татгалзаж байсангүй. Дайныг нийгэм, нийтлэгүүдийн өвчин гэж ч үзэж болох юм. Бүр дайны мэргэжилтнүүд, гавъяатнуудыг хүртэл буй болгосон гээд бод доо!

Дайн бол хүмүүсийн оюун ухаан, ухамсартай нь холбоотой өвчин, эрэндэг, бүр солиорол юм. Энэ өвчин, солиорол эдүгээ өөрийн материал-техникийн баазтай, олон шатны боловсон хүчинтэй болжээ. Зарим улс орны хувьд дайн нь баяжих, алт, мөнгө хуримтлуулах хэрэгсэл, тоймгүй ихээр үйлдвэрлэсэн зэр зэвсгээ борлуулах чөлөөт зах зээл, өрсөлдөгчдөө дарах, намнах шилдэг арга болж хувирчээ.

Дайн хийхийн шалтгаан, нөхцөлийг өнгөцхөн тоймлон авч үзээд хоёр бүлэгт хувааж болох юм. НЭГДҮГЭЭРТ: Газар нутаг, баялаг булаацалдах мэтээс болсон ашиг, сонирхлын зөрчил. ХОЁРДУГААРТ: Нэг угсаатан, үндэстэн нөгөө угсаатан, үндэстнээ үзэн ядсан, устгахыг зорьсон үзэл санааны эвлэршгүй зөрчил. Эхний зөрчилд тулгуурлаж дэгдсэн дайныг гэрээ, хэлэлцээр байгуулж дуусгаж иржээ. Харин хоёрдугаар бүлэгт хамаарах зөрчлүүдээс болж дэгдсэн дайныг хялбар дуусгах боломж тун бага байжээ. Ийм дайнууд олон жилээр, үзэшгүй муухайгаар үргэлжилж, бүр дэлхийн хэмжээний болон өргөжиж байв. Дайны үндэс болсон бурангуй үзэл санаа дахин давтан сэргэж бүр цөөн биш тооны улс орон, ард түмний албан ёсны гэгдэхүйц үзэл суртал, төр засгийн нь бодлогын үндэс болон хувирч байжээ. Ийм шинжтэй дайны аюулыг бүрэн зайлуулахын тулд түүний үндэс, шалтгаан болдог онол, үзэл санаа, -измүүдийг хүмүүсийн ухамсраас бүрэн зайлуулах, хоёр дахь, гурав дахь амьсгалаа аван сэргэхгүй байхад нь онцгой анхаарах, сэрэмжлэх хэрэгтэй болдог. Товчилж хэлэх аваас дайн хийхийг зөвтгөдөг, уриалдаг үзэл санаа нэгбүрийг хүмүүсийн ухамсраас зайлуулж, бүр ул мөргүй болгох ёстой. Нэн ялангуяа үзэл санааны зөрчил дээр тулгуурласан дайн нь үл эвлэрэх, харгис шинждээ хөтлөгдөн улам л өргөжих, ужиграх, өс хонзон болон үлдэх, ахин дахин сэргэх, үргэлжлэх нэн хоруу чанартай. Ингэснээр дайтагч талууд аль аль нь хэмжээлшгүй ихээр хохирдог.

Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайн нь ашиг, сонирхлын зөрчлөөс ч үүдэлтэй, мөн үзэл санааны ч зөрчлөөс үүдэлтэй байсан болохоор олон ч жил үргэлжилсэн, бас Европын олон оронд хонзогнох үзэл санааг ч үлдээсэн нь үнэн болно. Дайн, ялагдлын хонзогнол нь хэнээрхэл, солиорлыг ч үүдэх хорлолтой.

Олон янзын шалтгаан, нөхцөлийн улмаас Европ тивд дэгдэж байсан хэдэн арав, бүр зуугаар тоологдох дайн, тулалдаанууд, тэдгээрийн улмаас үлдэж ужгирсан ээдрээтэй нарийн тооцоо, харьцааг нэг мөр, тов тодорхой ойлгох, тайлбарлах боломж бараг үгүй юм. Европчууд өөрсдөө ч ойлгохгүй, бүгд л маргалдаж, мэтгэлцсээр, харилцан үгүйсгэлцсээр л байх болов уу. Дуусаагүй маргаан, мэтгэлцээн зуун жилээр ч үргэлжилж мэднэ. Ийм нөхцөлд европчууд дайтаж биш, харин өнөөгийн бодит байдлаа тооцсон ухаалаг, энх тайванч бодлогыг дээдэлж харилцах нь л чухал юм.

Оросын Холбооны улсын төр, засгаас Украинд хэрэгжүүлж байгаа Цэрэг дайны тусгайлсан ажиллагаа гэхэд л хоёр талын, олон талын, бүр Европын хамтын, тэрчлэн түүхэн сурвалж нөхцөлдөөнтэй, мөн өөр тивийн зарим улсын ашиг, сонирхолтой ч холбоотой, элдэв харгис үзэл санаатай ч уялдаатай нэн их ээдрээтэй үзэгдэл болон өрнөж, өргөжиж, улам л их хор хөнөөл тарьсаар байна.

Ийм дайнд хүргэх байсан шалтгаан, нөхцөлүүдийн уг үндэс нь ч олон талтай, түүхэн сурвалжуудтай, гадны түлхээс, хүчин зүйлүүдтэй байна.

Одоогоос 80 орчим жилийн өмнө (1941-1945) болж өнгөрсөн дэлхийн II дайны жилүүдэд Германы талд орж тулалдсан Европын 17 орон (Унгар, Румын, Австри, Чех Словак, Польш, Итали, Франц, Голланд, Финлянд, Бельги, Люксенбург, Дани, Испани, Норвеги, Швед), мөн Азийн нэг орны (Япон) цэрэг эрчүүдээс Зөвлөлтийн талд олзлогдсон хүний тоо нийтдээ (Германы цэргийг оролцуулаад) 4 сая 200 мянга байжээ. Цаана нь алагдсан, шархдаад нутаг буцсан, олзлогдоогүй цэргүүдийн маш том тоо мөн байгаа. Ингээд бодохлоор зөвхөн энэ дайны мөрөөр хонзогнох үзэл санааны үлдэгдэл Европын 20 шахам оронд буй ажээ. Энэ бол нацизм, фашизм, милитаризмын ургах, тархах нэгэн том хөрс юм. Чухам иймээс өнгөрсөн дайн тулалдаануудын ашиг, сонирхлын хийгээд үзэл санааны зөрчлүүдийг нэгбүрчлэн эргэж судлах, үлдэгдэл нөлөөг нь таньж тооцож байх нь чухал байна. Хорвоогийн сайн, муу бүх асуудал, үзэгдлийг оюун ухаан, мэдлэг, мэдээллүүдийн тусламжтайгаар л шийдвэрлэдэг шүү дээ!

Дэлхийг дангаар, ганцаар эзэгнэх, ноёрхох санаархал, энэнийг зөвтгөсөн үзэл санаа анхлан зарим цагаан арьстангуудаас гарч цаашдаа еврейчүүдэд шилжиж, мөн “арийчүүд” ч бас өөриймшүүлсэн билээ. Энэ талын төөрөгдөлд автсан буюу автах магадлалтай угсаатан, үндэстнүүд одоо ч бас байнаа!...

Өөрийг нь томоор санхүүжүүлдэг, өөрт нь тав тух олгодог зарим төр улсын хувьд НҮБ хууль, дүрмийнхээ дагуу шударгаар харилцаж (заримдаа) чадахгүй байна уу даа гэж бодогдох боллоо. Энэ байдалд ч анхаарал хандуулах хэрэгтэй байна. НҮБ-ын үйл ажиллагааны бүх тал ил тод, цэвэр тунгалаг, бүх гишүүдийнхээ хувьд адил тэгш, шударга, зарчимч байх учиртай билээ.

Их халалт, цөлжилт, ган гачиг, цэнгэг усны хомсдол, өлсгөлөн, өвчин тахал, бусад гамшгийг дагалдаад харгис үзэл санаанууд идэвхийжиж, газар авч болох юм. Ийм байдлыг ч гэсэн урьдчилан харж, сэргийлж байх хэрэгтэй. Энд тивийн хэмжээ, түвшний, мөн бүс нутгийн хэмжээ, түвшний, бүр НҮБ-ын хэмжээ, түвшний хяналт, зохицуулалт, том том арга хэмжээ, төслүүд шаардлагатай нь мэдээж болно.

Хүн төрөлхтөнг бүх нийтээр нь хөнөөх, устгах, ген-удамшлын шалтгаантай мөхөлд хүргэх хоёр том аюул буй. Тэдгээрийн нэг нь цэвэр байгаль-уур амьсгалын шалтгаан, нөхцөл, нөгөө нь нийгмүүдийн, хүмүүсийн өөрсдийн нь буй болгосон дэлхийн дайн, цөмийн дайн, хими-бактериологийн дайн, үзэл санааны үл эвлэрэх дайсагнал, дайн юм. Нийгмийн гарвалтай, олон суваг, хүчин зүйлүүдийг ашигласан, харгис үзэл санаанд дөрөөлсөн дэлхийн хэмжээний том дайн бидний үед нэгдүгээр зэргийн аюул болох төлөвтэй байна.

Нийгмийн амьдралын бүх талыг ардчилах, либеральчлах зорилго, зорилт бол буруу зүйл биш. Харин ардчилж байна, либеральчилж байна гэх нэрийн дор тухайн орны төрийн тогтолцоо, эдийн засгийн амьдралыг зориуд бусниулж, анархизм, популизм, авлига, луйвраар хордуулаад аль нэгэн хүчирхэг орны эрхшээлд бүхэн автуулах нь жинхэнэ гэмт үйлдэл юм. Ийм байдалд орчихоод ядуурч, дампуурч, улстөрийн тогтворгүй, эв нэгдэлгүй болчихсон бага буурай орнуудын тоо өссөөр байна. Өргөжсөөр байгаа, газар авсаар байгаа энэ сөрөг үзэгдэл нь Ази, Африк, Латин Америкийн олон орны олон зуун сая энгийн иргэд, ядуусын аж байдлыг доройтуулж, ажилгүйдэл, өлсгөлөн, гэмт хэрэг, өвчин халдвар, эх нялхсын үхэл, эндлийг нэмэгдүүлж байх боллоо. Ардчиллын замаар орсон гэгдэх зарим орон дайн, самууны талбар, хүчирхийллийн голомт болж хувирлаа. Дүр эсгэсэн хуурамч ардчиллын балгаар зарим улс оронд иргэний дайн дэгдэж олон мянган хүн амь хохирлоо.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Улаанбаатараас хөвсгөлд  2500 000 иргэн сонгууль өгнө
Улаанбаатараас хөвсгөлд 2500 000 иргэн сонгууль өгнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.