Баруунд мандсан нар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
45 минут 13 секунд
Баруунд мандсан нар

Баруунд мандсан нар

Байтаг Богдын тулгаралтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэхүү ойг тохиолдуулан судлаач Жавхлантсайханы Соёмбо Монгол Улсын баатар Б.Бадамын тухай бэсрэг тууж бичсэнийг хүргэж байна.

Эх орны шинэ өглөө

Эх орны баруун хаяанд шинэхэн өглөө мэндэлж, хөх манхан тэнгэр уужимхан цэлийнэ. Булган гол дагуу зээглэн буусан айл бүрийн тоононоос монгол элэгтэнд мөнхөд дотно аргалын хөх утаа савсан, таван хошуу сүрэг уулсын хаяагаар бэлчих нь байгаль ертөнцийн хамаг үзэсгэлэн гоо зөвхөн хөдөө нутагт л хуран шингэсэн юм болов уу гэсэн шиг нүдэнд чимэгтэй харагдана.

Ховд аймгийн Булган суманд байрлах хязгаарын цэргийн ... дугаар отрядын тагнуулын тасгийн дарга, дэд хурандаа Эрхбилэгтийн Гэрэлчулуун Байтаг богдоос хөдөөлсөн хээрийн тоосоо ч арилгалгүй, хуучин модон ширээ, “ХЦ-009” дугаартай ”лацтай төмөр ногоон сейф, оросын үйлдвэрийн бичгийн машинаас ондоо тавилгагүй ажлын жижиг өрөөндөө ирж, түр ч болов амсхийв. Улс орны байдал тун ч амаргүй үед эх нутгийнхаа баруун хязгаар Алтайн сүрлэг уулсаа нүд цавчилгүй харуулдаж буй эх оронч тагнуулч ядрах гэдгийг ор тас мартсан аж.

Гэрэлчулууныг ажлынхаа ширээний ард суумагц хаалга тогших чимээ сонстож, олон олон шөнийг тал нойртой явсан тагнуулч ядарч сульдсан намуухан дуугаар "за" гэж зөвшөөрөхөд "...Нөхөр дэд хурандаа орохыг зөвшөөрнө үү?" гэж өнгө нь гандаж сааралтсан дүрэмт хувцас дээр суран бүс жавхайтал бүсэлсэн нуруулаг бор цэрэг гялалзтал тосолсон гутлынхаа өсгийг хавсран номхон зогсоод "Нөхөр дэд хурандаад! Илтгэхийг зөвшөөрнө үү? төвөөс яаралтай шифр ирсэн. Отрядын дарга таныг Байтагаас ирмэгц танд даруй танилцуулах үүрэг өгсөн гэж "маш нууц" дардастай "Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, ард түмний эсрэг дайсагнасан хорт үйл ажиллагаа явуулахыг санаархаж буй гоминданы хятадын цэргүүдэд тулган шаардах бичиг хүргүүлэх, итгэл найдвартай, эх оронч тагнуулчдаас хоёр хүнийг, сайн агт морьдын хамт сонгон бэлтгэж, энэ тухай танилцуулах мэдээ бэлтгэн 1947 он тавдугаар сарын 28-ны дотор төвд танилцуул" гэсэн шифр мэдээг Гэрэлчулуунд дүрмийн дагуу хүлээлгэн өгч, "ирсэн явсан бичиг" нэртэй зузаан бор дэвтэрт гарын үсэг зуруулж баталгаажуулав. Энэ бол цэргийн дүрэмд үл зөрчиж болох нууцлалын алтан зарчим.

Гэрэлчулуун мэдээг цэг таслал гээлгүй ихэд нухацтай уншиж дуусгаад, ширээний чанх ард өлгөөтэй "маш нууц" газрын зургийн хөшгийг нээж, гараа цээжиндээ эвхэн бодолхийлж "...Энэ онцгой даалгаврыг биелүүлж, дайсны үүрэнд нэвтрэх хүн хэн байж болох талаар эргэцүүлэхэд хамгийн түрүүнд Баясгалангийн Бадам, Чулуундай нарын итгэл найдвартай, эгзэгтэй үед тун ч хэрсүү шийдвэр гаргадаг, уужуу бодолтой, эрэлхэг зоригтой, нөхрийн мөс сайтай, уул шигээ түшигтэй торгууд эрчүүдийн тухай бодол бодлын орон зайг нь тэр чигт нь эзэгнэв.

Ямартай ч Бадам, Чулуундай нартай уулзаж саналыг сонсох нь зүйн хэрэг. Манай хилчдэд туслах группийн гишүүд Амарзаяа, Дүгэр, Бүрэнтөгс, Бат, Уртнасан нарын торгууд эрчүүд олон хүнд даалгаврын ард гарсан даа. Тэд монголын эгэл жирийн малчин ардууд хэрнээ улсын хилээр сэм орж гарах, хятадын хил, цагдаа, аюулаас хамгаалахын нэгжүүдийг устгах, нууц баримт бичиг олзлох, дайсны зэвсэг, хүнсний агуулахыг дэлбэлэх зэрэг онц чухал ажлуудыг гүйцэтгэж байв. Бас Шинжааны босогчидтой харилцаа холбоо тогтоох, зэвсэг техник нийлүүлэх, Англи, Америк, Японы тусгай албадын зүгээс гоминданы хятадууд болон хасгийн дээрэмчдээр дамжуулан манай улсын эсрэг явуулж байсан тагнуулын хорт үйл ажиллагааг илрүүлэх зэрэг чухал арга хэмжээ зохион байгуулахад идэвхтэй оролцсон юм. Хамгийн бахархалтай нь тэдний нэгэн ч эх орноо хуурч, худал мэдээлж, хоёр нүүр гаргаж байсангүй. Бас дайсны гүнд хэцүү сорилттой тулгарсан ч улсынхаа нууцыг нүднийхээ цөцгий мэт хамгаалж, нэг ч үг үсэг үлдээлгүй ирж байв.

Манай группийн тагнуулч хоршоо Дүгэрийг дайснууд сэжиглэн баривчилж төмөр тушаа хийн хорьж, 700 удаа банздан ухаан алдуулан, хатуу эрүү шүүлт тулган тарчлаан зовоосон ч монгол хүнд байгалиас заяадаг хатан зориг, тэсвэр хатуужил, эх нутгаа аминаасаа илүү хайрладаг төрөлхийн зан чанараараа хатуу сорилтууд, үхлийн аюулыг даван туулж, банздуулсан нүд халтирам сорвио үзүүлж байж билээ хэмээн тагнуулч нөхдийнхөө эх нутгийнхаа төлөө цохилох зүрхийг гайхан биширнэ.

Гэрэлчулуун Бадамд яаралтай хэл хүргэхээр холбоочин тагнуулч Болдын Батыг илгээв. Бат бол гүн итгэлтэй хүн. Хилийн чанадад тусгай даалгавар гүйцэтгэж явахдаа дайсанд морио алуулж, азаар өөрөө амьд гарсан гэдэг. Чингэхдээ амь үрэгдсэн хайртай мориныхоо молор эрдэнийг эзгүй хээр орхилгүй, Цонж уулын оройд гаргаж, нутгийн зүг харуулан тавьж, ёс гүйцэтгэж чадсандаа жаахан ч гэсэн толгой өндийсөн тухайгаа хожим хуучилж байв. Бат хятадын нутагт Цонжийн цөлийг 10 гаруй хоног өл хоолгүй явганаар туулж, хөлийн арьс нь хууларч явахын эцэсгүй болсон ч тэр их өвдөлтийг шүд зуун тэвчиж, амь алдахын наана байдаг чадлаараа зүтгэсээр эцсийн тэнхлээ шавхан тагнуулын уулзалт хийх газраа яг цагтаа ирж, сая нэг санаа амарсан мэт бутны ёроолд цагариглан унасан байж билээ. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг энэ явдлыг л хэлэх байх гэж өөрийн эрхгүй бодогдуулж байсан юм.

Эх орны минь хөх тэнгэр үүрд цэлмэг байг!

Эх орны баруун хөвөөг эзэгнэсэн Алтайн хөх уулс энгэрээ задгайлж, өглөөний нараа угтах нь сэтгэлд “Уяхан замба тивийн наран” шуранхайлах мэт.

Булган голын нуга тохойд тарж бэлчсэн сүрэг мал хөдөөг чимж, зуслангийн дун цагаан гэрүүдийн тооноор аргалын хөх утаа суунаглаж, хөх номин тэнгэр газраас улам алсарсан мэт уужимхан цэлийнэ. Тугалаа манаж хоносон 10-аад тооны үнээ бэлчээрт гарах гэж яарсан шинжгүй, Алтайн цэнхэр уулс хүн, малын жаргалын орон гэсэн шиг зэлэн дээр тухлан хэвтэнэ. Уяан дээр хэдэн бараан зүсмийн морьд бие биенийхээ сүүдэрт толгой хоргодон сүүлээ шарван зогсоно. Араг үүрсэн хэдэн бор багачуул аргал түлшээ бэлдэхээр зүлгэн дээгүүр хөл нүцгэн жирийлгэх нь хөдөөгийн баясгаланг илтгэнэ.

Зуслангийн урд чигт чандманилан буусан айлуудын баруун захын гэрээс хөх даалимбан тэрлэгтэй, алхаа гишгээ нь хөнгөн шингэн, дунд зэргийн нуруутай, нүүр нь нар салхинд гандаж атираатсан, шанхнаасаа үл ялиг бууралтсан, тамирлаг байрын 40 орчим насны эрэгтэй малчны заншлаар дөрвөн зүг найман зовхисоо саравчлан “...Тунгалаг өдөр болох нь дээ. Гэхдээ тогоруу доогуур нисэхийг бодоход үдийн алдад бороошиж, газар чийгтэж мэдэх л юм ” гэж өөртэйгөө ярьж, аргамжаатай морь өөдөө алхана. Энэ мөчид зэргэлдээ айлын 70 орчим насны толгойдоо алчуур ороосон торгууд эмгэн цайны дээжээ алтайдаа өргөж сүсэглэн залбирна. Малчин эр хөлийнхөө хурдыг удаашруулж, эмгэнийг ажиж зогссоноо “...Сүрлэг өндөр Алтайдаа цайны дээжээ өргөдөг ёс эх нутгаа хайрласан монгол хүний байгаль дэлхийдээ үзүүлж буй гүн хүндэтгэл юм. Юм мөн ч нарийн учиртай даа. Эх нутгаа хайрласнаас л ийм заншил гарсан байх. Хил хязгаар минь амар амгалан, нутгийн олон минь энх мэнд байг! Эх орны минь хөх тэнгэр үүрд цэлмэг байг” гэж чин зүрхнээсээ залбирч гэрийн зүг алхав.

Үхэхээс бусдыг үзсэн, ухаан бодолдоо уул шиг ихийг хадгалсан, сэргэлэн том нүдтэй шулуун харцтай, жинтэй цөөхөн үгтэй, шударга журамт, барагтай л бол ёо гэхгүй, моринд аатай энэ эрийг Баясгалангийн Бадам гэнэ. Харин нутгийн торгуудууд хашрыг баргийн юманд уураг алдахгүй, анд явбал сум гээхгүй ухаан тохь тэгширсэн хашир нөхөр гэж шагшина. Адуу мал сураглахад Бадам л сургийн гаргана. Бас саргүй шөнө мориноосоо бууж газрын чулууг барьж шинжээд хаана яваагаа мэдэж, алс замын чигийг олдог, монгол ухааны охь болсон Алтайн уулсын эзэн мэт хүмүүн гэлцэнэ.

Бадам аргамжаатай морио хөтөлж, уяан дээр эмээллэж сойгоод гэртээ оров. "Эхнэр хүнээс айлын өнгө харагддаг" гэх үг бий. Бадамын эхнэр унд ус сайтай, хүн бүгдийг дээшээ суу, ид уу гэдэг урин зөөлөн, олонтой нийцтэй гэж түмэнд магтуулна. Эзэгтэй нь хэдийнээ цайгаа чанаж, гэрийн эзний модон аяганд нь шар тос хөвөрсөн аагтай цай аягалж, хуруу зузаан өрөм, тос даасан торгууд бор ааруул өмнө нь тавьжээ. Бадам ханьтайгаа ойр зуурыг ярьж, үнэр нь ханхалсан замбааг айргийн шинэ тостой хольж аяганы талаар зуурч бөөрөнхийлөн базаж амтархан идэх зуураа "...Гэрэлчулуун төлөөлөгч отрядын төвд яаралтай ирээрэй гэж Батаар хэл ирүүлснийг бодоход чухал л хэрэг гарч дээ. Дахиад гоминданы хятадууд, эсвэл муу сайн хасгийн дээрэмчдээс амьд хэл олзлох юм болов уу? гэж биеэр олонтоо үзсэн туршлагаараа тааварлаж, сэтгэл нь хөөргөж бүсэлсэн дээл шигээ хөвсөлзөн "...Догшин арсланг ч оосорлож болдог орчлон” эх орон, ард олныхоо сайн сайхны төлөө юу ч байсан биелүүлэх л болно" гэж өөртөө андгайлж "...Хүү минь! Эх нутгаа л хамгаас илүү хайрлаж яваарай. Эх оронд минь чиний хайртай бүхэн бий" гэсэн эцгийнхээ сүүлчийн захиасыг санан дурсана.

Яндаж болзошгүй далай шиг яасан баян нутаг вэ?

Нар дээш хөөрч халуун элчээрээ төөнөв. “...Өглөөний сэрүүнд газар хорооё. Өнөөдөр ч ёстой нэг төөнөх нь дээ хэмээн Бадам эхнэртэйгээ ярилцан гэрээс гарч, мориндоо мордоод баруун зүг одов. Эмээлийн бүүрэгнээсээ зүүсэн хар өнгөтэй жижигхэн хүлээн авагчийг асаахад яг л түүнд захиалсан мэт

Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн
Хөрсөн дороо эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болзошгүй далай шиг яасан баян нутаг вэ? гэсэн аялгуу цангинахад Бадам өвс цэцгийн үнэр анхилсан хөдөө тал дундуур отрядын зүг Чүү! гэж яаран давхина. Исгэрэх дуулах нь хүний сэтгэлд төдийгүй, адуунд ч хүч нэмж сэргээдэг гайхамшигт аялгуу. Монгол адуу исгэрэлт, уртын дууны шуранхайд сэтгэл нь уярдгийг малчид андахгүй. Бадам хүрэн морьтойгоо тал хөндий, толгодын намжаа оройг огтчин, эмээлийн гөлмөө дарчигнуулан давхисаар бага үдийн хэрд зорьсон газраа ирэв.

Бадам уяан дээр морио уяж, хормойндоо буусан цагаан тоосыг ташуурын модоор хэд гурав гүвээд отрядын шалганы хаалгыг чиглэн алхав. Отрядын эргэн тойрон хөл багатай ч хэдэн цэрэг нааш цааш холхилдон гүйлдэнэ.

Бадамын өөдөөс баруун ханцуйндаа "жижүүрийн туслах" гэсэн улаан тууз зүүсэн хөрслөг бор царайтай цэрэг эрүүл чийрэг залуу хүний алхаагаар товолзтол алхлан ирж, "Амрыг эрье!. Та ямар ажлаар явж байна. гэхэд

Бадам: Сайн байна уу? Алба өндөр үү? Хүү минь! Гэрэлчулуун даргатай уулзах ажилтай л явна гэж уриалагхан өгүүлэхэд

Байлдагч: Та түр хүлээнэ үү! Би Гэрэлчулуун дэд хурандаад илтгээд танд хариу мэдэгдье гэж шалганы өрөөнд орж утас эргүүлэн зогсож, минут ч хүрэлгүй гарч ирээд “...Дарга таныг саадгүй оруул гэж байна” гэж хэлээд бүртгэл тэмдэглэл хөтлөхгүйгээр Бадамыг отрядын байрлал руу нэвтрүүлэв.

Бадам өмнө нь отрядад олон ирж байсан учир ангийн штабын хоёр давхрын зүүн жигүүрт байрлах Гэрэлчулууны өрөөний үүдэнд ирж хаалгыг нь зөөлөн тогшиж, “Орж болох уу? гэхэд хэзээний дотно намуухан дөлгөөн танил дуу чих дэлсэхэд үзэг цаас нийлүүлж суусан Гэрэлчулуун толгой өндийлгөн үлэмж зөөлөн нүдээр харснаа “Өө, Бадам гуай гэж уулга алдан “...Та ор, ор! гэхэд Бадам “...Сайн байна уу? та гэж төрөлх торгууд аялгаараа мэндлэхэд Гэрэлчулуун гарыг нь халуунаар атгаж, ширээний өмнө түүнд зориулж тавьсан мэт түшлэгтэй хуучин модон бор сандал дээр “Та суугаач ” гэж найргаар инээмсэглэн Бадамыг урьж суулгав. Тэд хаврын тэргүүн сараас хойш уулзалдаагүй аж. Гэрэлчулуун Бадамтай ар гэр, нутаг усных нь зуншлага, мал сүргийн тарга тэвээрэг зэрэг монгол хүн бүрийн ярих дуртай сэдвээр таван үг сольж яриагаа эхэлж, ярианы дундуур

Гэрэлчулуун - Бадам гуай би таныг яаралтай ирээч гэж дуудуулсны учир бол эх орны төлөө амь дүйсэн онцгой даалгавар биелүүлэхийг танд даалгах гэсэн хэрэг. Энэ даалгаврыг тагнуулын ажлын туршлагатай, үнэнч шударга хүнээр гүйцэтгүүлэхээс өөр аргагүй юм. Танаас өөр туршлагатай, хятад, хасаг хэлээр ус цас шиг ярьдаг хүн байхгүй байна. Та бол халуунд халж, хүйтэнд хөрч, улсаа шударга хамгаалж, эх орныхоо төлөө бие хайргүй их үйл бүтээсэн гавьяатай хүн” гэж хэлээд Бадамын зүг юу гэж хариулах бол гэдгийг мэдэх гэсэн шиг анхааралтай ширтэв. Бадам Гэрэлчулуунаас тагнуулын олон даалгавар авч байсан боловч Гэрэлчулууныг ийм далд зовуурь түгшүүртэй байсныг төдийлөн санахгүй байлаа.

Бадам Гэрэлчулуунаас олныг шалгаахгүйгээр “...Надад ч яриад байх туршлага гэх юм бараг үгүй. Би буянт сүргээ дагасан, ядуу ардын бор гэрт төрсөн эгэл малчин ард. Бурхан надад соёмбо алтарсан алтайн сүрлэг уулсын эзэн байх их хувь заяаг хайрласан. Алтайн цэнхэр уулс, Булган голын хөвөөндөө төрөөгүй бол алд бие минь хэн ч билээ. Өглөгийн хариуд өөрийгөө өгсөн ч багадна шүү дээ. Тагнуулын ажилд амар хөнгөн явдал ер үгүй. Би танаас өгсөн тагнуулын амь өрссөн олон даалгаврыг “Эх орон надад үзүүлж буй гүн хүндэтгэл, бат итгэл” гэж хүлээн авч, өчүүхэн ч алдаа гаргалгүй хичээнгүйлэн биелүүлсэн.

Эх орондоо шударга үнэнч байхаас өөр эрхэм зүйл гэж хаа байх вэ дээ. Гэхдээ надад амар байгаагүй. “Ард олондоо л бага ч болов тус болох л гэж энэ бэрх замуудыг монгол ухааныхаа ачаар туулав” гэж өөрийгөө тайтгаруулах гэсэн шиг хуучирсан тоохуу гутлынхаа түрүүнээс мөлчийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа сугалан тамхиа нэрж завжаа хонхолзуулан утааг нь сорох зуураа "...Та намайг зусрыг мэдэхгүй шулуун зан төрхтэй хүн гэдгийг мэднэ. Би биелүүлж чадах зүйл байвал биелүүлнэ. Чадал тэнхээ хүрэхгүй зүйл байвал худлаа амлаж улс орноо хохироож зүрхлэхгүй” гэж эрс шийдэмгий хариулахад Гэрэлчулуун суудлаасаа босч хананд өлгөөтэй газрын зургийн өмнө очиж хөшгийг нь нээхэд “маш нууц” гэсэн бичиг тодоор харагдах ба энэ нь манай улсын хил орчмын нутаг дэвсгэрт дайсны байрлаж болох газар орныг өнгө ялган тэмдэглэсэн газрын зураг байв. Гэрэлчулуун газрын зураг дээр Байтаг богдын бүдүүн яргайтыг зааж,

“...Гоминданы хятадууд болон хасгийн дээрэмчид нийлсэн 200 гаруй тооны дайсан этгээдүүд улсын хилийг нэвтэрч Байтагийн Хужиртад түр байрлаад байна. Иймд тэднийг манай улсын нутаг дэвсгэрээс 24 цагийн дотор гарахыг шаардсан засгийн газрын шаардах бичгийг Чулуундай та хоёроор хүргүүлэхээр бид шийдвэрлэсэн юм гэхэд Бадам “...Ердөө л энэ үү! гэсэн шиг Гэрэлчулуун руу шийдэмгий харцаар харж “...Эх орны төлөө л бол та надаар юу хийлгэсэн ч би чадна. “Монголчууд бид чинь элэг зүрхнээс уяатай энхрий монгол орон минь” гэж бултаараа дуулдаг, эх орондоо аминаасаа илүү хайртай ард түмэн шүү дээ. Гэхдээ би буцаж ирэхгүй байх. Надад нэг учир бодогдоод явчихлаа. Гомиданы болон хасгийн дээрэмчдийн цэргүүд өрөвдөх хайрлахыг мэдэхгүй чулуун дотортой, алах талахаас өөрийг мэдэхгүй зэрлэг араатан шиг загнадаг, алахдаа айхавтар тамладаг онгиргон амьтад гэдгийг та мэднэ. .Үүнийг бодохоос л бие сэтгэл үе үе байхын аргагүйгээр зовнин элэг минь эмтэрдэг юм” хэмээн Гэрэлчулуун руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад, эрс шийдэмгий баргил хоолойгоор “...Хэзээ явах вэ, хаанаас хөдлөх үү? Маргааш үүрээр Уушигийн амнаас. Чулуундай мэдсэн үү? Одоо л ирэх байх хэл хүргүүлсэн юм сан.

Тэднийг ийн ярилцаж дуусахад гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж байв.

Үүрд амьдармаар монгол минь даан чиг сайхан

Бадам Булган голын хөвөөнд хүлгийн дөрөө мулталж, тачирхан ногоон зүлгэн дээр тухлан хол ойрын бараа ажин сууна. Голын урсгал намуухан мэлтэлзэж, эргэн тойронд усны шувуудын бүдэгхэн дуу, морьдын тургих чимээ сонстож, голын цэнгэг усны чийг амьсгал зөөллөнө. Хүний санаанаас насан турш гарахгүй юм гэж бий Бадам дуртгалынхаа цэнхэр манан дунд бодлоо бэлчээхэд нүднийх нь өмнүүр өнгөрсөн цагийнх нь давтагдашгүй бүхэн жингийн цуваа шиг зурайн өнгөрч, эх орон, ард олныхоо төлөө зориулсан эл бүх байдал сэтгэлийг тэнийлгэн баясгана. Бадам голын зүлгэн дээр гараа алдлан дээш харан хэвтэж, эх орныхоо цэлмэг хөх тэнгэрийг ширтэн “...Үүрд амьдармаар эх орон минь даан чиг сайхан” гэж санаа алдахад нулимс нь мэлмэрч шанааг нь даган бөөн бөөнөөрөө урсаж байв. Бадам өөрийгөө тайтгаруулах гэсэн шиг хажууд өвс зулгаан зогсож буй хүрэн мориныхоо толгойг илбэж “...Хүч чадалтай шандаст, ажнай сайн хүлэг минь чи надад “монгол эр хүн, морь хоёрын амин холбоо, монгол адууны эх нутгаа гэх чин сэтгэлийг биеэрээ мэдрүүлсэн. Байтаг богдын Хужиртын чиглэлээр хил нэвтэрсэн хасгийн 200 гаруй дээрэмчдийн талаар Байтагийн заставт мэдээ хүргэхээр Бүдүүн яргайтаас бартаа саадыг үл ажирч, 20 км замыг тасралтгүй давхиулан туулж, харийн хорон санаатнуудыг нутгийн гүнд нэвтрүүлэлгүй устгахад хүлэг минь чи монгол адуу ямар агуу хүч чадалтай, ямар эх оронч гэдгийг эх нутагт минь шунасан дайснуудад гайхуулж, эзнээ омогшуулж билээ.

Бас намайг хасгуудын тэнэсэн суманд оногдож, гуяндаа хүндээр шархдан газар ойчиход орхиогүй. Намайг мориндоо мордож чадахгүй, дайсан эзнийг нь амьдаар нь барихаар ирж байгааг төрөлхийн зөнгөөрөө мэдэрч, тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн дэргэд минь ирж хажуулдан эзнээ мордуулаад, ингэж чадсандаа хамаг хүчээрээ өндийн босож, хурдан хөлдөө гүн итгэсэн хүлэг минь чи харь гүний нутгаас эх нутгийн зүг нүд алдам хээр талыг чадлаараа давхин монгол эр, хүлэг морь хоёр азын тэнгэр нэгтэй гэдгийг харуулж билээ. Хамгийн гайхалтай нь монгол адуу нөхөрлөлдөө маш үнэнч. Эзэн нь байлдаанд алуулсан юм уу, шархадсан бол эзнээ хэзээ ч орхидоггүй, дэргэд нь зогсож байдаг биширмээр тохиолдлыг Байтагийн тулгаралтын үед олон харж байв. Монгол адуу дэлхийн хаана ч байсан эх нутгаа чиг алдалгүй, төөрөлгүй олж ирж чаддаг, хүний нутгийн адуутай ижилсэж үлддэггүй, гайхалтай ухаантай эх оронч гэдгийг надад мэдрүүлсэн юм.

Нэг удаа эрэлхэг хилчин Нэхийт хэдэн нөхдийн хамт Байтагийн Олон булгийн чиглэлд байрлалтай дээрэмчдийн бүлэглэлээс амьд хэл олзлох даалгавартай явж байгаад гоминданы хятадын нууц шифр, холбоо хариуцсан цэргийг хасгийн дээрэмчдэд мэдээ хүргэхээр явж байхад нь замаас нь шуудангийн богцтой нь олзолж, мориндоо сундлан зугтаах үед дайсны хориглолтын зүгээс буун дуу гарч, хятад хасаг нийлсэн 50 гаруй дайсан бидний хойноос байдаг хурдаар довтлон 20 гаруй км хөөсөн боловч хүлгийн минь тоосонд дарагдан саахалтын дайтай хоцорч, хүрэн мориныхоо тэнхээгээр дайснаас үнэтэй амьд хэлтэй ирж билээ. Бадам хүрэн морьтойгоо ийн ярилцаж, өөртөө бардам инээмсэглэж, мориныхоо магнайг илж шаанд нь хацраа наахад тэнхээт хүлэг нь толгойгоо өгөн маажуулах гэж шөргөөнө. Эх орныхоо төлөө дуслуулсан хөлс бүхэн нь ямар үнэ цэнэтэй байсныг, эзэн хүлэг хоёр эх нутагтаа аминаасаа илүү хайртай гэдгээр бахархсан мэт тогтож ядан, толгойгоо ийш тийш хаялан хоёр чихээ солбилзуулан эзнийхээ сэтгэлийг уяраана.

Та хоёр минь сайн сууж байгаарай. Би маргааш л шуугиад ирнэ

Тэнгэрийн одод зүүнээсээ өнгө хувиран шингэрч байв. Энэ бол төдөлгүй үүр цайхын тэмдэг гэдгийг малчид андахгүй.

Бадам хэсэг зуур зүүрмэглэхдээ өмнө нь огт зүүдлээгүй хачирхалтай зүүд зүүдлэв. Тэр 10 гаруй настайдаа эцэг эхээсээ өнчирч үлдсэн, түүнээс хойш тэнгэрийн оронд байгаа эхийгээ маш цөөхөн зүүдэлж байв. Энэ сонин зүүдэнд ээж нь “Миний хүү, миний хүү гэж хүүгийнхээ хацрыг нь илэн үнэрлээд ширэг хийхээр бэлдэж, хүүдээ ямар нэг аюулыг сануулж хэлэх гэсэн шиг тэвдсэн төрхтэй маш тод үзэгдэв. Бадам ижий рүүгээ ухасхийн өндийтөл сая зүүд гэдэг нь мэдэгдэв.

Бадам зүүдний оньсыг тайлах гэж, тэнгэрийн орноос ижийнхээ дайх гэсэн үгийг тааварлан бодож, бас эхийнхээ энгэрт эрхэлсэн үлгэр шиг хүүхэд насаа дурсаж, үүр цайтал сэрүүн хэвтэж хөрвөв.

Угаас нойр багатай, эрт босдог хүн. Дээрээс нь маргааш гоминданы хятадууд, хасгууд түүнийг яaх бол гэхээс зүрх нь огшин амьсгал дээрдэн тухгүй мэдрэмж төрүүлнэ.

Гэрийн гадаа морьд тургилан, хайрга шажигнуулан тогтож өгөхгүй, хаяадаа хуйлран үргэх нь эзэндээ маргаашийн “ өнгө”-ийг совингоороо хэлэхийг оролдож буй мэт.

Бадам өглөө эртлэн босч морио хазаарлах гэсэнд яагаад ч юм бүү мэд хүрэн морь нь зангаа хувирган хазаарлуулж өгөхгүй хэсэг ноцолдож байж арай хийн хүчээр шахуу амгаа зуулгав. Гэртээ буцаж ороод нар салхинд өнгө нь гандсан ногоон тэрлэгээ өмсөж, хөөргөж бүслэв. Бадам яагаад ч юм чухал үйл хэрэгт явахдаа ногоон дээлээ өмсөх дуртай. Энэ дээл бол жирийн нэг дээл биш. Дээлийнх нь дотоод энгэрт зүрхэн тушаа бусдаас нууцалж, шар өнгийн утсаар нэхсэн “Соёмбо” тэмдэг түүнийг гадны аюулаас хамгаалж буй тийм дотно мэдрэмжийг үргэлж төрүүлдэг аж.

Бадам эхнэрийнхээ чанасан цайг удаанаар ойчин, ундалж дуусаад, гэрийн зүүн хаяанд зөөлхөн амьсгалж бөх гэгчийн нойрсож, хааяадаа ярьж зүүдлэх мэт уруулаа үл мэдэг хөдөлгөх Хонгорзул охиныхоо зулай дээр үнэрийг нь бурхны оронд очсон ч мартахгүйгээр удаанаар үнэрлэн босож гэргийгээ бэлхүүсээр нь сулхан тэвэрч, хацраа хацарт нь хүргээд.“...Та хоёр минь сайн сууж байгаарай. Би маргааш л шуугиад ирнэ” гэж эхнэрийнхээ бэлдсэн хээрийн богцыг барин гэрээс гарч Хуржиртын зүг хүлгийн жолоо залав.

Зам зуур зөөлөн шогшиж байсан морь явах дургүй буйгаа биеэрээ илэрхийлж буй мэт гэнэт булгихад Бадам арайхийн тогтов. Ер бусын сонин өдөр үргэлжилсээр...

Бид жирийн малчин ардууд

1947 оны 6 дугаар сарын 2. Өглөөний 7 цаг 40 минут.

Байтаг Богдын Хужиртын голын эхэнд байрлах хяналтын байрнаас Гэрэлчулуун ахлагчтай нууц манаа 1481 тоот өндөрлөгөөс дайсны зүг хяналт хийж байв. Хяналтын дурангийн хараанд гоминданы хятадууд, хасгийн дээрэмчдийн хөдөлгөөн алган дээр мэт тод харагдана. Багцаа бодоход , хятад хасаг нийлсэн 500 гаруй дайсан манай нутагт цөмрөн ирж түр байрлан, нарийвчилбал, нутаг гүн рүү хөдөлгөөн үйлдэхээр агт уналга, буу шийдмээ бэлтгэн зарим хятад дарга хэдэн цэрэг жагсааж үүрэг өгч буй нь хяналтаар илрэв. Энэ үед нууц манааны бүрэлдэхүүнд явсан эрэлхэг хилчин ахмад Нэхийт Гэрэлчулуунд хандан “...Дайсан этгээдүүд манай нутаг руу дайрах нь тун тодорхой болов. Тэдний хөдөлгөөнөөс урьтан элч нараа яаралтай явуулъя” гэхэд Гэрэлчулуун саналыг зөвшөөрч уулын доод энгэрт түр байрлаж байсан Бадам, Чулуундай хоёрын хажууд ирж, мөрөвчтэй офицер цүнхнээсээ бор дугтуйтай битүүмжилсэн бичиг гарган “...Эх орны нэрийн өмнөөс танд энэ бичгийг гардуулж байна” гээд Бадамд хоёр гардан өгч, “...За та хоёр минь тун болгоомжтой, амар мэнд яваад ирээрэй!. Зааварчилга ёсоор илүү дутуу нэг ч зүйл бүү хэлэлцээрэй. Дайсны удирдлагад шаардах бичгээ өгөөд л буцахад болно. Илүү дутуу зүйл асуувал “...Бид энгийн л малчин ардууд. Бидэнд мэдэх зүйлгүй” гэж хэлээрэй гэхэд Бадам магнайгаа гунигтайгаар үрчийлгэн нутгийн зүг харц бэлчээн “...Бидний үйл хэрэгт саад учрахыг хэн байг гэх үү. Яг үнэнийг хэлэхэд би амьд ирэхгүй, хээрийн гэртээ очих учрал тохиож ч мэднэ гэдгийг монгол хүний зөн совингоороо мэдэрч байна. Намайг дайсан этгээдэд алдагдаж эргэж ирэхгүй бол эх нутагт минь Уушигийн эхэн усанд үүрд шингээгээрэй. Харин хүрэн морийг адуун сүрэгт нь дархлаарай гэж нэгэн хэмийн үргэлжилсэн намхан дуугаар хэлж, Гэрэлчулууны гарыг чангаар атгаад духан дээр үнсэхэд нүдэнд нь усан хөшиг татсан байв. Бадамын захиас Гэрэлчулууны сэтгэлийг сэр хийлгэж, ихэд цочирдуулав. Гэвч нэгэнт зорьсноосоо эс буцах онцгой чанар Бадамд бий гэдгийг хашир тагнуулч сайн мэднэ.

Гэрэлчулуун Бадам, Чулуундай хоёрт санаа зовниж буйгаа дотоод сэтгэлийн гүндээ барьж ядан нүүр нүдэндээ ил харагдуулахгүйг хичээх боловч судас нь гүрвэлзэн, чичирч, гүн санаа алдаж буй нь дотоод сэтгэлийн шаналал нь дээд цэгтээ хүрч буйг илэрхийлж байлаа. Гэрэлчулуун Бадамаас “...Би эргэж ирэхгүй байх гэх үгийг сонсоход Байтагийн уулс уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч буй мэтээр төсөөлөгдөж байв. Гэрэлчулуун Бадам Чулуундай нарын араас харц үл салган хоцров.

Хэнийгээ үлдээхээ өөрсдөө шийд!

Цагаан дарцаг хийсгэсэн эх оронч тагнуулчид дөрөө хавируулсаар дайсны байрлалд очиход харуулын хятад, хасаг цэргүүд тойрон бүслэв. Тэд манай элч нарыг хүйтнээр хялайн харж, “Зогс, гараа өрөг!” гэж дуугаа өндөрсгөн зандран харьцахад Бадам айсан байдал огт гаргалгүйгээр ууртай догшин царайтай үүдэн шүднүүд нь орсгой хятад цэргийн нүд рүү эгцлэн харж зоримог дуугаар “...Бид БНМАУ-ын нэрийн өмнөөс танай дарга нарт маш чухал бичиг өгөхөөр явж буй илч нар байна. Дарга нартайгаа яаралтай уулзуулж өгнө үү” гэхэд бусдаасаа цолоор арай ахиу бололтой уруулдаа сахал тавьсан, хүч тамираа барсан мэт цонхигор царайтай намхан бөгтгөр хятад цэрэг морины жолоог шүүрч “...Бид дарга нартай та хоёрын ирсэн зорилгыг танилцуулна. Та хоёр мориноосоо буугаад биднийг дагаад алх гэж тушаав. Бадам Чулуундай нар зааварчилга ёсоор тэдний үгийг үг дуугүй биелүүлж, хятад цэргүүдийн араас монгол эр хүний ихэмсэг алхаагаар алхсаар хятад цэргийн дарга Ма Лижан гэгчийн байрлаж буй газар ирэв. Тэднийг дагуулж явсан хятад цэрэг мөрөн дээрээ саа хадсан, орсгой шүдтэй, ташаандаа сэлээдий буу зүүсэн, баруун гартаа урт хуван соруултай янжуур хөндөлдүүлэн барьсан хятад офицерийн дэргэд очин хувцсаа хам хум засан малгайгаа тэгшлэн хятадаар ямар нэг зүйлийг илтгэхэд Ма Лижан манай хоёр элчийн өмнө ирж зогсон, ажигчаар тогтуун харж, сорви шиг нимгэхэн уруулаа хөдөлгөн “Та хоёр ямар том зүрх гаргаж манай байрлалд ирэв. Та хоёрын хэн дарга вэ? гэж хүйтнээр инээж асуухад

Бадам: Бид төр засгийнхаа даалгаврыг биелүүлж яваа монголын малчин ардууд болох Баясгалангийн Бадам, Баатарын Чулуундай нар байна. Бид хоёр хэн хэндээ бараа болж явж буй улс гэхэд

Ма Лижан хятад хүний ойр ойрхон алхаагаар байран дээр нааш цааш эргэлдэн хиймэл бүдүүн дуугаар: Тэгвэл та хоёртой ярилцах нь цаг гарзадсан хэрэг болно. Биднийг танай нутгаас гарахыг шаардаж буй тэр дарганцар нараа 2 цагийн дотор өөрийн биеэр ирж уулзахыг намайг тушааж байна гэж буцаж очоод хэл. Гэхдээ та хоёрын нэг нь үлд. Хэнийгээ үлдээхээ өөрсдөө шийд” гэж хятад хүний дээрэлхүү хүйтэн зэвүүн харцаар харж, завьжиндаа хуурмаг инээд тодруулан хэлэхэд:

Бадам Чулуундайд хэлсэн нь: Нялх нойтон олон хүүхэдтэй, арай залуугаараа чи яв даа. гэхэд тэрүүхэн зуур ямар байсан ч Гэрэлчулуун төлөөлөгчөөс хэл иртэл энэ хэдийг эх нутгийн газар шороо руу сөөм ч гишгүүлэхгүй байх арга сэдэж, хугацаа хожиж байя. Ядаж л цэргийн тоо, зэвсэглэлийг нь монгол хүний гярхай нүдээр сайтар ажиглаад авья гэсэн бодолд толгойд зурсхийв.

Бадам Ма Лижанд хандан зоримог дуугаар: Миний эрхэм нөхөр Чулуундайн морь хурдан учир танд яаралтай хариу авчирна гэж бодож байна. Харин би эндээ үлдье гэхэд

Ма Лижан: За яах вэ. Чиний саналыг хүслээр чинь болгоё гээд Чулуундайг гараараа цаашаа цаашаа дээрэнгүй аястай дохиход тэрбээр хятадын цэргүүд байрлаж буй газраас нутгийн зүг давхиулав.

Ма Лижан Бадамаас: Танай дарга нараас хариу иртэл чи бидний асуултад хариулах болно. Танай хилийн анги бидний эсрэг хэдэн цэрэгтэй, хичнээн тооны зэвсэгтэй хүч хуралдуулсан бэ? Чи бичиг авч ирсэн хүн үнэнийг мэдэх учиртай гэхэд

Бадам: Би жирийн малчин хүн мал сүргийнхээ л тоо толгойг мэдэхээс цэрэг зэвсгийн талаар яагаад ч мэдэх боломжгүй.

Ма Лижан хятад хүний ямаан омогтой дээрэнгүй зангаар дуугаа өндөрсгөж: Чи энд ирсэн бүх үнэнээ надад нэг бүрчлэн үнэнээр нь өч. Эвээр хэлэхгүй бол хэлүүлдэг аргууд бас бий. Танай хичнээн цэрэг биднийг хаана отож байгааг, элч нартаа тагнуулын ямар даалгавар өгч явуулсныг бид бүгдийг нь мэдэж байна гэсэн заль зохиож энэ нөхцөлд Бадамд хэрхэн хандахыг туршсан мэт асуултуудыг шууд тулган асуухад

Бадам: Би хэлдгээ хэлсэн. Цэрэг, зэвсэгтэй холбоотой асуудлаар нэг ч зүйл мэдэхгүй. Харин надаас энэ хээр талд хичнээн мал бэлчиж байна гэж асуувал би багцаа тоо хэлж чадна. Надтай хамт ирсэн малчин эр бид хоёрыг малынхаа бэлчээрт хууч хөөрч байхад хилийн цэргийн бололтой морьтой хоёр хүн ирээд энэ бичгийг та нарт хүргэж өгөхийг гуйхад нь л би зөвшөөрч энд ирсэн. Цаад нарийн учир холбоог огтоос мэдэхгүй. Тэр хүмүүсийг өмнө огт харж байгаагүй. Танихгүй хүмүүс байсан.

Ма Лижан: Аан тийм бий. Чи тун удахгүй бүх үнэнийг хэлэх болно. Чи хүний үг ойлгодогүй, хүнтэй ярилцах арга ухаанд суралцаагүй үнэхээр малчин эр бололтой. Тэгвэл чамтай өөр хэлээр ярина хэмээн огцом уурлаж, шазуур зуун араа шүдээ хавиран хятадаар хашхирахад хоёр хасаг гүйж ирэн Бадамыг сураар чанга гэгч нь хүлж, улайссан төмөр цээжинд нь ойртуулах үед Ма Лижан өмнөх асуултуудаа галзуу мэт чихэнд хадаан хашгирч дахин асуухад

Бадам асуултанд тулгамдалгүй: “Би энгийн малчин хүн. Би юу ч мэдэхгүй гэж өмнөх хариултаа давтлаа. Хятад цэргийн даргын дотор шатаж “...Чи муу намайг хуурч дөнгөнө гэнэ” гэж өнөөх хоёр хасаг руу дохиж хятадаар “...Куай Куай! гэж зандрахад туранхай биетэй, ширүүн хууз сахалтай, дэрвэгэр том ногоон нүдтэй, шанааны яс өргөнтэй дөчин орчим насны хасаг Бадамыг цээжийг халуун төмрөөр хайрахад цээжин дээр нь хярвас үнэртэж, аманд цус амтагдан, хамаг биеийнх нь шар үс босож, бүх бие нь мэдрэл алдан сөгдөн суучихмаар байсан ч Бадам монгол эр хүний шазуур зуун нэг ч үг дуугаралгүй зогссоор, зөвхөн их амьсгал аван өвдөлтийг тэсвэрлэж байлаа. Харин Бадамын толгойд яаж ч тамлуулсан өөрийнхөө дайсанд ялагдан бууж өгөх шиг гутамшиг энэ орчлонд үгүй, яаж ч байсан төрийн нууцаа л алдаж болдоггүй юм шүү гэсэн ганцхан бодол түүнийг хад чулуу шиг болгож байв

Энэ үед занал хорсол нь нүүрний зураас бүрт нь тодорсон хятад цэргийн дарга өвдөлтөө тэсвэрлэж ядаж буй Бадамын амнаас өөртөө хэрэгтэй үг сонсож чадна гэсэндээ бардамнасан дуу хоолойгоор “...Чи элч нэрийн дор биднийг тагнахаар ирсэн монголын тагнуул байна. Чи үнэнээ хэлбэл чиний утсан чинээ амийг өршөөж болох юм гэсэн үхэх сэхэхийн аль нэгийг сонгох шийдвэр ирэхэд Бадам: “Би юу ч мэдэхгүй” гэхээс өөр хариу үл гарган хятад цэргийн даргад хандан “...Чи намайг өршөө. Харин өршөөхдөө чадах бүх аргаараа цаазалж өршөө. Би чиний өмнө сохор зоосны үнэгүй ч Монгол эр хүн эх орноосоо хэзээ ч урвадаггүй гэдгийг би чамд өөрийнхөө амиар харуулъя. Энэ бол монгол үндэстний та муусайн хүний сүгнүүдээс ялгарах онцгой зан чанар” гэхэд хүн харах нь өлссөн чоно шиг хилэн хорсол хоёроо дийлж чадахааргүйгээр болсон хятад, хасаг цэргүүд манай эрэлхэг тагнуулч Бадамын чих, хамрыг нэг нэгээр огтлох, үсийг нь гал дээр хуйхлах биеийг нь халуун төмрөөр хайрч,цоргих зэргээр нэвт сүлбэж амь насыг хөнөөсөн юм.

Бадамын бие хэл буруутан дайсны өмнө аль эрт сөхрөн унасан хэрнээ амь нь тэмцэхдээ эцсийнхээ хүчийг тас шавхан нүдээ алгуурхан нээвэл түрүүхэн агшин зуур Алтайн өндөр цэнхэр уулс, эх нутгийнх нь мөнх хөх тэнгэр нь тодоос тод харагдахад “...Тэнгэрлэг эх орон минь! Надад дахиад амьдрал байдаг бол би таны төлөө хоёр дахиа үхэхэд бэлэн” амьсгал тасалдуулан сулавтархан хэлж сүүлчийн амьсгал хураав. Энэ үед түүний унаж ирсэн хүрэн морь хатуу үнэнийг мэдсэн гэлтэй гуниглаж уйлж буй мэт хачирхалтай чимээ гарган уяан дээр тогтож ядан эзнийхээ зүг харан үүрсэн янцгааж байлаа.

Алтайд шингэсэн нар

Хужиртын голын цэнгэг ус жигдхэн шуугьж, дорноос улам тодорч буй үүрийн гэгээ нойрссон ертөнцөд шинэ өдөр мэндэлснийг тунхаглах аж. Бадамыг дайснууд хэрхсэн бол “...Би амьд ирэхгүй байх...” гээд байсан үнэнч нөхөрт минь аюулт муу зүйл л битгий тохиолдоосой гэж шөнөжин залбирч хоносон Гэрэлчулуун шаардах бичгийн хариуг хуруу даран, сэтгэл түгшин хүлээнэ. Монголчууд бид хүч нимгэн, хүн цөөн ч тагнуулын арга ухаанаар дэлхийд гайхагддаг ард түмэн. Дайснууд бидний шаардлагыг эс биелүүлбэл бүх л чадлаараа тэмцэх болно. Монгол нутагт монгол эрчүүд, монгол морьтойгоо байхдаа дайсанд ялагдаж байсан түүх үгүй юм гэж зуусан шүднийхээ завсраар сийгүүлэн хэлж өөрийгөө зоригжуулав.

БНМАУ-ын Засгийн газраас манай улсын хил зөрчин Хужиртын аманд байрлаж байсан хятадын цэргийн тагнуулын ангийн захирагч Ма Линжан, Ма Фуван нарт хүргүүлсэн шаардах бичгийн хугацаа дуусч хятадуудыг цэргийн хүчээр хөөж гаргах үүрэг хүлээсэн манай хилчид Хужиртад Ура! хашхиран сүр бараатай довтлоход хятад, хасаг цэргүүд муурын сүүдэр харсан хулгана шиг орох байх газраа олж ядан, тал тал тийш зугтааж, ихэнх нь амь үрэгдэж, үлдсэн цөөн тооны хэд нь манай улсын нутаг дэвсгэрийг орхин гарсан юм.

Үнэхээр бурхны орон гэж байгаа бол Монгол Улсын баатар Баясгалангийн Бадам лавтай тэнд л бий: Эх орон минь баатарлаг эх орончдоо бэтгэртлээ санаж байна.

Төгсөв

65-аас дээш насны иргэдийг Спутник-V вакцинд хамруулж эхэллээ
65-аас дээш насны иргэдийг Спутник-V вакцинд хамруулж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.