M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 14 секунд
M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл

M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл

Норвегийн их сургуулийн докторын зэрэгтэй М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн сэхээтэн бий. Би түүнийг монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай ятгаж дэмжиж явдаг. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч дахин нэг нийтэл босгов. Таалан соёрхоно уу!

Нэгэн зүйл

Зөвлөлтийн ард түмэн, ялгуулсан Зөвлөлтийн Улаан арми Дэлхийн II дайнд фашист, нациси Германыг ялсаны түүхт 78 жилийн ойн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Энэхүү аймшигт дайн Польш, Украин, Белоруссын газар нутаг дээр өрнөж, эдгээр ард түмнүүдэд бүрэн сүйрлийг авчирсан юм. Нийт 70 сая хүний амь үрэгдсэнээс ЗХУ-ын 20 сая хүнээ алдсан. Энэхүү ЗХУ-ын 20 сая хүнээс Украины 6 сая хүн энэхүү дайнд амь үрэгджээ.

Өнөөдөр харамсалтай нь энэхүү түүхэн ялалтад оролцсон, түүхэн гавьяа байгуулсан Орос, Украины ах дүүс хоорондоо байлдаад нэг жилийг үдэж байна. Жил бүр баяр хөөр болон тэмдэглэдэг баяр нэр нүүр, амиа бодолт, дарангуйлал түрэмгийллийг эрхэмлэсэн этгээдээс болж дажин болон хувирсан нь харамсалтай.

Хөдсөн дээлт Монголын ард түмний үзүүлсэн түүхэн гавъяа бас бий. Зөвлөлтийн ард түмний дайны гол холбоотон БНМАУ байлаа. Өвөг дээдэс минь агт сайн морьдоосоо авахуулаад алт мөнгө, нэхий дээлээ “Бүхнийг фронтод!” гэх уриатайгаар сэтгэл зүрхээ зориулан хандивлаж, бэлэглэж байсан юм. Энэ дайнд хандив тусламжаа өргөөгүй нэг ширхэг ч Монгол өрх, иргэн байхгүй. Бүгд ялалтын төлөө зүтгэж байсан. Бахархууштай нь 550 мянган монгол морь энэхүү дайны ялалтын төлөө Берлин хүртэл цас, намаг, хатуу бартааг туулан зэр зэвсэг, сум, хүнс зөөн зүтгэсэн юм. Сталинградын бүслэлтийг сэтэлж, дайны түүхэн ялалтыг эргүүлсэн гол зүтгэлтэн бол Монгол морьд билээ. Тэд зам харгуйгүй газраар цасыг туулан бүслэлтэнд байсан цэргүүдэд хүнс, зэвсэг сумны хангамжийг хүргэж чадсан нь фашистуудад тооцоолоогүй том цохилт болсон түүхтэй.

Нэгэн зүйл

Би бусад улс орнууд яаж хөгжиж байна, улс эх орондоо хэрхэн эзэн болон амьдарч, Эх орондоо элэг бүтэн аз жаргалтай амьдарцгааж, хөдөлмөрлөж буй талаар л бичиж байгаа. Маш энгийн зүйлийг бид хууль, журам, бодлого болгон мөрдөж чадвал л бид бусдын адил хөгжин цэцэглэх болно. Би хэн нэгэнд атаархсан, хорссон, би хэн нэгэнд заасан, цэцэрхсэн, эсвэл би хэн нэгнийг доромжилсон, гутаасан юм миний бичлэгүүдэд огт байхгүй ээ.

Баялгийн орлогоо Moнгол Төрдөө төвлөрүүлж чадахгүй байгаа нь бидний хөгжлийн хамгийн том алдаа юм. Өвгөдийнхөө үлдээсэн баялагаа ухаж гаргаад өрөнд ордог мулгуунууд энэ гариг дээр биднээс өөр алга.

Би хүмүүсийг уншиж ойлгоосой л гэж бичдэг. Монголынхоо сайн сайхны төлөө! Хөдсөн дээлт Монгол түмнээ хөгжлийн нэг шатаар ахиулахын төлөө! Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгохын төлөө! үзсэн, сурсан, мэдсэнээ л зориулах юмсан гэx санааг эрхэмлэдэг. ФБ гэсэн өөрийн орон зайгаа ашиглаж байна. ФБ бол бас л хүн төрөлхтөний хөгжлийн нэг шат. Монголчууд бид энэхүү хөгжлөөс хоцрохгүй байгаа нь бас л нэг том амжилт.

Нэгэн зүйл

Нөгөө муу нэрт Норвег руугаа оръё. Норвегийн энэ Засгийн газрын өмнөх ЗГ-ынх нь зориглон хийсэн нэг том ажил байдаг. Энэ нь 19 байсан филкегээ (манайхаар аймаг) 11 болгон цөөрүүлсэн бодлого. Мөн 400 байсан коммуны (манайхаар сум) тоогоо 356 болгон засаг захиргааны хувьд цомxoтгосон. Ингэж цомхотгосноор засаг захиргааны зардлаа хэмнэж, сургууль соёлын төвлөрөл бий болгож, хэмнэсэн мөнгөө эргээд боловсрол, эрүүл мэндийн салбартаа хэрэглэж эхэлсэн байна. Хүндрэл гараад буй юм алга.

Манайх 21 аймгаа цөөрүүлж 12 болгоход, 331 сумаа цөөрүүлж 240 болгоход ямар их засаг захиргааны хэмнэлт бий болох бол? Сум бүр 4-н багтай байхаар төсөөлье. Бүгд тооцоолж үзээрэй.

Хэрэв аймаг, сумуудыг цөөлчихвөл асар их мөнгө хэмнэгдэнэ. Энэхүү хэмнэгдсэн мөнгөө боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулж бүрэн чадлаараа ажиллах сургууль, эмнэлгийн төвлөрөл бий болгoё л доо. Хэмнэсэн хөрөнгө мөнгөө хэн нэгний ямба, суудалд бус хөгжлийн төлөө, хүн ардынхаа төлөө ашиглая. Бэлчээр, усаа тордоё. Яагаад болохгүй гэж?

Цомхотгож, нэгдүүлнэ гэхээр манайхан нүүлгэх нь гэж айдаг. Үгүй юм. Тэнд буй сургууль, дотуур байр, дэлгүүр хоршоо, банк, үйлчилгээний газар хэвээр байж суурин, төв, хот хэвээр үлдэнэ. Зөвхөн захиргаанууд л нэгдэнэ гэсэн үг. Шууд хэлэхэд 3-4 аймаг нэгдэж 8-12 хүртэл УИХ-ын гишүүнтэй, нэг даргатай, нэг ИТХ-тай, мөн 4-5 сум нийлж нэг даргатай, мөн нэг Иргэдийн хуралтай болж үйл ажиллагаа нягтарна.

Өөрөөр хэлбэл дарга гэх тогтолцооноосоо татгалзах хэлбэр болно. Цөөн хүн амтай улсууд ингэж л захиргааны зардлаа хэмнэж боловсрол, эрүүл мэнд, хөдөө орон нутгийнхаа хөгжилд зарцуулж эхэлж байна. Норвегид дижитал хөгжлийн эхний алхам төрийн захиргааны бүтцээ нэгтгэж эхэлсэнээр эхэлсэн байна.

Редакторын өчил: Дахиад цөөлсөн ч болно. 1.5 сая квадрат км-тээ заавал тархан суух ёстой гэж муйхарлах нь хөгжлийн хурдны энэ эрин зуунд авцалдахгүй болж байна. “Орон нутгийг эзэнтэй байлгана” гэж муйхарласнаар хөдөөд ажилгүйдэл ядуурлыг цэцэглүүлсэн, хөдөө нь эргээд улсын төсвөөсөө дээд зэргээр сорогч. Хариу байхгүй, ийм л дүр зураг Монголд харагддаг.

Үргэлжлэл бий

редактор, судлаач проф. Д.Баярхүү

Өнөөдрөөс хивэгний экспортыг хязгаарлалаа
Өнөөдрөөс хивэгний экспортыг хязгаарлалаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.