Монголбанкны тусгай хангамж, Шилэн дансны хэрэгжилт, Эрдэнэт үйлдвэр болон бусад цаг үеийн асуудлаар иргэн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
–Монгол банк Шилэн данс хөтлөхгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Шилэн данс хөтлөхгүй хэмээн мэдэгдсэний цаад учир шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Шилэн данс хөтлөхгүй гэсний цаад шалтгааныг тусгай хангамжтай холбоотой гэж харж байна. Төвбанктай холбоотой тусгай хангамжуудын мэдээлэл цахим сүлжээгээр явж байгааг бодвол хэн хүнгүй л харсан байлгүй. Асуудал үүнтэй л холбоотой. Төвбанкны тухай хууль гэж бий. Энэ хуульд хориглох зүйл гэж байгаа. Үүнд Монгол банкны зүгээс иргэн, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглочихсон байдаг. Магадгүй үүнийгээ л нуух санаатай байгаа юм байлгүй дээ.
-Буцалтгүй тусламж үзүүлэхийг хуулиар хориглосон байтал олон зуун сая төгрөгийг ажилчиддаа тараадаг нь ямар учиртай юм бол?
-Үүнийг Монголбанкнаас асуусан нь илүү оновчтой болов уу. Хуулийн ийм нэг логик байдаг. Нэгдүгээрт, төрийн байгууллага, түүний албан хаагч нь хуулийг мөрдөх үндсэн зарчимтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах учиртай. Хууль дээдлэх зарчим гэж юу вэ гэхээр хуулийн дагуу л ажиллахыг хэлж байгаа юм. Төвбанкны тухай хуульд иргэн аж ахуйн нэгжид буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглочихсон байхад яагаад үүнийг зөрчөөд байна вэ гэхээр Монголбанк хууль дээдлэх зарчмаа алдчихсан байна аа л гэсэн үг.
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулах, орон сууцаар хангах боломж бол үндсэндээ бий. Гэхдээ Монголбанкны тухайд өөрийнх нь эрх зүйн орчинд тодорхой заагаад өгчихсөн байтал үүнийгээ зөрчөөд тусгай хангамж өгөөд байж яасан ч болохгүй.
Монголбанкнаас тусгай хангамжийг ажилчиддаа олгохын тулд журам баталсан байгаа юм. Тодруулбал, өмнө нь 10 болон түүнээс дээш жил ажилласан хүмүүст тусгай хангамж олгоно гэж жил зааж өгсөн байсныг Н.Золжаргал өөрчилсөн. Өөрөөр хэлбэл жилийг нь байхгүй болгосон гэсэн үг. Үндсэндээ хуулиас давсан журам гаргаад түүнийгээ дагаж мөрдөж байна гэсэн. Тэгэхээр хуулийн хүрээнд уг журам хүчингүй гэсэн үг.
Хууль зөрчиж гарсан хууль Үндсэн хуулийн цэц дээр очоод унаж байгаа биздээ. Яг тэрэн шиг зүйл байгаа юм. Хуулийг давсан журам гаргаад тэрийгээ мөрдөж байгаа бол тэр журмыг гаргасан хүмүүс нь алдаа гаргаж байна аа л гэсэн үг. Энэ алдааныхаа төлөө Н.Золжаргал хариуцлага хүлээх ёстой. Албан тушаалтанд холбогдох зохих хариулцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Улмаар улсад ямар хэмжээний хохирол учруулсан байна гэдгийг нь шалгаж тогтоогоод түүнд нь бас хариуцлага тооцох ёстой.
-Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. УИХ хариуцлагаа яагаад тооцохгүй байна вэ.
-Хариуцлага алдсан гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Үүнийг заавал хууль хяналтын байгууллагаар шалгаж цаг алдах хэрэг алга. Ер нь бол төрийн байгууллага болон УИХ өөрөө ёс зүйтэй байх хэрэгтэй. Монголбанкны тусгай хангамжтай холбоотой асуудлыг таашааж байгаа иргэн олдохгүй. Бүгд эсэргүүцэж, шүүмжилж байна.
Тэгвэл УИХ өөрөө улстөрийн байгууллага учраас нэгдүгээрт, ёс зүйн хариуцлага хүлээх, хоёрдугаарт гаргасан алдаагаа засах ёстой. Гаргасан алдаагаа яаж засах вэ гэхээр Г.Золжаргал нарыг нэн даруй ажлаас нь чөлөөлөөд, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй. Ингэж байж ёс зүйн хариуцлага болно. Үнэхээр ёс зүйн хариуцлага хүлээмээргүй байна аа гэвэл иргэд, олон нийт АТГ, Шүүхэд гомдол гаргаж, энэ алдааг засаж залруулж болно.
-З.Энхболд даргын зүгээс хариуцлага тооцох үндэслэлийг УИХ-д гаргаж тавихгүй байгаа нь ямар учир шалтгаантай вэ. Саяхан цэцийн гишүүн Ж.Амарсанааг чөлөөлсөн шиг арга хэмжээ авч болоогүй юм болов уу.
-Уг нь бол тийм. Гэхдээ үүнийг ганц З.Энхболд даргатай асуудлыг холбох нь өрөөсгөл. Яагаад гэвэл УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч болгосон. Тэгэхээр энэ хүнийг томилсон тэдгээр УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлага тооцох асуудлыг гаргаж тавих үүрэгтэй. Нэг үгээр огцруулах санаачлагыг гаргана гэсэн үг. Энэ бүхний үндсэн дээр УИХ-ын даргатайгаа ярьж байгаад Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой. Ер нь бол тус банкинд Монгол Улсын сан хөмрөг, валютын нөөц бүх зүйл байгаа. Үүн дээр ингэж дураараа тонгочиж болохгүй.
-Та сая улсад учруулсан хохирол гэж ярьлаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тухайд улсад хэчнээн төгрөгийн хохирол учруулаад байгаа талаар тооцоо судалгаа хийж үзэв үү?
-Миний тухайд хохирол учруулсан байх үндэслэл, магадлалтай байна аа гэдэг зүйлийг ярьж байгаа. Иргэн хүний хувьд ингэж хардаж байгаа юм. Хохирлыг эцсийн байдлаар хууль, шүүхийн байгууллага тогтооно.
Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дээр “Хэрвээ миний эрх зөрчигдөж байна гэвэл иргэн хүнийхээ хувьд шүүхэд хандах эрхтэй” гэж зааж өгсөн байдаг. Миний хувьд Монголбанкны энэ асуудлыг ойрын хугацаанд дээрх эрхийнхээ хүрээнд АТГ болон шүүхэд өгөх бодолтой байна. Иргэний болон эрүүгийн журмаар шүүхэд хандана бодож байгаа. Ер нь бол шууд шүүхэд өгсөн нь дээр гэдэг гаргалгаан дээр тогтоод байгаа. Учир нь шилэн дансны хяналттай холбоотой асуудлаар АТГ-д хандахаар цаг хугацаа алдаж, их удаж байна. Зарим нь бол бүр таг сураггүй алга болчихож байна. Иймэрхүү байдлууд их байгаа учраас шүүхэд өгсөн нь дээр болов уу. Шүүх чинь хоног хугацаатай учраас процессын хувьд цаг хугацаа алдах нь бага. Иргэд олон нийтийг бухимдлын байдалтай удаан байлгамааргүй байна. Албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг түргэн шуурхай шийдээд явчихвал хэн хэндээ уг нь амар шүү дээ.
-Г.Золжаргалыг албан тушаалаас нь чөлөөлснөөр хариуцлага тооцлоо гэж ойлгож болох уу.
-Энэ хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх нь хариуцлагын хамгийн эхний асуудал. Цаашлаад хуулийн байгууллага шалгах учиртай. Ганц энэ асуудал бус өөр зөндөө олон асуудал байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Монголбанкинд УИХ-аас тусгай хяналт шалгалтыг оруулах нь зүйтэй. УИХ өөрөө хянаж шалгах эрхтэй. Энэ хяналт шалгалтаар сүүлийн 4 жилийн хугацаанд Төвбанкинд юу болов гэдэг асуудлыг олж тогтоох хэрэгтэй.
Ядаж л 1340 төгрөгийн үнэтэй байсан ам.долларыг яагаад 2055 төгрөг болгосон бэ гэдэг асуудлыг шалгалт хийж тогтоох ёстой. Мөн гадаадын зээл тусламж, юанийн спов хэлэлцээрүүд бүгд Монголбанкаар дамжсан байдаг. Үүний зарцуулалтыг бас шалгаж тогтоох хэрэгтэй.
Товчхондоо Монголбанкны үйл ажиллагаанд УИХ дүгнэлт өгөх учиртай ч харамсалтай нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Үүнийг би Их хурлын гишүүдийн ашиг сонихрлын зөрчилтэй холбож ойлгож байгаа. Ер нь ашиг сонирхлын зөрчил чинь улстөрийн нам гэдэг заваан зүйлээс хамгийн түрүүнд гарч ирдэг. Өнөөдөр УИХ-ын дарга, улстөрийн намын дарга байна. УИХ-ын даргын хийсэн томилгоо, өгсөн үүрэг чиглэлтэй холбоотой санал гомдлыг дарагдуулах ийм байдал бол үнэндээ хэвийн үзэгдэл болоод хувирчихлаа. Монголбанкын ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэсэн асуудал өөрөө аль хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Тэгвэл энэ асуудалд одоо болтол хариуцлага тооцохгүй байгааг улстөрийн ашиг сонирхолтой холбож ойлгохоос өөр арга алга.
-Иргэн хүнийхээ хувьд Монголбанкны шилэн дансанд хяналт тавиад цахим сүлжээнд бичиж байхад тус банкны зүгээс тань руу холбогдож, нөлөөлөх гэж оролдож байсан тохиолдол бий юу?
-Хариу албан бичгүүдийг Төвбанкны зүгээс бичдэг. Тухайлбал, манайх шилэн дансаа өөрийнхөө сайтан дээр хөтөлдөг гэх мэтээр. Гэтэл Монгол Улс чинь Шилэн дансны нэгдсэн нэг цахим хуудастай. Нэгдсэн цахим хуудсан дээр нь Монголбанк гэж байдаг. Тэр нь л хөтлөгдөхгүй байгаа юм. Юуг үндэслэж гаргасан цахим хуудас вэ гэхээр Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх журам гэж байдаг. Үүнийг Засгийн Газраас баталсан байдаг. Тэр журмынхаа дагуу хөтлөх өгөгдлүүд нь шилэн дансны сайтан дээрээ байж байдаг. Тэрийг л хөтлөх үүрэгтэй. Түүнээс байгууллага өөр дээр шилэн данс гэж ийм зүйл байна аа гээд дураараа нэг юм зохиогоод түүндээ тайлбар өгөөд явах нь хуульд ч нийцэхгүй, журамд ч нийцэхгүй. Хууль болон журам дээр юу гэж заасан байна вэ гэхээр нэгдсэн нэг сайттай байна. Нэгдсэн сайтыг ийм журмаар хөтөлнө гээд маш тодорхой заагаад өгчихсөн л зүйл шүү дээ. Яг энэ журмын дагуу л явах ёстой. Харамсалтай нь Монголбанк энэ журмыг хэрэгжүүлж чадахгүй байна. Миний зүгээс хэрэгжүүл гэдэг шаардлагыг л тавьж байгаа.
Б.Цогтгэрэл гэдэг хүнийг нэг удаадаа “найрч” болно
-Н.Золжаргалын тансаглалтай холбоотой цөөнгүй баримтуудыг та жиргэсэн байсан. Эдгээрээс дэлгэрүүлж болох уу?
-Зүгээр цаг хэмнэх үүднээс цөөн хэдэн жишээ дурдая. Тэрбээр Токио хот руу нисэхдээ зөвхөн тийзний урьдчилгаанд 5 сая төгрөг зарцуулсан байдаг. Мөн Зүүн өмнөд Азийн орнуудаар явахдаа хамгийн тансаг буудлуудаар хэсүүчилж жаргаж явдаг нь тодорхой болсон. Тухайлбал, Mandarin Oriental, Conrad Adimrality Hongkong зочид буудлуудын орон, орны салбаруудаар жирийн Монгол иргэний нэг жилд ч авч хүрэхгүй их мөнгийг хэдхэн хоногт зөвхөн зочид буудалд үрж тансаглаж яваа нь олон нийтийн дургүйцлийг асар ихээр төрүүлж байгаа.
Монгол Банкны Шилэн дансны мэдээлэлд байгаа гүйлгээнээс үзвэл 2015 оны зургаан сарын 20 өдөр Эмират, Хонгконг, Индонез улсуудад айлчлан Mandarin Oriental хэмээх дэлхийн баячуудын үйлчлүүлдэг 5 одтой хамгийн дээд зэрэглэлийн тансаг зочид буудалд тухлан алжаал ядаргаагаа тайлсан бөгөөд үүнийх нь төлбөрт Монгол Улсын татвар төлөгчдийн халааснаас 12,3 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэхдээ энэ мөнгө нь зөвхөн урьдчилгаа. Энэ мөнгийг уг тансаглалын 50 хувь хэмээн үзвэл эрхэм ерөнхийлөгч маань 24 сая төгрөгөөр зугаалсан байх магадлалтай юм. Нэг улсад 2-3 хонож гурван улс дамнан 7 хоног тансаглалаа гэхэд тэрээр нэг шөнө 3,4 сая төгрөгийн зардалтай нойрсож баячуудын үйлчилгээг ёстой утгаар нь эдэлсэн байх нь ээ.
Үүнээс гадна Монгол банкнаас есөн сая төгрөгөөр хурлын ширээ авч, байр орон сууцны дэмжлэг үзүүлсэн, сургалтын төлбөрт асар их хэмжээний мөнгө төгрөг гаргасан гэх мэт онц ноцтой сэжиг бүхий гүйлгээнүүдийг асар олон тоогоор хийсэн байдаг юм.
Сангийн яамнаас гаргасан албан томилолтын тариф байдаг. Сая дурдсан Н.Золжаргалын жишээнүүд бол тэр тарифаасаа хэдэн зуун хувь илүү давчихаад байгаа. Тэгэхээр үүнд яалт ч үгүй хариуцлага хүлээлгэх л хэрэгтэй. Товчхондоо, Монголбанк болон түүний захирлын энэ мэт тансаглал, тусгай хангамжууд хэрээс хэтэрчихээд байна.
-Монголбанкны ерөнхийлөгчийн цалин хэдэн төгрөг байдаг юм бол. Үүнийг та судлаж үзсэн үү?
-Үүнийг судлаж үзээгүй. Уг нь хуулиараа Монголбанкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн цалин олон нийтэд ил байх ёстой. Гэвч одоо болтол ил тод биш байна.
-Та нэг хэсэг Эрдэнэт үйлдвэрийг шилэн дансаа хөтлөхийг шаардсан. Хөтлөж эхэлсэн үү. Үр дүн гарсан уу?
-Хөтлөөд эхэлчихсэн байна лээ. Миний гаргасан шүүмжлэлийн дагуу нилээдгүй зүйлүүдийг зассан нь харагдсан. Энэ нь их сайшаалтай санагдсан.
-Эрдэнэт үйлдвэр дарга нарынхаа цалинг еврогоор тавьдаг гэсэн баримт саяхан цахимд нийтлэгдсэн?
-Сангийн сайд гуравдугаар сард мэдээлэл хийхдээ ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийг шалгана гэдгээ хэлсэн. Үндсэндээ би бол тэр шалгалтыг хүлээж байна. Тэр шалгалтаар одоогийн болон өмнөх үеийн бүх зүйлүүд гарч ирэх болов уу. Маш ноцтой материалууд ч тэр дотроос гарч ирж мэдэх юм. Магадгүй хэвийн, зүгээр байна гэсэн дүгнэлт ч гарахыг үгүйсгэхгүй.
-Шилэн дансны хяналттай холбоотой шүүмжлэл гарсны дараа Эрдэнэт үйлдвэр танд 100 сая төгрөг өгөх санал тавьсан гэх мэдээлэл байна. Үүнд та хариулт өгнө үү?
–Тийм санал тавиагүй. Ташаа мэдээлэл байна. Ер нь бол шилэн дансны хяналт бол бүх ард нийтийн хяналт. Ганцхан Б.Цогтгэрэл гэдэг хүнийг нэг удаадаа “найрч” болно. Гэтэл дараа дараачийн олон Цогтгэрэлүүдийг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ ээ дээ. Фэйсбүүкийг 600 мянган хүн хэрэглэж байна. Твиттерийг 100 мянган хүн хэрэглэж байна. Тэр болгонтой зохицож, найрч чадах юм уу. Чадахгүй шүү дээ. Шилэн дансны хяналттай холбоотойгоор ямар нэгэн төрийн байгууллага хэн нэгэнд мөнгө өгч амыг нь үднэ гэдэг бол ямар ч боломжгүй зүйл.
-Дан ганц эрдэнэт үйлдвэр гэлтгүй өөр бусад төрийн байгууллагуудаас “найрах” санал тавьж байв уу?
Гарч байгаагүй. Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд би өөрөө хамгийн нээлттэй хүн. Бүх мэдээлэл маань нээлттэй. Өдрийн дийлэнх асуудал маань цахим орчинд бичигддэг. Бараг хаана хоол идэж байгаа маань хүртэл нээлттэй явж байхад тэр дунд надад мөнгө өгөх гэж оролдох нь өөрөө утгагүй асуудал. Яагаад гэхээр миний нээлттэй байгаа байдал маань буцаад миний хамгаалалт болж өгдөг. Хэрвээ надтай буруу зөрүү зүйл ярьж, авилга хээл хахууль өгөх гэж оролдож байгаа бол тэр хүнд өөрт нь л алдаа болно. Нэг зүйлийг зориуд хэлэхэд шилэн дансны хяналттай холбоотойгоор надад хээл хахууль өгье гэж бодож байгаа бол хайран мөнгө байна даа л гэж хэлэх байна.
Лал, лалар гэдэг хоёр үг хоорондоо холбогдох ямар ч үндэслэл байхгүй
-Ерөнхийлөгч саяхан Их тэнгэрт жиргээчидтэй уулзахдаа таньтай тусгайлан уулзсан гэсэн. Ерөнхийлөгч энэ үеэр өөртэй чинь юу ярьсныг сонирхож болох уу?
-Ерөнхийлөгч намайг мохож болохгүй. Цуцаж болохгүй, айж болохгүй сайн ажиллаарай. Шилэн дансны хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсанд тань талархал илэрхийлье гэж хэлсэн. Тэгээд энгэрээсээ өөрийнхөө үзгийг гаргаж ирээд надад бэлэглэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч чинь сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүнээс үзэг авна гэдэг бол хамгийн эрхэм хүндтэй шагнал. Тэр тусмаа төрийн тэргүүнээсээ шүү.
Нэгэнт төрийн тэргүүнээсээ урам зориг авсан хүн чинь юунаас ч айна, юунаас ч санаа зовно гэдэг зүйл бол байхгүй шүү дээ. Тэр чигээрээ дайраад л орно. Өөр арга байхгүй.
-Хотын дарга иргэдээ ялгаварлан гадуурхаж хараалын үг хэрэглэсэн нь маш том алдаа гэж та жиргэсэн байсан. Энэ талаар дэлгэрүүлээч?
-Энэ бол үнэн. Лалын шашин гэдэг бол исламын шашин. Дэлхийн гурван том шашны нэг нь. Монголд исламын шашинтай зөндөө олон хүн бий.
Лал лалар гэдэг хоёр үг хоорондоо холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Тэгж байхад дэлхийн өөр улс оронд байдаг хэт даварсан алан хядагчдыг монголын исламын шашинтнуудтай үйл хэргийг нь зүйрлэж жишээ татсан нь өөрөө маш том алдаа. Энэ бол хамгийн тэнэг явдал. Хотын дарга энэ үйлдлийнхээ төлөө монголын исламын шашинтай ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.
Гарах үр дагавар, муу зүйл юу байх вэ гэдэг дээр хариулт өгье. Нэгдүгээрт Э.Бат-Үүлийн хэлсэн ярьсанд итгэж байгаа гэнэн томоогүй хүүхдүүд, залуучууд исламын шашинтай хэн нэгийгээ гоочлох, ялгаварлан гадуурхах ийм үйлдэл гарч болзошгүй. Энэ чинь аюултай шүү дээ. Залуу хүмүүс асар итгэмтгий байдаг. Тэр итгэмтгий зангаараа бусдыг гомдоох, өөр үйл явдалд өдөөх турхирах ийм зүйлс болвол хариуцлагыг нь Э.Бат-Үүл хүлээх юм уу. Тэгэхээр ийм хариуцлагагүй, ийм болчимгүй зүйл ярьж болохгүй ээ.
Хэн нэгнийг шашнаар нь ялгаварлан гадуурхах, аль нэгэн шашныг лалар гэх доромж үгээр гутаан доромжлох, тэрийг холбож ишлэх нь өөрөө байж болшгүй зүйл. Миний хувьд маш олон ислам шашинтай найзуудтай. Тэр хүмүүсээсээ хотын даргын болчимгүй үгний төлөө би бас уучлал гуймаар л байгаа юм. Миний найз нар хичнээн лалын шашинтай ч гэлээ лав нүүрээ нуудаг, хотын даргын хэлээд байгаа шиг лалрын хүмүүс байхгүй. Бүгдээрээ монголын төр нийгэм, соёл урлаг энэ бүх зүйл дээр улсынхаа нэрийг өндөрт өргөөд мандуулаад явж байгаа. Тэдний өмнөөс л эмзэглээд байна.
-Таныг Зам тээврийн сайд М.Зоригтын дээгүүр, доогуур гүйж байгаад МИАТ-ын ТУЗ-д очих гэж байна гэсэн мэдээлэл нэг хэсэг цацагдсан. МИАТ-ын ТУЗ-д очсон уу. Энэ асуудал юу болсон бэ?
-Очоогүй байгаа. МИАТ өөрөө төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Манай нисгэгч нар болон инжнер техникийн засвар үйлчилгээ хийдэг тэр хүмүүс бол гайхалтай уран чадвартай хүмүүс. Дэлхийд тэргүүлэх зэргийн ажилчид гэж хэлж болно. Гэтэл өнөөгийн МИАТ-д зөв удирдлага, санхүүгийн зөв зохион байгуулалт алга байна. Тэгвэл иргэн Б.Цогтгэрэл юу чадах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Миний тухайд зөв удирдлага, зохион байгуулалт, зөв санхүүгийн менежметийг хийж чаддаг хүн. Би өөрийгөө ингэж хэлэх бүрэн эрхтэй. Яагаад гэхээр Английн төрийн удирдлагын институтыг энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр дипломын зэргээ хамгаалж байсан. Би энэ байдлаа М.Зоригт сайдад хэлсэн. Сайдын зүгээс маш сайхан дэмжиж хүлээж авсан. ТУЗ-д орох саналаа бол өгсөн. Одоохондоо хариу нь гараагүй байна. Хариуг нь Сангийн яамнаас гаргадаг.
-Та энэ сонгуульд УИХ, Иргэдийн хуралд нэр дэвших үү. Яагаад ингэж асууж байна гэхээр таныг олон нийтийн зүгээс сонгуульд нэр дэвших бэлтгэл ажлаа базааж шилэн дансаар улстөр хийж байна гэх мэтээр хараад байх шиг байна л даа?
-Сонгуульд нэр дэвшихгүй. Нэг зүйлийг хатуу хэлэхэд шилэн данс болон миний ярьж байгаа өөр бусад зүйлүүд дээр улстөрийн зорилго агуулагдаагүй. Нийслэлийн ардчилсан намын хурал дээр хотын дарга шилэн Цогоо улстөрийн зорилготой гэх мэтээр ярьж байна лээ. Баярын хурал нь болж байхад л миний тухай яриад байгааг нь ойлгохгүй байгаа. Уг нь миний зүгээс шилэн дансны хяналт дээр анхнаасаа улстөрийн ашиг сонирхол хараагүй байхгүй юу. Үүнийг би юугаар батлах вэ гэхээр сонгуульд нэр дэвшихгүй байж батална.
Шилэн данс яриад, үүгээрээ олон нийтэд танигдаад, үүгээрээ олон нийтийн талархал хүлээгээд улстөрийн оноо цуглуулаад нэр дэвшвэл намайг улстөр хийж байна аа гэж хардах бүрэн үндэслэлтэй. Товчхондоо бол миний зүгээс энэ байдлыг улстөрийн зорилгоор ашиглах сонирхолгүй байгаа. Өөр хүн байсан бол ашиглах байсан биз.
Ярилцсан Р.Улам-Оргих