УЛААН ДЭЭЛТЭЙ АДУУЧИН ЭР БУГА БОЛЖ ХУВИРДАГ (Болсон явдал)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 25 секунд
УЛААН ДЭЭЛТЭЙ АДУУЧИН ЭР БУГА БОЛЖ ХУВИРДАГ (Болсон явдал)

УЛААН ДЭЭЛТЭЙ АДУУЧИН ЭР БУГА БОЛЖ ХУВИРДАГ (Болсон явдал)

Лам олширхоор чөтгөр ихэсдэг хэмээн ахмад буурлууд ярьдаг юм билээ. Ер нь дээхэн үед хөгшид маш их чадалтай хүмүүс байсан бололтой. Тийм хүмүүсийн нэг болох Гочоо гуайн тухай сонирхолтой баримт сөхье.Гочоо гуай өргөмөл охиныхоо хамтаар аж төрдөг байжээ. Тэднийх нутаг орондоо гайхагдсан ухаа голдуу адуутайгаас гадна сумандаа толгой цохисон баяных байсан байна. Нутгийн эрчүүд болгон Гочоо гуайн адуунд хорхойссон бүхэн янз бүрээр хазаар гүйлгэх гэж оролддог ч ер адуунаас нь хулгайлж чаддаггүй байсан нь сонирхолтой байдаг. Гочоо гуай өөрөө адуундаа явна гэж үгүй. Адуу нь зэрлэг мэт байх. Харин Гочоо гуай барья гэсэн морио уурга хэрэглэлгүй хөлд нь суугаад л барьчихдаг байсан тухай одоо ч нутгийнхан нь ярьж байх аж. Гочоо гуайн нутагт хүний аль л олигтой гэсэн морьдыг байлгадаггүй хэдэн сайн хулгайчид байсан байна. Малын хэргээр шоронд ордог ч дороо л гараад ирдэг байж. Бодвол цөөхөн жилийн ял авдаг байсан юм болов уу даа. Миний бичиж буй зүйлийг Гочоо гуайн адуунаас хэд хэдэн удаа хулгай хийх гээд чадаагүй Гомбожав гуай ярьж өгсөн юм. Өдгөө дал шүргэж яваа Гомбожав өвгөн гуч гаруй настай байхдаа өөрийн найз Баатар, Дашзэвэг нарынхаа хамт Гочоогийн адуунаас хэдэн гайгүй морь салгаж хөөхөөр явтал улаан дээлтэй хүн адууг нь хариулаад явж байсан тул хэд хоногоос болъё гээд салцгаасан байна. Сайн эрчүүд дахиад л уулзаж өдөр товлон Гочоогийн адуун дээр очтол ахиад л улаан дээлтэй хүн адууг нь хариулаад явж байжээ. Тэд дахин хэд хоног хүлээхээр болж. Буцах замдаа Гомбожав Гочоогийнхоор бууж мэнд усаа мэдэлцэнгээ “Хөлсний адуучинтай болоо юу?” гэж асуужээ. Гаансаар тамхи татаж суусан Гочоо "Угаасаа л хүн хариулдаг юм. Одоо мэдэж байгаа юм уу? Өдөр ч, шөнө ч хариулна" гэжээ. Эдний адуунаас хулгай хийнэ гэдэг бүтэхгүй зүйл юм гэж ойлгосон Гомбожав бусаддаа энэ тухайгаа ярьсан боловч Баатар нь эрс зөрж “Заавал хэдэн морь таслах болно. Та хоёр зүгээр л надад бараа болоод байж бай" гэж томорчээ. Тэгээд тэр гурав дахин өдөр товлож уулзахаар болсон байна. Тэгэх тэгэхдээ оройхон уулзахаар болжээ. Мань гурвыг Гочоогийн адуун дээр явж очтол мөн л улаан дээлтэй эр адууг нь хариулаад сууж байсан байна. Тэгтэл Баатар нь "Та хоёр намайг хүлээж бай. Би очоод уулзаад иръе" гээд явжээ. Түүнийг улаан дээлтэй эрийн хажууд явж очмогц тэр нь уулын буга согоо болон хувирч уул руу давхиж оджээ. Учиргүй айсан Баатар нөгөө хоёр дээрээ ирж үзсэнээ хэлэхэд цаад хоёр нь харсан байж. "Хүн биш чөтгөр байна. Тэр муу яав гэж. Хэдэн морь таслая. Шөнөжин хөөхөд хүрэх газраа очихгүй байхдаа яадаг юм бэ?" гэж хэлэлцээд арав гаруй хонгор зүсмийн морьд таслан хөөжээ. Санасандаа хүрсэн тэр гурав шөнөжин хөөж өглөө болгожээ. Ярих юм биш. Гочоо гуайн хойхно байдаг намаржааных нь жижиг ухааг шөнөжин тойрч давхисан байсныгаа мэдсэн тэр гурав бушуухан морьдыг нь орхиод гэртээ харьж амарцгаасан байна. Түүнээс хойш хоёр сарын дараа Гомбожав Гочоогийнхоор буужээ. Морьдыг нь таслан хөөснийг мэдсэн Гочоо "Та нар шөнөжин миний хэдэн морьдыг хөөгөөд жаал ядрав уу" гээд инээмсэглэж суусан байна. Хэлэх үггүй болсон Гомбожав ганц ч үг хэлж чадалгүй бушуухан гарч одсоноо яриад толгой сэгсэрч суусан юм. Бас нэг зүйлийг цааш нь ярихдаа Гочоо гуай даалуу тоглох дуртай нэгэн байж. Хүнд ер хожигддоггүй байсан аж. Муу аргаар Гочоогийнхоос морь салгаж чадаагүй Баатар зэргэлдээ сумаасаа даалуу гайхалтай тоглодог хүн дагуулж ирж мөрийтэй тоглуулсан байна. Бүтэн өдөржин даалуу тоглож байдгаа алдсан залуу дахин ирж даагаа нэхэхээр болоод явсан байна. Нэг удаа Гомбожав гуай Гочоогоор даалуу заалгахаар очсон ч “Миний зааж чадах юм гэж юу байхав. Зүгээр хэд тогловол тоглоё” гэжээ. Зүгээр модоо шагайж байгаад Гомбожавын гарт ямар ямар мод байгааг бүгдийг харсан юм шиг хэлдэг байсан байна. Гочоогийнх мал ихтэй. Ганц адууг нь улаан дээлтэй хүн хариулаад байдаг гэвэл тийм биш аж. Үхэр, тэмээ, хонь, ямаа гээд бүгдийг нь ид шидийн юм хариулдаг байсан байна. Гомбожав гуай бас нэгэн зүйлийг ярьж өгсөн юм. Өргөмөл ганц охин нь хүнтэй ер суудаггүй байсан гэнэ. Өргөмөл охин нь царай зүс сайтай. Ааш зан сайхан, үйлэнд уран байсан ч ер нөхөрт гардаггүйд ихэд гайхдаг байсан ч тэр нууцыг нь хожуу мэдсэн байна. Гочоог ер бусын хүн гэж залуучууд айгаад ганц охинтой нь ханилдаггүй байсан юмсанж. Мөнх хүн гэж байдаггүй тул Гочоо ч хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хүмүүс ч хэдэн мал нь одоо хариулаад байх эзэнгүй болсон гэж дотроо баярлацгааж байсан гэнэ. Мэдээж дэргэдээ хань ижилгүй хоцорсон хүүхнийг элэг барихад амар гэж бодоо биз. Гочоог өөд болсноос хойш Баатар, Балдорж гэдэг залуус Гочоогийн адуунаас тасдаж хөөхөөр очжээ. Санаанд ч багтамгүй зүйл болсон байна. Тэднийг очиход улаан дээлтэй хүн адууг хариулаад явж байсан аж. Баатар хамт яваа залуудаа хандан “Энэ биднийг очихоор буга болж хувираад яваад өгдөг юм” гэж. Тэгээд л давхиад очтол, нас барсан Гочоо нь өөрөө адуугаа хариулаад явж байжээ. Айж сандарсан хоёр залуу ч ум хумгүй зугтсан байна. Тэгээд л Гочоо чөтгөр болжээ малаа хариулдаг болж гэсэн яриа айлаас айлд дамжин яригдаж, хүмүүс ч малаас нь холуур явдаг болсон нь ганц бие охинд нь л тус болж байсан аж. Бараг гурван жил хэртэй малаа дагасан Гочоо нэг л өдөр хүмүүст харагдахаа больж, хэдэн сайхан адуу нь хулгайчдын гараар ороод дууссан гэнэ. Гомбожав цааш нь хэлэхдээ "Зайлуул тэр чадалтай хөгшин дахин хүн төрлөө олж төрсөн болоод л алга болсон байх даа" гэж нэгэн сонирхолтой зүйл ярьсан нь энэ болой.

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодров
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодров
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.