З.Энхболд АТГ-ын даргыг томилохгүй, Оффшорын хуулийг хэлэлцэхгүй, дотоод зөрчлөө ил болгохгүй тулд чуулганыг завсарлуулж төрийн ажлыг гацаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 4 секунд
З.Энхболд АТГ-ын даргыг томилохгүй, Оффшорын хуулийг хэлэлцэхгүй, дотоод зөрчлөө ил болгохгүй тулд чуулганыг завсарлуулж төрийн ажлыг гацаалаа

З.Энхболд АТГ-ын даргыг томилохгүй, Оффшорын хуулийг хэлэлцэхгүй, дотоод зөрчлөө ил болгохгүй тулд чуулганыг завсарлуулж төрийн ажлыг гацаалаа

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдаад хаврын чуулганыг ирэх сарын 24-ний өдөр хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргалаа. Бүтэн өдөржин ирцгүй байсан чуулган үдээс хойш нэгэнтийн байдлаар эргэх нь тэр. Дөрвөн жилийн бүрэн эрхийн нь хугацаа дуусахад ердөө ганцхан сарын хугацаа үлдээд буй УИХ-аас ийм зүйлийг хэн ч хүлээгээгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл үлдсэн хугацаагаа ашиглаад чухал гэсэн хуулийн төслүүдийг бүгдийг нь хэлэлцэх байх хэмээн таамаглаж байв. Гэвч АН-ынхан ажлаа гүйцэт дуусгахгүй хүссэнгүй бололтой.

Чуулган яагаад ийнхүү гэнэт хойшилов. Урд нь Их Хурлын дарга алхаа цохиод гишүүдийнхээ өмнө “чуулган хойшиллоо” гэж хэлдэг байсан бол энэ удаа гишүүд нь ч мэдээгүй байхад чуулганыг хаачихлаа. Өнөөдөр чуулган хойшилж буйг гишүүд огт мэдэхгүй байлаа. Энэ нь асуудал гэнэт шийдвэрлэгдсэн гэдгийн нотолгоо юм. Эрх баригчид чуулганыг гэнэт хойшлуулах шийдвэр гаргах хэд хэдэн шалтгаан байлаа.

АН-ынхан оффшорын асуудлыг хэлэлцэхээс “зугтлаа”

Чуулган хойшлох болсон эхний шалтгаан нь сүүлийн өдрүүдэд сенсааци тариад буй оффшорын асуудал байлаа. АН-ынхан дээрх асуудлыг хэлэлцэхээс зугтцгаалаа. З.Энхболд дарга МАН-ын гишүүдийг оффшор бүсэд данстай хэмээн хэвлэлээр “балбаж” өрсөлдөгчөө дарахын тулд С.Баярцогтыгоо хүртэл золин байж акц зохион байгуулж эхэлсэн. Гэвч өчигдрөөс эхлээд байдал эсрэгээрээ эргэж Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ, Д.Зоригт тэргүүтэй АН-ын гишүүдийн оффшорын асуудал  сөхөгдөж, эрх баригчид оффшор бүсэд үнэмлэх “ялалт” байгуулж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цаашдаа ч АН-ын олон гишүүд оффшортой нэр холбогдох бололтой.

Чуулганаар Ж.Батзандан гишүүний өргөн барьсан оффшорын тухай хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байв. Оффшор бүсэд данстай гэх асуудал нийгэмд маш том шуугиан тарьж байгаа. АН-аас оффшор бүсэд данстай хүмүүс олноороо гарч байгаа учраас АН-ынхан “гал”-аас зугтаж байгаа нь энэ. Мөн энэ хуулийн хоёр дахь чухал заалт нь гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн албанд томилохдоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд мэдэгдэнэ гэсэн хэсэг юм. Гадаад эхнэр, нөхөртэй хүн төрийн алба хашиж байгаа тохиолдол АН-д олон бий. Гадаад нөхөртэй хамгийн ойрын жишээ нь Ц.Оюунгэрэл гишүүн билээ. Хэрэв уг хууль батлагдвал түүний асуудал хамгийн түрүүнд сөхөгдөнө. Энэ хуулиар бол түүнийг төрийн өндөр албан тушаалд томилох эсэхийг ҮАБЗ-өөр хэлэлцэж шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл Б.Батзандан гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нь АН-ын эрх ашгийг бүрэн дүүрэн хөндөх болчихоод байна. “Дайран дээр давс” гэгчээр үүнтэй нь зэрэгцээд МАН-ын бүлэг Ж.Батзандан гишүүний өргөн барьсан хуулийг төслийг дэмжихээ илэрхийлчихсэн. Тэд ч хэлэлцэх талаас нь нэлээд зүтгүүллээд амжлаа. Жишээлбэл, МАН-ын ажлын албан дээрх асуудал маш том акцент өгч ажиллаж буй нь ажиглагдсан. Тухайлбал, ажлын албаны дарга Г.Өнөрбаяр нь “Шударга юм бол оффшорын асуудлаа УИХ-аар ярья. Чуулганыг хуралдуулья? Асуудлыг ярья гэхээр АН хүчээр завсарлуулав” гэх зэргээр жиргэж түүнийг нь бүлгийн гишүүдээс нь авахуулаад намын жирийн гишүүд нь хүртэл дэмжиж харагдсан. Харин оффшорын тухай хуулийг МАН-ыг дэмжихгүй гэж таамаглаж байсан АН-ынхан нөхцөл байдал буруугаар эргэж болзошгүй гэдгийг мэдмэгцээ яарч сандарч чуулганыг завсарлуулж, уг хуулийн төслийг хэлэлцэхээс “зугтацгаалаа”.

З.Энхболд намынхаа дотоод зөрчлийг ил гаргахгүйн тулд чуулганыг завсарлуулав

Чуулган завсарлах болсон дараагийн шалтгаан нь АН-ын дотоод зөрчил байлаа. Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гурван сайдыг засгаас “хөөж” гаргах шийдвэр гаргасан. Тиймээс оочер дайран орж ирсэн энэ хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэх ёстой байсан хамгийн чухал асуудал нь МАХН-ын гурван сайдыг “хөөх” асуудал байв. З.Энхболд дарга гурван сайдыг нь засгаас гаргахгүй МАХН-ыг хүчтэй хэвээр нь байлгаж байгаад сонгуульд оруулна гэж төлөвлөж яваа. Тэгвэл нөгөө талд Ч.Сайханбилэг нь гурван сайдыг “хөөж” гаргаад өөрийнхөө хүнийг тавина хэмээн зүтгэж суугаа. Үүнээс болоод хоёр дарга нь хоорондоо зөрчилдсөн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хэрэв энэ байдлаараа чуулган үргэлжилвэл гурван сайдын асуудал биш бүр Засгийн гарын оршин тогтох эсэх нь яригдах гээд байсан тул ийнхүү шууд завсарлууллаа. Өөрөөр хэлбэл гурван сайдын асуудлаар дамжин АН-ын дотоод зөрчил ил гарах гээд байсан тул чуулганыг яаралтай хойшлуулсан нь энэ байв.

 АН-ынхан Н.Энхбаярт дахин нэг удаа “шилний цаанаас чихэр долоолгов”

Гурав дахь шалтгаан нь Н.Энхбаярын асуудал байв. МАХН-ын даргыг өршөөх тогтоолын төслийг АН-ынхан амалсаныхаа дагуу сонгуулийн өмнө хэлэлцэх ёстой байсан. Гэтэл чуулганыг яаралтай хаагаад түүнийг “хулхидчихлаа”. АН-ынхан Н.Энхбаярыг “хулхидана” л гээд байдаг байсан тэд ч хэлсэн ёсоороо “хулхидчихлаа”. Ер нь л АН-ынхан түүүнийг хэрхэн “хулихдаж” чаддагаа дахин нэг удаа харууллаа. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг ялгүйд тооцох асуудал үлгэр болж үлдлээ. Анх Н.Алтанхуягийн үед хамтарсан гэрээ гэгчээр нэг “хулхидсан”. Дараа нь Шадар сайд болгоно хэмээн Засгийн газраа бүрэн бүтнээр нь үлдээлгэж байгаад АТГ-аас ялтай гэсэн дүгнэлт гаргуулж дахин нэг удаа “хулхидсан”. Эцэст нь ялтай байдлыг чинь хүчингүй болгож, сонгуульд ямар нэгэн асуудалгүйгээр нэр дэвшүүлнэ гэж “хошигруулж” байгаад МАН-тай эвсэхгүй байх шийдвэрийг гаргуулж аваад газар дээр нь ийнхүү “хулхидлаа”. Ер нь энэ дөрвөн жилд Н.Энхбаяр АН-ынханд гурван ч удаа “шилний цаанаас чихэр долоолгоод” амжлаа. Н.Энхбаяр дарга шиг хашир улстөрч ийм олон удаа бүдэрсэн гэхэд итгэхэд бэрх ч АН-ынхан түүний үнэхээр “хулхидаад” сурчихсан бололтой.

АТГ-ын даргыг томилохоос эрх баригчид “жийрхлээ”

Дөрөвдүгээрт асуудал нь АТГ-ын даргын асуудал байлаа. АТГ-ын даргыг томилох гэж сүүлийн хоёр сарын турш ярьсан ч асуудал нэг ч алхам урагшилсангүй. Ерөнхийлөгчөөс хүн санал болгосоноос цааш хэтэрсэнгүй. Уг асуудлыг хуулийн хугацаанд нь багтаагаад яаралтай хэлэлцэе гэж МАН-ынхан хэлсэн боловч АН-ынхан завсарлага авсан цагаасаа хойш хэлэлцэхгүй сунжруулсаар өнөөдрийг хүрсэн юм. Ингээд адаг сүүлд нь эрх баригчид АТГ-ын даргыг томилох асуудлаас ийнхүү “зугтаалаа”. Учир нь АТГ дээр АН-ын олон хүмүүсийн хэргийг шалгаж байгаа. Хэрвээ АТГ-ын дарга томилогдвол шалгаж буй процесс дээр нь “ташуур” нэмэх нь тодорхой. АТГ-ыг даргагүй байлгаж байгаад сонгуульд оруулна гэдэг нь З.Энхболдын бас нэг стратеги нь гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ер ингээд энэ парламентын үед АТГ-ын даргыг томилох асуудал худлаа боллоо.

Дараагийн сонгуульд “давхар дээлтэй” сайд нартай байхыг хүсчээ

Чуулганыг завсарлуулах болсон тав дахь шалтгаан нь “давхар дээл”-ний асуудал байжээ. АН-ынхан “давхар дээл”-ийг тайлах асуудлаас бас бултлаа. Энэ чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж сонгуулиас өмнө цэглэхээр тохироод байсан юм. Тэд үүнээс зугтаж байна. Хэрэв үүнийг хэлэлцвэл яах байсан бэ гэвэл дараагийн байгуулагдах Засгийн газар “давхар дээл”-ээс татгалзах ёстой байв. Гэтэл үүнийг хэлэлцэхгүй гэж УИХ зугтаж байгаа нь энэ сонгуульд АН ялна, ялахдаа засгийн гишүүд нь “давхар дээлтэй” байна гэж давхар тооцож байгаа аж.

Дөрвөн жилийн турш хийсэн “булай”-гаа нуухаар шийджээ

Зургаадугаар асуудал нь “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах байв. Энэ Их Хурал хугацаандаа батлаагүй хамгийн чухал хоёр асуудал нь энэ хоёр байлаа. Үүнийг яагаад хэлэлцэхээс зугтааж байна вэ гэхээр хуулийн төслийн үеэр эдийн засаг, нийгмийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр байсан. Үүн дээр нь Ардын намынхан улс төр хийх гээд бүх бэлтгэлээ хангасан байсан юм. Тодруулбал, энэ хоёр асуудал дээр нь хамгийн том улс төр хийхээр МАН-ын бүлгийн ажлын алба маш их бэлтгэсэн. Тэд эрх баригчдийн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн “бузар, булай”-г олон нийтэд харуулахаар маш олон янзын акц хийхээр бэлтгэж байв. Өөрөөр хэлбэл МАН-ын энэ сонгуулийн өмнө хийх маш чухал акц нь энэ байсан гэхэд хилсдэхгүй. АН-ынхан харин үүнийг нь мэдээд хэлэлцэхээс шууд бултаж байгаа энэ аж. Угтаа бол энэ хоёр чухал хуулийг хэлэлцэх үеэр эдийн засаг, нийгмийн бүх асуудлуудыг ярих байсан. Гэвч З.Энхболд дарга чуулганыг хойшлуулсанаар ярьж чадсангүй. Хэрэв хэлэлцсэн бол улс орны өр зээлтэй холбоотой нэлээд ноцтой асуудлуудыг ярих байлаа.

З.Энхболд хүчгүйдэж ирцээ бүрдүүлж чадахгүй боллоо

Ингээд чуулганыг хойшлуулах болсон хамгийн сүүлийн шалтгаан нь АН-ын ирц бүрдэхээ байсантай холбоотой юм. Сонгууль болох гэж буйтай холбоотойгоор гишүүд нь хөдөө орон нутагтаа ажиллахаар явсан байгаа юм. Дээрх бүх шалтаг шалтгаанаар чуулганыг завсарлуулахаас гадна ирцээ бүрдүүлж чадахгүй байсаар ийнхүү завсарлах боллоо. З.Энхболд ҮЗХ-ны хурлаас эхлүүлээд ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлж чадсангүй. Одоо бүр албан ёсны ээлжит чуулганы ирц бүрдэхээ байлаа. УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу чуулганы ирэх сарын 23 хүртэл хойшлуулсан ч энэ өдрөө дахин ирц бүрдэхгүй байх магадлал өндөртэй. Энэ цаг үед тойрог руугаа “хадуурчихаад” ирэхгүй гишүүд нь сонгууль болохоос долоохон хоногийн өмнө ирэх үү гэдэг сонирхолтой. Ямартаа ч гэнэт нууцаар шахуу хурлыг хойшлуулах болсон нь дээрх олон шалтгаануудтай холбоотой бололтой. Одоо харин нэр дэвших процесс хэрхэн үргэлжлэхээс гадна ҮЗХ-ны хурлаар ямар асуудал хэлэлцэгдэх нь анхаарал татаж байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд энэ удаагийн парламент алхаа цохилгүйгээр чуулганаа өндөрлүүлж байгаа бололтой.

Г.ЛХАГВАА /ZALUU.COM/

Авлигаар газрын алба тэргүүлжээ
Авлигаар газрын алба тэргүүлжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.