Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж байсан МАН-ынхан өнгөрсөн бямба гарагт Бага хурлаараа түүний Засгийн газарт орж ажиллах болсон юм. Ц.Нямдорж нарын зэрэг цөөн гишүүд нь харин эсрэг саналтай байсан ч олонхио дагахаас аргагүй болов. Засгийн газар байгуулах зөвшилцөлийн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн М.Батчимэг анх мэдэгдэхдээ “Парламентад суудалтай бүх намууд хамтарч ажиллах нь зөв. УИХ дахь суудлын тоо, хувь хэмжээгээр яамдаа хуваарилж хариуцуулах тухай санал яригдсан” гэж байлаа.
Энэ өдрүүдэд мөн яамдын тоог дахиад нэмэх сураг гарч байв. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газар унахын өмнөхөн бүтцийг 13 яамтай гээд баталчихсан. Тэгвэл шинээр байгуулах Засгийн газарт АН, МАН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтрахаар болсон тул сайд нараа томилох дээр зарим нь яамны тоо нэмэхгүй бол болохгүй гэх яриа гаргаад байгаа аж. Хэрвээ дахиж бүтцээ өөрчлөх гэвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуулийн хугацаандаа байгуулагдаж чадахгүйд хүрэх төлөвтэй байна.
АН, МАН-ын удирдлага, ажлын хэсгүүдийн уулзалт дөрөв, таван удаа хийгдсэн бөгөөд тэд дахиад гадаадаас бонд авахгүй, өр тавихгүй гэж тохирчээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар хэлэхдээ “Улс өөрөө зээл авах нь зохисгүй юм байна. Зээлийн баталгаа нь Засгийн газрын өрийн тоонд батгах эсэхийг ч тодорхой болгох хэрэгтэй. Өрийн удирдлагын хуулиар эдгээрийг баталгаажуулна” гэж байв.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын үзэж байгаагаар парламентад суудалтай намууд бүгд нийлээд Засгийн газраа байгуулахад “Шударга ёс эвсэл”-ээс АН-тай байгуулсан гэрээг цуцлан шинээр гэрээ хийх нөхцөл үүснэ” гэлээ. МАН-ынхан ч мөн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө засгийн бодлого, хөтөлбөрт суулгахыг хүэх нь мэдээж юм. Ингээд үэзхээр “Шийдлийн” гэнэ үү, Их эвсэлийн ч гэнэ үү, энэхүү шинэ засаглал нь аль аль намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан асуудлуудаас үлдэж хоцорсоныг нь тээж явахаас араггүй болов уу. Эс тэгвээс засагт орохын хэрэг юу байхав.
“Шудрага ёс” эвслийн бүлэгт багтсан МАҮН-аас УИХ-ын гишүүн Г.Уянга нэлээд өөр байр суурьтай байна. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт парламентад суудалтай намууд орж ажиллахыг тууштай дэмжээгүй. Тэр “Өнөөх л МАНАН үүсэх боллоо. Үндсэн хуулиа өөрчлөх дорвитой юм яригдахгүй байна” гэж шүүмжилсэн юм. Түүний хувьд бараг бүх яамыг АН, МАН хоёр нь хувааж аваад, ИЗНН-д нэг, “шударга ёс” эвсэл нь хоёр яамтай үлдэж чадвал их юм гэх хандлагатай болсонд тийнхүү шинээр байгуулагдах засаглалыг МАНАН хэмээсэн биз ээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn