Түгжрэлийг бууруулах биш, хотын экологийг доройтуулах хамгийн муу аргыг Улаанбаатарт хэрэглэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 30 секунд
Түгжрэлийг бууруулах биш, хотын экологийг доройтуулах хамгийн муу аргыг Улаанбаатарт хэрэглэж байна

Түгжрэлийг бууруулах биш, хотын экологийг доройтуулах хамгийн муу аргыг Улаанбаатарт хэрэглэж байна

Хотын оршин суугчдын хоолойд тээглэсэн асуудал нь авто замын түгжрэл. Жилийн нэг сар буюу 30 хоногоо зам дээр өнгөрөөдөг “завтай” ард түмэн болчихоод байна. Бас үүнийхээ төлөө 300 гаруй мянган төгрөг зарлагддаг "бийлэгжүү" бид .

Хотын шинэ дарга төвлөрлийг сааруулж, түгжрэлийг арилгах шийдлүүдийг хойно хойноос нь ярьж байна. Энэ ч яахав, урьд урьдын дарга нарын уламжлал.

Гэхдээ Х.Нямбаатар энэ богинохон хугацаанд ярьсаныхаа араас хууль боловсруулж өргөн барьсныг парламент хэлэлцэхийг дэмжчихлээ. Хууль нь батлагдчихвал төлбөртэй бүс, төлөвлөлт, улсын дугаарын хязгаарлалт гэхчлэн мөнөөх хэлээд байсан давс мэт гашуун шийдвэрүүд нь хэрэгжээд эхэлнэ. Түүний шийдэл бүхэнд таалагдах албагүй. Нийгмийн эрх ашиг гэсэн номер нэг асуудлын төлөө нөгөө хэсгийн толгойг илж болохгүй. Улаанбаатарт авто замын түжрэл үүссэнээс хойш хэтрүүлж хэлбэл 20 шахам жил болж байгаа байх.

Энэ хугацаанд түгжрэлийн эсрэг хийсэн ганц сонголттой арга нь тэгш сондгой дугаараар зорчуулах байв. Одоо ч хэрэгжиж байгаа. Хяслантай нь энэ тийм ч сайн арга биш юм байна. Бүр эсрэгээрээ урвуу хамаарал авчирдагыг зарим орны туршлагааас харж болхоор байна.

Үүний нэг жишээ нь Грек. Олимпийн эх орны нийслэлийн жолооч нар ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцдог. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд 72 еврогийн торгууль төлдөг. Энэ нь манайхаар бол 264 000 орчим төгрөг болно. Жилд 179 тэгш, 186 сондгой өдөр тохиодог тул энэ журам нь бүхэлдээ шударга биш гэж үздэг юм байна. Гэхдээ энэ тийм чухал биш.

Автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оруулснаар Афин хотын замын түгжрэл буураагүй бөгөөд хотын экологийн нөхцөл байдлыг маш доройтуулжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр Грект автомашины өсөлт бий болсон. Ганцхан машинтай айлууд хоёр дахь машинаа авчээ. Афин хотод автомашины утааны түвшинд ямар ч хязгаарлалт байхгүй тул хотын оршин суугчид зүгээр л хямдхан үнэтэй хуучин машин худалдаж авах боломжтой. Машины тоо нэмэгдснээр хотын хөдалгөөн, агаарын бохирдол хоёр яг паралелиар өссөн байна. Ийнхүү Афин хотын эрх баригчид нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болжээ.

Улаанбаатар одоо яг ийм замналаар явж байна. Ерөөс авто машины тоо огцом өссөн, утаа нэмэгдэж буй шалтгааны нэг нь энэ. Дэлхийн улс орнуудад түгжрэлийг бууруулах олон арга байна. Үүнээс манай дарга нарын олж ирсэн энэ туршлага хамгийн муу нь болж таарав.

Х.Нямбаатар даргын өргөн барьсан хуульд улсын дугаарын хязгаарлалтын тухай агуулга өгүүлэгдэж байна. Хэрэв хяналт тавьж чадвал автомашины тоог тогтоон барих сайн аргын нэг нь энэ юм билээ. Хэдэн арван сая хүн амтай Бээжин хот, багахан орон зайд хэдэн саяуулаа амьдардаг Сингапурын түгжрэлийг “түгжсэн” шийдлүүдийн нэг нь энэ улсын дугаарын хязгаарлалт байв. Тухайлбал, Бээжин хот хэдэн жилийн өмнөөс худалдаалагдах автомашины тоог хязгаарлаж, сард 20 мянгаас илүүгүй байхаар тогтоожээ. Мөн автомашины улсын дугаарыг зөвхөн дуудлага худалдаагаар олгодог. Дугаарын тоо нь автомашины квоттой яг тохирч, өөрөөр хэлбэл жилд 240 мянгаас ихгүй байхаар зохицуулсан байдаг.

Сингапурын эрх баригчид автомашин худалдан авах зөвшөөрлийн квотыг нэвтрүүлсэн. Зөвшөөрлийн тоог сард 10 мянгаас хэтрүүлдэггүй бөгөөд тэрхүү квотын дуудлага худалдааны үнэ 20 мянган долларт хүрдэг. Ингэснээр Сингапурчууд АНУ, Европоос 4 дахин илүү үнэтэй машин унаж байна.

...Харин хотын даргын хувьд улсын дугаарыг хязгаарлахдаа иргэдийн амьжиргааны түвшин, эрхийг огтхон ч дордуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн.

Хотын түгжрэлийг бууруулах хууль батлагдвал энэ нь иргэдийн хувьд шинэ зүйл болно. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулгардаг.

Гэхдээ Улаанбаатар хэдийнэ метрополис хот болсон. Хүн ам, хүрээ цар гээд аль ч талаараа. Тийм болхоор хүссэн хүсээгүй ийм хотуудын дэг жаягаар амьдрахаас өөр замгүй. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг. Харааж ерөөгөөд байгаа төлбөртэй бүс, дугаарын хязгаарлалт...Бүгд л үр дүнтэй гэдгээ харуулсан дэлхий нийтийн жишиг.

П.Булган

А.Хишигбаяр: Тэтгэвэрийн даатгалын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаад байгаа
А.Хишигбаяр: Тэтгэвэрийн даатгалын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаад байгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.