Улстөржсөн улаанбурхан уу, H1N1-ийн шинэ вирус нялхсыг үхэлд хүргэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 29 секунд
Улстөржсөн улаанбурхан уу, H1N1-ийн шинэ вирус нялхсыг үхэлд хүргэв үү

Улстөржсөн улаанбурхан уу, H1N1-ийн шинэ вирус нялхсыг үхэлд хүргэв үү

Эрүүл мэндийн салбар сайдтай байсан бол улаанбурхан мөн үү, улстөржсөн тахал уу гэдгийг тогтоох байсан болов уу. Монголд улаанбурханаар олон хүн амиа алдаж байна. Тоо нь зөрөөд байгаа учраас “олон” гэхээс өөр юу гэхэв. Тэрбум хүн амтай урд хөршид арав гаруй хүн, олон сая хүн амтай Европын зарим орон энэ өвчнөөр арав хүрэхгүй тооны иргэнээ аварч чадалгүй алддаг гэсэн мэдээ дуулддаг. Гэтэл манайд иргэний дайн болсны дайтай, тэр тусмаа тав хүртэл насны хүүхдүүд, зарим нь анхны вакцинаа ч хийлгэж амжаагүй нялхас амиа алдаж буй нь харамсалтай.

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр цахим орчинд уг өвчнөөр 918 хүүхэд эндсэн мэт ташаа мэдээлэл гарч байна. 2016 оны эхний 3 сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа  нь өмнөх онтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120-иор нэмэгдсэн. ХӨСҮТ-д  уг өвчний улмаас 13515 өвчтөн  хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувьтай гарсан. Эндэгдлийн 50 хувь нь орон нутагт байна.

Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50.8 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Нийт эндсэн хүүхдүүдийн  70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушгины хатгалгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн гэв.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бямба гаригт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр энэ үеэр тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнууд болон тус тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзан санаа бодлыг нь сонсч ярилцлаа.

Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж ирчихлээ гэж ХӨСҮТ-ийн удирдлагууд илтгэв.

Зиа ингээд “Халдварт өвчний дэгдэлтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг” Ерөнхий сайд хүслээ л дээ. Харин өөрөө энэ талаар эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн хүмүүсийн үгийг хэр сонссон, ямар хэмжээнд мэдээлэл цуглуулсан бол.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор улаанбурхан гэж нэрлээд байгаа, олон хүнийг, тэр тусмаа хүүхдийг үхэлд хүргээд байгаа аймшигт өвчин нь H1N1 вирусыг “мутаци хэлбэрт оруулсан” шинэ вирус гэж үзэж байгаа талаар ярих боллоо.  Энэ өвчний онцлог нь тухайн вирус өвчтний биед “хайлт” хийж хамгийн эмзэг, эмгэг хуучтай эрхтний өвчийг сэдрээх, гүнзгийрүүлэх байдлаар маш хурдацтайгаар үхэлд хүргэдэг аюултай аж. Тиймээс шууд үхэлд хүргэдэг онц аюултай гэнэ. Тэгэхээр улаанбурхны вакцин хийгээд ч нэмэргүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байх. Хэрэв энэ үнэн бол Ерөнхий сайдад яаралтай зөв мэдээлэл хүргэх шаардлагатай болов уу. Эс тэгвээс Ерөнхий сайд энэхүү өвчнийг бараг л сошиал ертөнцийнхний өөрийнх нь эсрэг хийж буй дайралт гэж үзээд байгаа бололтой. Үүнийгээ ч мэдэгдсэн. Иймд энэ өвчин “Улстөржсөн Улаанбурхан уу”, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах “нян” юм уу, эсвээс үнэхээр олон монгол хүнийг үхэлд хүргэх H1N1-ийг “мутацид оруулсан” шинэ модель уу гэдгийг яаралтай ялгаж салгах тогтоох нь чухал болж байна. Хамгийн гол нь аль нь ч байлаа гэсэн нэг төрлийн өвчнөөр 918 биш байлаа гэхэд 60-аад хүн өвчлөөд байхад Эрүүл мэндийн сайдгүй байгаа нь Ерөнхий сайдтай хариуцлага тооцохгүй байх аргагүй алдаа гэдгийг дашрамд сануулъя.

Та бүхэн санаж байгаа бол 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр мөн л улаанбурхан өвчний дэгдэлт түгшүүр зарлахад хүргэж, тухайн үеийн Эрүүл мэнд, спортын яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд тус яамны дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар  мэдээлэл хийж байсан.

Тэд мэдээлэхдээ “2010 оноос хойш Монгол Улсад улаанбурхан буюу корь өвчин бүртгэгдээгүй учир уг өвчнөөс ангид улс болсныг илтгэж 2014 онд гэрчилгээ гардуулан дэлхий нийтээр зарлаж байсан. Гэтэл 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсан байна. Түүнээс хойш 13-хан хоногт нийтдээ 333 сэжигтэй бурхан тохиолдол бүртгэгдэж, тэднээс 95 нь корь туссан болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдгээр хүмүүсийн 22 нь насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтжээ. Нэгэнт улаанбурхан өвчин дэгдсэн нь тодорхой болсон тул ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг газруудад хандаад байна” гэцгээж байлаа.  Мөн “Анхны өвчтөн насанд хүрсэн оюутан байсан нь уг өвчин гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүйг Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа хэлж байлаа. Энэ удаагийн улаанбурханы вирусын омог нь БНХАУ-ын омогтой ижил төстэй байгааг ДЭМБ-ын суурин төлөөлөгч дурдаад энэхүү дүгнэлтээ баталгаажуулах үүднээс сорьцыг Хонконг руу илгээнэ гэсэн юм. Түүнчлэн ХӨСҮТ-ийн Сургалт, Хэвлэл мэдээллийн албаны дарга, их эмч Ч.Уртнасан 2015 оны гуравдугаар сарын 31-нд өгсөн тодруулга ярилцлагадаа “Улаанбурхан өвчин илэрсэн гэж баттай хэлж болохгүй. Энэ өвчин ОХУ, Хятад, Казакстан зэрэг улсад нэлээд дэгдээд байгаа. Харин манай улсад гарсан өвчин нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж гэсэн гэх судалгаа байна. Хятадад Улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Эдгээрийн вирус нь манай улсад бүртгэгдсэн вирустэй ижил төрлийнх байгаа юм” гэж ярьсан байдаг. .

Мөн ЭМСЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран өнгөрсөн баасан гаригт улаанбурхан өвчний талаар болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Яамныхны хэлсэн тоогоор 2016 оны эхний 3 сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа  нь өмнөх оныхтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдсэн гэнэ. ДЭМБ-ын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед  нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа байдаг. Манай орны хувьд энэ онд улаанбурхан өвчний эндэгдлийн хувь 0.3 хувь  байна. Нэг ёсондоо “Айх зүйлгүй” гэх гэсэн боловч цаанаа уг өвчнөөр амиа алдсан 59 иргэний ар гэрийнхэнд арай өөр утгаар хүрсэн бололтой ихэд бухимдаж буйгаа илэрхийлсэн.

Ямартай ч энэ өвчний эсрэг чамлахааргүй хөрөнгө зарцуулж буй. Энэ нь юуны өмнө холбогдох эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс болон ЗГ-ын 159 дүгээр тогтоолоор 3 дугаар шатны нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 948,300,000 төгрөгийг шийдвэрлүүлж, 627 500 хүн/тун вакцин дагалдах хэрэгслийг НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан. Мөн ХӨСҮТ-д шаардлагатай 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдаж авах гэрээ хийсэн гэхчлэн чадах бүхнээ хийж буй ч өвтнүүд болон уг өвчнөөр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн “Наад АСЕМ гэгчээ болиод тэр хөрөнгөөр иргэдээ авраач ээ” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бухимдлаа илэрхийлсээр байна. Тэдэнд гадныхан тусламж өгөх, хамтран ажиллах яриа хэлэлцээ хийх зэрэгт наанадаж салбарын сайд ч үгүй байгаа нь Ерөнхий сайд болон АН, МАХН-ынхан улстөржөөд иргэдийнхээ амь насыг анхаарахгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлж улам ч бухимдуулсаар байгаа нь ажиглагдаж байна.

Г.Сүрэн

Эх сурвалж: Zaluu.com

С.Одонтуяа АТГ-Т Шаардлага Хүргүүлж Цэцэрлэгт Хүрээлэнгийн Газрыг Нэхэмжиллээ
С.Одонтуяа АТГ-Т Шаардлага Хүргүүлж Цэцэрлэгт Хүрээлэнгийн Газрыг Нэхэмжиллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.