Дэлхий нийтийн хэлийг бусдын зүрх сэтгэлд хүртэл зааж сургаж байгаа “ТОП” гадаад хэлний сургалтын төвийн зөвлөх багш Б.Түмэнжаргалтай ярилцлаа. Нялх балчраас наян настай буурлууд ертөнцийн хаан болсон англи хэлийг эдүгээ шимтэн сурахыг хүсч байна.
Энэхүү боловсролд зохих хувь нэмэрээ оруулж англи хэлийг богино хугацаанд оновчтой арга барилаар зааж хэл сурахын гайхамшигт оюутан залуусыг хөтөлж яваа түүний яриа энгийн атлаа үнэ цэнэтэй санагдсан. Тиймдээ ч өөрийн багшлах арга барилыг Герман улсад олж авсан эл багшийн шавь нараас гадаадын нэр хүндтэй сургуулиудад мэргэжлээ дээшлүүлж байгаа билээ.
- Та хаана хэлний боловсрол эзэмшсэн бэ?
-Би багаасаа хэл сурах сонирхолтой байсан ч юм уу хэлний номуудыг их цуглуулж судалдаг байсан нь миний ирээдүйн хэлний боловсролд багагүй нөлөө үзүүлсэн болов уу гэж боддог юм.Түүндээ хөтлөгдөн “Евро ази” гадаад хэлний дээд сургуулийг англи герман хэлний багш орчуулагч мэргэжлээр төгссөн. Үүний зэрэгцээ хэлний боловсролоо дээшлүүлэх зорилгоор ХБНГУ-д Герман хэлний сургуульд суралцаж байлаа. Мөн испани, солонгос хэлийг давхар судалж байсан. Энэ утгаар найзууд маань намайг хэлний авьяастай гэдэг байсан. Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. Яагаад гэвэл энэ нь миний хэл сурах хобби байсан юм. Тэр цагаас хойш их дээд сургуулиудад англи герман хэлний багшаар одоог хүртэл ажиллаж байна.
-Багшийн эрдэм шавиас гэдэг. Шавь нар тань одоо хаана ажиллаж байна вэ?
-Шавь нар маань монголдоо ажиллаж амьдрахаас гадна ихэнх шавь нар маань Герман, Швейцарь, Австри , Австрали, Америк зэрэг орнуудад мэргэжлээ дээшлүүлж байгаа. Тэдэнтэйгээ туршлага судлах чиглэлээр байнга холбоотой байдаг юм .
-Таныг заах аргын тал дээр нэлээд өвөрмөц арга барилтай гэж сонссон. Энэ нь ч оюутнуудад таалагдаж хурдан сурдаг гэх юм билээ?
-Миний заах арга барилын хувьд монголд ажиллаж байгаа бусад гадаад хэлний багш нараас сургалтын арга барилын тал дээр арай өөр гэж боддог. Учир нь өөрийнхөө багшлах арга барилыг Германд суралцаж байхдаа олж авсан. Энэ арга барилаа монголынхоо оюутан сурагчиддаа түгээхийг зорьж байна. Би оюутнууддаа байнга дүрмийн хичээл зааж ядраахгүй байхыг хичээдэг. Иймд хичээлээ яриа болон хэрэглээний гол дүрмүүдийг хооронд нь хослуулж явуулах мөн сонирхолтой бөгөөд амархан аргаар хурдан хугацаанд зааж сургах тал дээр маш их анхаарч ажилладаг.
- Одоо ч сурах аргаа олохгүй яаж хэл сурах вэ гэсэн хүмүүс явж л байдаг шүү дээ.
-Энэ үнэн. Үнэхээр хэл суръя гэвэл хичээх хэрэгтэй. Хоёрдугаарт цаг зав гаргах хэрэгтэй. Гуравдугаарт өөрийгөө дайчлах хэрэгтэй. Ингэж байж хэл сурах нөхцлийг өөртөө бүрдүүлж өгч байна гэсэн үг юм . Ингэж чадах юм бол тодорхой хугацааны дараа үр дүн нь гарна, хэлнийх нь түвшин ахина. Өөрөөр хэлбэл хэл сурна гэдэг анхнаасаа өөрөө өөрийгөө хэрхэн яаж дайчилснаас л шалтгаална. Харин багшийн зүгээс тухайн хэлийг яаж сурах үндэс суурийг нь тавьж өгдөг. Мөн багшийн заасан хичээлийг ангидаа хийгээд орхихоос гадна гэртээ очоод нэмэлт туслах материалуудыг ашиглаж давтах ёстой. Тэгж байж сурсан зүйлээ улам баталгаажуулж чанаржуулдаг юм.
-Хэл сурах олон арга байдаг гэсэн. Түүнээсээ хуваалцахгүй юу?
-Бидний үед одоогийнх шиг цахим гэж байгаагүй мэдлэгээ олж авахын тулд өөрсдөө л уйгагүй явдаг байлаа шүү дээ. Ном ч тэр болгон хүрэлцээтэй биш. Гэтэл одоо бүх зүйл бэлэн болчихоод байхад хүмүүсийн биеэ даах чадвар улам л сул болоод байгаа юм уу гэж бодогддог юм. Хамгийн гол нь толь бичиг болох бусад ном сурах бичигүүдийг хангалттай ашиглаж сурах хэрэгтэй. Өөрийн хэрэгтэй байгаа материалаа интернетээс биш, номын сангаас авч уншиж байж олж авсан тохиолдолд үргэлж оюун тархинд үлдэцтэй , үр дүнтэй байдаг. Хэл сурах бас нэг гол түлхүүр бол үг сайн цээжлэх. Дүрэм гэхээсээ илүү үг сайн мэдэж үгийн баялагтай байх ёстой. Хүмүүс ихэнхдээ дүрмээ мэдэж байж ярина гээд өөрийгөө хүндрүүлээд байдаг. Ерөөсөө л хамгийн эхлээд өөрийнхөө мэддэг үгээрээ ярьдаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийн мэддэг бүх үгээ холбож ярьдаг болно гэсэн үг юм. Гэтэл бид эхлээд дүрмээ үзээд дараа нь үгээ цээжлээд хамгийн сүүлд нь ярих гээд байдаг нь буруу систем. Хурдан ярьдаг болъё гэвэл нэгдүгээрт үгээ цээжлээд хоёрдугаарт холбож ярьдаг болоод гуравдугаарт дүрмээ бага багаар нь судлаж эхлэх хэрэгтэй байдаг . Ингэсэн нөхцөлд нэг мэдэхэд л ярьдаг болохын зэрэгцээ дүрмээ ч мэддэг болох ба маш түргэн хугацаанд хэлтэй болно. Тийм учраас манайхан хэл сурах арга барилаа хаанаас нь эхэлж сурахаа мэдэхгүйгээс болоод хугацаа их алддаг. Дээр нь манай багш нарын заах арга барил маш хоцрогдмол байна . Оюутнуудад тэр болгон хүрч очиж чаддаггүй. Өдөр болгон шахам нэг дүрмээ заагаад байхаар оюутнууд залхаад хэл сурах сонирхол нь амархан буурдаг. Мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг хоёрын хооронд болчихдог юм. Энэ нь маш аюултай. Тийм учраас хэл сурах гэж байгаа хүмүүст хандаж мэдвэл мэдсэн шиг мэдээд, мэдэхгүй бол бүр мэдэхгүйгээрээ байвал зүгээр. Хэл суръя л гэж зорьсон бол тууштай сураарай гэж хэлмээр байна. Хэлийг сурч байгаад орхичихоор дараа нь цаашид үргэлжлүүлэн сурахад хүндрэлтэй байдаг.
Д.Нэргүй
Эх сурвалж: www.dorgio.mn