Шүүхийг шинэчлэхийн төлөө асар их юм хийсэн гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Улмаар шүүх шинэчлэгдэж олон давуу зүйлүүд бий болсон гэж салбарынх нь хүмүүс ч онцолдог. Гэвч шүүх шинэчлэгдсэн ч эрүүгийн хууль нь учир дутагдалтай байхаар шүүгчид шударга ажиллаж чадахгүй байна гэж ам нээсэн хүн ч бий. Өөрөөр хэлбэл, шүүгч хуулинд захирагдах ёстой. Гэтэл тухайн хууль нь иргэдийн эсрэг чиглэсэн, шударга ёсонд үл нийцэхээр байгааг шүүхийн байгууллагыг арван хуруу шигээ мэддэг хуульч ярьж суух юм.
Хэрэв түүний хэлж буй үнэн бол шүүгчдийн “ширэн нүүр” гарган яллаж буй байдал шударга ёсонд нийцэх үү?
Хууль, тогтоомжоо шинэчилж, шүүгч нарын цалинг нэмээд л байдаг. Гэтэл энэ нь яг тэр иргэдийн хүсээд буй шударга байдлыг авчирж чадаж байгаа юу гэвэл бас л эргэлзээтэй.
Нөгөөтэйгүүр шүүхийн шинэчлэлийг асар их алдаатай болсон хэмээн “хий алдах” хүмүүс ч байна. Зүгээр нэг цалин нэмээд шударга ёсыг мөнгөөр тогтоохгүй гэдгийг зарим хуульчид дуу нэгтэй хэлсээр.
Нөгөөтэйгүүр шүүхийн гаргаж байгаа шийдвэр, шүүгч нарын байдлаас болж шүүх шүүх шударга ёсны талд үйлчилдэг юм уу. Эсвэл хуулийн дагуу байдаг юм уу? гэх учир нь үл тайлагдах асуулт хөвөрсөөр.
Тэгвэл бид яг л энэ асуултыг горилож ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржоос тодруулсан юм.
Харин Н.Лүндэндорж дарга шүүх шударга ёсны талд үйлчилдэг юм уу. Эсвэл хуулийн дагуу байдаг юм уу? гэх асуултад “АНУ-д л гэхэд шүүгчээр гэм бурууг тогтоолгодоггүй. Ийм системтэй.Өөрөөр хэлбэл, шүүгчид нь хянадаг. Харин шүүх танхимд хэдэн иргэд суучихсан байдаг. Тэдгээрээр гэм бурууг нь тогтоолгодог. Тэр хүмүүс бүгдээрээ хуульч биш. Тэр бүү хэл боловсронгүй хүн ч байдаг гэж байгаа. Хамгийн гол нь тэр хүмүүс шударга, шударга бусаа мэдэж байхад л хангалттай. Тэдэнд эрүү, иргэний хууль огт хамаагүй. Би Америкийн олон профессоруудаас асууж байсан. Харвардын их сургууль төгсчихсөн, насаараа шүүгч хийчихсэн, бие засдаг л болохоос “бурхан” болчихсон агуу амьтан тэнд сууж байхад түүгээр гэм бурууг тогтоолгохгүй, дунд сургууль ч төгсөөгүй хүнээр гэм бурууг тогтоолгодог яаж байгаа юм бэ? гэж асууж байсан. Тэгвэл бүх профессорууд нэг л хариулт хэлдэг юм. Хууль шударга ёсны баталгаа байж чаддаггүй. Тэр өндөр мэргэжлийн хуульчаар гэм бурууг тогтоолгож ял өгүүлэхээр тэр хүн шударга ёсны үүднээс өгдөггүй юм. Насаараа хуульч гэдэг мэргэжил эзэмшээд хуулиар ажилласан учир хуулийн талаас ял өгчих гээд байдаг. Тиймээс хуулийг бид шударга ёсны цорын ганц эрэлхийлэл гэж үздэггүй. Харин гэрэл цохиулаагүй иргэдээр тогтоолгож байгаа явдал тухайн хүмүүс хууль мэдэхгүй учраас шударга ёсны үнэлэмжийн үүднээс гэм бурууг тогтоодог гэдэг. Тэгэхээр шүүгч хүн шударга ёсны талд шийдвэр гаргаж байх ёстой. Монгол Улсад тэр элементийг оруулж ирэх үүднээс мэтгэлцүүлж байгаа. Мөн иргэдийн төлөөлөгч гэдэг жирийн иргэдийг бүр шүүгчид шиг таслах эрхтэйгээр оролцуулдаг болж байгаа. Иргэдийг шударга ёсны элементийг оруулуулахын тулд оролцуулж байгаа. Тиймээс онолын хувьд шүүгч шударга ёсны талд л байх ёстой” гэв.
Энэ асуудлаар Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, хуульч С.Нарангэрэл “Үндсэн хууль руу дур зоргоороо халдаж болохгүй. Яагаад гэхээр, Үндсэн хууль муудаа биш, эрх баригчид өөрсдөө ёс суртахуунгүй, хуулиа биелүүлдэггүй, хуулиа гуйвуулдаг, Үндсэн хуулиасаа тойрч гардаг. Үндсэн хуульд тунхагласан шударга ёсны зарчим, эрх тэгш байх зарчим, хууль дээдлэх зарчмыг өөрсдөө биелүүлдэггүй” гэв.
Түүний хэлж буйгаар шүүх шударга ёсны л талд үйлчлэх ёстой аж. Харин нэртэй хууль, шүүгчдийн хэлж буйгаар шударга ёсны талд ажиллах шүүх хуулинд захирагдаж шударга бус шийдвэр гаргах тохиолдол их байдгийг энэхүү бичвэрийн эхлэлээс та бүхэн тунгаасан биз.
Ямартаа ч шүүхэд төлөөлөн оролцож байгаа иргэд гэдэг өнөөгийн нөхцөлд маш чухал байгаа. Тэд тухайн хэргийг үнэн зөв шийдэхэд өөрийн хар ухаан, амьдралын туршлага зэргээрээ нөлөөлдөг. Нэгэнт иргэдийн төлөөлөгчийн дэмжлэгийг авсан, тэдний сэтгэлд нийцсэн шударга шийдвэр бол хаана ч, хэзээ ч хүчингүй болохгүй. Шүүгч ч гэсэн сэтгэлийн тэнхээтэйгээр тэр асуудлыг шийднэ. Ийм учраас иргэдийн төлөөлөгчийн шүүхэд оролцох оролцоо хэлбэрийн төдий байх ёсгүй гэдгийг олон нийтийн зүгээс ч хэлж байгаа юм.
Энэ асуудлаар Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, хуульч С.Нарангэрэл“Үндсэн хууль руу дур зоргоороо халдаж болохгүй. Яагаад гэхээр, Үндсэн хууль муудаа биш, эрх баригчид өөрсдөө ёс суртахуунгүй, хуулиа биелүүлдэггүй, хуулиа гуйвуулдаг, Үндсэн хуулиасаа тойрч гардаг. Үндсэн хуульд тунхагласан шударга ёсны зарчим, эрх тэгш байх зарчим, хууль дээдлэх зарчмыг өөрсдөө биелүүлдэггүй” гэв.
24tsag.mn