Эрдэнэтийн Х.Бадамсүрэн охиныхоо төлбөрийг Эрдэнэтээр төлүүлсэн нь хуульд нийцэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 40 секунд
Эрдэнэтийн Х.Бадамсүрэн охиныхоо төлбөрийг Эрдэнэтээр төлүүлсэн нь хуульд нийцэх үү?

Эрдэнэтийн Х.Бадамсүрэн охиныхоо төлбөрийг Эрдэнэтээр төлүүлсэн нь хуульд нийцэх үү?

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын төсвийн зарцуулалтыг харуулж буй шилэн дансны вэб хуудаст Эрдэнэт үйлдвэрээс Бадамсүрэнгийн Буянжаргалын сургалтын төлбөрт 102,385,101.24 төгрөгийг төлсөн тухай харагдаж байна. Тодруулбал, энэ мөнгө шилжүүлэх гүйлгээг 2017 оны 07 сарын 18-нд хийсэн байх бөгөөд 2019 – 2020 оны сургалтын төлбөрт гэж шилжүүлжээ.

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын захирал ингэж өөрийн гэр бүлийн гишүүний буюу охиныхоо сургалтын төлбөрийг үйлдвэрийн төсвөөс төлж болох уу?

Энэ асуултад хариулахын тулд юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн статус, үйлдвэрийн захирлын статусыг тодруулах шаардлагатай болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйлүүдэд заасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлд байгаа, Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлсэн, үйлдвэрийн ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө бүгд “төрийн өмч” аж. Хуульд дараах байдлаар заасан байдаг байна. Үүнд:

5 дугаар зүйл. Төрийн өөрийн өмч

1.Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна:
2/ төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;

6 дугаар зүйл. Төрийн өмчид эд хөрөнгө олж авах

1.Төрийн өмчид эд хөрөнгийг дараах хэлбэрээр олж авна:
2/ үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө;

Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болох тухай, тэгэхдээ аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар болохыг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын улсын бүртгэлийн мэдээлэл дэх хуулийн этгээдийн “хэлбэр” гэх хэсгээс харж болно. (opendata.gov.burtgel.mn вэб хуудаснаас 2020 оны 11 сарын 01-ний өдөр шалгав).

Эдгээр үндэслэлээр, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгө, орлого нь төрийн өмчид хамаарах юм бол энэ өмчийг үйлдвэрийн ерөнхий захирлын охины сургалтын төлбөрт төлж болох уу? Үйлдвэрийн ерөнхий захиралтай байгуулах гэрээнд ийм төрлийн “тэтгэмж” олгохоор зааж болох уу?

Мөн л Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтуудыг харвал дээрх 2 асуултад “үгүй”, “үгүй” гэж хариулахаар байна.

Тухайлбал, уг хуулийн 20 дугаар зүйлд аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын “эд хөрөнгийн эрх, үүрэг” – ийн тухай заажээ. Өөрөөр хэлбэл, дээр тайлбарласан 6.1.2-т хамаарах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө буюу “төрийн өмч”-тэй холбоотой захирал ямар эрх, үүрэгтэй талаар энд зааж өгсөн гэсэн үг юм. Энэ зүйлийн 1-р зүйлд “тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох” гэх зэргээс авахуулаад үйлдвэрийг удирдан явуулахтай холбоотой зүйлсийг зааж өгчээ. Харин 2 болон 4-р зүйлд захиралд олгох бусад эрх, үүрэг болон захиралд үзүүлэхээр гэрээнд тусгаж болох урамшууллын талаар заасан байна. Тухайлбал:

-20.2. Захиралд энэ зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна тухайн үйлдвэрийн газрын үйл ажиллагааны онцлогтой холбоотой бусад эрх, үүрэг эдлүүлэх талаар энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээнд тусгаж болно.
-20.4. Захиралд дараах урамшуулал үзүүлэхээр гэрээнд тусгаж болно:

1/ үйлдвэрийн газрын ашгаас тодорхой хугацаанд тодорхой хувиар олгох;
2/ гэрээний үүргийн биелэлтийг харгалзан тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгох.

Тэгвэл захирал нь өөрийн охины сургалтын төлбөрийг үйлдвэрийн төсвөөс төлөх нь үйлдвэрийн газрын үйл ажиллагааны онцлогтой холбоогүй болох байх.

Харин 20.4-т заасан ашгаас тодорхой хувиар олгох, гэрээний үүргийн биелэлтээс хамаарч мөнгөн шагнал олгох зэрэг нь өөрт нь хамаарах урамшууллууд бөгөөд хэрвээ тэрээр энэ үндэслэлээр урамшуулал авсан бол тус шилжүүлгийн утга дээр хуулийн энэ заалт болон үүнтэй нийцэх тайлбар байх ёстой байв. Гэтэл дээрх сургалтын төлбөр гэх шилжүүлгийн дэлгэрэнгүй утга нь “tuition fee for Buyanjargal Badamsuren, 2019 – 2020, se.ROSI account: BADAM1003423547” гэсэн тайлбартай байсан. Тэгэхээр, энэ шилжүүлгийг түүнд олгосон урамшуулал гэж үзэх үндэслэлгүй харагдахгүй байна.

Түүнчлэн мөн хуулийн 19-р зүйлд аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо гэрээнд нь “цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал”, “хуульд харшлаагүй бусад нөхцөл” зэргийг тусгахаар заажээ. Мөн л тус шилжүүлгийн тайлбарыг харвал энд заасанчлан цалин, нэмэгдэл хөлс эсхүл хуульд заасан буюу дээр 20-р зүйлд заасан урамшуулал байгаагүй нь харагдаж байна.

Харин энэ шилжүүлэг нь “хуульд харшлаагүй бусад нөхцөл” гэх заалтыг зөрчсөн эсэхийг буюу ийнхүү урамшуулал олгосон нь хуульд харшилсан эсэхийг манай холбогдох эрх бүхий байгууллага заавал шалган, мухарлах нь зүйтэй гэж үзэх үндэслэл байна.

Төрийн байгууллагад тусгай эрх эдэлж буй, төрийн өмчийг захиран зарцуулах эрх хэмжээ бүхий этгээдэд түүнд хуулиар тусгайлан заан олгосон эрх хэмжээнээс өөр эрх хэмжээг тухайн албан тушаалтан хэрэгжүүлэхгүй байх ёстой. Нэгэнт энэ албан тушаалтны гэр бүлд урамшуулал, дэмжлэг олгох нөхцөл гэрээнд тусгаж болно гэж заагаагүй, энэ албан тушаалтан гэр бүлийн хүндээ төсвийн хөрөнгөөс мөнгөн дэмжлэг үзүүлж болно гэж заагаагүй байх тул тэрээр өөртөө олгогдох урамшууллыг шууд охиныхоо төлбөрт шилжүүлэх хүсэлт гаргасан байсан ч энэ нь хуульд харшлах тул ийнхүү шилжүүлэг хийх нь боломжгүй буюу хуульд харшлах үйлдэл байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Уг хуульд харшлах үйлдэл нь юун түрүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.5-д заасан үр дагавар үүсгэж болно.

-20. 5. Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.

Цаашлаад, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль зэргийг үндэслээд дараах хариуцлагуудад татах нөхцөл үүссэн эсэхийг шалгах үндэслэл ч бүрдсэн байж болохоор байна. Тухайлбал:

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4-р зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1.3-р зүйлд зааснаар Эрдэнэт Үйлдвэрийн захирлын албан тушаал нь “нийтийн албан тушаал” гэдэг ангилалд хамаарч байна.

Авлигын эсрэг хууль

4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;

Харин Эрүүгийн хуулийн 22.1, 22.8, 22.9 –р зүйлүүдэд заасан гэмт хэргүүд нь нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгох, төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, нийтийн албан тушаалтын төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг гэмт хэргүүд байна.

Энэ бүгдээс харвал, манай улсын эрх бүхий байгууллага, тухайлбал – Авлигатай тэмцэх байгууллага нь энэ тохиолдолд нэн даруй хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй харагдаж байгаа юм. Гэтэл одоогоор эрх бүхий байгууллагаас мэдээлсэн мэдээлэл байхгүй, харин ч бүр shilendans.mn дээрх мэдээлэлд нь өөрчлөлт орж, дээрх 2019/07/18-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ээс 102,385,101.24 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн тайлбараас Х.Бадамсүрэн болон түүний охин Б.Буянжаргал нарын нэрийг устгаж, шилжүүлгийн тайлбарыг зөвхөн “tuition fee” болгон өөрчилсөн байгаа юм. (shilendans.mn вэб хуудсын тус хэсгийг 2020.11.01-ний өдөр шалгахад ингэж өөрчлөгдсөн байв).Энэ үйлдлийг ч мөн эрх бүхий байгууллага хянан шалгаж, иргэд бидэнд холбогдох мэдээллийг өгөх ёстой юм.

gogo.mn

Б. Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагч төрд зүтгэснийхээ төлөө давхардуулж цалин авдаг энэ системийг халах хэрэгтэй
Б. Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагч төрд зүтгэснийхээ төлөө давхардуулж цалин авдаг энэ системийг халах хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.