Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагуудтай уулзаж байна. Энэ салбарт хэд хэдэн анхаарах зүйл байгааг засгийн газрын тэргүүн онцоллоо.
Эхнийх нь Хөвсгөл далайд живсэн автомашинуудыг аюулгүй гаргах. 1950 оноос хойш 50 гаруй автомашин осолдсон. Голдуу шатахуун тээврийн автомашинууд бий. Усанд живсэн ч машин задраагүй учраас шатахуун, бензин Хөвсгөл нуурт алдагдаагүй байгааг онцоллоо. Хөвсгөл далай бол Дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг хангадаг. Дээр нь байгалийн үзэсгэлэнг зайлшгүй хамгаалах аялал жуулчлалын гол бүс нутаг. Тийм учраас нуураа хамгаалахад онцгой анхаарахыг үүрэг болголоо.
Хөвсгөл далайгаас гадна бас нэг анхаарах зүйл бол Туул гол. Бороотой жилд усархаг байгаа мэт харагддаг ч судлаачдын үзэж байгаагаар жил бүр голын түвшин багассаар иржээ. Энэ гол бол нийслэлчүүдээс гадна таван аймгийн иргэдийн ундны ус, амарч зугаалах ганц газар. Гэтэл сав газарт нь түгээмэл тархацтай ашиг малтмал олборлох 140 гаруй тусгай зөвшөөрөл бий. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ хууль дүрмийн дагуу, байгаль экологид сөрөг нөлөөгүй ажиллах ёстойг санууллаа.
Нийслэлд байгаль орчны гол асуудал бол агаарын бохирдол. Сайжруулсан түлш бий болгосноор утаа эрс багассан. Цаашид энэ амжилтыг ахиулахын төлөө зүтгэхээ онцоллоо. Орхигдуулж болохгүй нэг асуудал бол өвлийн улиралд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах. Энэ чиглэлд Байгаль орчны яам "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж угаарын хийнээс 7 мянга гаруй хүний амь насыг авран хамгаалсан гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.