Сүхбаатарын Янжмаа эмэгтэйчүүдийг богтлох бурингуй ёсыг халсан нийгмийн томоохон зүтгэлтэн байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 15 секунд
 Сүхбаатарын Янжмаа эмэгтэйчүүдийг богтлох бурингуй ёсыг халсан нийгмийн томоохон зүтгэлтэн байжээ

Сүхбаатарын Янжмаа эмэгтэйчүүдийг богтлох бурингуй ёсыг халсан нийгмийн томоохон зүтгэлтэн байжээ

 

                                                      /Н.Янжмаагийн намтар судлалд/

 

     Цуврал-1

Туурга тусгаар эх орныхоо төлөө тэмцэж явсан түүхэн бие хүмүүсийн намтар судлалд бүгдэрч үлдсэн зүйлс цөөнгүй.  Өнөө үеийнхний олж сонсоогүй юм ч нэлээд бий. Эдгээр нь  түүхийг гуйвуулж ирсэн харалган  бодлого, тухайн цаг үед төр засгийг тэргүүлж явсан хүмүүсийн явцуу санаа бодолтой холбоотой байсан болов уу. 

1921 оны Ардын хувьсгалын  галыг өрдөж, монголчуудын  тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгчдийн дотроос эрэмгий зоригт хүү Сүх буюу Сүхбаатар жанжин онцгой  байр суурь эзэлдэг.  “Цагаан дээлт” хэмээгдэх Дамдины хүү Сүх, түүний эхнэр Янжмаагийн  үр хойч, зээ, зээнцэрүүд одоо ч амьд сэрүүн, энх тунх аж төрж буй.

  Д.Сүхбаатарын зээнцэр Д.Сүхжаргалмаа Н.Янжмаагийн 122 жилийн ойн арга хэмжээний үер

Сүхбаатарын  Янжмаа  бол эр нөхрийнөө нэгэн адил тууштай эх орончдын нэг байлаа. Тэрбээр Д.Сүхбаатарын  туулж өнгөрүүлсэн хувьсгалын зам мөр, төрт улсаа хөгжүүлэх  үзэл санааг үргэлжүүлэгч,  төр, нийгмийн томоохон зүтгэлтэн  байсан нь МАН-ын НАМЭХ-оос санаачлан хийсэн судалгааны илтгэлүүдээс тодорхой харагдаж байна.

Н.Янжмааг хувьсгалын дараах он жилүүдэд Орос маягаар “Сүхбаатарын” хэмээн эр нөхрөөр нь овоглосноос биш уг нь Нэмэндэйн Янжмаа юм билээ. НАМЭХ-ны  Удирдах Зөвлөлийн гишүүн, БГД-ийн НАМЭХ-ны дарга, судлаач Б.Сэмжидмаагийн илтгэлд  түүний тухай шинэ содон баримт олон байна.   

Н.Янжмаа 1893 оны 2-р сарын 6-нд хүрээний бичээч Нэмэндэйн гэрт мэндэлжээ.  Нялх балчир охиныг  гуравхан   настай байхад ядуу тарчиг ааваас нь хүчээр ээжийг нь салгаж  нэгэн баян эрд богтолж өгсөн байлаа.  Хойт эцгийн гарт очсон Н.Янжмаа  тийм ч  дардан зам  туулсангүй. Харанхуй бүдүүлэг  цагт хүний эрх, тэр дундаа эмэгтэй хүний эрхийг эрээ цээргүй зөрчсөн хүнд  замыг  Н.Янжмаа туулахгүй гээд яах ч билээ. Хойт эцэг нь  түүнд сайн байгаагүй. Богд эзэнд өргөн барих морь малын дайтай үнэлсэн ч удаатай. Төрсөн үрээ  ийм  хатуу ширүүн  амьдралд түүртэж явааг харж, элэг эмтэрсэн  эцэг  Нэмэндэй нь охиноо өөрийн хажууд авч,  10 нас хүртэл  өсгөсөн тухай Б.Сэмжидмаагийн илтгэлд дурьдсан байна.

Судлаач Б.Сэмжидмаа цааш өгүүлэхдээ “Янжмаа 17 нас хүрч, багын танил Дамдины Сүхбаатартай хайр сэтгэлийн холбоотой болсон байхад түүний эмэг эх Балжид нь мөн л тэр үеийн нийгмийн хандлага, өөрийн бодлоор  хувь заяагаар нь тоглож, баян хүнд богтлох санаа өвөрлөснийг өвөг эцэг Өвгөнхүү мэдэж, Сүхбаатарын хамт өөр газар нуун зайлж хамгаалж байжээ.

Н.Янжмаа  хайр сэтгэлдээ үнэнч байж,  баян чинээлэг амьдралыг бус, хайртай хүнтэйгээ хамт байх гэр бүлийн аз жаргалыг сонгосон байлаа. Сүхийн хувьд ч Янжмаагийн  эцэг нь байсаар байтал баян айлд богтлуулж очсон амьдрал тийм ч жаргалтай бишийг харсан, өрөвдсөн, мөн жигшсэн тэр л мэдрэмж  нь түүнийг эмэг эхийнхээ шийдвэрийг сөрж зогсоход хүргэжээ.

Хожим нь Янжмаагийн эмэгтэйчүүдийн төлөө санаачилж хийсэн олон ажил  бага, залуу насандаа  туулж өнгөрүүлсэн амьдарлаас  хамааралтайгаар  гарсан шийдвэрүүд байх магадлалтай байна” гэжээ.

Ер нь аливаа хүний өөрийн биеэр үзэж амссан зовлон бэршээл  нийгмийн эмзэг асуудлуудыг шийдвэрлэх арга зам, онч түлхүүр болдог болов уу.

“Монгол төрд ухаан нэмсэн бүсгүйчүүд” номонд бичиж үлдээсэн Т.Должингийн дурсамжид  “Янжмаа гуай хүнд урам хайрласан сайхан яриатай, дандаа инээж явдаг, элдэв сул үг хэрэглэдэггүй, ажлаасаа болж хэзээ ч бухимддаггүй, элдэв шуналгүй, хоол хийх, дээл хувцас оёхдоо сайн хүн байсан” гэжээ. Үнэндээ  эмэгтэй хүнд дэндүү ахад ачаа үүрч явсан гэдэг. Тэрбээр Монгол улсаа хөгжүүлэхэд  юун түрүүнд боловсролтой хэрэгтэй гэж үзэж байжээ. Хүний хөгжилд  тэр тусмаа сургуулийн өмнөх боловсрол,  хүмүүжил маш чухал гэдгийг олж харсан Н.Янжмаа 1930 онд Нийслэл хүрээнд анхны хүүхдийн  цэцэрлэг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлжээ.

Н.Янжмаагийн үүсгэн байгуулсан энэ салбарт  өнөөдөр 2014 оны байдлаар 1100 гаруй  цэцэрлэгээр нийт 280.000 орчим хүүхэд сурч  боловсорч байна. Өөрөөр хэлбэл, харанхуй бүдүүлэг нийгмээс дэлхий нийтийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхаж, сурч, хөдөлмөрлөх боломжийг сургуулийн өмнөх боловсролоос эхлэх болсон Монголчууд бид энэ хүнд  ямагт талархаж  явах учиртайг судлаач Б.Сэмжидмаа мөн онцолсон байна. 

Н.Янжмаа Монголынхоо   нийт  эмэгтэйчүүдийн гуравны нэг хувийг “Эмэгтэйчүүдийн түр сургууль”-д сургах замаар бичиг үсэгтэй болгож байжээ. Эмэгтэйчүүдийг  бичиг үсэгтэй,  боловсролтой болгосноор улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн түүний санаачлага,  хүсэл мөрөөдлөөр Монгол улс өнөөдөр боловсролын түвшингээр дэлхийд  дээгүүрт жагсах болов.

Цаашлаад дан ганц бичиг үсэгтэй, боловсролтой байхыг хангалттай гэж тэр бас үзсэнгүй. Эмэгтэйчүүдийн талаарх бодлогыг төрийн түвшинд хүргэж,  Намын Төв Хорооны суртлын хэлтсийн дэргэдэх бүсгүйчүүдийн тасгийг байгуулан удирдаж байсан юм.

Тээж төрүүлсэн хайрт ээж болон өөрийн бага насны амьдралд тохиолдсон зовлонт амьдарлыг хойч үеийн эмэгтэйчүүд, хүүхдүүд бүү туулаасай гэсэн  сэтгэлээр эмэгтэй хүнийг богтлох, албан хүчээр эхнэр болгох явдлыг хориглох  шийдвэрийг гаргуулж байжээ.

“Монголын эмэгтэйчүүд холбоо” хэмээх их айл дэлхийн эмэгтэйчүүд, НҮБ-ийн хэмжээнд харилцаа

холбоогоо бэхжүүлсэн  байгууллага болов. Энэ нь түүний Монголын эмэгтэйчүүд төдийгүй Гадаад харилцааны салбар, дипломат бодлогод  оруулсан үнэтэй хувь нэмэр байлаа. 

Н.Янжмаа  20 дугаар  зуунд Монголынхоо эгэл жирийн эмэгтэйчүүдийг  мэдлэг боловсролтой, эрх чөлөөтэй иргэн болгон төлөвшүүлэх  их үйл хэрэгт  олон зүйлийн эхлэлийг тавьсан гавьяатан,  аргагүй л эгшигт ээжий байж дээ.

 

Б.Отгонбаяр

Үргэлжлэл бий

Эх сурвалж: Tumen.mn

11 айлд нөхөн олговор олгоно
11 айлд нөхөн олговор олгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.