Гэрийн жижүүр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 53 секунд
Гэрийн жижүүр

Гэрийн жижүүр

Гэрийн жижүүр

                                                                \Бага насны дурсамж\

...Биднийг бага байхад аав ээж 2 минь хуваарь гарган гэрийн "жижүүр" хийлгэдэг байв. Гэрийн жижүүр хийх хуваарьтай хүүхдэд урьд шөнө нь ээж минь 12 мөнгөний дэвтэр дээр, маргаашийн хийх ажлын хуваарийг жагсааж бичиж өгнө. Тэр нь үндсэндээ ийм дараалалтай.

-Өглөө босч ороо хураана

-Гар нүүрээ угааж, өглөөний цайгаа ууна

-Аяга халбагуудаа угааж арчин далд хийнэ

-Муу усаа асгана

-Гэрээ цэвэрлэн тоос арчина

-Хичээлээ давтана

-Хичээлдээ явна

-Хичээлээсээ ирээд гар нүүрээ угааж, ундаа ууна

-Аяга халбагуудаа угааж арчин далд хийнэ

-Данхаа, галын өртэй хамт арчиж цэвэрлэнэ

-Түлшээ оруулна

-Даалгавраа хийнэ

-Гэрээ цэвэрлэж тоосоо арчина

-Оройн хоолны гурил зуурч мах хөшиглөнө

-Орой хоолны дараа аяга халбагаа угааж арчин далд хийнэ

-Муу усаа асгана

-Түлшээ оруулж хөвх дүүргэнэ  гэх мэт дараалалтай.

 

Орой унтахаас өмнө ээж бүх ажлыг нэг бүрчлэн дүгнэж, ард нь дүн тавьж нийт оноог гаргадаг. Хэрэв жижүүрийн ажлыг муу хийсэн бол "дахих" дүрэмтэй. Тийм болохоор их л хичээдэг сэн. Дараагийн жижүүр Абаа \миний ах\ маргаашийн жижүүрээ хүлээж авахын тулд миний өнөөдөр хийсэн бүх ажлыг шалгах.

Цэвэрлэсэн газраас тоос олохын тулд цагаан хөвөн бариад орны доогуур мөлхөн орж орос цагаан орны хөндлөвчөөс яаж ийгээд л тоос олж миний дүнг бууруулна. Хорссондоо нулимсаа залгих шахам суусан би, маргааш нь Абаагийн жижүүрээс алдаа олох гэж хэрдээ л нүд буландан ажиглана. Орой нь яаж ийгээд тоос олох гэж хичээвч Абаа "гэнэдэнэ" гэж үгүй.

Хүүхэд насны цагаахан мөчөөрхлөөс гэр минь ихэд цэвэрхэн байж, бид гэрийн ажлыг их л дараалалтайгаар хийж сурсан сан. Хожим нь бид энэ тухай дурсан ярьж байхад Абаа бид хоёрын нууцхан өрсөлдөөнийг дүү нар минь давтаж байсныг мэдээд ихэд инээлдэж асан. Аав ээж хоёр минь биднийг ихэд анхаарч хөгжүүлж, хүмүүжүүлж байсан олон аргуудын нэг нь энэ.

...Олон олон жилийн дараа би өөрийгөө бас дүү нараа хэрхэн төлөвшиж чадсаныг анзаарах бүрдээ гэрийн "жижүүр", бидний амьдралд ямар сайнаар нөлөөлж чадсаныг мэдэрдэг юм. Зүгээр л энгийн, бас ялимгүй юм шиг санагдах ийм үйлдлүүд бага насанд минь бидэнд хэвшил болон шингэж, тэр хэрээрээ насан туршид минь сайнаар нөлөөлсөөр байгааг мэдрэх бүрдээ аав ээждээ чин сэтгэлээсээ талархдаг. Бидэнд юуг төлөвшүүлсэн байсан гээч.

- Алив ажлыг заавал төлөвлөж, төлөвлөснөө заавал гүйцэтгэж, гүйцэтгэлдээ хяналт тавихад сургана. Өглөө нойрноосоо сэрээд "юу хийж амжих тухайгаа бодож, үдэш унтахдаа "юу хийж амжсан тухайгаа эргэцүүлэх" мөчүүд  хүний сэтгэл ханамжинд эерэгээр нөлөөлдөг байж болох.

- Хүүхэд эхэндээ залхуурч, заримдаа "аргалах"-ыг боддог боловч бие биендээ тавих хяналтын улмаас, "дэмий залхуурч байхаар нэгэнт хийх л ёстой болохоор сайн хийсэн нь дээр юм байна" гэж ухаардаг. Магадгүй энэ нь сэтгэлийн залхуугаа дарж, хийх учиртай ажлаа чанартай сайн хийхэд сургадаг байж болох.

- Хариуцлагатай байж сурдаг. Муу хийсэн, хийж чадаагүй ажлаа заавал дахин хийх нь амаргүй мэт боловч, өөрийн алдааны төлөө өөрөө ухамсартайгаар хариуцах дадалд сургаж байгаа хэрэг. Өөрийн амьдралдаа тохиолдох сайн муу алив үйлдлийн төлөө бусдад гомдохгүйгээр өөрөө шийдвэр гаргаж сурах нь, алдаад хагалсан аягаа нуухгүйгээр шударга хэлж, буруугаа хүлээж сурахаас л эхэлдэг байж болох.

- Өөрөө жижүүр хийгээд ах, эгч эсвэл дүүдээ шалгуулж, хянуулж байх нь бие биедээ тавих хяналтаас бие биедээ туслах сэтгэл рүү аажим аажмаар шилждэг. Бие биенээ ойлгох, бие биенээ хайрлах, бие биендээ санаа тавих сэтгэл бүхэн эндээс л төлөвшинө. Учир нь бид бүгдээрээ нэгэн гэр бүлд ав адилхан ажлыг хийцгээдэг болохоор бие биенийхээ мөн чанарыг маш сайн мэдэрдэг. Магадгүй энэ нь бидний ойлголцолд илүү нөлөөлдөг байж болох.

- Аяга халбагаа угаахаас муу усаа асгах хүртэл, гаднаас түлшээ оруулж гал түлэн хоол хийх хүртэлх үйлдэл жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжлэх нь бидэнд амьдралын хатуу хэцүүг, бас амар амгалан бүхнийг мэдрүүлдэг байсан. Тэр хэрээрээ бид хатуужиж, амьдралын мөн чанарыг таньж ухаарахад тусалсан байж болох. Хүйтэнд бээрсэн гар, халуунд урсах хөлс болгон бидэнд ухаарал болон шингэж байсан.

...Одоо цаг өөр болсон. Бид хүүхдүүдээ их хайрлаж, бөөцийлэх болж. Өөрөө ядарч өссөн амьдралаа үр хүүхэддээ үзүүлэхгүй гэж эрхлүүлэх болж. Өөрт нь ил хэлэхгүй мөртлөө "үргэлж хайртай" гэж фейсбуукээр олон байнга зарлах болж. Ширүүхэн хэлэхэд уцаарлахаас нь айж, тал засан инээдэг болж.

Өөрийг нь шоолж инээхэд дагаж мушийдаг болж, үрээс нь өөр "гайхамшиг үгүй" хэмээн бусдад бардамнадаг болж. Унтаж босоод ороо хураахаа больж, ууж идээд аяга тавгаа угаахаа больж, тоосоо арчихаа больж, тоглоомоо хураахаа ч больж. Өргөн нарийн дэлгэцтэй гар утсаараа оролдоцгоож, өөдөөсөө хараад ярилцахаа больж, нэгэн ширээнд суугаад хамтдаа хоол идэхээ ч больж. Тэгсэн мөртлөө гэр бүлдээ хайртай, бас аз жаргалтай байгаагаа фейсбуукээр бусдад сурталчлан зарладаг болж дээ. БИД ЕР НЬ ХЭНИЙГ ДАГААД ХААШАА ЯВААД БАЙНА ДАА.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Аргын тооллын 5 сарын 10, Ангараг гараг
Аргын тооллын 5 сарын 10, Ангараг гараг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.