А.АДЬЯАСҮРЭН: АЛИВАА АСУУДАЛД ГОЛЧ ХАНДАЖ, ЗӨВ БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХИЙГ ХИЧЭЭДЭГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
20 минут 0 секунд
А.АДЬЯАСҮРЭН: АЛИВАА АСУУДАЛД ГОЛЧ ХАНДАЖ, ЗӨВ БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХИЙГ ХИЧЭЭДЭГ

А.АДЬЯАСҮРЭН: АЛИВАА АСУУДАЛД ГОЛЧ ХАНДАЖ, ЗӨВ БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХИЙГ ХИЧЭЭДЭГ

Миний өнөөдрийн энэ зэрэгт ажиллаж, амьдарч яваа минь унасан газрынхаа уул усыг, хүндэлж явдагтай минь холбоотой болов уу хэмээн  ярих  энэ эрхмийг Номгон Санчир ХХК-ийн захирал бүсгүй гэдгээр нь хүмүүс илүү таних байх. Ингээд Топ транспорт ХХК-ийн Ерөнхий захирал А.Адьяасүрэнтэй эмэгтэйчүүд болон бизнесийн талаар товчхон ярилцсан юм.

-Эмэгтэй хүн бизнес, тэр дундаа авто тээвэрт хүч үзэх амаргүй биз? Бизнеийн гараагаа эхэлсэн тухайгаа цухас дурдаач, яаж өнөөдрийн өндөрлөгт хүрэв?

-Их инээдтэй түүх л дээ. Хувийн бизнес эрхлэх болсон шалтгаан төрсөн эгч минь жолооны курс ажиллуулдаг байв. Манай нөхөр эгчийн жолооны курсэд цагаар багшилдаг байсан. Нэг өвлийн хүйтэн өглөө машинаар нь хүүхдээ цэцэрлэгт хүргэчхээд 10 минут хоцроод ороход менежер нь загнасан юм. Залуу байхад хүний үг сонсч тэвчдэггүй омголон шартай байдаг шүү дээ. Би гэнэт дүрсхийгээд хар эрчээрээ микронд сууж баянхошуунд эгч дээрээ очдог юм байна. Эгч өөдөөс “Чи хов зөөх гэж энэ хүртэл явж байхаар өөрөө жолооны курс нээгээч. Би чамд тусалъя” гэсэн. Тэгээд тэр өдрөө компаниа байгуулж хоёр машин зээлээр аваад эхэлж байсан түүхтэй. Өнөөдөр манайх 20 жилийн ойтойгоо золгож байна. Нэг ч хүний жолооны үнэмлэх хоцроохгүй гэсэндээ замын цагдаагийн газрын ажилтан шиг тэнд өнждөг байв. Оюу толгойн тендерт шалгарч манайх тав дахь жилдээ олон улсын аюулгүй жолоодлого сургалтаа явуулж байна. Багш нараа олон улсын хэмжээнд хүргэлээ. Тээврийн салбарт хөл тавьсан, МСҮТ-тэй болсон байна. Авто тээврийн салбарт цогц хэлбэрээр олон сайхан чадварлаг залуустай мөр зэрэгцэн ажиллаж олны итгэлийг алдахгүй хэлсэндээ хүрэхийн төлөө хичээж ирсэн. Би техник гэхээсээ хүнтэй их ажиллажээ. Тос маслотой ноцолдох нэг хэрэг, хүний сэтгэлтэй ойр ажиллаж удирдах бас нэг хэрэг. Эрчүүдтэй өрсөлдөж дайтаж явсангүй. Эвийг нь олж урамшуулж дэмжиж явсаар энэ хүрчээ.

-Та их сургуульд багшилж байгаад хувийн бизнесээ эхлүүлсэн бил үү?

-Үгүй, МУБИС-д багшилж байхдаа магистраа хамгаалсан. Тэгээд дараа нь ММИС-д түүх, сэтгэл судлалын багшаар ажилд орсон. Олон сайхан эрдэмтэн, докторуудтай хамтран ажиллаж байв. Тэднээсээ их зүйл сурсан. Өөрөө бараг оюутан шахуу хүүхэд анх хичээл заахад сандрах, ичих гээд олон асуудал тулгардаг байв. Маргаашийн заах хичээлдээ бэлтгэн, шөнөжин нойргүй хонох үе зөндөө байдаг байсан.
-Тэгэхээр та сая  сургуулиа төгсөөд оюутнуудад хичээл заасан гэлээ. Ер нь тухайн үеийн оюутнууд сурах идэвх болон, хичээлдээ хэр анхаардаг байсан бол. Одоогийн оюутнуудтай харьцуулмаар санагдаад?

-(инээв) Би их сайн санадаг. Тэр үеийн хичээл зааж байсан оюутнууд хичээл таслах, хоцрох гэдэг зүйлийг бараг мэддэггүй байсан. Яагаад гэхээр тэр үеийн сэтгэлгээ өөр байсан юм болов уу, ямар ч байсан багшийн лекцийг гараар маш цэвэрхэн бичиж авдаг байв. Цүнхгүй дэвтэргүй хүүхэд гэж бараг байхгүй байсан болов уу. Багшийн ардаас орж ирсэн оюутан хаалга тогшин уучлалт гуйж, зөвшөөрөл авч орж ирдэг байв. Энэ бол үнэхээр том хүмүүжил, соёл юм. Одоо зарим шавь нар маань миний хичээлийн лекцийг тэмдэглэж авч байснаа үзүүлдэг. Харин одооны оюутнуудын тухай би төдийлөн сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 18 жилийн өмнөх үе шиг ямар ч байсан лекц тэмдэглэж суудаг оюутан байхгүй байх гэж боддог. Би өөрөөрөө жишихэд. Тэгээд ч өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ. Оюутны дэвтэр нөүтбүүкээр солигдсон болов уу. Бас тэр бүрчлэн багшийн лекцийг гараараа тэмдэглэх шаардлагагүй болсон байх. Яагаад гэхээр интернэт гэж сайхан зүйл байна. Бас гар утас болон плашаар хуулаад авчхаж байгаа байх. Мөн хичээлээ сонгож үздэг болсон. Их зүйл өөрчлөгдөж олон ялгаа гарсан гэж хэлж болно. Одоо нээрээ зав зайгаараа багшилж үзмээр санагдчихлаа. (инээв)

-Хувийн бизнес эрхлэхэд төрөөс ч юм уу ямар нэг дарамт шахалт их ирнэ биз. Асуудал хэр үүсдэг байв төртэй харьцахад?

-Хүмүүс янз бүрээр ярьдаг байх. Миний хувьд төрийн ямар нэг байгууллагаас дарамт шахалт ирж байсан зүйл байхгүй. Харин их сайн ойлголцож хамтран ажилладаг байжээ гэж би одоо харин таныг асуухаар бодогдож байна. Хүмүүс эхэн үедээ жолооны курсийн жижигхэн хүүхэн гэж хардаг байсан байх. Гэхдээ ямар хувийн зүйл гуйж орох биш. Гол төлөв л ажил ярьж орно, дарга нар дээр. Гэхдээ тэр ажил нь дандаа судалгаа, төлөвлөгөөтэй ямар нэг асуудалгүй, ном журмын хүрээнд байхаар ямар ч дарга элдэв зүйл хэлэх нь ховор. Тийм болохоор би төрийн ажлыг муулахаасаа илүүтэй хувь, төр хоёр хамтарч ажиллабал илүү үр дүнд хүрдэг гэж хэлэх гээд байгаа юм. Аливаа ажлыг хийж байхад бүх зүйл 100 хувь бүтэхгүй байж болно 80 хувь бүтэж байвал болно шүү дээ. Дараа нь үлдсэн хувийг нь гүйцээж болно гэж боддог. Иймд аль нэг этгээд, байгууллагыг буруутгахаас илүү ажил хөөцөлдөж яваа хүн өөрөө соёлтой, боловсон, хүлээцтэй хандах ёстой гэж бодож байна.

-Хувийн хэвшил улсын хэмжээнд хэр их байдаг юм бол. Мэдээж салбар бүрт чиглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж байдаг байх. Олон ч боловсон хүчнийг ажиллуулдаг. Хувийн компаниуд ихэвчлэн ажилчдаа өөрсдийн ах дүү, найз нөхдийн хүрээллээр бий болгочихсон байдаг. Гаднаас хүн орж ажиллахад хэцүү гэж сонсч байсан юм байна. Энэ тал дээр та юу хэлэх бол?

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар  бүртгэлтэй, бүртгэлгүй нийтдээ 142.000 мянган орчим  (ойролцоогоор)  аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг гэж үздэг. Гэхдээ энэ тоо байнга өөрчлөгдөж байдаг. Тухайлбал нэг аймагт бүү хэл нэг суманд  хэд байж болох вэ. Баянхонгор аймагт сүүлд нэг статистик харж байхад 188 аж ахуй нэгж, тэгээд нэг суманд гэхэд дээд тал нь 20 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг байх жишээтэй. Энэ нь том жижгээс үл хамааран авсан тоо байх. Бүх салбарт хувийн хэвшил үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бүх тоог авч нэгтгэх бүртгэл явуулахдаа анх бизнес регистрийн мэдээллийн санг аж ахуйн нэгж, байгууллагын 1998 оны анхны тооллогын үр дүнд үндэслэн гаргаж байгаад түүнээс хойш орсон өөрчлөлтийг аж ахуйн нэгж, байгууллагын 2006, 2011 оны тооллогын дүн, татварын ерөнхий газрын бүртгэл болон бусад байгууллагын мэдээллийг үндэслэн улирал тутам шинэчилж гаргадаг гэж сонсч байсан. Тэгэхээр энэ олон аж ажуй нэгжид хэчнээн мянган хүн ажиллаж амьдарч байна гэвэл овоо тоо гарахаар байгаа биз. Миний хувьд таны асуусан асуулттай төдийлөн тийм гэж толгой дохиод өнгөрөхөд харамсалтай санагдаж байна. Яагаад гэвэл би сайн үйл ажиллагаа явуулж өрсөлдөгч нараасаа түрүүлж  алхаж явах ёстой. Ингэхийн тулд сайн менежмент, сайн байх нь надад чухал. Түүнээс дандаа ах дүү нараа авчраад суулгачихдаг зүйл гэж юу байх вэ. Мэдээж ах дүү нар дотор бэлтгэгдсэн боловсон хүчин байвал ажилд авах нь тодорхой ямар нэг шалтгаанаар. Гэхдээ болж өгвөл ажлын байрны тендер зарлаж, чадалтай, гадаад, дотоодын их сургууль төгссөн мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулахыг урьтал болгох зарчим барьж ажилладаг. Ингэж байж бид дотооддоо болон дэлхийд гарч ирэх ёстой гэж хувьдаа боддог. Хоорондоо үл ойлголцол ажилчдын дунд гарч л байдаг асуудал. Манай, танай гэхгүй. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг дээ. 

-Та дээр сэтгэлгээний талаар дурсаад өнгөрсөн. Өнөөдөр бид сэтгэлгээний хувьд хэр өөрчлөгдөж байгаа бол. Сэтгэл зүйч мэргэжилтэй хүний хувьд хариулбал?

-40.000 жилийн өмнө анхны оюун ухаант хүн үүссэнээс хойш хүн төрөлхтөн хувьсал, хувьсгал соёл иргэншлийн маш олон ээдрээтэй үеүдийг туулсан. Анхны гал, ёс суртахуун, хэл яриа, домог, онол, зэвсэг гээд алхам алхмаар хүн адгуусан шинж, байгалиасаа холдсоор одоогийн оюун ухаант хүн төрөлхтөн үүссэн. Энэ бүгд хүний оюун ухаан сэтгэлгээнд гарсан тэсрэлт юм. Хүний оюун ухаан цаг үеийн турш хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл. Нийгэм бүрт, цаг хугацаа бүхэнд өөрчлөгддөг. Мэдээж өнөөдөр хэддүгээр зуун билээ. Бүх зүйл жам ёсоороо өөрчлөгдсөн, өөрчлөгдөх ч ёстой гэж боддог. Энэ бол жам. Орчин үеийн хүүхэд, хүний сэтгэлгээ өөр байна. Энэ гээд бариад харьцуулж болдоггүй зүйл. Шинжлэх ухаан хүртэл хүлээн зөвшөөрдөггүй зүйлсийг батлаад, зөвшөөрөөд ирж байгаа цаг. Сүүлийн үеийн хүүхдүүд индиго, кристал, рэйнбоу гээд л шинэ мянган гарснаас хойш ихээхэн ярьцгаах болсон. Зарим нь үүнийг хүн төрөлхтөн шинэ эринд алхан орж байгаагийн жишээ, дэлхийн хүмүүс бид оюуны шинэ шатанд гарч байна, гоц авьяастай хүүхдүүд ирээдүйд манай ертөнцийг авч явна гэхчлэн ярьцгааж байсан, та санаж байгаа бол. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид, хүссэн хүсээгүй сэтгэлгээний, оюун ухааны том тэсрэлтийн үед ирээд байна. 

-Саяхан нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл гишүүнтэй ярилцлага хийж байхад тантай  төстэй сэтгэлгээний асуултад хариулсан. XIX зууны төгсгөлд нэг философич бурхан үхлээ гэж зарласан, гэтэл XX зууны төгсгөлд сэтгэлгээний хүрээнд оюун ухаан үхлээ гэж зарлагдсан гэж. Энэ нь бид зөвхөн хэлээрээ тоглож, хэлээрээ бусдыг ховсдож байгаа гэж. Хэлээ хэн овсгоотой ажиллуулж чадаж байгаа нь ухаантай харагдаад байгаа болохоос биш, оюун ухаантайдаа ухаантай харагдаад байгаа юм биш гэж ярьсан юм. Тэгэхээр өнөөдөр манайд манлайлагч байна уу. Бид манлайлагчдыг дагах нь зөв үү?

-Гайхалтай сэтгэлгээ байна шүү. Энэ талаар илүү дэлгэрэнгүй лавлаж судалмаар зүйл байна. Яг үнэндээ өнөөдөр манайд гэлтгүй манлайлагчид салбар бүрт төрж байна. Тэд бусдыгаа байлдан дагуулж чадаж байна. Энд тэнд уулзалт зөвлөгөөнд очиход залуучууд гэлтгүй ахмад үеийнхэн ч мундаг илтгэл тавьдаг болж, мундаг ч ярьдаг болж. Энэ бол муу зүйл биш. Угаасаа нийгэм өөрөө заавал аль нэг манлайлагчийг дагуулж, төрүүлж, дагаж гарч ирдэг зүйл. Ямар нэг ажил манлайлалгүйгээр явахгүй гэж боддог. Манлайлагчдыг хүндэлнэ гэдэг нь сайн зүйл. Тэднээс суралц, тэднийг ажигла, судал. Гэхдээ тахин шүтэж болохгүй. Та тэднээс илүү болж чадна гэдэгтээ итгэ. Бид хамтдаа хөгжиж байж энэ нийгэм хөгжинө. 

-Удирдах, удирдагдах ёс Монгол Улсад өнөөдөр хэр байна гэж та харж байна бизнесмэн хүний хувьд?

-Хүн өөрийгөө бусадтай харьцуулан сайн, сул талаа мэдсэний хэрээр нийгэмчлэл илүү хурдан болдог. Хүн үүссэн цагаас л удирдах, удирдагдах ёс үүсч эхэлсэн. Амьтад хоол тэжээлийн төлөө тэмцдэг шиг хүмүүс ч хоорондоо, хэсэг бүлэг, хэсэг бүлгийнхээ эсрэг зохион байгуулалттайгаар нөөц баялгийн төлөө өрсөлдөж ирсэн түүх бий. Тэмцэхийн зэрэгцээ найрамдаж хүртэл сурч байсан. Хүчтэй овог нь хүчгүйгээ захирахын тулд илүү боловсронгуй удирдлагын систем хэрэгтэй болсноос засаглалын анхны бүдүүлэг шатанд очиж байсан гэдэг. Засаглал хэмээх бариад авах барьцгүй зүйлийг илэрхийлдэг абстракт (хийсвэр) ойлголт хэдий ч хүмүүсийн сэтгэлгээний салшгүй шинж, тэмүүлдэг хүслэн нь болж ирсэн байдаг. Тэгэхээр энэ бүх түүхээс үүдээд өнөөдөр Монгол Улсад удирдагдах, удирдах ёс харин ч сайн байгаа гэж хувьдаа боддог. Яагаад гэхээр монгол хүний генид нэг зүйл байдаг. Энэ бол өрөвч, цагаан, хүнийг хүндэлдэг чанар гэх үү дээ. Энэ нь тухайн хүнийг ямар ч байсан хүссэн хүсээгүй хүндэлдэг гэсэн үг. Аль ч шатандаа удирдах ёс, удирдагчаа хүндлэх ёс байгаа гэж би харж байгаа. 

-Хөдөлмөр, хүнийг бий болгодог уу, хүн хөдөлмөрийг бий болгодог уу?

-Хүн бүр хөдөлмөрлөх ёстой. Хүн бүрт тэгш 24 цаг адилхан өгөгдөж байдаг. Яг үнэндээ монголчууд аливаа хүнд төвөг удахыг хүсдэггүй зантай байж магад. Хэн их  хөдөлмөрлөсөн нь амьдралаас ихийг хүртэх нь жам. Харин гараа хумхиад суугаад байвал тухайн хүн яаж хоолоо олж идэх вэ. Ийм хүмүүст дэмжлэг үзүүлэх нь тэр  хүнийг хорлож байна гэсэн үг. Уг нь энэ амьдралд ажил үүрэг гүйцэтгэх, ачаа үүрч хариуцлага хүлээх үүрэгтэй, хүн бүр. Гэтэл урдаас нь ажил хийлгэхгүй май гээд байвал амьдралын мөн чанар нь алга болчих юм биш үү.  Ядаж л тэр хүн бэлэнчлэх сэтгэлгээ суучихна.  Мэдээж арай чадуу яваа нь ах дүүсээ дэмжих нь дэмждэг. Энэ бол зөв философи. Гэхдээ зүгээр байхад нь биш тодорхой хэмжээнд хөдөлмөр гаргасных нь дараа түүнд нь тохирсон дэмжлэгийг үзүүлдэг тохиолдол монголын бүх гэр бүлд нийтлэг гэж бодож байна. Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ гэж гайхалтай үг байна шүү дээ. Ах дүүдээ илүү сайн тусалчхаад, дараагийн таних танихгүй хүнд туслах ёстой гэсэн миний өөрийн философи юм. Түүнээс төрсөн ах эгчийн амьдрал нь идэх хоолгүй байхад тэнд байгаа нэг нөхөрт май гээд байгаагаа бариад гүйдэг зарим нэг хүмүүсийг ойлгох ухаан надад дутдаг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг ах дүүгээ хамтаар нь өөд нь татчихаад дараагийн, түүний дараагийн хүмүүс рүү нүүх ёстой гэж би хардаг. Энэ миний бодол зөв бурууг би мэдэхгүй, гэхдээ энэ миний зарчим. Тэгэхээр хүн өөрөө хөдөлмөрийг бий болгодог гэж ойлгодог.

-Таны  амьдралын философи гэвэл ?

-Амьдралын философи утга учир гэдэг нь амьдралын зорилго, үйл ажиллагааны нэгдэл. Ижил зорилготой нэг үйлдэл өөр өөр сэдэлтэй байж болно. Би ч гэлтгүй бүх хүн тодорхой зорилго тавиад түүнийхээ төлөө явдаг. Харин ард нь гарах эсэх нь тухайн хүний тэвчээр болон олон хүчин зүйлээс хамаарах байх. Би аль болох зорьсондоо хүрэхийг хичээдэг. Ер нь ухарч гишгэж байгаагүй. Заримдаа удаан урагшилна, заримдаа зорьсондоо санаснаас хурдан хүрчих үе байна. 

-Эх оронч үзэл гэж таныхаар?

-Эх оронч үзэл эх орноо хайрлах сэтгэлээс төрнө. Монголчуудын хэлж заншсан “Эх оронч үзэл” гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр юм. Хүний хамгийн эрхэм зүйл бол эх орон, ээж аав, элгэн садан юм. Энэ бол үнэт зүйл. Бид ээж, ааваа амьд бурхан хэмээн дээдэлж, хүндэлдэг бүүр муухай харах ч эрхгүй амьдардаг. Яг үүнтэй адил хүн төрсөн нутаг, эх орноо сэтгэлдээ тээн хадгалж, хайрлаж явдаг. Ээж аавынхаа нэрийг хүн боддог шигээ эх орныхоо нэрийг мөн боддог. Түүнээс би эх орондоо хайртай гээд цээжээ дэлдээд байхдаа биш. Эх орондоо илүү ихийг хийж, үр хүүхдийнхээ боловсролд анхаарч, нийгмийг хүн бүр дор бүрнээ зөв голдиролд оруулах ёстой. Хүн бүр нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэх ёстой. Тиймээс энэ үнэ цэнтэй зүйлээ өнгөлж хөгжил дэвшилд нь өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээх нь зүйн хэрэг юм.

 

Т.Мөнхсайхан: Иргэдийг архи уух боломжоор нь хангах бодлого өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн гэдэг нь тодорхой байна
Т.Мөнхсайхан: Иргэдийг архи уух боломжоор нь хангах бодлого өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн гэдэг нь тодорхой байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.