Өнөө маргаашдаа сонгогчдод таалагдахаар шийдвэр гаргаж байгаа ч гэсэн эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирнэ гэдгийг мартаж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 54 секунд
Өнөө маргаашдаа сонгогчдод таалагдахаар шийдвэр гаргаж байгаа ч гэсэн эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирнэ гэдгийг мартаж болохгүй

Өнөө маргаашдаа сонгогчдод таалагдахаар шийдвэр гаргаж байгаа ч гэсэн эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирнэ гэдгийг мартаж болохгүй

dfghth

Өнөө маргаашдаа сонгогчдод таалагдахаар шийдвэр гаргаж байгаа ч гэсэн эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирнэ гэдгийг мартаж болохгүй

УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт Бие даан нэр дэвшигч Б.Мөнхсоёлтой ярилцлаа

 

– Та Бүгд Найрам­дахчуудын Олон Улсын Хүрээ­лэнгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт та улс төрч эмэгтэйүүдийн төлөөлөл болж дуу хоолойгоо хүргэж байсан. Жендер гэдэг үгийн утгыг алдагдтал улс төрийн орчинд хэрэглэж байна. Эмэгтэй хүйсийг эрээс нь зааглах ёстой үг ч юм шиг ойлголт төрүүлж байгаа тухай шүүмжилсэн. Жендерийн талаар юу гэж ойлговол зохих юм бол?   
– Сүүлийн үед улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендерийн эрх тэгш байдал гэж ярьж байна. Жендер гэдгийг зөв ярихгүй бол их эмзэг ойлголт. Гуйвуулах, буруу утгаар нь ойлгуулах магадлал бий болдог. Ер нь жендер гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс аливаа үйл ажиллагаанд оролцоход эрх тэгш байхыг хангана гэсэн үг. Боломжийг тэгш олгоно, хэрхэн ашиглахыг хувь хүн өөрөө шийднэ гэсэн үг. Улс төрд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай чадварлаг хүмүүс орох ёстой. Түүнээс олонд танигдсан л бол УИХ-ын гишүүн байж чадна гэсэн үг биш. Харамсалтай нь гишүүн хүн юу хийх ёстойг ойлгохгүй байна. Хоёрдугаарт, манай өмнөх парламентчидын муу туршлага, манлайлалгүй, үлгэр дуурайлгүй байдал хэн ч гишүүн болж болох юм байна, ордонд суучихаад “кноп” дардаг л ажил үүрэгтэй юм байна гэсэн ойлголт төрүүлчихжээ. Уг нь үгүй юм. Маш их ном, бичиг цаас уншиж судалж байж л хууль, эрх зүйн акт, дүрэм журмуудыг боловсруулах ёстой.

– Эмэгтэй хүн улс төр хийх хэцүү байна уу?

– Хэцүү. Тийм учраас эр, эм хүйсийн тэгш эрх, аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийн талаар би сүүлийн үед нэлээд дуугардаг болсон. “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо” гэдэг энэ үгийг хэрэглэх гэж байгаа бол Монголд бүсгүйчүүд улс төр хийх асар хэцүүг хөндмөөр байна. Сонгуульд нэр дэвшүүлэх гэдгийг анхнаасаа бид буруу ойлгочихсон. Мөнгөтэй хүмүүсийн хийдэг тоглоом ч гэж хардаг ёс зүйгүй, зөрчилтэй, шударга биш зүйлийг улс төр гэж хэлэх юм. Ийм ойлголт олон нийтэд бий болж, олон жил төрийн жолоог атгасан хүмүүс улс төрийг ингэж ойлгуулсан байна. Иргэд олон нийт ч мөн ийм байдлаар хүлээн зөвшөөрөөд сурчихсан. Энэ ёс зүйгүй, буруу үйлдлийг шүүмжлэхээр “Чи улс төрч болох яагаа ч үгүй байна” гэх жишээтэй. Улс төрд шинээр хөл тавьж байгаа хүний хувьд ийм тогтсон үзлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь улс төр гэж юу юм, улс төрийн туршлагатай хүн гэж хэнийг хэлдэг юм. Миний бодлоор хор найруулж муу үйлдлийг хэнэггүй хийхийг улс төр, улс төрч гэж ойлгоод байдаг юм шиг санагддаг боллоо.

Одоо залуусын сэтгэлгээ, олон нийттэй ярьдаг хэл их өөр болсныг ойлгох хэрэгтэй гэж улс төрийн хууччуулд хэлмээр санагддаг. Бидэн шиг гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, ажлын талбар дээр ажиллаад үзсэн, ажлаа үр дүнтэй нугалахын тулд юу чухал байдгийг мэдсэн, ганцаараа болон багаар ажиллаад сурчихсан, иргэдийнхээ ахуй амьдралыг тодорхой хэмжээгээр ойлгосон, Монголд зөв зүйлүүдийг хийснээр улс төр болон нийгмийн өнгө төрхөд хөгжил хурдтай ирж болохыг мэдэрчихсэн залуус улс төр гэсэн хаалгаар орж байгаа гэж бодож байна. Энэ хүмүүс энэ өндөр босготой хаалгаар ороод аливаа хувийн болон намын эрх ашгийн үүднээс тохиролцох, өөр ямар нэгэн ашиг хонжоо хайж, өөрийн талын хэнийг дээш нь гаргах вэ, хэнийг ялалтад хүргэх вэ гэдэгт биш улс эх орноо яаж аврах уу, хөгжүүлэх вэ, ямар бодлого дээр бид алдаа гаргав, одоо энэ хүнд нөхцөлийг ямар бодлогоор илүү богино хугацаанд илааршуулах вэ гэдэгт толгойгоо ажиллуулна. Өнөөдөр нөхцөл байдал их хүнд байна. Энэ янзаар үйлдэл нь буруу болсон хүмүүсийг төрийн сонгуульд оролцуулаад сонгоод байвал манай улс их хэмжээний хохирол амсана. Байдал улам хүндэрнэ. Нийгэм, геополитик, эдийн засаг, байгаль орчны гэх мэт салбарууд хүнд байдлаас босч ирэхгүй.

zurag 1

Монголын Эдийн Засгийн Анхдугаар Чуулган. “Өрсөлдөх чадвар болон төсвийн асуудлаарх хэлэлцүүлэг”-т панелистаар оролцох үеэр, 2010

-Туршлагатай улс төрч юм уу, эдийн засагч манай сонгуулийн системийг буруу гаж байна гэдэг. Таны тухайд?

– Улс төрийн систем эр, эм гэлтгүй шинэ хүмүүст төвөгтэй. Мөнгөтэй хүмүүс гарч ирээд иргэдийн тархийг угаах биш зөв бодлогоо танилцуулаасай. Аяга, мөнгө, бидон, нүүрс тарааж иргэдийн саналыг битгий худалдаж аваасай. Мөнгөтэй хүмүүст ээлтэй, тэдэнд үйлчилдэг энэ сонгуулийн тогтолцоо энэ байдлаар мөд өөрчлөгдөхгүй. Ард иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй ухамсартай оролцож, хүнээ зөв танихын төлөө илүү чармайлт гаргадаг байгаасай гэж хүсч байна. Тархи угаасан, харваас нүүр нь улайхгүй худлаа ярьж байгаа хүмүүст бүү итгэ. Энэ хүн агуулгаараа юу ярьж байна, оюуны потенциал хэр хүн бэ, тухайн нэр дэвшигч ямар амьдралаар амьдарч ирсэн, юу хийж бүтээсэн, гэнэт гараад ирсэн хүн юм уу, мөнгөөр бүхнийг хэмжээд улс төрд зүтгэхээр ороод ирсэн үү гэх мэтийг сайн судалж харж мэдсэнийхээ дараа сонголт хийдэг байгаасай. Мэдээж амаргүй. Нэр дэвшиж байгаадаа ч, тэднийг сонгох, ялгаж таних гэж яваа сонгогчиддоо ч амаргүй. Гэхдээ аль аль талдаа ийм байдлаар жаахан ч болов өөрчлөлт хийгээсэй.

zuarg 2

Швейцарийн Цюрих хотын парламентийн даргын хамт, Цюрих хот, Парламентийн ордон, 2015

– Улс төрд шинээр орж яваа бүсгүйчүүд  рүү дайрдаг, доромж муухайгаар харьцдаг нийгмийн бүтэн сүлжээ байна. Гэтэл эрчүүдтэй ийм байдлаар “тулалдах” нь харьцангуй бага юм шиг санагдах юм?

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай зарчимч сайн хүмүүсийг гаргаж ирэхэд бэрхшээлтэй систем юм аа, энэ улс төр. Нэр дэвшиж буй эмэгтэйчүүд ар гэр болон үндсэн ажлынхаа хажуугаар цаг хугацааны давчуу нөхцөлд маш их зориг, тэвчээр, санхүү мөнгө, эрсдэл шаардсан салбар луу орж ирж байна. Тухайн эмэгтэйг гадаад төрх, харагдах байдал, ажил мэргэжлээр нь гоочилдог, тохуурхаж шоолдог байдал давамгайлчихлаа. Ялахын тулд манай зарим улс төрчид юуг л бол юу хийхэд бэлэн байна. Энэ муухай зарчимгүй, ёс зүйгүй ертөнцөд өрсөлдөхөөр гарч ирж байгаа хүмүүсийг, ялангуяа эмэгтэйчүүдийг зөв таньж дэмжээсэй.

Эдийн засагч хүнээс асуухгүй өнгөрч чадахгүй нэг юм байна. Туршлагатай эдийн засагчид манай улсын эдийн засгийн орчин элгээрээ хэвтлээ гэх. Та энэ байдалд ямар дүгнэлт өгөх вэ?

– Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд манай эдийн засаг царцанги байдалд орсон. Түүнийг бид хямарлаа гэж яриад байгаа юм. Энэ яаж ажиглагдаж байна гэхээр нэгдүгээрт, дотоодын аж ахуйн нэгжүүдийн зарим нь дампуурлаа зарлаж, дөнгүүр нь ажиллах хүчээ цомхотгож байна. Ажилгүйдлийн түвшин өссөн. Хүмүүсийн худалдан авах чадвар багасч байна. Чанаргүй зээлийн хэмжээ их болж байгааг Төв банкнаас сануулсаар байна. Энэ бүхэн эдийн засгийн хүнд үеийг илэрхийлж буй хэрэг. Яагаад ийм болов гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд гадаад зах зээл их нөлөө үзүүлсэн. Манай экспортын гол түүхий эд барааны үнэ унаснаас хамаарч борлуулалтын хэмжээ багассан. Орж ирэх валютын хэмжээ эрс буурсан. Нөгөө талаар манай төрийн бодлогын шийдлээс хамаарч гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Бидний бас нэг санаа зовох асуудал нь олон улсын санхүүгийн зах зээлээс бонд босгочихсон байгаа. 2017 оноос өрөө төлж эхэлнэ. Гэтэл төсөв алдагдалтай. Хуримтлал үүсгэх шаардлагатай ч мөнгө нь байхгүй гэх мэт зовлон бий. Уг нь олон жилийн өмнөөс орлого их байх үед хуримтлал үүсгэх байсан. Мөчлөг сөрсөн бодлого явуулах шаардлагатай гэж дуугарсан ч биеллээ олоогүй учраас  орлого, мөнгөний нөөц сангүй байна. Энэ бүхний эцэст мөнгө сангийн бодлого, төсвийн сахилга бат маш чухал.

Одоогийн байдлаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах ажлууд олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ бодлого шийдвэрүүдийн зарим нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа эрсдэл байна гэж эдийн засагчид үздэг юм билээ. “Таван толгой”-н хувьцааны 30 хувийг олгож байгаа асуудал ч гол анхааралд байна. Таны хувьд эрсдлийг яаж харж байна?

– Манай улс төрчид иргэдийн мэдлэг мэдээлэл хомс байдлыг ашиглаж тоглолт хийдэг. Хэдийгээр хувь хүнд очиж байгаа таван хувийн зээл сайхан мэт санагдавч энэ нь удаан үргэлжлэхэд хүнд. Яагаад гэвэл, бодлогын хүү 10.5 хувьтай байхад зөрүүг нь хэн төлөх вэ. Үүний оронд зээлээр биш орон сууцны үнэ буурахад буюу макро эдийн засгийг тогтвортой байлгахад анхаарах ёстой. Манай Засгийн газар байнга мөнгө хэвлээд байх боломжгүй. Тиймээс хэн нэгэн татварын болон үнийн зөрүүг төлөх шаардлагатай болно. Энэ нь иргэд л байж таарна. Иргэдийн ХАОАТ-аас эсвэл аж ахуйн нэгжүүдийн албан татварууд нэмэгдэнэ гэсэн үг. Төсөв алдагдалтай, эдийн засаг хүнд байгаа энэ үед Таван толгойн хувьцааны асуудал зэргээр цагаа олоогүй хэт улс төржсөн, шийдвэр гаргадаг нь жам болсон мэт. Энэ бол зөвхөн ирэх дөрвөн жилд сонгогдож, өөрсдийн ирээдүйг сайхан болгохын тулд эх орныхоо ирээдүйг золиосолж буй улс төрчдийн гаргаж байгаа муйхар шийдвэр. Бүх иргэнд 30%-ийг өгье гэж бодоход МУ-ын төсвийн 20% буюу бүх аж ахуйн нэгжүүдийн 2 жилийн хугацаанд төлөх ашгийн татвартай тэнцэх хэмжээний мөнгийг гаргах гэж байна. Гэтэл хэрэг дээрээ өнөөдөр өгч байгаа мэт харагдавч маргааш долларын чангаралт, үнийн өсөлт, ажилгүйдэл, хямрал болж ард түмний нуруунд л ачаа болон ирнэ гэдгийг ойлгож, улс төрийн зорилгоор гаргаж буй энэ шийдвэрт ард, иргэд ухаалаг хандах биз ээ. Хамгийн зөв шийдэл бол хүн бүр ажлын байртай байж, хөдөлмөрийнхөө хөлсөөр амьдралаа авч явах юм шүү дээ. Үүний төлөө л бид ажиллах ёстой. Иргэддээ дахин бүү хууртаарай гэж хэлмээр байна. Бид анзаардаггүй л болохоос хэрэглээтэй холбоотой татвар нэмэгдэж, хувь хүний нуруун дээр ачаа нэмэгдсээр байна. Одоогийн эрх барьж буй улс төрчдөд энэ байдал даанч хамаагүй байна. Учир нь тэд дахин сонгогдохын тулд улс төрөө л хийж байна.

zurag 3

Хамфри Феллов (Humphrey Fellow)-уудын Удирдахуйн Ухааны Хаврын Нэгдсэн Чуулганы үеэр. АНУ, Вашингтон хот, 2011

Эдийн засаг муудахад улс төрчдийн нөлөө хэтэрхий их гэсэн үг байх нь ээ?

Манай гишүүдийн амнаас гарч байгаа ажил, шийдвэр бүхэн хэт улс төржсөн байдаг. Сангийн яамнаас оруулж байгаа төсөв дээр жишээ болгон ярихад, гишүүд хязгааргүй эрх мэдлээ ашиглаж баталдаг. Төсөвт өөрчлөлт хийж болдог оролцоо нь хэтэрхий их. Аливаа гадны хөрөнгө оруулагч хэн гай ч тухайн улсын эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр сонирхохдоо эрсдэл хүлээхгүйн тулд судалгаа хийдэг. Гол нь эрх зүйн таатай, тогтвортой орчныг хардаг. Засгийн газрын тогтвортой байдал, төр засгийнх нь нөлөө хэр их эсвэл бага вэ гэдгийг хардаг. Төрөөс гаргасан бодлого нь оновчтой бөгөөд тогтвортой эсэх, санхүүгийн зах зээлийн хөгжил  гэх мэт шалгуур тавьж судалдаг. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх л чухал. Манай нийгмийн болон иргэдийн ядуу эмзэг байдлыг улс төрчид маш их ашиглаж байна. Иргэдээ ажлын байраар хангахыг зорихын оронд явцгүй популист аргуудыг ашиглан дахин сонгогдохыг хүсч байна. Сонгуулийн үеийн хоосон лоозон, хуурамч дүр төрхөд иргэд минь битгий хууртаарай. Сонгуулийн популист амлалтууд бас өглөгт бүү хууртаач ээ гэж уриалмаар санагддаг.

Ярилцсан сэтгүүлч: М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхсоёлын сонгуулийн штаб, сонгуулийн тараах материалаас эш татав.

 

Жүжигчин Тэмка насан туршийнхаа цэргийн баярын бэлгийг авчээ
Жүжигчин Тэмка насан туршийнхаа цэргийн баярын бэлгийг авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.