Согтууралтай, “Битүү морьтой”, хүлээлттэй хурал буюу урьдынх шиг данхайсан танхимыг бүрдүүлэгчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 2 секунд
Согтууралтай, “Битүү морьтой”, хүлээлттэй хурал буюу урьдынх шиг данхайсан танхимыг бүрдүүлэгчид

Согтууралтай, “Битүү морьтой”, хүлээлттэй хурал буюу урьдынх шиг данхайсан танхимыг бүрдүүлэгчид

Өнгөрөгч баасан гарагт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн үндсэндээ эцсийн хувилбараар тодорхой болж, сайдад нэр дэвшигчдийн талаар Монгол улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар бараг бүгдээрээ 100 хувийн саналаар дэмжигдэн, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эхэлсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаан шөнийн 22 цаг 30 минутын орчимд эхлээд Шадар сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг 98.3 хувийн саналаар дэмжив. Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшсэн С.Баярцогтыг хэлэлцэх үед 24 цаг өнгөрч байсан тул УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаанаа энэ долоо хоногийн мягмар гарагт үргэлжлүүлэхээр хойшлууллаа. Түүний энэхүү шийдлийг ажиглагчид янз бүрээр үнэлж байна. С.Баярцогт гишүүн  Оюу толгойн гэрээний асуудал дээр сүүлийн таван жил гаруй хатуухан шүүмжлэл сонсож, оффшор данс нь илэрч, АТГ-т бүтэн жил шахам шалгагдсан зэрэг нь  маргаан дагуулж, УИХ-ын гишүүдээс энэ шөнө  түүнийг нэлээд баалж балбах өнгө аястай болмогц З.Энхболд  арга буюу ийм алхам хийхэд хүрлээ гэх хүн ч байна. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр согтуу орж ирээд З.Энхболд дарга руугаа суудлаасаа агсарч, “Шөнө дөлөөр ийм асуудал хэлэлцэх ямар хэрэгтэй юм. Чонын бэлтрэг шиг ингэж байх хэрэггүй. Энхболдоо чи АН-ын байгуулсан засгийг зориуд унагаасан.Чамтай...” хэмээн дөвчигнөхөд цаадах нь “Та сонтуу байна. Гэртээ харьж амар” гэж байлаа.

Засгийн газрын танхимд МАН-ынхан 6 сайдтай, АН  10 сайдтай, “Шударга ёс” эвсэл 3 сайдтай байхаар зөвшилцсөн ч “Шударга ёс” эвсэлд багтдаг МАХН-ынхан Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайдад хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдэж чадахгүй маргалдсаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх цагийг тэр шөнө ихээхэн хойшлуулсан юм. Ингэж төвөг учруулсан тус намынхан харин Эрүүл мэндийн сайдад намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг, Батлан хамгаалахын сайдад Ц.Цолмонг дэвшүүлэхээр болжээ. 

Сайдын суудалд заларч буй эрхмүүд хэн нь хэн бэ гэсэн элдав сонжилт, улс төрийн үнэлэмж иргэдийн дунд одоо ид өрнөж байна. Үүгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын танхимын чансааг бас багцаалж болох аж. Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хүмүүс сайн мэднэ. Боловсролын хувьд хуучин цагийн цэргийн улс төрийн ажилтан. Хожим нь Америкт суралцсан гэх боловч англи хэлэндээ тийм ч сайн биш гэж ойр орчмынхон нь хэлдэг. Хувийн зан чанарын хувьд онгиргон, өөрт тулгамдсан хурц асуудлыг голцуу уур хилэн, хүч бяраар шийдэхийг урьтал болгодог. Тиймдээ ч төрийн ордонд зодоон хийж хөгөө хөлдөө чирсэн гашуун түүхийг иргэд маргаатай байгаа. Тэрбээр  УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж нарын зэрэг хэд хэдэн хүнийг айлган сүрдүүлж, заналхийлж байсан удаатай. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын суудалд аз тохиож суусан ч овойж оцойтол амжилт гаргаагүй хэмээн хамт ажиллаж байсан зарим нөхөд нь  хэлдэг юм билээ. Бэлтгэл офицерийн ахлах дэслэгч цолоо улс төрийн алба хашиж байх үедээ нэг л өглөө хурандаа болгож орхисон нь ч бас ёс зүйд үл нийцэх явдал байв. За тэгээд, нөгөө гайтай Хадгаламж банкны 14.2 тэрбумын хэрэгт сэжиглэгдэж, сүүлдээ нэг пургон машины асуудалд тээглээд байснаа хэрэг хаагдсан гэдэг. Ер нь адармаатай намтартай эр бөгөөд олон нийтийн дийлэнх хэсэг нь түүнийг үл тоох янзтай ажээ. Шадар сайдын ажлаа  Засгийн газрын бүрэн эрхийн үлдэж буй 1.6 жилд хэр зэрэг хийхийг нь харах л үлдэж байна.

Харин Монгол улсын сайд хэмээх сул сайдын суудалд очиж буй МҮАН-ын дарга М.Энхсайханд хүмүүс ам сайтай байгаа бололтой. Цагтаа АН-ын дарга, Ерөнхий сайд хийж явсан, туршлагатай, Монголдоо л толгой цохих эдийн засагчдын нэг юм.

 МАН-аас Хөдөлмөрийн сайдад нэр дэвшсэн Ц.Чинзориг, Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү нар бол УИХ-ын сонгуулийн  Өвөрхангайн тойрогт АН-ын нөхдөд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй хэл ам хийж, шүүхээр баахан заргалдаж яваад чимээгүй болцгоосон нөхөд. Н.Төмөрхүү нь “Өндөр Буянт” гэдэг компантай, намынхаа гол санхүүжүүлэгчдийн нэг  бөгөөд сайдад нэр дэвшигчдийнхээ дунд яалт ч үгүй “битүү морь” аж. Ингэж огцом түрж орж ирсэн  нь өнгөрсөн  сонгуулиар АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нартай  өгөө аваатай салсан болохоор  одоо даагаа нэхэж ийнхүү “давхиж буй” болов уу. Өвөрхангайн тойрогт АН-д санал луйвардуулсан гэх гомдол тээж явсан Ц.Чинзориг, Н.Төмөрхүү нарт  АН-ынхан  магадгүй өр төлөх гэж ийнхүү сайдын суудал тавьж өгсөн байж ч мэдэх юм.

 Сангийн сайдад МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат  ч мөн  иргэдийн нэлээд хэсгийн гайхлыг төрүүлж буй аж. Боловсролын хувьд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Мэргэшсэн нягтлан бодогчийн институт, Удирдагын академи, ХААИС-ийг төгссөн, эдийн засгийн магистр. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэхээс өөр туршлага, дадлага гэх юмаар хомсхон энэ хүнд сангийн авдарыг хариуцуулах болж байна. Уг нь Сангийн яамыг АН-д өгөх яриа гарч, тус яамыг Монголын тэргүүн баячуудын нэг Д.Зоригт гишүүн толгойлох таамаглалтай байсан ч түүнийг Эрчим хүчний сайдын суудал руу шахлаа.

АН-ынхнаас Р.Бурмаа гишүүн “давхар дээл”-ийг хамгийн их эсэргүүцэж байсан цөөн хүмүүсийн нэг. Гэвч тэр сайдын  сэнтийд суух боломжийг олж хармагцаа энэ байр сууриасаа ухарчээ. Тэрбээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн  хүн биш, Орост сургууль төгссөн электроник инженер  гэдгээрээ онцлог.  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад   зүтгэсэн Д.Оюунхорол бас л Р.Бурмаагийн адил “давхар дээл”-ийн эсрэг зогсож байсан МАН-ын гишүүдийн төлөөлөл юм. Түүний хувьд боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай ч байгаль орчин, аялал жуулчлалын талаар мэргэшээгүй аж. Энэ чиглэлээр тэр үндсэндээ “тэг”-ээс эхэлж таарах нь ээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшсэн С.Баярцогтыг хараад зарим нь  “Оюу толгойн засаглал тогтох нь” хэмээн хардаж байна. Учир нь Оюу толгойн гэрээ ашигтай, сайн гэрээ болсон гэж илт худал мэдээлэл өгч байсныгаа тэр УИХ-ын чуулган дээр дахин хамгаалахыг оролдлоо. Гэвч С.Дэмбэрэл гишүүн “Аливаа гэрээ харилцан ашигтай  байж сайн гэрээ болдог”   гэж амыг нь таглав. Ер нь Оюу толгой бол С.Баярцогтын хувийн ашиг сонирхолтой салшгүй холбоотой. Тус үйлдвэрийн хоол ундны ханган нийлүүлэлтийг түүний хувь эзэмшлийн компаниуд гүйцэтгэдэг нь нууц биш болжээ. Тиймээс сүүлийн үед “Оюу толгойн Монголд оногдох 34 хувийг гадаадынханд зарах” тухай хүчтэй яригдах болсон нь бас С.Баярцогтын оролцоотой ажил байж болох юм гэсэн хардлага төрж байгаа юм.  

Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид хэдэн жил энэ чиглэлээр ажиллаж байгаа ч гэсэн уг суурь мэргэжил нь ноолуурын инженер технологч гэдгээрээ бас л хол хөдий сонсогдоно. Гэхдээ тэр ямарч ажилд махруу, зорьсондо хүрэх эрмэлзлэл  өндөр байдаг нь Японд боловсрол эзэмшсэнтэй нь холбоотой болов уу.

Эрүүл мэндийн салбарт Г.Шийлэгдамба, Батланхамгаалахад Ц.Цолмон нар очиж буй нь бас л мэргэжлийн бус хүмүүст тооцогдож байна. Ц.Цолмон  угийн дипломатч хүн тул олон улсын энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж байгаа Зэвсэгт хүчний гадаад харилцаа, Батлан хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаанд ахиц гаргаж магадгүй  юм. Харин Г.Шийлэгдамба эрүүл мэндийн талаар “А” ч үгүй  тул иргэдийн зүгээс ихээхэн хүлээлттэй, өдрөөс өдөрт сульдан доройтож буй энэ салбарыг төдийлөн өөрчилж чадахгүй биз.

Гадаад харилцааны сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Л.Пүрэвсүрэн ажиллах болсон нь мэргэжлийн хувьд илүү зохицсон сонголт боллоо. Тэрбээр манай урдаа барих шилдэг дипломатчдын нэг юм.

Хууль зүйн сайдаар Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав ажиллах болов. Тэр хуульч хүнийхээ  хувьд Х.Тэмүүжингийн эхлүүлсэн хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж байна. Энэ тухайгаа тэр Ерөнхийлөгчтэй уулзах үедээ товч дурьджээ.

 Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат харин “Ийм сонголт, саналыг надад их тулгуу хэллээ. Үндэсний  аж үйлдвэрийг хөгжүүлэх нь юу юунаас чухал болж байна” гэж байсан юм. Тэр богино хугацаанд овоо юм амжуулж магадгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ нар улиран ажиллах болж байна.

МАН-аас Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар урьд нь гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан. Гэтэл гэв гэнэтхэн барилгын салбарыг шүүрч авсан нь “Сайд л болж байвал юу ч байсан яахав” гэсэн  улайрлын шинж болов уу.

 Эдгээрээс харахад урьд нь намуудын дунд олонтоо яригдсан Засгийн газрыг цомхон, мэргэжлийн байлгах зарчим бодит хөрсөн дээрээ буусангүй. Н.Алтанхуяг огцрохоосоо өмнө 13 яамтай бүтцийг батлуулаад байлаа. Гэвчбүтэн сар ч бололгүй үүнийг нь өөрчлөн 15 яамтай, түрүүчийн Засгийн газрынхаас ялгаагүй 19 сайдтай болсон нь данхар засаглал хэвээрээ үлдэж буй хэрэг юм.Ингээд хяналтгүй, сөрөг хүчингүй парламент, гүйцэтгэх  засаглалтай үлдэж байна. МАН-ын “Бүдүүн” дарга нар “Бид хэзээ ч АН-ын Засгийн газарт орохгүй. Сөрөг хүчин хэвээр байна” гэсэн нь талаар өнгөрч, сайдын албан тушаал, яамны эрх мэдэл тэдэнд юу юунаас үнэ цэнтэй болоод явчихсан нь энэ. Ийнхүү байгуулагдаж буй Ч.Сайханбилэгийн Засгийн газаршинэ он гармагц агентлагуудаа цөөрүүлж, 8.3 тэрбумын хэмнэлт гаргана гэж байгаа ч бүтэх эсэхийг бүү мэд. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн ширүүн тул аягүй бол бахь байдгаараа хоцорч мэднэ. “Шийдлийн” хэмээх энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ 1.6 жилд эдийн засгаа хямралаас салгах, парламентад суудалтай намуудтайгаа хамтран үндсэн хуулиа шинэчлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхой бус байна.

Б.Отгонбаяр 

Tumen.mn

 

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 18-20 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 18-20 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.